Улаанбаатар 1c

ЭЕШ-аар 111 сурагч 800 оноо авчээ

Монгол Улсын хэмжээнд их, дээд сургуульд элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшинг тогтоох Элсэлтийн ерөнхий шалгалт дууссан билээ. Энэ жил ЭЕШ-д 18130 шалгуулагч бүртгүүлснээс 80.2 хувь нь 2019 оны төгсөгч байлаа. ЭЕШ-д Улаанбаатар хот болон 21 аймгийн шалгуулагчид арван хичээлээр оролцов. Үүнээс улсын хэмжээнд хамгийн өндөр дүн буюу 800 оноог 111 шалгуулагч авчээ.

Улаанбаатар хотоос 67, Орхон аймгаас найм, Говь-Алтай, Өвөрхангайгаас тус бүр тав, Хэнтийгээс дөрөв, Ховд, Увсаас тус бүр гурав, Архангай, Хөвсгөл, Дорнод, Дундговь, Баян-Өлгийгөөс тус бүр хоёр Булган, Дархан-Уул, Дорноговь, Өмнөговь, Завхан аймгаас тус бүр нэг шалгуулагч 800 оноо авсан байна. Энэ удаагийн ЭЕШын хувьд анх удаа шууд засалтын шилэн технологийг хэрэглэснээрээ онцлогтой. Боловсролын үнэлгээний төвөөс шилэн технологи ашиглан шалгалтын материалыг газар дээр нь машинаар уншуулж, дүн, оноог олон нийтэд нээлттэйгээр дэлгэцэнд гаргаж танилцуулсан байдаг.

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр БСШУСЯ хариуцан хэрэгжүүлж байгаа “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах төсөл”өөс шалгалтад шаардлагатай 50 ширхэг засагч машиныг нийлүүлжээ. Уг машиныг ашигласнаар өмнөх жилүүдэд учирч байсан шалгалтын хариу нийтэд ил тод бус байх, цаг хугацааны хувьд шуурхай бус мэдээлэх, орон нутгаас оролцож байгаа шалгуулагчдад санхүүгийн хүндрэл үүсэх, шалгалтын зохион байгуулалтад ажиллаж байгаа багш нарын ачаалал ихсэх зэрэг асуудлыг шийдвэрлэж чадсан гэж албаныхан онцоллоо.

Шалгуулагчдын ЭЕШ-ын батламж хуудсыг энэ сарын 22-ноос эхлэн тараасан бөгөөд ЭЕШ болон монгол хэл, бичгийн шалгалтын батламж хуудас нь 2.5 жилийн хугацаанд хүчинтэй байх аж. 2019 оны шалгалтын нийлбэр дүнгээр Өвөрхангай тэргүүлсэн бол Хэнтий, Увс, Өмнөговь аймаг, Багануур дүүрэг эхний тавд багтлаа. Баянхонгор нийлбэр дүнгээр сүүл мушгисан бол тус аймгийн өмнө Архангай, Сүхбаатар, Орхон, БаянӨлгий бичигджээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид