Улаанбаатар 1c

Ариун ёс журамтай Гандангийн гал тогоонд өнгөрүүлсэн нэг өдөр

Алтыг хайлуулж, тасдаж, эдэлж үзэхэд л түүний чанар танигддаг гэдэг. Тэгвэл бурхны шашныг ч мөн ийм байдлаар таних хэрэгтэй гэсэн сургааль бий. Манай улсын иргэдийн олонх нь бурхны шашыг шүтдэг. Ариун ёс журамтай Гандантэгчинлэн хийдийн сургааль Гандангийн гал тогоонд оршдог болохыг тус газар зочлохдоо мэдэрсэн юм.

Мигмэд зээвий дэрчин Жанрайсиг

Дэмид чэмби Ванбу Жанбийяаи

Ганжин хайвий Жигзэн зонхава

Лувсан дагвий шавлаа сулбаа дэв” хэмээх тарнийг Гандантэгчинлэн хийдийн туслах тогооч Б.Өлзийсүрэн 10 жилийн турш гал тогооныхоо өрөөнд орохоос өмнө тогтсон уншлагын зан үйл хийхдээ өдөр бүр уншсан байна. Тэрбээр энэхүү тарнийг өдөр болгон уншиж байна гэж багшдаа ам тангараг өргөсөн гэнэ. 2009 онд “Гунгаачойли” дацанд суралцаж байхдаа багшийн хайр халамж, ариун сургаалийн шимийг амссан тэрбээр хүндэтгэлийн баталгаа болгон өдийг хүртэл хэлж, амлалтаа ёсчлон биелүүлж байгаа нь энэ аж. Б.Өлзийсүрэн тогооч биднийг угтахдаа ханцуйгүй лам дээл, хул шар өнгийн тогооч малгай өмссөн байв. Данхтай сүүтэй цай, төмөр хувинтай будаатай шөл өмнөө тавьж “Юуны түрүүнд манай хоолны амтыг мэдэр дээ” гэж зөөлөн дуугаар эелдэг хэлээд аягалж өглөө. Сүүтэй цайны давс, хужир сайхан таарчээ. Харин будаатай шөлнөөс элдэв янзын амтлагч огт амтагдсангүй. Хүмүүсийн хэлдгээр ориг хоол байлаа.

Гандангийн ахлах, туслах тогооч нар 07.00 цагт цуглан Намсрай бурхныхаа өмнө сууж ном уншдаг уламжлалтай гэнэ. Тэд бурхны өмнө тавьсан арц хүж, зул, ус зэргийг дараалан сольж засдаг юм байна. Эхлээд бурхны өлмий сэрүүцүүлэх ус болон уух усыг солино. Дараа нь бурхандаа цэцэг өргөж, хүж үнэртүүлээд гэрэлт зулаа асаадаг. Үүний дараа үнэрт ус буюу үнэртэй ус мэт анхилуун усыг аягалж дуусаад амны идээ тавьдаг аж. Энэхүү долоон зан үйлийг өдөр бүр тогтмол хийдэг бөгөөд туслах тогооч Б.Өлзийсүрэн өдөр бүр унших ёстой тарниа хэлдэг гэв.

Гандангийн гал тогоо ийм л дэг журамтай газар. Шашны номлолыг гал тогоондоо ч хэрэглэдэг нь сайхан санагдлаа. Ганданд тогоочийг “зам” гэж нэрлэдэг. Өдөрт 500- 600 хүний хоолыг тэд түүртэлгүй хийдэг байна. Ахлах тогооч, гурван туслах тогоочийн хамт шар өнгийн малгай, тогоочийн хувцсаар жигдэрнэ. Харин бэлтгэгч, үйлчлэгч нар саарал, цэнхэр өнгийн хувцас өмсдөг болохыг тахилын өрөөнд орж ирэхийнхээ өмнө харсан юм. Тэнд үйлчлэгч нараас бусад нь эрэгтэй хүн ажилладаг гэдгийг Б.Өлзийсүрэн тайлбарлахдаа, “Орчин үеийн өндөр зэрэг дэвтэй рестораны тогооч нар чинь эрэгтэйчүүд л байдаг биз дээ” хэмээн хошигнолоо.

1964 оноос хойш гандангийн гал тогоо ажиллаж эхэлсэн бөгөөд шашны ном сураагүй мэргэжлийн тогооч нар ажиллуулдаг байж. Харин энэ жилээс лам нарыг тогоочийн сургалтад суулган ажиллуулж эхэлжээ. Бидний хөтөч болсон туслах тогооч Б.Өлзийсүрэн “Би Энэтхэгт суралцаж байхдаа хоол хийж сурсан. Энэгтхэгт лам нар сар сараар ээлжлэн тогооч хийдэг. Тиймээс л намайг ирсэн даруйд гурван жил гандангийн тогоочоор ажиллах томилолт өгсөн” гэв.

Гандангийн гал тогооны ул боов, хоолны амтыг өдгөө 82 насыг зооглосон н.Ядамсүрэн гуай тааруулдаг бөгөөд тэрбээр олон түмэнд гайхагдсан дахин давтагдашгүй амтаараа сүсэгтэн олны дунд танил болжээ. Тэрбээр цагдаагийн байгууллагад олон жил ажиллан тэтгэвэрт гарсан даруйдаа гандангийн гал тогоонд ажиллаж эхэлсэн байна. н.Ядамсүрэн гуай лам биш ч тахилгын өрөөнд унших ёстой ном бүрийг мэддэг гэнэ. Тийм ч учраас түүнийг хүндэлдэг хүн олон байдаг аж. Өндөр настны хоол амтлах аргаас суралцсан “зам” нарын хоолыг амталж дуусав. Тэгээд бидэнд энэхүү ёс журамтай гал тогоотой танилцах завшаан тохиолоо. Тахилын өрөөнөөс гарч хоол уутлах сав суулгатай өрөөнд оров. Тавиурын дэргэд хоёр метр орчим урттай илдүүр шиг дугуй мод байсан нь цагаан сараар ул боов хийхдээ хэрэглэдэг гурил зуурагч аж.

Тэрхүү модыг одоо ашиглахаа больсон нь гурил зуурагч машин авсантай холбоотой гэнэ. Тавиур дээр төмөр хувин, урт шанага, хоолны сав, цар зэрэг байв. Мөн зэсээр хийсэн хувин нэлээд их байсан нь хурал номын өрөөнд орохдоо хоолоо хийн авч явдаг сав аж. Цааш явахад урьд өмнө харж байгаагүй том тогоо нүдэнд тусч уулга алдахад, туслах тогооч “1809 онд Хөх хотоос авчирсан 700 литрийн багтаамжтай тогоо ганцхан байдаг” гэв. Мөн 1809 онд авчирсан 180 литрийн цайны нэг тогоо, 1803 оны 90 литрийн нэг тогоо, 1819 оны 180 литрийн хоёр тогоо байв. Тогооны гадна тал нь найман тахил, хээ угалз болсон чимэгтэй. Хамгийн том хэмжээтэй тогооны таг хоёр хуваагдан нээгдэж байв. Мөн тогоон дахь хоолыг хутгахдаа хүрз ашиглаж байлаа. Энэ мэт үзэх зүйл, сонсох дэг журам олон юм. Гандангийн гал тогоонд захын ресторанд байдаг гурил зуурагч, хайрагч, мах хэрчигч, гээд хоол хийх аргачлалыг хөнгөвчлөх олон хэрэгсэл байв. Хоол бэлтгэлийн гол өрөөнөөс цааш явахад гурил илдэх хоёр том ширээ байрлаж, дараагийн өрөөнд хэвийн боовны тавиур, ул боов шарах тогоо байх аж. Дөрвөн эгнээтэй тавиурын нэгэнд нь 50 орчим хэвийн боов өржээ. Хөтөч тогооч бидэнд ул боовны амтыг “шалгуулав”.

Гандангийн хэвийн боов цаанаа л нэг ондоо шүү гэдэг олны үг үнэний ортой ажээ. Нааш цааш холхисон тогооч нартай хэсэг хөөрөлдөхөд “Бидний хийх ёстой ажлын үүрэг зүгээр ч нэг ажил биш. Шашныхаа төлөө хийж байгаа сайн үйл юм. Гандангийн гал голомтыг сахина гэдэг хариуцлагатай ажил. Бид ажлаа сайн хийж чадвал ном уншдаг лам нарынхаа адилаар буян хурааж байна аа гэсэн үг” хэмээн ажил үүргийнхээ ач холбогдлыг өгүүлж байв. Дайнд байлдаж яваа цэрэг сайн, гал тогоонд төмс арилгаад суусан хүн ямар ч үүрэг гүйцэтгээгүй мэт буруу ойлголт байдаг. Үүнийг жишээлж ярьсан лам нар “Бидний үүрэг Гандан Тэгчинлэн хийд болон шашныхаа хөгжлийн төлөө хийж буй буян юм шүү” гэж ойлгуулав.

Үнэхээр ч тийм байх. Өглөөнөөс орой болтол буян үйлдэн суралцаж, ажиллаж яваа олныг уншлагатай хоолоороо хооллож буй тэдний үүрэг бурхны шашинд ач холбогдол их юм. Тогооч нарын хамгийн их ачаалалтай байдаг үе нь өвөл цагаан сар эхлэхээс нэг сарын өмнө гэнэ. 500 гаруй хүний хоолыг хийхээс гадна, хэвийн боов хийдэг тул өглөө 06.00 цагаас орой 23.00 хүртэл ажилладаг байна. Мөн “Өглөгийн эзэд”-ийн хоолыг хийдэг аж. “Өглөгийн эзэн” гэдэг нь засал, номоо уншуулах гэсэн хүмүүсийг хэлдэг байна. Үр хүүхэд, ахан дүүсийнхээ хамт Гандантэгчинлэн хийдийн номын цагаан буянтнуудыг зорьсон иргэд хүнснийхээ материалыг гал тогоонд өгч хоолоо хийлгэдэг уламжлалтай аж.

Энэ үед мэр сэр асуудал гардаг гэнэ. Сүсэгтнүүдийн авч ирсэн хүнсний бүтээгдэхүүний чанар муутай байдаг нь хоолны амтанд нөлөөлдөг болохыг тогооч нар онцолсон. “Хүнсний бүтээгдэхүүн сайн байж л амттай байхаас гадна шимтэй хоол болно гэдгийг сүсэгтэн олон ойлгож, хоолны материалд хойрго хандаж болохгүй” хэмээн “зам” нар биднээр дамжуулан уламжланыг хүргэе. Гандангийн гал тогооны хувьд Өвөрхангай, Архангай, Булган аймгаас цагаан идээгээ авдаг. Харин бусад хүнсний бүтээгдэхүүнийг гэрээт газруудаасаа захиалдаг аж. Тогоочид ихэвчлэн гурилтай шөл, ногоотой шөл, цуйван зэргийг хийдэг байна. Харин цагаан хоолны хувьд цагаан цуйван, махгүй ногоотой шөл, бэрээс хийдэг гэнэ. Олон түмний хоолыг ариусган хийдэг гал тогоотой танилцах явцдаа барилгын хоёр давхарт гарахад “Гандан зоог” ресторан байв. Тус газар байгуулагдаад удаагүй байгаа ч ачаалал ихтэй харагдана. Рестарон гандангийн гал тогооноос ууцны шөл, зарим хүнсний бүтээгдэхүүнийг нь авч хоолоо амталдаг гэнэ.

Хоолны цэсийг нь сонирхвол, сүүлтэй ороомог, ананастай тахиа, ээзгийтэй гурилтай шөл, наан гэх мэт өмнө нь харж, сонсож байгаагүй хоолны нэрийг жагсаажээ. Хөл хөдөлгөөн ихтэй энэ газарт улаан дээл, нөмрөгтэй, эрхи эргүүлсэн лам олон байв. Хурал цуглааны их гэрийг хариуцагч н.Адъяа “Манай гандангийн хоолонд хүний биед муугаар нөлөөлөх амтлагч огт байдаггүй нь сайхан байдаг. 80 нас гарсан “зам” маань биднийгээ амттай хоол хүнсээр дутаахгүйн тулд лам нараас тогооч бэлтгэн сурч мэдсэнээ өвлүүлж яваа ачтай хүн” гэсэн юм. Бидний нүдээр гандан бол ариун номын газар. Өмнө нь би ганданд лам нар ном уншиж олны буяныг дэлгэрүүлдэг гэсэн цомхон хүрээнд боддог байж.

Гэтэл бурхны сургааль амьдралд хөл алдалгүй байх ухамсар, хүмүүжил, хөдөлмөр ч занг суулгадаг болох нь гандангийн гал голомтыг сахин хамгаалж буй тогооч нараас харагдана. Бидний мэдэх Гандантэгчинлэн хийд нь хэд хэдэн хэсэгт бурхан шашныхаа ажилд үүрэг гүйцэтгэдэг байна. Тодруулбал, “Чойрын гурван” дацан буюу сургалтын өргөө, “Жиг” буюу тарнийн хоёр дацан байдаг. Эмийн “Мам” дацан, гүрэм заслийн “Гэсэр сүм” гэсэн салбарт хуваагдана. Ямар ч ажил, үүрэгт хуваарилагдсан лам бурхны шашныг дэлгэрүүлэхээр сүсэгтэн олонд буян үйлддэг ариун үйлтэй хүмүүс. Тэр дундаа бидний төдий л хараад байдаггүй арын албаны буянтнуудын ажил үүрэгтээ сэтгэлээ шингээдэг нь юутай сайхан. Олон жилийн уншлага тарни гандангийн гал тогоог ариун сайхан байлгажээ. Уншигч та гандангийн гал тогоо мэргэжлийн хяналтын шалгалтад тэнцсэнгүй гэсэн мэдээлэл сонсож байсан уу. Би лав үгүй. Гал тогооны үйлчлэгч нар хоол хийж дууссан даруйд дараагийн хоолыг хийхээс урьтаж хэсэг бүрээ нямбайлан цэвэрлэдэг юм.

Харин тогооч нар унтах нойроо хасан бурхны шашинд хийх үйлдээ тус дэм болохын тулд халуун тогооны ууранд хөлсөө дуслуулах ажиллах нь үлгэр дууриалал авмаар санагдана. Итгэл, сэтгэл, үнэнч сэтгэлээр бурхны шашинд тэр дундаа гандангийн гал тогоонд хүчин зүтгэж буй лам нар юутай сайхан хүмүүс вэ. Сурсан эрдмээсээ өөр чиглэлд ажиллаж байгаа ч сургааль болгонд заасан нарийн дэгийг үргэлжлүүлэн ажиллаж байгаа нь үнэнч сэтгэлийн илэрхийлэмж юм. “Зам” нар гал тогооныхоо ариун байдалд ихээхэн анхаардаг бөгөөд хурлын өрөөний хойморт заларсан Намсрай бурхныг улиралд нэг удаа тахиулж голомтоо ариусгадаг уламжлалтай гэгээн газрын эзэд. Энэхүү газарт өнгөрүүлсэн нэг өдөр ариун ёс, дэг журам, хүндлэл, сэтгэл, итгэл, буян хэмээгчийг гандангийн гал тогооноос мэдэрсэн өвөрмөц мөч байлаа.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид