Улаанбаатар 1c

Замын цагдаа нарт тань замын хөдөлгөөний мэдрэмж алга, Д.Амарсайхан дарга аа

Нийслэлд өөрөө явагч тээврийн хэрэгсэл жилээс жилд нэмэгдсээр байгаа. Одоогийн байдлаар 900 мянга орчим тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдог гэсэн судалгаатай. Өдөрт дунджаар 200 мянган орчим автомашин хөдөлгөөнд оролцдог. Үүнээс өглөө ажил сургууль, цэцэрлэг цуглах буюу 07.30-09.00 цаг, өдөр 11.50-13.00 цаг орой тарах буюу 17.00-19.30 цагийн хооронд хөдөлгөөний ачаалал хамгийн оргилдоо хүрч байна. Энэ бол авто замын зохицуулалтын бодлого манай улсад дутагдаж буйн тод жишээ. Манайд үүнийг хариуцсан бүхэл бүтэн яам, газар бий. Дээрээс нь хөдөлгөөн зохицуулах үүрэгтэй замын цагдаа нар ажилладаг. Харамсалтай нь, зохиомол түгжрэл үүсгэдэг гол хүчин зүйлийн нэг нь хөдөлгөөн зохицуулагч цагдаа өөрөө болоод байна.

Ялангуяа дөрвөн замын уулзваруудад хөдөлгөөн зохицуулж буй цагдаа нэг талд хэт их түгжрэл үүсгэх тохиолдол цөөнгүй гарах болсон. Хамгийн тод жишээ нь, Төв шуудангийн уулзвар. Энд хойноосоо урагшаа чиглэсэн хөдөлгөөнийг хэт удаан хязгаарласнаар зохиомол түгжрэл үүсгэдэг нь жолооч нарын бухимдах нэг шалтгаан болж байна. Уг нь зарим үед хотын төв хэсгийн уулзваруудад гэрлэн дохиогоороо зохицоод явбал хөдөлгөөн илүү хурдан байх тал ажиглагддаг. Тиймээс зохицуулагч нартаа үүнийг анхааруулж өгөхийг хотын дарга С.Амарсайхан, нийслэлийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Б.Ядамдорж, ЦЕГ-ын Тээврийн цагдаагийн албаны дарга, хурандаа Д.Амарсайхан нараас хүсье. Цагдаа нар тань хөдөлгөөн зохицуулах биш жолооч нараас ч дутахааргүй зохиомол түгжрэл үүсгээд байна.

Хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлэхийн тулд нэг талыг удаан хугацаагаар хаах нь тийм ч үр дүнтэй алхам биш гэдгийг зохицуулагч нартаа ойлгуулж өгнө үү. Уржигдар л гэхэд Төв шуудангийн уулзвар нэвтрэхийн тулд 50 минут орчим түгжирлээ. Хайран цаг хугацаа, хайран шатахуунаа замын зохицуулагчийн үүсгэсэн зохиомол түгжрэлд үр дүнгүй үрэн таран хийсэндээ харамсч үүнийг бичиж сууна.Нийслэлд машин их байгаа нь үнэн. Гэхдээ үүнд тохирсон журам боловсруулах хэрэгтэй. Тэгж гэмээнэ түгжрэл багасна. Түүнээс биш хөдөлгөөн зохицуулж байгаа нэрийн дор зохиомол түгжрэл үүсгэж болохгүй. Ихэвчлэн томоохон уулзваруудад зохиомол түгжрэл үүсч байгаа бөгөөд ажил амжуулах гэж яваа хүнд 10 минутын хугацаа ч үнэ цэнэтэй.

Гэтэл үүнийг үл ойшоон төрийн хувцас, төрийн нэрээр далайлган шаардлага тавьсан жолоочийг “жижигрүүлэх” нь тийм ч таатай үйлдэл биш. “Би ажлаа мэдэж байна” гэж томордог замын цагдаа нар бусдын ажлыг давхар хүндэтгэж сураарай. Жолоочийн бүдүүлэг үйлдэл, учир утгагүй олон гэрлэн дохионоос эхлээд хотын замын түгжрэлд нөлөөлж буй хүчин зүйл их байгаа ч тэдгээрийн нэг нь замын цагдаа та өөрөө байж болохгүй. Замын цагдаа бол зам зохицуулагч болохоос түгжигч биш. Нийслэлд 300 гаруй уулзвар бий. Үүний 70 хувьд нь цагдаа зохицуулалт хийдэг тухай ЗЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Э.Бөхбат хэлсэн удаатай. Дүрэмгүй давхидаг жолооч нартаа анхаарал хандуулж, хяналтаа сайжруулах хэрэгтэй. Тэгж чадвал жолооч ч тэр, цагдаа ч тэр зохиомол түгжрэл үүсгэхгүй дээ, уг нь.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид