Улаанбаатар 1c

Уурхайд хашигдсан модот төгөл буюу Заамарын “баянбүрд”

Нийслэлээс зорьсон нэгэнд бол жилээс жилд хэл ам дагуулах болсон Улаанбаатар хотын гудамж талбайн ногоон байгууламжийнхныг л Тосон ордод аваачиж туршлага судлуулмаар санагдана.

Төв аймгийн Заамар, Архангайн Цэнхэр зэрэг алтны шороон ордуудад нэг ижил дүр зураг ажиглагдаад байгаа юм. Хариуцлагатай уул уурхайн компаниуд байгалийн баялгийг хууль журмын дагуу эдийн засгийн эргэлтэд оруулсныхаа дараа өмнө нь ямар байсан, яг тэр хэвээр болтол нөхөн сэргээдэг. Гэвч ардаас нь дахин ороод сэндийлэн хаяад явдаг шуналтнууд байна. Эсвэл анхнаасаа нэг ч төгрөгийг нөхөн сэргээлтэд зарцуулалгүй байгаа баялгийг хамаад алга болдог бүр ч цэвдэг сэтгэлтнүүд бий. Гаднынхан уу гэхээр, үгүй ээ гэнэ. Сэтгэлгүй, тийм үйлдэл хийгчид уул уурхайд олонх болохоор Монголын эдийн засагт голлох үүрэг гүйцэтгэж буй уг салбарын нэр хүнд сайн гэхээсээ илүүтэй мууд дарагддаг. Үүний тод жишээ болсон Заамарын хөндийд байгаль орчин хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Ариун суварга”, “Мөнх тогтвортой хөгжил сан” төрийн бус байгууллагынхантай хамтран ажилласан тэмдэглэлээ сонирхуулъя.

Булганы Бүрэгхангай, Төв аймгийн Заамар сумын зааг болох Туул гол орчимд ойролцоогоор 130 жижиг, том уурхай үйл ажиллагаа явуулж байна. Салбарынхны нэрлэж заншсанаар “техникжсэн нинжа” буюу нөхөрлөл, нөхөн сэргээлт нэрийн дор алтыг нь аваад авдрыг нь хаядаг этгээдүүд аж. Суурьшлын бүс нь Заамар сумын нэг баг болох Сов болохоос биш Совын гүүрнээс хоёр тийш салаалан хууль ёсны болон хууль бус уурхайн кемпүүд байрладаг. Голын эхээс өгсөхөд, техникийн хүчээр эргүүлсэн газар нийлэнхүйдээ таарна. Нөгөө л уул уурхайн сөрөг дүр төрх. Туулын усны чанар ч дүүрч, хүн мал ундаалах нь битгий хэл шороогоороо эргэнэ.

Хөрсийг нь хэд эргүүлчихсэн учраас тоосжилт бол бүр хэмжих ч хэрэггүй болжээ. Ихэнх компани химийн бодис ашигладаг технологитой болохоор амьд организм Туулын тэр хэсэгт байна гэхэд итгэхэд бэрх юм. Ерөнхийдөө улсад эдийн засгийн хувьд үр өгөөжөө өгч, орон нутагт хөрөнгө оруулалт хийж буй нь цөөхөн. Энэ жишгийн дагуу эх орныхоо хөрсийг хуулж мэддэгээс биш ухсан газраа 100 хувь нөхөн сэргээж, байгалиа хайрладаг нь ч цөөн гэдгийг орон нутгийнхан хэлж байна. Голдуу тогтвор суурьшлаа олсон олон жил үйл ажиллагаа явуулж буй хэд нь л дээрх нөхцөл байдлаас тэс ондоо үйл ажиллагаа явуулж аж. “Ариун суварга” төрийн бус байгууллагын тэргүүн Арханхай аймгийн Цэнхэр сумын уугуул Г.Чагнаадорж Монголд лиценз олголт гаарч, ашиг хонжоо хайсан “хариуцлагагүй” уул уурхайн эрин үе буюу 2000-аад оноос байгаль орчноо хамгаалах үйлсэд иргэний зориг гарган зүтгэж эхэлжээ.

Тэрбээр Заамарын хөндий дэх алт олборлогчдын саар жишээг үзүүлэхийн ялдамд сайн жишээг нь ч танилцуулсан. Заамарын хөндийн төгсгөл буюу Туул голын адагт байрлах Тосонгийн ордод “Монполимет” групп 1996 оноос хойш олборлолт явуулж буй аж. Одоогоор нийт ордынхоо 90 хувийг ашиглаад байгаа бөгөөд 70 хувийг нь тарималжуулан ойжуулж (Зураг дээр Тосон ордын нөхөн сэргээлтийг харуулав) бүрэн нөхөн сэргээжээ. “Монполимет” групп Байгаль орчин, нөхөн сэргээлтийн албаа 2005 онд байгуулсан гэнэ. Тус албаны дарга Т.Октябрь 2010 оноос хойш лицензийн талбайнхаа дөрвөн хэсэгт 80 гаруй мянган мод тариалсан гэдгээ танилцуулан угтсан. Ойжуулалтдаа 1215 төрлийн мод үржүүлэн ургуулж биологийн болон техникийн нөхөн сэргээлт хийжээ.

Биологийн нөхөн сэргээлтэд 7-8 төрлийн мод үржүүлэн тариалсан байна. Тэд үйл ажиллагаа явуулж буй газрууддаа бүс нутгийн цаг агаар, экологийн судалгаан дээр тулгуурлан байгалийн төрхөнд нь оруулах зорилготойгоор ажилладаг байна. Биологийн нөхөн сэргээлтийг дөрвөн чиглэлээр хийж байгаагийн эхнийх нь ойжуулалт. Ойжуулалтын нөхөн сэргээлтийн хүрээнд 235 га талбайд дээр дурдсан 80 мянга гаруй мод тарьжээ. 15 хүртэлх настай мод бүхий 5.5 км урттай дөрвөн хэсэг ойн төглийг автомашинаар туулна уу гэхээс алхах үзэж амжихааргүй юм. Анхандаа Монгол орны дөрвөн зүг найман зовхис төдийгүй манайхтай уур амьсгалын хувьд ойролцоо Орос, Канадаас мод, ургамалын төрлүүд авчирч туршиж үзжээ.

Гэвч орон нутгийн модод нь илүү үр дүнтэй ургаж байгаа аж. Мод үржүүлгийн газар нь хүлэмж болон ил бойжуулгын гэх хоёр хэсгээс бүрддэг байна. Ерөнхийдөө үрээр гүйлс, харгана, монос, нохойн хошуу, жигд, хайлаас зэргийг тарьсан бол мөчрөөр бургас, улиас, сухайг тарьж ургуулжээ. Бэлчээрийн олон наст ургамлыг тарьсан дэнжийн ордуудын нөхөн сэргээлтэд тариалсан байна. Ингэхдээ тухайн газарт нутагшин зохицох чадвартай согоовор, царгас, зүлэг зэргээс гадна Сибирийн цагаан улиасыг сонгожээ. Нэгэнт олон төрлийн мод, сөөг, олон настаас авахуулаад ховор ургамал ч тариалаад амжилт олчихсон учраас орон нутгийн зүгээс иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэх зорилгоор жимс жимсгэнэ, хүнсний ногооны тариалалт хөгжүүлэх саналаа “Монполимет”-ийнхэнд тавьжээ. Уг саналыг хүлээн авч чацаргана, үхрийн нүднээс гадна зарим төрлийн хүнсний ногоо тариалж эхлээд байгаа аж.

Энэ ажлынхаа хүрээнд жил бүр ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд, мэргэжлийн болон мэргэжлийн бус байгууллага, гар аргаар алт олборлогчид, эрдэмтэн, судлаачдыг хамруулсан нөхөн сэргээлтийн үзүүлэх сургалтуудыг Тосон уурхайн нөхөн сэргээлтийн ажилд түшиглэн явуулж хэвшсэн байна. Сайд дарга нар олон улсын түвшинд болон улсын чанартай үйл ажиллагаа зохион байгуулахдаа Тосон ордыг үзүүлж нүүр тахалдаг юм байна. Энэ чиглэлийн зочид, гийчид тасардаггүй гэнэ. Тосон ордын хэдийнэ ашигласан талбайгаар явж үзэхэд байгалийн унаган төрхөд ойртуулсан, зарим тохиолдолд бүр сайхан болгож тарималжуулсан хэсэг ч байна. Ургамал ногоо, ой шугуй, нуур цөөрөм байгуулж сурсан туршлага гэдэг л энэ байх гэх сэтгэгдэл өөрийн эрхгүй төрнө.

Нийслэлээс зорьсон нэгэнд бол жилээс жилд хэл ам дагуулах болсон Улаанбаатар хотын гудамж талбайн ногоон байгууламжийнхныг л Тосон ордод аваачиж туршлага судлуулмаар санагдана. Нэгэнт олон жилийн туршлага суусан учраас өөрсдийн хүлэмждээ үрслүүлж, биологийн нөхөн сэргээлтийн талбайдаа ургуулаад дадчихжээ, “Монполимет”-ийн мэргэжилтэн залуус. Ийм чадварлаг, сэтгэлтэй залуусынхаа хүчинд “Монполимет” компани 2000-2018 онд БОАЖЯ, УУХҮЯ, МХЕГ, АМГТГ, МҮХАҮТ зэрэг холбогдох байгууллагаас шалгаруулдаг байгаль орчин сэргээгч шилдэг уул уурхайн компаниар 20-оид удаа тодорсон аж. Тосонгийн нөхөн сэргээлтэд нийт 12 тэрбум төгрөг зарцуулснаас нөхөн сэргээлтийн ажил нэгж талбайд зарцуулсан өртгийг тооцвол нэг га талбайд 16-20 сая төгрөг ногддог аж. Энэ хөрөнгө оруулалтын нэгээхэн хэсгээр 17 мянган ам.метр талбай бүхий цэнгэг усаар байнга сэлгэгдэх Тосон нуурыг 2001 онд байгуулжээ. Уг нуурын эргэн тойронд улиас, хайлаас, орон нутгийн бургасыг тариалж зэгс, шагшуурга зэрэг усны ургамал даган ургуулж дөнгөсөн байх юм.

Нуур нь зэвэг, алгана, цурхай, хэлтэг, цулбуурт зэрэг олон зүйл загастай бөгөөд олон төрлийн нүүдлийн шувууд ирж үрждэг, үр төлөө өсгөн зусдаг жинхэнэ байгалийн нуур мэт болоод цөөнгүй жил өнгөрсөн аж. Монгол Улсын 2011 оны гадаргын усны тооллогоор уг нуурийг Тосон нуур хэмээн бүртгэж авсан байна. Дээр нь жил бүр явагддаг ойн тооллогоор Тосон ордын нөхөн сэргээлтийн талбайд ургаад, бойжчихсон 80 гаруй мянган модыг улсын ойн санд бүртгэх саналаа аймгийн Байгаль орчны газраас илэрхийлжээ. Байгаль орчны салбарынхан ингэж дүгнэсэн газарт очсон хэн ч өмнө драг яваад өнгөрсөн газар гэхэд нүдэндээ итгэмээргүй юм. Тосон ордод ашиглаж буй драгийн үйлдвэрлэл анхнаасаа шүүмжлэл дагуулдаг байсан асуудал. Харин ямар ч хийсэн бодис ашигладаггүй бөгөөд одоогоор дэлхийд ашиглагдаж буй алт олборлох технологиудаас хамгийн шилдэг нь гэдгийг Геологи, уул уурхайн үйлдвэрийн сайд асан, хөдөлмөрийн баатар Ч.Хурц гуай хэдийнэ хэлсэн байдаг. Нэгэнт мэргэжлийн хүн ингээд дүгнэсэн болохоор нэмж олон нурших нь илүүц биз.

Газар нь ямар ч химийн бодисын хор хөнөөл хүрээгүйн дээр ойн төгөл, бүр байгалийн нууртай болсон учраас нөхөн сэргээлтийн баг хамт олон ирээдүйд энэ бүс нутгийг аялал жуулчлал, амралт зугаалгын бүс болгох хэтийн төлөвлөгөөтэй ажиллаж буй хэлж байна билээ. Үүний зэрэгцээ уурхайн нөхөн сэргээлтийн үйлдвэрлэл, жишиг сургалтын төв болох гэнэ. Хариуцлагатай уул уурхайг нутагшуулж чадаагүйгээс иргэдийн дунд уул уурхайд итгэл алдрах бүр үзэн ядах хэмжээнд тулаад байгаа. Хэрэв байгалийн баялгийг зохистой ашиглаж чадвал эргээд байгаль орчин, улс орны эдийн засагт ээлтэй байдгийн сайн жишээ болж үлгэрлэдгийг “Монполимет” компани үйл ажиллагаа явуулж буй Тосонгийн ордоос харж болохоор байна. Гэхдээ сайны хажуугаар саар гэгчээр байгаль орчин хамгаалах нэрийн дор төрийн бус байгууллагын нэр зүүсэн этгээдүүд бусад уурхайдаа хашигдсан Тосонгийн ордын модот төгөлийг бас харлуулах гэж оролддог юм байна. Тэд тэнгэр хангай хураа хайрлан үерлэсэн үед Туул “улаанаараа эргэлээ” гэдэг бол гантай жил нь “Хатан Туул ширгэлээ” хэмээн олон нийтийг төөрөгдүүлж байгаа харагддаг.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Umeheer iim baidag bol sain l baina. Hajuud ni ene toriin bus baiguullagiin ner zuusen shorongiin nohduudiig jinhene temcegchdees ni yalgaasai bilee
    2019 оны 06 сарын 24 | Хариулах
Нийтлэлчид