Улаанбаатар 1c

Б.Мөнхбадрал: "Соёлын наадам"-ыг 12 жилийн турш тогтвортой зохион байгуулж байна

NPost.mn
2019-07-09 18:37

Баяр наадмын үеэр урлаг соёлын арга хэмжээ цөөнгүй болдгийн нэг нь “Соёлын наадам” билээ. Энэхүү наадмыг Соёл урлагийн их сургууль, Монголын урлагийн зөвлөл, соёлын өв тээгчид болон уран бүтээлчид хамтран 2008 оноос хойш уламжлал болгон зохион байгуулсаар энэ жил 12 дахь жилтэйгээ золгож байна. “Соёлын наадам”-ыг жилд дунджаар 10 гаруй мянган хүн үздэг бөгөөд үүнээс хоёр мянга гаруй нь гадаадын жуулчид байдаг хэмээн Монголын урлагийн зөвлөлийн дарга гүйцэтгэх захирал О.Одгэрэл хэлсэн юм. Ингээд “Соёлын наадам”-ын талаар СУИС-ийн багш Б.Мөнхбадралаас зарим зүйлийг тодрууллаа.   

-Жил бүрийн наадмаар тогтмол болдог “Соёлын наадам”-ын энэ жилийн онцлог юу вэ?

-Монголын нүүдэлчний өв соёл, ардын урлагийг гадаад, дотоодод сурталчлах, наадмын соёлын үйлчилгээний хүрээг өргөтгөх зорилготой "Соёлын наадам"-ыг долдугаар сарын 11, 12-нд Хүй долоон худаг дахь “Монгол Наадам” цогцолборт зохион байгуулах гэж байна. Манайхтай адил иймэрхүү арга хэмжээнүүд нэг, хоёр жил зохион байгуулагдаад ахиж болохгүй тохиолдол байдаг. Гэтэл манай “Соёлын наадам” 12 жилийн турш тогтвортой зохион байгуулагдаж ирснээрээ том давуу талтай. Бас нэг онцлог нь гэвэл монголын үндэсний их баяр наадмын өдрүүдээр яг морь барианы газрын хажууд болдог учраас гадаад, дотоодын жуулчдад монголын урлаг соёл, ёс заншлыг таниулахад ихээхэн үүрэг гүйцэтгэж байгаа юм. Энэ жил манай наадмын гол онцлог нь “Юнеско”-оос гаргасан соёлын таван ай савд хандаж байгаа. Наадамчин олон баяр наадмаар алжаал ядаргаагаа гаргаж амрахаас илүүтэйгээр оюуны амралт руу ихээр анхаардаг болсон байна. Тийм ч учраас бид “Соёлын наадам”-д ирсэн гадаад, дотоодын жуулчдад үндэснийхээ соёлоос бага ч гэсэн суралцуулах болно. Тухайлбал, соёлын наадмын үеэр эх хэл, аман уламжлал, ардын язгуур урлаг тоглоом наадгай, уламжлал зан үйл, баяр ёслол, ардын уламжлалт мэдлэг арга ухаан, уламжлалт гар урлал, нум сум харваа, уран бичиг, эсгий урлаг, үндэсний хувцас урлал чиглэлээр бэлдсэн өртөөнүүдэд ирж үзэн өөрийн гараар үндэсний соёлын өвөө сурах боломжтой. Мөн энэ жил монгол морийг онцлох болно.

-Монголын нэг өдөр хотхон нь “Монгол морь” гэсэн сэдэвтэй байна гэлээ. Энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөч?

-Монгол үндэсний соёлыг таван ай сав хувааж ангилдаг. Түүнээс харахад нэг ай сав дээр асар олон төрлийн соёлын өвүүд байдаг. Тийм учраас бид “Соёлын наадам”-аараа дамжуулаад тэдгээр ай савд багтаж байгаа нэг соёлын өвийг бүрэн танилцуулах зорилготой байгаа. Энэ жилийн хувьд монгол морийг онцолж сонгож авсан. Тэгэхлээр өртөө бүр дээр морьтой холбоотой зүйлсийг нь татаж гаргаж ирнэ. Эх хэл аман уламжлал гэдэг хэсэг дээр морины цол, гийнгоо байна. Ардын гар урлал дээр дан адууны тоног хэрэгсэл бугуйл, чөдөр, ногт, хазаар хэрэглэлүүд байна. Эдгээр зүйлсийг хийж үзүүлэхээр бэлдсэн байгаа. Мөн залуучуудад бугуйл шидүүлэхээр бэлдсэн. Үүгээр дамжаад суурин газрын залуучууд адууны толгой олж сурна. Бугуйлаа зөв эвхэж сурах болно. Язгуур урлаг дээр морин хуур хөгжмөө заана. Биелгээн дээр морины явдлаас санаа авсан жороо хөдөлгөөн гэх мэт зүйлсийг ирсэн зочиддоо зааж сургахаар бэлдсэн байна.  

-Дээр дурдсан зүйлсийг мэргэжлийн хүмүүс өртөө бүр дээр заах уу. Мөн залуучуудад бугуйл шидүүлж сургана гэж байна. Ингэхдээ нь адууны толгойг ямар нэг зүйлээр орлуулах уу?

-Жуулчид болон манай монголын наадамчид бидний дэлгэн үзүүлж буй өв соёлд суралцах их хүсэлтэй байдаг. Ялангуяа манай улсын иргэд өөрсдийн өв соёлоо өвлөн уламжилж, мартсанаа сэргээхээр маш их хичээх болсон. Тиймээс бид дээрх зүйлсийг бүгдийг нь мэргэжлийн хүнээр наадамчдад заалгуулна. Ингэснээр наадмын хоёр өдөр өвлөн уламжлагчийн хэмжээнд сурахгүй ч цааш өв соёлдоо суралцах сэдлийг нь иргэддээ төрүүлэх болно. Бугуйл шидүүлж сургахын тулд адууны толгойг өөр зүйлээр орлуулна. Наадмын өртөөн дотор адуу оруулж ирээд бугуйлдуулах боломжгүй. Өртөөнүүдээр бүрэн дамжаад дууссан тохиолдолд бид нар урамшуулал өгнө. Нийт таван өртөө байгаа.

-Өртөөнүүдэд төлбөрт үйлчилгээ байгаа юу. Хэдэн төгрөгний үнэтэй байх вэ?

-Зарим үйлчилгээ төлбөртэй. Бид хасаа бэлдсэн. Нэг хасаа нэг мянган төгрөгний үнэтэй. Хоёр хасаагаар нэг өртөөний бүх үйл ажиллагаанд бүрэн оролцох боломжтой байгаа.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид