Улаанбаатар 1c

Өмнөговьд 11.8 хувь нь ядуу бол говьсүмбэрт талаас илүү нь ядуу амьдарч байна

Монгол Улсын хүн амын ядуурлын түвшин 2016 онд 29.6 хувь байсан бол 2018 онд 28.4 хувь болж,1.2 пунктээр буурчээ. Үндэсний статистикийн хороо, Дэлхийн банктай хамтран 2002 оноос хойш өрхийн орлого зарлага, амьжиргааны түвшний судалгаа болон ядуурлыг хэмжих арга зүйг боловсруулах чиглэлээр хамтран ажиллаж 2018 оны үр дүнг танилцуулав.

Дэлхийн банкны суурин төлөөлөгч Андрей Михнев яриахдаа “Ядуурлыг тооцооллыг зөвхөн ерөнхий утгаар нь биш, газар зүйн ялгаатай байдал хүн амын төлөв байдлыг харгалзан гаргасан. Үргэлжлүүлэн илүү нарийвчилсан нийгэм, эдийн засгийн гүнзгийрүүлсэн дүн шинжилгээний тайлан хийж байгаа бөгөөд энэ ондоо багтаан нийтийн хүртэл болгохоор ажиллаж байна. Ингэснээр баримт нотолгоонд тулгуурласан шийдвэр гаргах, бодлого тодорхойлоход чухал үр дүнтэй” гэв. ҮСХ-ны дарга Б.Ариунзаяагийн мэдээлснээр “2016 онд 907.5 мянган хүн ядуу амьдарч байсан бол 2018 онд 904.9 мянган болж буурчээ.

Уг тоог хүн амын өсөлттэй бас уялдуулж тайлбарлах ёстой. 2016 онд Монгол Улсын 3.063.000 хүн амын 29.6 хувь нь ядуу амьдарч байсан бол 2018 онд 3.189.000 хүний 28.4 хувь нь ядуу байсан. Сүүлийн хоёр жилийн хугацаанд ойролцоогоор 39 мянган хүн ядуурлаас гарсан байна. Хөдөө орон нутагт 20162018 оны хооронд ядуурал 4.1 пунктээр буурсан бол хотод 0.1 пунктээр нэмэгджээ. тодруулбал ядуу хүн амын ихэнх нь буюу 378.2 мянган хүн нь Улаанбаатар хотод амьдарч байна” гэв.

Ядуурлын түвшинг аймгаар харвал хамгийн өндөр нь Говьсүмбэр аймаг бөгөөд хүн амын талаас илүү нь буюу 51.9 хувь нь ядуу байгаа бол ядуурлын түвшингээр Өмнөговь аймаг хамгийн бага буюу 11.8 хувь байна.Нийт хүн амын 15 хувь буюу 475 мянган хүн ядууралд өртөх эрсдэлтэй эмзэг байдалд байна. Эдийн засагт аливаа сөрөг цочрол гарахад эдгээр иргэд ядууралд өртөх эрсдэлтэй гэдгийг онцлон мэдээллэж байсан юм.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид