Улаанбаатар 1c

Өлгийн хүчтэнүүд өнгөтэй байна

Зургадугаар сарын 22. Энэ өдрөөс хойш нар буцдаг жамтай. Тухайн өдөр хамгийн урт өдөр, хамгийн богино шөнө болдог. Монгол зурхайн зурлагад зуны туйл, халууны ес эхлэх улирал эхэлж байгааг заажээ. +30 хэм давж халсан энэ өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт орших “Хас өргөө” амралтын баазыг зорилоо. Хатан туулын хөвөөнд, Харзтайн аманд байрлах энэхүү амралтад Баян-Өлгий аймгийн “Өлгийн хүчтэн” дэвжээний бөхчүүд Увс аймгийн Хяргас сумын харьяат уран барилдаант улсын заан, гавьяат тамирчин Очирын Одгэрэлийн удирдлага дор наадмын бэлтгэл сургуулилтаа базаасан юм.

Монгол орны баруун хязгаарт орших, казах үндэстнүүдийн төлөөлөл болсон Баян-Өлгий аймгийн хүчтэнүүдийн бэлтгэлийг онцолсон нь өөрөө учиртай. Сүүлийн жилүүдэд тус аймгийн бөхчүүдийн барилдах арга барил, ур чадвар эрс дээшилснийг бөх сонирхогчид, бөхийн хүрээнийхэн ярьдаг. Энэ нь тус нутгийн бөхчүүд дөрвөн жилийн өмнөөс тусдаа наадмын бэлтгэлээ базаадаг болсонтой холбоотой аж. Ардын хувьсгалын 95 жилийн ойгоор Баян-Өлгий аймгаас улсын цолтон төрсөн нь улсын начин Б.Баатарцол юм. Тэрбээр 35 жил тасалдсан улсын цолыг нутагтаа авчирсан том гавьяатай.

Тэгвэл түүний дараа начин Б.Серик улсын цолтны эгнээнд багтаж нутгийн зон олноо баярлуулсан билээ. Ийнхүү 2016, 2017 онд дараалан улсын цолтонтой болсон Өлгийнхөн энэхүү үйл явдлыг ихэд билэгшээж Харзтайн аманд байрлалтай “Хас Өргөө” амралтын баазад бэлтгэлээ базаах болжээ. “Өлгийн хүчтэн” дэвжээний бэлтгэлээс гадна наадмын сорилго барилдаан зургадугаар сарын 22-нд болсон юм. Тиймээс манай сонины сурвалжлах баг дээрх өдрийг онцолж, “Өлгийн хүчтэн” дэвжээний бэлтгэл, бэсрэг наадам дээр саатсан нь энэ. “Өлгийн хүчтэн” дэвжээтэй хаяа тэрлэн уламжлалт ёсоороо Увс аймгийн “Увс нуур” галынхан наадмын бэлтгэлээ базааж байгаа аж. Мөн Өмнөговь аймгийн “Говийн хүчтэн” дэвжээнийхэн Баян-Өлгийн бөхчүүдтэй айлссан байна.

өлгийн бөхчүүдийн бэлтгэл жигдэрчээ

Дөрөв дэх жилдээ бие даан наадмын бэлтгэлээ базааж буй Өлгийн бөхчүүд биднийг очиход хэдийнэ өглөөний бэлтгэлээ хийсэн байлаа. Учир нь, өдөр бэсрэг наадамтай, нутгийн удирдлагууд ирж, бэлтгэлтэй танилцангаа бэсрэг наадам үзэж сонирхох учраас ийн эрт бэлтгэл хийсэн гэнэ. Түүнчлэн сүүлийн өдрүүдэд цаг агаар хэт халж байгаа учраас үдийн халуунд бэлтгэлээ түр зогсоодог байна. Өглөө эрт “Халуун элгэн нутаг” нутгаа дуулснаар бэлтгэл эхэлдэг тухай “Өлгийн хүчтэн” дэвжээний тэргүүн, аймгийн арслан Х.Айдос ярилаа. 30 орчим бөх энэ жилийн наадмын бэлтгэлд хамрагджээ. Тэднийг улсын начин Б.Баатарцол, Б.Серик нар ахалж буй. Харин Увс аймгийн Хяргас сумын харьяат, улсын заан О.Одгэрэл, Баян-Өлгий аймгийн Толбо сумын харьяат хурц арслан К.Ханат, Цэнгэл сумын харьяат аймгийн арслан Х.Айдос нар дасгалжуулж байгаа юм. Энэ төрийн наадамд зодоглох дөрвөн аймгийн арслан бэлтгэлээ жигдрүүлж байна. “Өлгийн хүчтэн” дэвжээнд бэлтгэлээ хангаж буй дөрвөн арслангийн хувьд бүгд улсын цолонд хүрэх магадлалтай.

Сүүлийн жилүүдэд тогтмол сайн барилдаж байгааг бөх сонирхогчид, мэргэжилтнүүд, бөхийн хүрээнийхэн ярьдаг. Ялангуяа Цэнгэл сумын харьяат аймгийн хурц арслан У.Берекег бөх сонирхогчид улсын цолонд ойрхон бөхөөр нэрлэж байна. Мэдээж аймгийн арслан М.Эркебулан, Н.Мустафа нарыг ч бөхийн хорхойтнууд харж байгаа. Тэгвэл өнгөрсөн жилийн Баян-Өлгийн баяр наадмын түрүү бөх аймгийн арслан Т.Ерболатын барилдааны арга барил эрс сайжирчээ. Тэрбээр 2013 онд аймгийнхаа наадамд тав давж начин цол хүртсэн бол таван жилийн дараа арслан болжээ. Нуруулаг, чац урттай, бяртай тэрбээр боксын спортоор хичээллэж байсныг спорт сонирхогчид мэдэх биз. Сонирхогчийн боксын хүнд жингийн шилдэг тамирчдын нэг. Цагтаа үндэсний шигшээ багт данстай нэгэн байсан бөгөөд сонирхогчдын боксын улсын аварга шалгаруулах тэмцээнд дөрвөн удаа түрүүлсэн шийртэй эр. Цол дагаж бяр гэж бөхчүүд ярьдаг. Тэгвэл Т.Ерболатын бяр чадал, ид хав нь тэгширч буй бололтой. Түүнийг энэ жил биш юмаа гэхэд ирэх онд төрийн наадмын есөн хөлт цагаан тугийг таван удаа тойроод гүйж байхад гайхах зүйлгүй болжээ. “Өлгийн хүчтэн” дэвжээний тэргүүн, аймгийн арслан Х.Айдос ярихдаа “Бид энэ сарын 10-наас наадмын бэлтгэлээ базаасан. 10 гаруйхан хоногийн хугацаанд бэлтгэл маань нэлээд чамбай болсон.

Цаана нь дахиад 10-аад хоног үлдсэн. Тийм болохоор улам чамбайруулаад бөхчүүд маань наадамдаа зодоглоно доо” гэв. Тус галын бөхчүүдээс зургаа нь улсын наадамд, бусад нь аймгийнхаа наадамд зодоглох гэнэ. “Өлгийн хүчтэн” дэвжээнд бэлтгэлээ хийж буй аймгийн харцага цолтой хоёр бөхийн онцолмоор санагдав. Эхнийх нь Баяннуур сумын харьяат аймгийн харцага Самарханы Заманбек юм. Өнгөрсөн жил аймгийнхаа наадмаар харцага цолонд хүрсэн тэрбээр Бөхийн өргөөнд болдог аймаг, цэргийн цолтнуудын барилдаан тун сайн барилддаг. Түүнийг энэ жил улсын наадамд зодоглох болов уу гэтэл аймгийн наадамд барилдаж түрүүлэх зорилготойгоор бэлтгэлээ базааж байгаа юм байна. Харин хоёр дахь бөх нь Булган сумын харьяат аймгийн харцага Б.Төмөрбаатар. Хоёр ч удаа цолоо баталсан энэ залуу бас л нутгийнхаа наадамд түрүүлэхийн төлөө бэлтгэлээ хийж байгаа аж. Аймгийнхаа наадамд түрүүлснийхээ дараа улсын наадамд барилдах зорилготой тэрбээр С.Заманбектай түрүү, үзүүр булаалдаад зогсч байж мэдэхээр бие хаатай, барилдаанч, бяр чадалтай залуу байна билээ. Мэдээж улсын цолны төлөө зүтгэж буй дөрвөн арслангаас гуравт нь найдвар маш их бий. Н.Мустафа арслан л гэхэд Бөхийн өргөөнд зохион байгуулагддаг барилдаанд тогтмол сайн барилддаг нэгэн. Аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаанд нэг удаа түрүүлж, хэд хэд шөвгөрсөн амжилттай. Тэгвэл М.Эркебулан арсланг бөх сонирхогчид сайн мэднэ. Олон жил улсын цолтны тааварт багтаж байгаа тэрбээр бэлтгэлийн үеэр тун чиг өнгөтэй харагдана билээ. Харин өлгийчүүдийн гол найдвар болсон У.Береке арсланг тухайн өдрийн аз, од ивээвэл начин байтугай цолонд хүрэхээр бяртай байна.

өлгийн хүчтэнүүд цолоо ахиулах зорилготой

“Хас өргөө”-д наадмын бэлтгэлээ базаасан дөрвөн жилийн үр дүнд өлгийчүүд хоёр начинтай болсон. Ингэснээр өлгийчүүд улсын цолтой долоон бөхтэй болсон байдаг. Тодруулбал, нэг заан, нэг харцага, таван начинтай. Харин энэ жил начингаас гадна харцага, заан цолтонтой болох зорилго тавьжээ. Тус аймгаас төрөн гарсан цорын ганц заан бол Цэнгэл сумын харьяат улам нэмэх чимэгтэй улсын заан Терликбайн Абдигажы юм байна. Харин ганц харцага нь Цэнгэл сумын харьяат Монгол, Казахстаны гавъяат тамирчин, өсөх идэр, улам нэмэх чимэгтэй улсын харцага Однайн Бахыт гуай юм. Тэгвэл Булган сумын харьяат үнэн хүчит чимэгтэй улсын начин Б.Хожагапан, Улаанхус сумын харьяат Т.Нурхадыл, Сагсай сумын харьяат Д.Мөнхбүрэн, Булган сумын харьяат Б.Баатарцол, Улаанхус сумын харьяат Б. Серик гэсэн таван начинтай. Тиймээс дөрвөн аймгийн арслан, хоёр начиндаа энэ жил нэлээд найдвар тавьж буй. Ялангуяа уран барилдаант начин Б.Серикийг харцага, заан цолонд хүрээсэй гэж хүсч байгаа гэнэ. Самбо, сүмогийн олон улсын хэмжээний мастер, жүдогийн спортын мастер цолтой Б.Серик начин галынхаа сорилго барилдаанд хоёр жил дараалан түрүүлж тун өнгөтэй байгаагаа харуулсан. Энэ талаар дэвжээний тэргүүн Х.Айдос арслан хэлэхдээ “Манай бөхчүүдийн бэлтгэл сайн байгаа. Олон ч талын зөвлөгөө авч байна.

Дээрээс нь Казахстаны казах күрешийн шигшээ багийнхан бидэнтэй хэдэн өдрийн хамтарсан бэлтгэл хийж байгаа нь бас үр дүнгээ өгөх болов уу. Б.Серик начнаа харж байна, найдлага ч тавьж байгаа. Ер нь жилийн турш өнгөтэй байгаа учраас дээгүүрбарилдчих болов уу. Бидний бэлтгэл сайхан таарч, наадмын аз од ивээвэл харцага, заантай болох магадлалтай” гэлээ. Өлгийн бөхчүүдийг сүүлийн үед нутгийн удирдлагууд нь бусад аймгийнхны нэгэн адил ихэд дэмжлэг үзүүлэх болжээ. Аймгийн засаг дарга А.Гылымхан, УИХ-ын гишүүн асан, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан тэргүүтэй нутгийн удирдлагууд, зөвлөлийн гишүүд бөхчүүдээ эргэхийн сацуу бэлтгэл сургуулилтад нь хандив өргөж байна. А.Тлейхан дарга “Өлгийн хүчтэнүүд” дэвжээний сорилго барилдааны нээлт дээр хэлэхдээ “Манай аймгаас 35 жилийн дараа хоёр жил дараалан улсын начин төрсөн. Түүгээр ч зогсохгүй сүүлийн жилүүдэд сайн барилддаг бөхийн нэмэгдсэн. Энэ бол Өлгийн бөхчүүд зохион байгуулалтад орж, нутгийн удирдлагууд, бизнесмэнүүд дэмжиж буйн том илрэл юм. Удахгүй болох Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадамд манай бөхчүүд сайн барилдаж цолгүй нь цолонд хүрч, цолтой нь цолоо ахиулан өлгийчүүдээ баярлуулахыг хүсье” гэв. Зөвхөн өлгийчүүд гэлтгүй Монголын бөх сонирхогчид Өлгий нутгаас багадаа хоёр шинэ цолтон төрөх магадлалтай гэж таамаглаж сууна.

улсын начин б.Серик дэвжээний сорилгод дараалан түрүүлэв

Баян-Өлгий аймгийн наадмын сорилго барилдаанд “Өлгийн хүчтэн”, “Увс нуур”, “Говийн хүчтэн” дэвжээнээс гадна Казахстаны күреш бөхийн шигшээ багийн тамирчид нийлсэн улс, аймаг, сумын цолтой болон залуу бөхчүүд оролцсон 64 бөх барилдав. Сорилго барилдааныг Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан үг хэлснээр нээж, зууны манлай дуу “Халуун элгэн нутаг”-аар бөхчүүд болон үзэгчдийн сонорыг мялаалаа. Энэ бол наадмын бэлтгэлд гарсан бөхчүүдийн оройн тооллогын дуу. Ихэнх дэвжээ тухайн өдрийн бэлтгэлээ дуусгаж, оройн тоондоо жагсахдаа “Халуун элгэн нутаг”ийг дуулдаг билээ. Тэр ч бүү хэл төрийн наадам дээрх дуугаар хаалтаа хийдэг уламжлалтай. Монголчуудын хоёр дахь төрийн дуулал гэгдэх болсон энэхүү дууны дараа бөхийн барилдаан эхэлсэн. Дөрөв дэх удаагийн сорилгод Казахстаны бөхчүүд оролцсон, мөн нээлттэй болж буйгаараа онцлогтой аж. Тэр ч утгаараа хаяа залган бэлтгэлээ базааж буй хүчтэнүүд зодоглосон юм. Казахстаны шигшээ багийн тамирчин Айдас “Үндэсний бөхөөр анх удаа барилдаж үзлээ.

Сонирхолтой юм. Дээрээс нь монгол бөхчүүд үнэхээр бяртай юм байна. Тэдэнд хурдаас гадна бяр их чухал бололтой. Бидний найз Б.Серик эндэхийн том бөхчүүдийн нэг аж. Үнэхээр сонирхолтой сайхан байна. Манай багийн хамтарсан бэлтгэл үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байгаа. Удахгүй казах күрешийн Азийн аваргаар энэхүү бэлтгэлийн үр дүн гарах байх” хэмээн ярилаа. Сорилго барилдаанд Улаанхус сумын харьяат улсын начин Б.Серик түрүүлж, аймгийн хурц арслан У.Береке үзүүрлэв. Б.Серик начны хувьд хоёр жил дараалан түрүүлж байгаа нь энэ бөгөөд наадмаар цолоо ахиулах нь дээ гэж нутгийн олон билэгшээж байна билээ. Тэгвэл их шөвөгт аймгийн заан О.Түмэн, харцага Б.Төмөрбаатар нар шалгарлаа. Сорилго барилдааныг үзэж сонирхсон улсын аварга Н.Батсуурь, заан Д.Бумбаяр, О.Одгэрэл, харцага А.Бямбажав тэргүүтнээс Өлгийн хүчтэн дэвжээний дасгалжуулагчаар ажиллаж буй О.Одгэрэл заанаас сэтгэгдлийг сонсоход “Өлгийн бөхчүүд өнгөтэй байна. Бэлтгэлээс л харагдаж байгаа. Чухам наадмын тэнгэр мэдэж дээ. Дэвээ шаваа, барилдааны хийц, мэхний гүйцэтгэл маш сайн байгаа биз дээ. Энэ хэд маань нэг юм дуулгах вий гэж бодоод л сууна. Үлдсэн хэд хоногт бэлтгэлээ чамбайруулаад л дуусгана даа” гэв.

х.айдос: улсын наадамд барилдах зургаан бөхөө л харна даа

-Баян-Өлгийн бөхчүүд наадмын бэлтгэлээ базаагаад өнгөтэй сайхан харагдаж байна. Танай дэвжээнийхэн хэзээнээс бэлтгэлдээ гарав?

-Баярлалаа. Бөхчүүд маань дор бүрнээ бэлтгэлээ хийсээр байна. Бид яг энэ “Хас өргөө” амралтын газарт дөрөв дэх жилдээ наадмын бэлтгэлээ базааж байгаа юм. Бөхчүүд маань улс, аймгийнхаа наадамд сайн барилдаж цолтой цолоо ахиулж, цолгүй нь цолонд хүрээсэй гэж хүсч байна.

-Бэлтгэл хэр байгаа вэ?

-Энэ жил бид Увс аймгийн Хяргас сумын харьяат улсын заан О.Одгэрэлийн удирдлага дор бэлтгэлээ хангаж байна. Ерөнхийдөө бөхчүүдийн бэлтгэл сайхан жигдрээд ирлээ. Удахгүй дуусгаад наадамдаа явна даа.

-Сүүлийн жилүүдэд өлгийн бөхчүүдийн ур чадвар, барилдааны арга барил эрс дээшилсэн. бөх сонирхогчид ч өндрөөр үнэлэх болжээ. Энэ жил гэхэд цолтны тааварт 2-3 бөх байна. та дэвжээний тэргүүний хувь бөхчүүдээ хэрхэн харж байгаа вэ?

-Дэвжээ байгуулагдсанаас хойш бөхчүүд нэгдсэн зохион байгуулалтад орж, нутгийн удирдлагууд, бизнесмэнүүд анхаарч дэмжсэний үр дүн эхнээсээ гарч байна. Улсын цолны төлөө наадамд барилдах дөрвөн арслан бий. Хурц арслан У.Береке, аймгийн арслан Н.Мустафа, М.Эркебулан, Т.Эрболат. Дээр нь улсын начин Б.Баатарцол, Б.Серик нар цолоо ахиулахын төлөө барилдана. Одоогийн залуучуудын бэлтгэл сургуулилт үнэхээр сайжирсан, урьдчилан таамаглахын аргагүй болсон байна. Тиймээс тэр өдрийн тэнгэр л мэдэх байх даа. Түүнээс биш манай бөхчүүдийн бэлтгэл маш сайн байгаа. Сайхан барилдаан үзүүлж буй аймгийн арслангуудаас хэн илүү авьяас, чадвар, ур ухаан гаргасан нь улсын цолонд хүрэх байх даа.

-Наадмын өнгийг өөрийнхөө бодлоор тодорхойлбол?

-Энэ жилийн хувьд бүх аймгийн бөхчүүдийн бэлтгэл сайн байгаа. Ялангуяа аймгийн цолтнууд. Манайхаас л гэхэд Н.Мустафа, У.Береке, М.Эркебулан гээд байна шүү дээ. Тиймээс урьдчилж хэлэхийн аргагүй. Мэдээж аварга, арслангууд сайн барилдах байх. Өнгөрсөн хоёр, гурван жилд улсын цолонд хүрсэн залуучуудыг наадмын тэнгэр ивээвэл хол явах биз. Ер нь сүүлийн хэдэн жилийн наадмыг ажиглахад урьдчилж хэлэхэд хэцүү болжээ. Бөхчүүд наадмын бэлтгэлдээ гараад үндсэндээ 10 гаруй хонов.

Дархан аварга Г.Өсөхбаяраар ахлуулсан Архангайн хүчтэнүүд “Говь ресорт”-д , улсын арслан Э.Оюунболд тэргүүтэй зургаан дэвжээний 200 гаруй бөх “Сүүж”-д, Бугын сангийн аж ахуйд 4-5 дэвжээний 150 орчим бөх, Харзтайд дөрвөн дэвжээний 100 гаруй хүчтэн наадмын бэлтгэлээ базааж байна. Наадам болоход 16 хоног үлдлээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид