Улаанбаатар 1c

Төр хувийн хэвшилтэй хамтран ажиллаж байж л үйлдвэрлэгч орон болно

Хувийн хэвшил буюу хувиараа бизнес эрхлэгчид гаднын улсуудад экспортоор шинэ санаа, бүтээгдэхүүнийхээ дээжийг түгээхийг зорьдог. Тэрхүү санал санаачилгаа хэрэгжүүлэх үүднээс төрийн байгууллагуудад хандахад огтхон ч дэмждэггүй байна. Төр, хувийн хэвшил хоёр хамтарч чадахгүй байснаараа улс орны эдийн засаг болон хөгжилд ихээхэн сөрөг нөлөө үзүүлдэг гэхэд хилсдэхгүй болов уу. Чухамдаа бие биенээ дэмжих хамтын ажиллагаа манай улсад дутагдаж байгааг “Улаанбаатар эдийн засаг форум-2019” арга хэмжээний оролцогчид онцолж байлаа. Уг арга хэмжээ 2005 оноос хойш жил бүр “Улаанбаатар хөрөнгө оруулалт” нэрийн дор зохион байгуулагдаж ирс эн бөгөөд энэ жилийн ерөнхий зохион байгуулагчаар нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон нийслэлийн ИТХ төлөөлөгчид оролцов. Мөн олон улсын байгууллагын төлөөлөгч, бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч, эрдэм шинжилгээний байгууллагын төлөөлөгчид оролцон хамтын ажиллагааны хэлбэр, нөөц боломжийн талаар хэлэлцэж, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн шинэ бүтээлийн үзэсгэлэн дэлгэснээрээ ихээхэн онцлогтой байлаа.

Улаанбаатар хотын иргэдийн 63.3 хувь нь залуучууд байна

Эдийн засгийн форумыг нээж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Улаанбаатар хотод тулгарч буй олон асуудал байгаа ч нөгөө талаар улс орны эдийн засаг, нийгмийн аж амьдрал төвлөрсөн бүс гэдгээрээ давуу тал их бий. Нийслэлийн эдийн засгийн өсөлтийг хангахын тулд бид хотдоо бизнес эрхлэх таатай нөхцөл бүрдүүлж хөрөнгө оруулалтын бодлогыг хэрэгжүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчимд тулгуурласан санхүүжилтын шинэлэг тогтолцоог нэвтрүүлэх боломж бүрдүүлж, цаашдын хамтын ажиллагаа тогтвортой үргэлжилнэ гэдэгт итгэж байна” гэв.

Улаанбаатар хотын суурин хүн амын 63.3 хувийг 35 хүртэлх насныхан эзэлдэг байна. Тиймээс хотын захирагч С.Амарсайхан “Хүн төвтэй хот” бодлогынхоо хүрээнд хүүхэд, залуусыг чөлөөт цагаа үр бүтээлтэй, зөв боловсон өнгөрүүлэх, тэднийг багаас нь бүтээлч, инженер техникийн сэтгэхүйтэй болгож хөгжүүлэхэд анхаарч байна гэдгээ чуулганд оролцогчдод танилцуулж байсан юм. Тэрбээр Яармагт барьж буй хотын захиргааны шинэ барилгыг хүүхэд, залуусын танин мэдэхүй, оюуны чадавхыг хөгжүүлэх, инновац, технологийн чиглэлээр ашиглахыг хүсч байгаагаа илэрхийллээ.

Түүний дараа нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат илтгэл тавьж, панелистуудтай хэлэлцүүлэг өрнүүллээ. Мөн “Сант” сургуулийн захирал З.Энхмөнх, “Steppe” компанийн үүсгэн байгуулагч Б.Гэрэлмаа, Байгаль орчны мэргэжилтэн Э.Золзаяа, “NCP IIc” гүйцэтгэх захирал Б.Дөлгөөн нар залуусын төлөөлөл болж, Монголд залуучуудыг хөгжүүлж, дэмжиж болох ямар нөхцөл байна, хэрхэн хөгжүүлж болохыг өөр өөрсдийн туршлага, саналаас хуваалцлаа. Тэд залуусын хөгжиж болох талбарыг онцлохдоо, монгол залуус орчин үеийн техник, технологийн салбарт манлайлж чадна. Эх оронд нь чадварлаг боловсон хүчин бие бүрэлдэхүүн нь байсаар байхад гаднын компаниар хийлгэсэн дизайн худалдаж авах шаардлага байхгүй гэв. Замын хашлага, дугуйн зогсоол, саравч, тоглоомын талбай зэргийн дизайн, хэлбэр хийцийг шинэчлэн хийж чадах залуучууд төсөл бичиж төртэй хамтарч болох юм. Оюун тархиараа мөнгө олж орлогоо нэмэгдүүлэх боломж байхад цалингаас цалингийн хооронд стресстэй амьдрах шаардлага байхгүй. Ингэхдээ шинийг сурч, түүнийгээ хөгжүүлэхийн тулд чанартай, чанаргүй олон сургалтын төвийг зорьж мөнгө үрж байна. Тиймээс сургалтын төвүүдийг цэгцэлж, нэгтгэснээр бодит өрсөлдөөн үүснэ. Чухамдаа орчнийг нь бүрдүүлчихвэл зөв боловсрол эзэмшин гарааны бизнес хийж болохыг залуу удирдагчид зөвлөж байв.

Форумын үйл ажиллагаанд үйлдвэрлэл, үйлчилгээгээ эхлүүлсэн залуучууд хотын даргад бүтээлээ танилцуулж байв. Бид панелистуудын хэлсэн санал санаачилгыг хэдийнэ бодит болгоод байгаа “UP TECH LLC” компанийн залуустай уулзсан юм. Тэд “IVRPA” холбооны албан ёсны гишүүн бөгөөд VR технологид суурилсан контент хөгжүүлэгч компани аж. Тодруулбал, виртуал медиа, вэб сайт, дижитал маркетинг гэсэн гурван чиглэлээр ажилладаг байна. Түлхүү VR технологид суурилсан контентуудыг хэрэглэгчдэд санал болгодог аж. Ингэхдээ 360 виртуал аялал, 3D виртуал аялал, бүтээгдэхүүнийг 360° градус панароми зурган постер хэлбэрээр харж болох боломжоор хангажээ. Монголын их сургуулиудад боловсрол эзэмшсэн найман залуу дээд зэрэглэлийн технологийн хөгжлөөр танхимд цугласан олныг гайхшруулж байсан нь “UPTECHLLC” компанийн залуус байсан юм.

монгол Улсад сард 5000-8000 автомашин бүртгэгддэг

Форумын хоёрдугаар хэсэг “Хотын хөдөлгөөн” сэдвээр үргэлжилсэн бөгөөд нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх илтгэл тавьсан юм. 2003 онд манай улсад 3960 такси бүртгэлтэй байсан бол 2019 онд 598 такси бүртгэлтэй байна. Энэ тоо нь БНХАУ-тай харьцуулбал 10 дахин бага боловч Улаанбаатар хотын автомашины тоог нэмэх тусам асуудал үүсэх тул өөр гарц шийдлийг олох хэрэгтэйг илтгэгч онцлов. Б.Отгонсүх “Нийтийн тээврийн хэрэгслийн 70-80 хувь нь ашиглалтаас гарч байгаа учир нэн даруй шинэчлэх шаардлагатай. Тиймээс манай хотод тохиромжтой нийтийн тээврийн хэрэгсэл болох “BRT”, “Cable Car”, “Sky Way” хэрэгтэй гэсэн төхөөрөмжүүдийг хэрэглэх” гэлээ. Улсын хэмжээнд 502 мянга гаруй машин байдаг. Гэтэл сард 5000-8000 автомашин нэмж бүртгүүлдэг нь түгжрэл үүсэх гол шалтгаан аж.

сарын 1-н болоход “0” зогсолт хийх магадлал өндөр байгаа тул хотыг “A”, “B”, “C” гэсэн бүсчилсэн тойрогт хуваана. Ингэхдээ “А” бүсэд эко машин, моторт бус тээврийн хэрэгсэл, нийтийн тээвэр явах бол “С”-ээс “В” бүс хүртэл хувийн машинаараа явж, түүнээс цааш явахдаа хувийн автомашинаар зорчих хэрэглээг хязгаарлах бодлого баримтлан, хуваалцдаг тээвэр буюу нэг чиглэлд явах хөрш айлууд хамтдаа бага зардлаар явах гэсэн аргыг ашигладаг болгох төлөвлөгөө гаргажээ. Энэхүү ажлыг эхлүүлэхийн тулд хотын хөдөлгөөний шийдэл боловсруулан хувийн хэвшил, нийслэлийн ажлыг хувиарласан байв. Нийслэл уламжлалт шийдлүүд болох дэд бүтэц, нийтийн тээвэр, хяналт зохицуулалтад анхаарал хандуулах бол хувийн хэвшил шинэлэг шийдлүүд буюу зогсоолын менежмент, хуваалцдаг тээвэр, хүргэлт, түгээлт гэсэн чиглэлд ажиллах боломжтой юм байна. Эдгээр чиглэлд ажиллах хувийн компаниуд нийслэлийн удирдлагуудад нэн даруй хандах хэрэгтэй байгаа аж.

Нэгдсэн удирдлагагүй малчид үнийн хөөрөгдөл үүсгэж байна

Махны үнэ жил ирэх тусам нэмэгдэж, тэр нь энэ жил хэрэглэгчдийг цочроосон. Үүний шалтгаан нь олон хүний гар дамждагтай холбоотой болохыг нийслэлийн Засаг даргын хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан онцолж байсан юм. Ченжийн тогтолцоо буюу Монгол Улсын махны нийлүүлэлтийн суваг нь малчид, аймаг, сумын ченжүүд, бөөний худалдаачид, жижиглэн худалдаачид гэсэн дамжлагаар хэрэглэгчдэд хүрдэг. Энэ мэт дамжлага нь эрүүл ахуйн шаардлагыг хангадаггүй бөгөөд манай иргэд ч махаа угааж хэрэглэж хэвшээгүй нь өвчин эмгэгийн шалтгаан болдог аж. Энэхүү асуудал зөвхөн махан дээр бус сүү, сүүн бүтээгдэхүүнд ажиглагддаг болохыг “Сүү” ХКийн төлөөлөл болсон панелист хэлсэн юм. Малын гаралтай сүүний стандартад байх ёстой бактерин хэмжээ нь 300 мянга, хоёрдугаар зэрэг нь 500 мянга байх ёстой. Гэтэл малчдын сүүнд 20-70 сая буюу 10-140 дахин их бактертай бүтээгдэхүүн хэрэглэдэг байна. Энэ нь малчид сүүгээ саахаас өмнө гараа угаах, малынхаа дэлэнг угаах гэх мэт стандарт мөрддөггүйгээс болдог байна. Мөн хүнсний хэрэглээг хангахын тулд шинжлэх ухааны тооцоо судалгаанд түшиглэн ажиллахгүй бол манай улсын хүнсний нөөц дуусч байгаа талаар ШУА-ийн Газарзүй-Геологийн хүрээлэнгийн захирал Д.Баттогтох онцолсон юм. Тодруулбал, нарийн ногооны 90 хувийг импортоор оруулж ирдэг. Тиймээс тал талын төлөөлөл оролцуулсан нэгдсэн систем чухал болжээ. Хотын хэрэглээ сэдвийн панелистаар оролцсон “МБҮ” трейд компанийн захирал С.Бямбасүрэн “Шат дамжлага дамжих хэрээр эрүүл ахуйн стандартууд алдагддаг. Тиймээс бид “Мах нядалж мах бэлтгэх үйлдвэр”, “Мах худалдаалах төвлөрсөн зах”ын төсөл боловсруулан ажиллаж байна. Хэрэглэгчдэд гурван өөр лабораториор шалгасан эрүүл мах нийлүүлнэ. Мөн үйлдвэрийн аргаар боловсрууллаа гээд үнэ өсөхгүй” гэв. Тус компани Налайх, Эмээлтэд үйлдвэрээ барих гэнэ. Үйлдвэр баригдаж дуусахад мянган хүний ажлын байр бий болно гэж үзэж байгаа аж. Энэ мэт хувийн хэвшлийн санаачилгыг төрөөс дэмжвэл тал талын хэрэгцээ шаардлагыг хангах юм байна.

хөшигийн хөндийн онгоцны буудлаас эхтэй чөлөөт бүс байгуулъя

Гадаадууд манай улсад хөрөнгө оруулалт хийх сонирхолгүй байдаг гол шалтгаан нь улс төрийн тогтворгүй байдал гэдгийг нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Р.Дагва “Улаанбаатар хотын эдийн засгийн-Чөлөөт бүс” илтгэлдээ онцоллоо. Чөлөөт бүс байгуулахад чиглэдэг гол хүчин зүйл нь авто зам, төмөр зам, агаарын замын давхцал аж. Манай улсад энэ төрлийн замийн нийлэмж Хөшигийн хөндийн онгоцны буудлын орчим юм. ИТХ-ын дарга Р.Дагва аялал жуулчлал болон бусад чиглэлээр манай улсад орж ирэх боломжтой гаднын иргэдийн тоон судалгааг танилцуулав. Монголоос 1500 км-т 304.4 сая хүн, 3000 км-т 1.9 тэрбум хүн, 4500 км-т 3.9 тэрбум буюу дэлхийн хүн амын талаас илүү хувь нь ердөө дөрвөн цагийн дотор манай улсад ирж, аялж болохоор байгаа ажээ.

Тиймээс чөлөөт бүс буюу эдийн засгийн тусгай бүсээр дамжуулан нэгдүгээрт, аялал жуулчлал, бизнес, санхүүгийн бүс, хоёрдугаарт үйлдвэрлэл, инновацийн бүс, гуравдугаарт, тээвэр, ложистикийн зангилаа гэсэн бүтцээр хөгжих боломжтой гэж тэрбээр үзэж байна. Чөлөөт бүсийн тухай илтгэлд тулгуурлан хэлэлцүүлэг өрнүүлсэн панелистуудын нэг Улаанбаатар хотын худалдааны танхимын удирдах зөвлөлийн гишүүн Ч.Ганхуяг “Үүнийг хийхэд маш урт хугацаа зарцуулах болно. Тиймээс юун түрүүнд Улаанбаатар хотынхоо төвд буюу Соёлын төв өргөө, Хангарьд ордон зэрэгт байгуулж үзэх хэрэгтэй. Энэ нь Монголд чөлөөт бүс байгуулах нь ашигтай эсэхийг тогтоох богино хугацааны арга юм” гэв. “Улаанбаатар эдийн засгийн форум - 2019”-нд хотын дарга С.Амарсайхан илтгэл тавьсныхаа дараа үйл ажиллагаа дуусах хүртэл нээлттэй уулзалтын өрөөнд хувиараа бизнес эрхлэгчдийг хүлээн авч уулзаж байсан. АНУ-ын Майами хотыг 200 хүн удирддаг бол Улаанбаатар хотыг 3600 гаруй хүн удирддаг гэсэн судалгаа байна. Манай удирдлагууд эхлүүлсэн зүйлээ хийж чадахгүй байгаа гол зүйл нь хувийн хэвшилтэй хамтарч ажилладаггүй, мөн улс төрийн тогтворгүй байдалд оршиж байгааг оролцогчид онцолж байв. Улаанбаатар хотын эдийн засгийн форум жил болгон болдог нь төр хувийн хэвшлийнхний үйл ажиллагаатай танилцаж дэмжиж, хамтран ажиллах боломжийг эрж хайх нөхцөл бүрддэгт оршино.

 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид