Улаанбаатар 1c

Д.Ганболд: Монгол хүүхдүүдийн бусдаас ялгарах зүйл нь ардын урлаг

NPost.mn
2019-06-25 12:52

С.ЛХАМСҮРЭН

Монголчуудын өв соёлын салшгүй нэг хэсэг болсон үндэсний урлагаа сурталчилах зорилготой “Цагаан лавай” чуулгын ерөнхий найруулагч Д.Ганболдтой ярилцлаа.

-Ардын урлаг бол тухайн үндэстний мөнхийн сэдэв. Тэгэхээр хоёулаа ардын урлагийн талаар яриагаа эхлүүлэх үү?

-Тэгэлгүй яах вэ. Ардын урлаг гэдэг тухайн ард түмний бусдаас ялгарах онцлог юм. Товчхондоо бүтээж бий болгосон урлаг. Хамгийн гол нь монгол хүн наад зах нь уртын дуугаа дуулдаг, морин хуураа тоглоод гэрийн жавраа үргээчихдэг байвал бусдаас ялгарч чадаж байгаа хэрэг.

Үүний хажуугаар хүүхдүүдэд ардын урлаг, сонгодог урлаг хоёрын ялгааг сайн таниулах хэрэгтэй. Жишээ нь, өнөөдөр дуурь, балетыг яагаад сонгодог гэж нэрлэж байгаа юм бэ. Дуурийн урлаг нь өөрөө зүгээр л ардын урлаг байсан. Италийн завьчдын түүх шүү дээ. Их энгийн. Италийн Венец хотод машин явах зам гудамж гэж байхгүй. Бүх гудамж нь ус.

Тэр усан замаар завин такси явдаг. Тэгээд их бороо орсон манантай үед завинууд хоорондоо мөргөлдөхгүйн тулд дуулдаг. Нэг ёсондоо завьчдын тэр их мананг нэвтэлж гарахын тулд их хоолойн хүч шаардсан ардын дуу. Гэтэл манай уртын дуу адилхан л ардын дуу шүү дээ. Яагаад сонгодог биш байгаа юм. Балет, дуурийг олон оронд тарааснаараа л сонгодог болох нэг зам нь нээгдсэн шүү дээ. Энэхүү урлагийн тухай ойлголт маш олон оронд бий болж ирэхээр л сонгодог болж байгаа хэрэг.

-Тэгвэл Монголын ардын урлагийг сонгодог болгохын тулд дэлхийд таниулах хэрэгтэй байх нь ээ дээ?

-Яг тийм. Ерөөсөө л хамгийн чухал нь өөрийнхөө урлагийг бусдад түгээж тараах ёстой. Монголчууд эсрэгээрээ гадны орнуудад бий биелэгээг зааж өглөө гэж загнах, шүүмжлэх хандлагатай байдаг. Биелэгээг дэлхийн олон орны хүмүүс хийж сурах тусам, олон хүн сонирхох бүрт сонгодог хэлбэр рүүгээ ойртох юм. Тэгэхээр ардын урлагийг жижигхэн гэж голж болохгүй.

Нэг жишээ ярихад, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2011 онд Оросын хамгийн том концертын танхимд бүх урлагийн дарга, удирдагч нарыг уриад “та бүхэн дэлхийн бүх сонгодгуудыг бүтээж чадлаа. Харин одоо та нар Оросын ардын урлагийг дэлхийн сонгодог болго” гэж хэлсэн байдаг. Энэ бол өөрийнхөө ардын урлагийг бусдынхаас дор биш гэдгийг мэдэрсэн ухаантай хүний хэлж байгаа үг юм л даа. Тэгэхээр нөгөө сонгодог, сонгодог биш гэдгийн ялгаа үүн дээр гарч ирж байна. Үүний тулд бидэнд жаахан эдийн засгийн хөгжил хэрэгтэй.

-Ардын урлаг хүүхдийн хүмүүжилд хэрхэн нөлөөлж байгаа вэ?

-Ардын урлагаар хөгжсөн хүүхэд хүнээс үг сонсоод сурчихсан байдаг шүү дээ. Эхний удаад сонсоод, дараагийн удаа тэвчээд, гурав дахиас тайлбарлах чадвартай хүн л бий болж байна гэсэн үг. Ардын урлагаар хүмүүжиж чадаагүй хүн бол эсэргүүцээд өнгөрнө. Яагаад гэвэл дуулсан, сонссон дууных нь 10 үгний найм нь хараалын үг байгаатай холбоотой болов уу. Мэдээлэл бол цензургүй байгаа. Хэн ч, юу ч үзэж харж болно.

Харин үүнээс илүү үнэ цэнтэй зүйлээ үзнэ үү гэж хэлэх гээд байгаа юм. Даанч үүнийг тайлбарлаж ойлгох систем байхгүй нь харамсалтай. Жишээ нь, манай танил МУИС-ийн Түүхийн тэнхимийн эрхлэгч. Хичээл зааж байгаад танхим дүүрэн оюутнаас “Цогт тайж” киног үзсэн хүн хэд байна гэхэд дөрөв, тавхан хүн гараа өргөсөн байгаа юм. Цаашлаад “Мандухай сэцэн хатан”-ыг мэдэхгүй байх жишээтэй. Дайн болоод дууссаны дараа нэгэн унага дайны талбарт үхсэн хүмүүс болон морьдын дундуур давхиж байгаа дүр зураг гардаг. Энэ юуг илэрхийлж байгаа юм бэ. Кино үзэхдээ хүртэл энэ дүрслэлийн цаана ямар утга санаа эрэлхийлж байгааг ойлгож үзэх хэрэгтэй.

Ганц унагатай гүүтэй айл дайнд гүүгээ хүртэл явуулсан. Тэгтэл дайн дууссаны дараа унага нь эхийгээ хайгаад янцгааж байгаа юм. Энэ зураглалын цаана дайн гэдэг ямар олон хүний амийг авч явсан, ямар аймшигтай байсан, дайн хүн байтугай байгаль дэлхийд зовлон гачлал авч ирдэг юм шүү гэдгийг тэр жижигхэн дүрслэл өгүүлж байх жишээтэй. Энэ мэтчилэн киног хүртэл цаад утга санааг нь ойлгуулж тайлбарлах хэрэгтэй болоод байна, орчин цагт.

-“Цагаан лавай” чуулга үйл ажиллагаагаа явуулаад нэг жил болжээ. Энэ хугацаанд гадаад, дотоодын жуулчдад хүрч үйлчилж чадсан уу?

-Арваад хоногийн өмнө хөтчүүдэд үндэсний урлагийн тайлбарт тоглолт хийлээ. Манай аялал жуулчлалын компанийн хөтөч нар жуулчдадаа тоглолтоо тайлбарлаж чаддаггүй дутагдалтай. Мэдээж тодорхой хэмжээнд хариулт өгөх ч бүрэн төгс мэдээлэл, тайлбар өгч чадахгүй байна. Тиймээс тэдэнд үндэсний урлагийг таниулахын тулд энэ тоглолтыг хийсэн юм. Тэгээд үндэсний урлагийн үзүүлбэр болох цам, уртын дуу, богино дуу, хөөмэй, уран нугаралт, бөө, цуур гэх мэт урлагийн 18 номер бүхий тайлбарт тоглолт зохион байгуулсан юм. Тэр тоглолтыг үзэхээр 200 гаруй хөтөч ирсэн байна билээ.

Хөтчүүд маань гурван цагийн тайлбарт концертыг маш анхааралтай үзсэнд талархаж байгаа. Тоглолтод “Улаан Жамсран” гэдэг бол шашныг хамгаалагч бурхан, Дамдин Чойжоо сахиус бол бурхан болсны дараа там руу, эсвэл диваажин руу явуулахыг шийддэг бурхан гэдгийг мэдүүлэхийг зорьсон хэрэг. Энэ мэтчилэн олон талын мэдлэг мэдээллийг тайлбарт тоглолтоороо дамжуулан хүргэлээ, манай чуулгынхан. Энэ бүгдийг ойлгож, таньж мэдсэний үндсэн дээр хөтчүүд бидний ардын урлагийг дэлхийд таниулахад онцгой үүрэг гүйцэтгэх юм.

Тэдний урлаг, уран сайхны мэдлэг ч нэмэгдэнэ. Дээрээс нь жуулчид ч юу үзэж байгаагаа ойлгож, таатай хүлээж авдаг. Түүнээс биш ямар ч хамаагүй нэг үндэсний урлагийн тоглолт дээр хэдэн жуулчин дагуулж очоод, түүнийгээ тайлбарлаж чадахгүй бол утгагүй биз дээ. Үзүүлээд ч хэрэггүй. Онигоо болно. Монголын жуулчны компанийн хөтчүүд үндэсний урлагаа мэддэггүй юм байна гэж ярихад хүрнэ шүү. Тиймээс жуулчдын ирдэг гол улирлын өмнө манай үндэсний урлаг, соёлын байгууллагууд болон аялал жуулчлалын компаниуд хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх хэрэгтэй байгаа юм.

-Танай чуулгын цаашдын төлөвлөгөө юу байна вэ?

-Их, дээд сургууль болон ерөнхий боловсролын сургуулийн 6-12 дугаар ангийнханд тайлбарт тоглолтоо хүргэхээр төлөвлөсөн. Энэхүү ажлаа ирэх намар хэрэгжүүлэх юм. Энд хүүхдүүдийн оюун тархинд хөрөнгө оруулалт болж үлдэх олон зүйл бий. Нөгөөтэйгүүр хүүхдэд багаас нь ардын урлагийг таниулах, хөгжүүлэх тийм л үндэсний үзэлтэй арга хэмжээ юм.

Эндээс хүүхдүүд битгий хэл томчууд ч мэдэж авах боломжтой. Тэр утгаараа үндэсний урлагийн часхийсэн 10 номер бэлдэж байгаад хүүхдүүдэд үзүүлэхэд хөгжмийн боловсролын хичээлээс ч илүү ойлгох болов уу.

-Чуулга бүр өөрийн гэсэн онцлогтой. Танай чуулгынх бусдаас юугаараа өөр вэ?

-Зах зээлийн зарчмаараа хаана, хэзээ Монголын үндэсний урлагийн тоглолт хэрэгтэй байна тэр газарт нь очих зарчим баримталдаг. Мөн манайд 17- 21 насныхан ажилладаг. СУИС, Монгол Улсын Консерватур, мэргэжлийн сургууль төгссөн дуучин, хөгжимчин хөөмэйчид байна. Нөгөөтэйгүүр бид шинэ залуу үеэ ч бэлтгэж байгаа гэсэн үг. Эргээд тэд манай боловсон хүчин болж бэлтгэгдэж гарч ирэх юм.

-Үндэсний урлагийн тоглолтод оролцож байгаа ажилтан оюутнуудын ур чадвар ямар түвшинд байдаг юм бол?

-Надад эмзэглэж явдаг нэг асуудал байдаг. Тэр нь юу вэ гэхлээр, манай ихэнх мэргэжлийн сургуулиудын оюутнууд, мэргэжлийн урлагийн жүжигчид Хятад руу бөөнөөрөө явж байна. Энэ нь нэг талаараа зөв боловч нөгөө талаас нь харвал маш олон боловсон хүчин зэвэрч байгаа юм. Тэнд мэргэжлийн урлаг гэхээсээ илүү жуулчны баазуудад салбадай хийж байгаад л ирж байна гэсэн үг. Тэгж нүүдлийн шувуу шиг яваад өгдөг хүмүүс бас бий.

Үүнийг нэг талдаа зах зээл гэж харж байж болох юм. Гэтэл үнэн хэрэгтээ урлагт үнэнч байх, урлагийн үнэт зүйл хаана оршиж байгааг мэдрэх мэдрэмж нь буурч байна. Нэг үгээр хэлбэл, мэргэжлээсээ илүү мөнгийг хүндэлж ажиллаад байна. Энэ хойгуур Францууд ирээд манай тууль, цуурыг судлаад баримтат кино хийгээд ном товхимол гаргачихаад явсан. Уг нь бидний үнэт зүйл шүү дээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид