Улаанбаатар 1c

Хотын хамгийн үнэтэй бөгөөд амтгүй шорлог, хуушуур Зайсанд л байна

Нийслэл хотод урин дулааны цагт оройн цагаар гэр бүлээрээ, найз нөхдөөрөө салхилах газар тун ховор. Зайсан хилл, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн гэсэн л зугаалгын газар нийслэлд байна. Эдгээр газар нь оройн цагаар олны хөлд дарагдаастай. Хамгийн муухай нь үүнийг далимдуулан худалдаа эрхлэгчид дур зоргоороо үнээ тогтоодог болж. Тэдэнд хэн ч хяналт тавихгүй. Тухайн хэсгийг өмчилдөг албан байгууллагууд нь түрээслэгчдээсээ өдрийн татвараа авахаас өөрөөр хянаж байгаа зүйл алга.

Ямар бүтээгдэхүүнээр хоол хийж, хэдэн төгрөгөөр худалдаалж байгаа нь огт сонин биш. Яг энэ байдлыг далимдуулан худалдаа эрхлэгчид нийслэлчүүдийг хэтэвчээр нь шинждэг болоод багагүй хугацаа өнгөрчээ. Хамгийн тод жишээ нь, Зайсан хилл. Тэндхийн хуушуур 1500, шорлог 15000 төгрөгийн үнэтэй. Одоогоор Улаанбаатарын хаана ч байхгүй үнийг тэд тогтоогоод байгаа. Үнэ дагаад чанар, амт гэдэг. Харин Зайсангийнх хамгийн амт муутай нь. Хуушуур нь амтлагчтай, шорлог нь түлэгдсэн.

Гэтэл Жуковт олон жил үйл ажиллагаа явуулж буй узбек шорлогны газар байна. Үнэ 9000 төгрөг. Амтны хувьд ярих юм биш. 20-иод жил үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд амт нь яг л хэвээрээ. Үнийн хувьд бага зэрэг нэмэгдсэн ч үйлчлүүлэгчид хэзээд сэтгэл хангалуун буцдаг. Дээрээс нь соёлтой. Үйлчилгээ гэдэг ерөөсөө л энэ юм. Үүний хажууд Зайсангийнхан амтгүй, үнэтэй, бас соёлгүй. Хүнд үйлчилж байгаа бол соёлтой бай, хоолныхоо чанарт анхаар гэж зөвлөе.

Дээр нь нийслэл болон дүүргийнх нь мэргэжлийн хяналтын газрууд Зайсангийнхаа худалдаа үйлчилгээний цэгүүдэд хяналтаа тавиарай. Дахин хэлэхэд Зайсангийн шорлог хамгийн амтгүй, бас үнэтэй. Үнээ буулгаж чадахгүй бол ядаж амтаа сайжруул. Үйлчлүүлэгчид идсэн хоолноосоо сэтгэл ханамж 90-ээс дээш хувийн таашаал аваад буцдаг баймаар байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид