Улаанбаатар 1c

Энэ жилийн наадмын гоёлтой танилцаарай

NPost.mn
2019-06-28 12:38

М.Дуламсүрэн

Үндэсний их баяр наадмыг үндэсний хувцас болох монгол дээлгүйгээр төсөөлөхийн аргагүй. Үндэсний дээл жил ирэх тусам өнгө үзэмж, чанар, материал загварын хувьд өөрчлөгдөн улам дэгжин болсоор. Уламжлалт баяраараа үндэсний хэв шинж агуулсан хувцсаараа гоёхыг бүгдээрээ л хүсдэг шүү дээ. Тэгвэл энэ жилийн наадмын гоёлд зориулан урлаж эхэлсэн дээлний загвар, чиг хандлага өнгө, хийцээс ажиглахад наадамчин олон маань хэт гоёж, хээ хуар болсон, чамин дээлнээс илүүтэй гоёл багатай, дан дээл, нимгэн монгол цамц өмсөх хандлагатай байна. Харин өнгөний хувьд зуны усан цэнхэр, саарал, ягаан, шаргал зэрэг завсрын өнгө зонхилж байгаа аж. Материалын хувьд хөнгөн, нимгэн, тааран байх нь иргэдийн эрэлтэд нийцэж байгаа гэнэ. Ингээд танд томоохон үндэсний хувцас үйлдэрлэгчдийн санал болгож буй наадмын гоёлуудыг танилцуулж байна.

 

SILK CAPITAL “COLORS” КОЛЛЕКЦ

Ардын хувьсгалын 98 жилийн ойн баярыг тохиолдуулан үндэсний хувцасны “Silk Capital” салон “Colors” шинэ коллекцийг гаргажээ. Тус салоны загварууд Япон торгоор хийгддэг бөгөөд дахин давтагдашгүй өнгө, хээний сонголттойгоороо онцлогтой аж. Энэ жилийн шинэ загварууд нь бусдаас онцгой өнгөтэй байхыг зорьсон гэнэ.

Хаяг: Silk Capital салон нь энхтайвны гүүрний урд талд төв зам дагуу.

 

“ИВЭЭЛ” БРЭНД

“Ивээл” брэнд нь том жижиг, тод бүдэг, өнгөний хувьд янз бүр, олон цэцгэн хээнүүдтэй өвдөг хүрсэн урттай болон өвдөг давсан урттай эмэгтэй дээлний цуглуулгыг наадамд зориулан гаргажээ. Мөн дээрээс нь эмэгтэй хүний байнгын хэрэглээ болсон бяцхан цүнхийг гаргасан байна. Биед эвтэйхэн, эрх чөлөөтэй, тансаг зэрэглэлийн материалаар урласнаараа давуу талтай аж.

Хаяг: “Зайсан хилл”-ийн дөрөвдүгээр давхар, “Минж” плаза дөрөвдүгээр давхар

 

CLOTHING WORKSHOP

“Clothing Workshop” брэнд наадмын шинэ загвараа торгон болон нимгэн материалтай монгол загварын дээл болон байгалийн өнгө болон цэцгэн хээ, тод өнгийн зураасан хээтэй монгол загварын детальтай даашинзуудыг гаргажээ. Эсгүүрийн хувьд биед маш сайн сууж өгдөг ба тав тухтай, хөнгөхөн чөлөөтэй мэдрэмж төрүүлэх гэнэ. Эдгээр загварын нь брэндийн дэлгүүрт бэлэн худалдаалахаас гадна, мөн үйлчлүүлэгч хүсвэл загвар, өнгөө сонгоод захиалгаар хийлгэх боломжтой юм байна.

Хаяг: “Clothing Workshop” брэндийн дэлгүүр Централ тауэрийн хоёрдугаар давхарт

 

“ТҮМЭН ТОРГО” САЛОН

Түмэн торго брэндээс наадмын коллекцийг “Монгол наадам 2019” нэртэйгээр гаргажээ. Энэхүү коллекцид монгол хувцасны хэв маягийг орчин үеийн загварын чиг хандлагатай уялдуулан гаргасан байна. Материалын хувьд зуны улиралд тохиромжтой тааран даавуу, торго, даавууг ашиглажээ. Өнгөний хувьд сүүлийн үеийн хувцас загварт ашиглагдаж байгаа завсрын өнгөнүүд болон хар, цагаан зэрэг өнгийг ашигласан байна.

Хаяг: Нэгдүгээр хороолол “номин хайпермаркет” зүүн жигүүрт

 

“БОРГОЛЖИН” БРЭНД

“Борголжин” брэндээс наадамд зориулан “Гэр Коллекц”ыг гаргажээ. Энэхүү коллекцид таван өнгийн даавуун материалтай хантаазнууд болон дан дээлнээс бүрдсэн аж. Хантаазны онцлог нь ахин давтагдахгүй цор ганц загвартай бөгөөд торгомсог утсаар хатгаж өгсөн нандин хийцтэй гэнэ.

Хаяг: 25-р эмийн сан Gem Mall гуравдугаар давхарт, Zaisan Star гуравдугаар давхарт

URBAN JEANS

“Urban jeans” брэнд нь дэлхийн загварын ертөнцийн хувцасны чиг хандлага, европ хувцасны давуу талтай монгол хувцасны загварыг сайтар хослуулан, гоёлын болон өдөр тутмын амьдралын хэв маяг, таны шүүгээн дэх бусад хувцастай зохицох, хялбар угааж индүүдэх зэрэг нөхцөл боломжуудыг сайтар тооцон үйлдвэрлэхийг хичээдэг. Жил бүр үндэсний их баяр наададм зориулан гаргадаг “Хүрээ” коллекцийн үндсэн материалыг зуны аагим халуунд өмсөхийг бодолцон хүйтэн даавуун материалыг тусгайлан захиалж орчин цагийн болон монгол эх орныхоо байгалийн зураглал, хээг оруулж, габердин, шифон зэрэг материалууд дээр хэвлэх технологийг ашигласан өвөрмөц онцлогтой гэнэ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид