Улаанбаатар 1c

Хоёр зууны түүхийг мөнхөлсөн “Урлагийн амьдрал” үзэсгэлэнд саатлаа

“Уран зураг гэдэг бол түүхийг баримт болгон үлдээх чухал бүтээл юм” гэж Монгол, Францын ардын зураач Б.Чогсом гуай “Монгол Арт” галерейн хоймрыг мялаасан “Урлагийн амьдрал” уран зургийн үзэсгэлэнгийн үеэр онцлон томьёолсон юм. Шинэхэн барилгын дөрвөн давхрыг ардын зураач Б.Чогсом гуай болон түүний шавь ардын зураач До.Болд гуайн 61 жилийн тэртээгээс өнөөг хүртэл бүтээсэн уран бүтээлүүд чимсэн байлаа. Тэр болгон үзэгчдийн мэдээгүй хав дарсан 200 орчим уран бүтээлийг энэ сарын 1-28-ыг хүртэл сонирхуулахаар зэхжээ. Алдах ёсгүй боломж гэж байдаг бол Монголын арван хуруу дарам ардын зураачдын төлөөлөл болсон багш шавь хоёрын уран бүтээлийн үзэсгэлэн үзсэн минь юутай аз завшаан.

Хийсэн үйл, бүтээсэн түүхээрээ олны хүндлэлийг хүртэж яваа тэд ард түмэндээ хэдийнэ танигдсан нь танхимд цугласан олны хөл хөдөлгөөн, гарыг нь түшин мэндлэх үзэгчдээс харагдана. Б.Чогсом зураачийн 90 насны ой 2020 онд тохиох учир “Монгол Арт” галерей шилмэл авьяастныхаа ойн баярыг тохиолдуулан тэмдэглэж байгаа нь энэ юм. Хоёр зураачийн уран бүтээлийг ширтэн зогсож буй үзэгчдийн сонирхлыг тэдний эрс, тэс чанар ихээхэн татаж байв. Ардын зураач, МУЭ-ийн шагналт До.Болд нь 2017-2018 онд бүтээсэн абстракт зургуудаа түлхүү дэлгэсэн байв. Түүний бүтээлийг охин Б.Сарнай хэлэхдээ “Зургийн хавтгай дээр тоглолт хийж, зураас, өнгөнөөс үүссэн янз бүрийн үл танигдах дүрсүүд нь амьдралын явцад нийгэм, хувь хүмүүстэй харьцахад илэрч байдаг баяр баясгалан, айдас түгшүүр гээд өөдрөг эсвэл уруу сэтгэл догдлол сайн муу мэдрэмжийг төлөөлөх дүрслэлүүд юм” хэмээсэн юм.

Харин Б.Чогсом зураачийн хувьд 1958-1982 оны судалбарууд болон “Монгол Арт” галерейн сан хөмрөг дэх уран бүтээлүүдээ дэлгэжээ. Тэдгээр нь тухайн цаг үед улс оронд өрнөж байсан бүтээн босголтын үйл явцаас баримтжуулснаараа ихээхэн ач холбогдолтой аж. түүний урын сан дахь олон төрөл зүйл, сэдэв агуулгыг хамарсан 2000 гаруй бүтээл нь нийгмийн амьдралыг эерэгээр өөрчлөхүйц үлгэр жишээ үйл явдлыг тусгахыг эрхэмлэсэн байдгаараа дахин давтагдашгүй үнэ цэнтэй билээ.

Монголын зураач урчууд Ардын их баяр наадамд зориулан онцгой сайхан уран бүтээлээр бэлэг барьдаг уламжлалыг биелүүлсэн Б.Чогсом зураачтай түр ярилцах ховорхон мөч тохиосон юм. 

-Танд баяр хүргэе. Өдий насандаа үзэсгэлэн гаргана гэдэг сайхан зүйл. өөрийн сэтгэгдлээсээ хуваалцана уу?

-Үзэгч олон түмэнд ивээлтэй их сайхан өдөр тохиолоо. Яагаад гэвэл, Монгол Улсын дүрслэх урлагийн түүхэнд агуу их өөрчлөлт гарсан билэг дэмбэрэлтэй тэмдэглэлт өдөр шинээр баригдсан “Монголын арт” галерейд шавьтайгаа хамтарч үзэсгэлэн дэлгэж байгаа маань бахархалтай санагдаж байна. Монголын дүрслэх урлагийн хөгжлийн төлөө бие сэтгэлээ зориулж яваа үе үеийн бүх зураачид маань өөрийнхөө чадварыг түүх болгон үзэгчдээ сонирхуулж байхыг ерөөе.

-Үе үеийн түүх өгүүлсэн сайхан үзэсгэлэн байна. өөрийнхөө бүтээлүүдээс онцлох зургаа нэрлэвэл?

-Олон жилийн турш хийсэн бүтээлүүд юм. Тухайн үедээ бүх сэтгэл зүрхээ зориулан хийсэн учир миний хувьд онцлох зүйл алга даа. Харин урлаг судлаачийн нүдээр харвал ялгаа байх биз. Сэтгэлгээ, оюун санааны онцлог, ур чадвар гээд олон зүйлээр ялгаж болно. Миний хувьд өнгөрсөн цаг үеэ ойлгож, мэдэрч байснаа түүх болгон үлдээсэн нь энэ юм.

-Таны шавь болох До.Болд гуай болон таны уран бүтээл хоорондоо их ялгаатай харагдсан?

-Дэлхийн уран зураг маш олон төрөлтэй. Харин манай Монголд тэдгээр төрлүүдийн багахан хэсэг сүүлийн жилүүдэд нэвтрэх болж. Шинэ хэв маягийн төлөөлөл болж До бид хоёр өөр өөрсдийн сонирхлын дагуу өвөрмөц, содон хэв маягийг зурах болоод тун удаагүй. Шавь минь цаашдаа олон зургаар үзэгчдийгээ гайхашруулах байх аа.

ОХУ, ХБНГУ нь ардын зураачдын мэргэжил дээшлүүлсэн орон юм. харь орон сурч мэдсэн бүхнээ үр хүүхэд, шавь нартаа сургаал болгон үлдээж, Монголын уран зургийн хөгжлийн түүхэнд шинэ од мэндлүүлж буй тэдний үзэсгэлэн гайхалтай сайхан. Галлерейд зочилсон үзэгчид Б.Чогсом зураачийн “Гэргий Д.Бадам” гэсэн бүтээлийг олзуурхан харна. Б.Чогсом зураачийн гэргий Д.Бадам гуайн залуу төрхийг мөнхөлсөн нь тэр байж. Үзэгчид “Одоо ч гэсэн хэвээрээ юм байна даа” гэх үгийг дуулсан Д.Бадам гуай “Үгүй дээ, би хөгширсөөр л байна” гээд хөхөрнө.

Тэдний нүд аз жаргалаар дүүрэн. Үр хүүхэд, шавь, танил дотно нөхдийнхөө магтаалын үгэнд урамшсан дурсгалтай өдөр тохиож байгаа нь өтөл насыг мартагдуулан хөөрч байгаа нь сайхан. Амьдралд ховорхон тохиох баярт өдрийг бий болгосон хүмүүст сэтгэлийн үгээ харамгүй хайрлах тэдний нүүрнээс үзэсгэлэнгийн нээлт дууссан ч инээмсэглэл тодорсоор л байв. Монголын маань ардын зураачид үзэгч биднийхээ мэлмийг тэлсээр байх болтугай.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид