Улаанбаатар 1c

В.Оюунцэцэг: Гудамжаар зөрж өнгөрөх хүмүүс “Пороро юу даа, ямар хөөрхөн юм бэ” гэж өхөөрддөг

Зүгээр сууж болохгүй гэж сургадаг эцэг, эхийн захиасыг насан туршдаа хэрэгжүүлж яваа ахмадууд хөдөлмөрлөсөөр л байна. Чингэлтэй дүүргийн XVI хорооны иргэн Н.Энхтайван, В.Оюунцэцэг нар үр хүүхдээ хүнээс дутаалгүй өсгөж, аз жаргалтай амьдрахын тулд монгол гэрийн тавилгыг өөрчлөн хийж туршиж үзжээ. Тэд амьдрахын эрхэнд сонирхон туршсан зүйл нь орлогын эх үүсвэр болно гэж төсөөлөөгүй биз. 24 жилийн турш модтой нөхөрлөсөн В.Оюунцэцэгтэй ярилцлаа.

-Говь-Алтай аймгаас орхон руу дараа нь улаанбаатар хотод нүүж иржээ. Нутаг сэлбэн явах болсны учир юу вэ?

-Зах зээлд шилжихээс өмнө би зөөгч, нөхөр маань цаг уурч мэргэжлээр ажиллаж байлаа. Гэтэл ардчилсан нийгэмд шилжихэд бусдын адилаар ажилгүй маш хэцүү үеийг туулах болсон. Тиймээс 1995 онд Эрдэнэт рүү шилжсэн юм. Говь-Алтайг бодоход хөгжингүй учир ажилтай, орлоготой болохыг л хүссэн дээ, тэр. Тэнд байх хугацаандаа монгол гэрийн хээтэй модон тавилга хийж ажлын байраа өөрсдөө бий болгосон. Тиймдээ ч модныхоо ачаар өөрийн гэсэн хашаа байшин, хөрөө рамтай болсон. Дараа нь тэнд байсан бүхнээ худалдаад Улаанбаатарт орж ирсэн нь борлуулалт сайн байх болов уу гэж бодсон юм.

-Тэгвэл одоо мөлхөө ширээ, сандал хийхийн хамт монгол гэрийн тавилга хийдэг хэвээрээ юү?

-Бид хотод 2006 онд орж ирсэн. Одоо 13 жил болж байна. Эхлээд хээ угалз болсон авдар, ширээ, сандал хийдэг байлаа. Хүүхдэд зориулсан мөлхөө сандал, ширээ хийгээд дөрвөн жил болж. Харин Пороротой сандал хийгээд хоёр жил болсон байна.

-Эцэг эхээс уламжласан гарын ур дүй байдаг уу?

-Байхгүй ээ. Аав, ээж хоёр маань төрийн байгууллагад насаараа ажилласан хүмүүс. Бид амьдралын шаардлагаар л ийм зүйл хийх болсон. Хийж байгаагүй зүйлээ дахин дахин туршсаар сурсан нь бидний орлого болсон хэрэг. Тэтгэвэрт гарах нас болоогүй ч ажилд орох гэхээр өндөр шаардлагад нь тэнцдэггүй. Тиймээс л энэ ажлыг хийж байна. Манай нөхрийн дүү нар мөн энэ чиглэлээр ажиллаж, амьдардаг. Тэдний зарим нь цехтэй. Манайхыг тойроод энд амьдарч байгаа. Их хэмжээний захиалга орж ирвэл бүгдээрээ нийлж байгаад хийчихдэг. Бие биедээ дэмтэй байдаг юм.

-Шинэ зүйл сурах шаардлагатай болбол хэрхэн сурдаг вэ?

-Мэдэхгүй зүйлээ ах, дүү нараасаа асууна. Биднийг модоор тавилга хийж эхэлсэн үеэс тэд энэ салбарт уусаж хамтдаа тус тусынхаа бүтээлээ хийх болсон. Би хаа нэг газар явж байхдаа харсан зүйлээ тогтоогоод туршиж үздэг. Жишээ нь, Поророгийн зурагтай сандал, ширээ хийж эхлэх санааг Поророгийн зурагтай ундааны сав харж байгаа л зурж эхэлсэн. Ингэж л амьжиргаагаа залгуулах шинэ санаа олсон юм. Гудамжаар явж байгаа хүүхэд гэлтгүй томчууд хүртэл “пороро юу даа” гэж гайхаад, “ямар хөөрхөн юм бэ” хэмээн өхөөрддөг шүү.

-Сандал болон ширээг хийхэд хэр их хугацаа зарцуулдаг вэ?

-Бид нэг долоо хоногт дөрвөн ширээ, 30 жижиг сандал, 15 том сандал хийчихдэг. Хийсэн зүйлээ бямба, ням гарагт хүн их төвлөрдөг газруудад очин зам дагуу тавьж борлуулдаг. Ширээ сандлыг маань зургийг авч, утас тэмдэглээд явсан хүмүүс захиалахаар нь хүргэж өгдөг. Энэ мэт олсон орлогоороо дараагийн долоо хоногт хийх материалаа худалдаж авна. Нэг долоо хоногт 100 мянган төгрөгөөр материал авна. Түүнээс дор хаяж 100 сандал гардаг. Мөн өвлийнхөө материалыг эртнээс нөөцөлж, хатааж бэлддэг.

-Сандал, ширээгээ худалддаг дэлгүүр байхгүй ч тогтмол захиалж авдаг газар байдаг уу?

-Хөвсгөл болон Говь-Алтай аймгаас захиалж авдаг хүмүүс бий. Хөвсгөлөөс гэхэд нэг эмэгтэй 40, 40-өөр нь захиалдаг. Тэр эмэгтэй өвөл ирэхдээ “5000-аар зардаг сандлаа бөөний үнээр хэдэн төгрөгт өгөх вэ” гэж асууж байсан. Манай нөхөр мужаан, би будгаа хийж өөр ажилчин хөлсөлж мөнгө үрэхгүй байгаа учраас зах зээлдээ тохируулаад жижиг сандал 5000, том сандал 10000, ширээгээ 40000 мянган төгрөгөөр л худалддаг. Хямдруулах ч боломж байхгүй юм л даа. Мод, будагны үнэ нэмэгдэж гурав, дөрвөн жил болсон ч үнээ огт нэмж байгаагүй. Энэ тэнд явж байхад үнийг нь асуулгүй мөнгөө өгөөд явчихдаг хэрэглэгчдээ алдахыг хүсэхгүй байна.

-Гадуур зарж худалдахаас гадна сошиалд сурталчлан захиалгаа худалдаалж байв уу?

-Модоороо амьжиргаагаа залгуулж чадаж байгаа ч өргөжүүлье гэвч зээл авах, эсвэл дүүрэг, хорооноос тусламж алга. Жижиг дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөрт хамрагдах гэж материалаа өгч байсан боловч бүтдэггүй юм билээ.

-Үгүй ээ. Үнэ ханш асуугаад зөрж өнгөрөх хүмүүс интернэтэд суртчалчлаад өгчихдөг юм. Хүүхдийн баярын өмнө манай нөхрийг зам гарах гэж байхад машинтай залуу жижиг сандлын зураг аваад “Юмханаар юм хий” гэсэн группт тавчихсан байна гэсэн. Түүнээс хойш хүмүүс холбогдох нь их болсон.

-Хэдэн насны хүүхдүүдэд тохирох вэ?

-Жижигхэн л болохоос эдэлгээ сайн даадаг тул хүүхэд, том хүн гэлтгүй авдаг. Нэвт углуургатай, хуурай нарс модоор хийдэг шүү дээ.

-Танай гэрийн үүдэнд хөрөө рам, олон мод өрөөстэй байсан. Харин байшингийнхаа хоёр давхарт будгийн ажлаа хийдэг бололтой. Ажлын байртай болох юмсан гэж боддог уу?

-Эрдэнэтэд амьдардаг байхдаа ажлын байртай байсан. Харин одоо бол гэрийнхээ үүдний амбаарт модоо бэлтгээд, хоёр давхарт хүүхдийн гар хөлнөөс хол байлгах гээд будгийнхаа ажлыг хийдэг юм. Яг үнэндээ ажлын байртай болъё гэж зорилго болгон бодоогүй л байна. Тамираа тасартал мөлхөө сандал ширээгээ хийнэ л гэж боддог. Хэдэн хүүхдэд маань дэм болох биз ээ.

-Олон жил суугаа ажил хийсээр эрүүл мэндэд нөлөөлж байна уу?

-Тэгэлгүй яах вэ. Нас ахиж байгаа болохоор хараа муудаж, нурууны суулттай болсон. Гэхдээ хэн нэгэнд захирагдахгүй хийдэг болохоор дасчихсан даа.

-Хүүхдүүд тань та хоёрын хийдэг ажилд хэр их тусалдаг вэ. Сайн сурсан уу?

-Хүүхдүүд маань багаасаа л хийдэг болсон. Юм хийж сурснаар буруудах зүйлгүй. Амьдралд юу эс тохиолдох билээ. Ядарсан цагт хүний хуучин мууг засаад ч болтугай амьдрах хэрэгтэй. Манай том охин багш мэргэжилтэй. Зуны амралтаараа монгол гэрийн мод сэргээх, цоохорлох ажлыг хөдөө орон нутгууд руу явж хийдэг.

-24 жилийн турш модтой аж амьдралаа холбосон нь та бүхэнд юу сургаж, ямар үр өгөөж өгсөн санагддаж байна?

-Бидний сонголт зөв байсанд баярладаг. Зориг гарган хийсэн үйлдэл маань бидэнд ямар их зүйл сургаж өгснийг тоочвол цөөнгүй. Өөрсдийн гэсэн орох оронтой болж, хоёр хүүхдээ их сургууль төгсгөж чадсан.

-Өдөрт хэчнээн цагийг ажилдаа зарцуулж байна. Амьдралынхаа хэвшлийг тодруулан ярьж болох уу?

-Нөхөр өглөө 04:00 цагт босоод модоо бэлтгэнэ. Харин би 07:00 цагт сэрж будахад бэлэн болсон зүйлээ авч будна. Ингээд л орой болтол хийнэ дээ. Мөн ойр хавийнхан хүмүүс хуучин юмаа засуулахаар ирдэг. Нөхрийн маань хамгийн бага дүү гэхэд мужааны цехтэй, ажилчидтай. Төвлөрсөн борлуулагчтай, Нарант уул захад худалдаа хийдэг. Ер нь бүгд өрхийнхөө орлогыг хангаад явж байна. Нөхөр нь ийм зүйл хийвэл бэр болсон охидууд өөр мэргэжилтэй ч энэ чиглэл рүү орсон.

-Цаашид хэрхэн өргөжүүлэх төлөвлөгөөтэй байгаа вэ?

-Модоороо амьжиргаагаа залгуулж чадаж байгаач өргөжүүлье гэвч зээл авах, эсвэл дүүрэг, хорооноос тусламж алга. Жижиг дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөрт хамрагдах гэж материалаа өгч байсан боловч бүтдэггүй юм билээ. Гэхдээ өөрсдийнхөө бор зүрхээрээ амьдарч байна даа.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • DR. UROLOGIST
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802
    2019 оны 06 сарын 28 | Хариулах
Нийтлэлчид