Улаанбаатар 1c

Н.Наранбаатар: Уламжлал болон тогтсон хуучны урлагийг Залуусын сонорт хүргэхийн тулд орчин үеийн өвөрмөц хэмнэлийг хоршуулсан

Улсын баяр наадмын уламжлалт арга хэмжээ болоход 12 өдөр үлджээ. Харин энэ жилийн баярын өдрүүдэд өвөрмөц, дэглэлттэй хөгжмийн орчин үеийн шинэ хэв маягийг ардын урлагтай хослуулан найруулсан “Legend” энтертаймэнт шоу болох гэж байна. Уг тоглолт ирэх сарын 7-12-нд “Corporate hotel & Convention centre”-ийн концертын их танхимд 19:00 цагт болох юм. Тоглолтын ерөнхий найруулагч Төрийн соёрхолт Н.Наранбаатартай ярилцлаа.

-“Legend” шоу тоглолтыг “бэр цэцэг” цэцэглэн ургасан гэх эртний домогт тулгуурлан дэлгэсэн гэсэн. Яагаад уг найраглалыг сонгох болсон бэ?

-Түүхэн зохиолч эрдэмтдийн дундаас Б.Ренчин гуай аливаа зүйлийг нарийн судалгаа, шинжилгээтэй хянуур хийдэг хүн. Түүний бичсэн найраглал дундаас оюутан байхдаа олон удаа уншсан нь “Бэр цэцэг” найраглал юм. Уг найраглалын утга агуулгыг энгийн жүжиг хэлбэрээр бус уран сайхны тоглолттой холбож гаргахыг хичээж байна. Утгын тухайд дэлгэрүүлбэл, залуусын янаг хайрын тухай, дайн тулаан гэдэг нь хүсэх зүйл биш хагацал, уй гашуу авчирдаг юм шүү гэдгийг харуулж, дайн ариун нандин хайрыг үгүй хийдэг аюулт зүйл гэдгийг харуулна. “Бэрцэцэг” гэдэг нь үнэнчийн бэлгэдэл учир үнэнч чанарын тухай тоглолтдоо агуулсан.

-Монголчуудын сонсоод дасчихсан хуучны дуунуудын хөгжмийн хэмнэлийг орчин үеийн хэв маягт оруулсан юм байна. Уламжлалыг өөрчилсөн нь үзэгчдэд хэр таатай санагдах бол?

-Уламжлал болон тогтсон хуучны урлагийг залуусын сонорт хүргэхийн тулд орчин үеийн өвөрмөц хэмнэлийг хоршуулах нь зүйн хэрэг гэж бодсон. Үүгээрээ жуулчдын Монгол орныг төсөөлөх бодлыг өөрчлөхийг зорьж байгаа. XXI зуунд монголчуудын эртний бүдүүлэг, хээгүй байдал байхгүй болсон шүү дээ. Гэтэл гадаад хүмүүс хэдхэн баримтат кино, бичлэг үзээд Монголд хээр талаас өөр юм байхгүй гэсэн бодол суучихаад байна. Бид ийм төсөөллийг өөрчилж байж дэлхийн зэрэгт хүрнэ.

Жишээ нь, би өнгөрсөн жил “Уяхан замба тивийн наран” дууны хөгжимд битбоксын хэмнэл оруулсан. Тэр нь залуучуудад сонирхолтой сайхан санагдаж байсан. Тиймээс л тэр үеэс ч илүүг хийхийг хүсч байна. “Уяхан замба тивийн наран” дууг сонссон ямар ч хүн орчлонгоос тасарсан мэт сайхан мэдрэмжийг хүртдэг. Манай монголчууд агуу ард түмэн. Агуу зүйлийг бүтээдэг монголчууд дэлхийд танигдахын тулд шинэ нийгмийн сонирхол болсон орчин үеийн бүтээлүүдийг туурвиж, урлагаар танигдах ёстой.

-Аливаа зүйлд дандаа л гаднын хэв маяг, өөр шинжийг агуулах болжээ. Харин уг тоглолтод бэлтгэсэн хөгжмийн хэмнэлийг монголчууд зохиож байгаа юу?

-Тийм. Гадагшаа чиглэсэн тэрхүү үзэл бол хэлбэр хөөсөн хэрэг болно. Хэлбэр хөөх хэрэггүй ээ, зүрхээ сонс. Монголчууд бид ямар өөрчлөлт хийж болох уу, өөр бусдыг яаж татаж уу гэдэгт анхаарах ёстой. Монгол хүн бүхэнд чадвар бий. Тэр чадварыг л сэрээх хэрэгтэй. Гаднын шинжийг хуулахын оронд тэрхүү өвөрмөц зүйлээс шинэ санаа олох ёстой юм. Манай шоу язгуур урлаг ба нүүдэлчин сэтгэлгээний илэрхийлэл, шинэ хөгжим ба модерн балет, тайз ба дэлгэц, театр хосолсон энтертаймент шоу хэлбэрийн тайзны бүтээл гээд дурдаад байвал шинэ содон зүйл олон. Хаана ч сонсож, үзэж байхгүй цоо шинэ хэмнэл мэдрүүлэх болно.

-“Legend” тоглолтоор жуулчдыг татах зорилгодоо бүрэн хүрч чадна гэдэгтээ итгэлтэй байна уу?

-Монголчуудыг төсөөлж боддог бодол нь өөр болох болов уу гэж хүсч байгаа. Нэг тоглолтоор дараа жилд ирэх жуулчдын тоог хэд дахин өсгөнө гэж ам бардам хэлж чадахгүй ч өсөлтөд бага зэрэг нөлөөлнө гэж бодож байна.

-Төсөл яригдаж эхэлснээс хойш өдийг хүртэл хэр их хугацаа өнгөрсөн байна вэ?

-“Legend” төслийг хэрэгжүүлэхээр нэгдүгээр сараас хойш ажиллаж байна. Олон уран бүтээлчийг цуглуулж том шоу хийх гэж байгаа учир нэлээдгүй цаг зарсан.

-Нийт хэчнээн уран бүтээлч оролцох вэ?

-Монгол улсын гавьяат жүжигчин Б.Мөнхбаатар болон дуучин Д.Үүрийнтуяа, Д.Жавхаасайхан, Х.Эрдэнэцэцэг, О.Анхчимэг, Б.Алтанжаргал, Т.Баянжаргал, Б.Баатархүү зэрэг уртын дуучин , хөөмийч Ж.Мэндбаяр, “Номадик балет” продакшны балетын жүжигчин, “Enkhe boys” циркийн нугараач ба акробатчид, тайз гэрэл, графикийн мэргэжилтэн гээд нийт 120 гаруй мэргэжлийн уран бүтээлч оролцох болно.

-Өмнө нь байгаагүй ардын болон орчин үеийн шинжийг харуулсан “домог” тоглолт хийе гэсэн санааг та гаргасан уу?

-Анх санаачилсан хүн нь тоглолтын бүтээлч захирал Н.Оюунболд, продюссер Х.Соёмбо нар.

-Тайз засалтыг хэрхэн хийж байгаа бол?

-Уг тоглолт маань энтертаймэнт учир дэлгэцэд анхаарлаа хандуулж өвөрмөц содон графикууд хийж байгаа.

-“Legend” шоу гэхээр хэр удаан үргэлжлэх бол?

-70 минут буюу нэг цаг 10 минут тоглоно гэж тооцоолсон. Гэхдээ тоглолтын уур амьсгалаас шалтгаалан цаг 20-30 минут нэмэгдэхийг үгүйсгэхгүй. Би өнгөрсөн жилийн наадмын концертыг нэг цаг хорин минут тоглуулсан. Стандарт нь 40-50 минут юм билээ. Үзэгчид тоглолт үзэхдээ бүрэн дүүрэн мэдрэмж авах хэрэгтэй учир стандартыг зөрчсөн. Тэгж байж л сайхан тоглолт болсон юм.

-Тоглолтын тасалбарын үнэ хэд вэ?

-39900. Үнийн хувьд ямар нэгэн ялгаа байхгүй. -наадмын өдрүүдэд шоу тоглолт болох юм байна. үзэгчид түрүүлсэн бөхөө үзэх гэж төв цэнгэлдэх хүрээлэн рүү шуурч магадгүй. эрсдлийг хэрхэн тооцсон вэ? -Бид ирэх сарын 7, 8, 9 тоглолтоо хийгээд 10-нд завсарлана. Тэгээд дараа дараагийн өдрүүдэд тоглолтоо хийх эсэхээ тасалбарынхаа борлуулалтыг харж байгаад шийдвэрлэх юм.

-Шоу төслийн гүйцэтгэл бүрэн хангагдсан уу?

-Одоогоор 80 хувьтай явж байна. Урлагийн төрөл зүйлүүдийг нэгтгэж дэлхийд сурталчлах гэсэн бидний зорилго эхний алхамдаа хүрэхэд тун ойртлоо.

-Дараа жил энэхүү тоглолтоо үргэлжлүүлэн хийх үү?

-Энэ тоглолтоо туршиж үзэж байгаад жуулчдыг татаж, үзэгчдэд шинэ зүйлийг мэдрүүлж чадвал улам л сайжруулж үргэлжлүүлэх болно.

-Найруулагч хүн цаг үргэлж шинэчлэгдэж, шинийг эрэлхийлж ажиллах ёстой. Та шинэ зүйлсийг яаж сурдаг вэ?

-Тэгэлгүй яах вэ. Уран бүтээлч хүн шинэ бүхний араас явдаг. 20 жилийн турш найруулагч хийхдээ ахмадуудынхаа үгийг сонсдог. Ном их уншиж, сурах хэрэгтэй. Сурахад хэзээ ч оройтохгүй. Удахгүй дипломоо хамгаална.

-Нууц биш бол шинээр ямар нэгэн уран бүтээл хийх гэж байна уу?

-Хүннүгийн үеийн тухай кино хийхээр ажиллаж байна. Ном уншаад л явж байна даа. Миний киног төрөөс дэмжих байх гэж бодож байгаа. Энэ киногоороо ард түмэндээ шинэ уран бүтээлээр бэлэг барих гэж байгаа шүү. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид