Улаанбаатар 1c

Шинэ аварга, мэргэн харваачидтай наадам

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадам өргөн дэлгэр сайхан болж өнгөрлөө. Наадмын өмнө хурмаст тэнгэр хураа хайрлаж, амьтан хүний зоо тэнийсэн сайхан зун болж, адаг сартаа шилжив. Энэ жилийн наадмын нээлт, хаалт, үндэсний бөх, хурдан морь, сур харваа, шагайн харваа, хүндэтгэлийн тоглолт, наадмын шоу зэргийг тоймлон хүргэе.

Ардчилсан хувьсгалыг алгассан нээлт

Энэ жилийн наадмын нээлт, хаалтын ёслолыг Үндэсний урлагийн их театрын ерөнхий захирал Г.Цоггэрэл найруулсан. Түүний хувьд анх удаа наадмын урлаг соёлын арга хэмжээг найруулсан бөгөөд нээлтийн дараа бүх зүйлд 100 хувь сэтгэл хангалуун байгаагаа онцоллоо . Тэрбээр “Миний сэтгэл огшиж байна. Монголчууд үнэхээр омогшил, бахархал дүүрэн ард түмэн шүү дээ. Би тэрийг л харуулахыг хичээлээ. Үндэсний их баяр наадмыг өмнөх жилүүдэд найруулж, ажилласан бүх найруулагч мундаг. Би ард түмнийхээ хүсэн хүлээсэн наадмын тоглолтын саналыг ард түмнээсээ авч, нээлтийн тоглолтдоо оруулсан. Ард түмэн энэ тоглолтыг хүссэн. Би хүслийг нь л биелүүллээ. Энэ бол Үндэсний их баяр наадам учраас үндэсний мюзикл юм. Наадмын найруулагчаар ажиллана гэдэг тийм амар биш шүү дээ. Хүн бүрт зүхүүлнэ. Гэхдээ миний ард түмэн энэ наадмаас ирэх цагийн сайхан ерөөлийг авсан гэдэгт итгэлтэй байна. Энэ жилийн наадамд технологийн дэвшил ашиглалаа. Энэ бол шинэчлэл гэж хэлж болно. Бид өнөөдөр дэлхийн хэмжээний томоохон нээлт хийгээгүй. Бидэнд маш олон дэвшилтэд технологи дутагдалтай байна. Гэхдээ л бид байгаа техник технологио ашиглаж нээлтээ сайхан хийлээ. Наадмын нээлтийн тоглолт дээрээ Монголын бэлгэдэл болсон таван нүдэн хэлбэрийг харууллаа. Бас дэлгэсэн тэрлэг шиг монгол нутгаа харууллаа. Монгол гэрээ бүтэн барихыг харуулсан. Нээлт, хаалтын тоглолтод 600 сая төгрөг төсөвлөсөн ч үнэхээр хүрэлцээгүй” хэмээн ярилаа. 

Ардын хувьсгал, Их Монгол Улс, Богд хаант Монгол Улс, Атар газар эзэмшиж эхэлсэн цаг мөч, Халх голын ялалт зэргийг хүүрнэн өгүүлсэн нээлтэд Ардчилсан хувьсгалыг үлдээсэнд олон хүн сэтгэл дундуур үлджээ. Нээлт, хаалтын ёслолыг хүн бүр өөрийнхөөрөө дүгнэнэ. Монголчуудын 90 хувь нь цэнхэр дэлгэцээр, дэргэдээс нь үзсэн, харсан учраас дүгнэлт хийх нь илүүц биз. Харин наадмын нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлэхдээ “Өнөө жил Монголын Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108, Ардын хувьсгалын 98 жил, наашлаад Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой тохиож байна. Түүхийн эдгээр тод тооллыг хэрэглэж хэвшсэн явдал нь бид энэ түүхээрээ бахархаж, тусгаар Монгол Улсынхаа уг үндсийг мандуулан сэргээхийн зэрэгцээ сургамж захиасыг авахын тулд юм шүү гэдгийг сануулъя. Түүх соёлоо танин мэдэхийн хэрээр хүнд эх оронч сэтгэл, үндэсний үзэл, ирээдүйн өмнө хүлээх үүрэг хариуцлага, ухаарал төлөвшил сууж байдаг. Тэр тусмаа Монголын түүх бол дэлхийн түүхийг бүтээж, энх амгаланг тогтноож явсан өвөг дээдсийн маань бидэнд үлдээсэн хамгийн том өв бахархал юм” хэмээн онцолсон юм. 

Хэнтийгээс төрсөн гурав дахь аварга

Энэ жилийн түрүү бөхийн тааварт зүй ёсоор нэрлэгдсэн хоёр хүний нэг нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Э.Оюунболд. Түүний бэлтгэлийн форм онцгой сайн байж өнгөрсөн жилийн наадмаас хойш Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдсан барилдаанд зургаан удаа түрүү, үзүүрт шалгарахдаа дөрөв түрүүлж, хоёр үзүүрлэн, дөрвөн удаа шөвгөрсөн байдаг. Тэр ч бүү хэл чөлөөт бөхийн дасгалжуулагч Д.Батнямын удирдлага дор хоёр жилийн хугацаанд бэлтгэл хийхийн сацуу Дагестанд нэг сарын эрчимжсэн бэлтгэл хийсэн нь сэргэх гол шалтгаан болсон биз. Бөхийн мэргэжилтнүүд, судлаачид, аналистууд ч энэ талаар ярьж, хэлж байна. Түүний хувьд өнөөдрийг хүртэл 35 орчим кг жин хассан тухай бас мэргэжилтнүүд онцолж байгаа юм. Э.Оюунболд Хэнтий аймгаас төрсөн гурав дахь аварга болсон. Өмнө нь улсын аварга Г.Самдан, дархан аварга Б.БатЭрдэнэ нар энэ нутгаас төрсөн аварга цолтон байлаа. Монгол Улсын 24 дэх аварга Э.Оюунболд “Монголын ард түмэндээ, нутгийн зон олондоо баярлалаа. Хэнтийчүүддээ амласнаа биелүүллээ. Энэ жил ер нь бэлтгэл сайтай байсан. Дагестанд хийсэн бэлтгэл маань ч үр дүнгээ өгч байна. Олон хүний хүч хөдөлмөрөөр аварга цолонд хүрлээ. Багш нартаа, гэр бүлдээ, дэмжиж тусалдаг албан байгууллагууддаа маш их баярлалаа гэж хэлье” гэж сэтгүүлчидтэй сэтгэгдлээ хуваалцсан юм. Тэрбээр 2015, 2019 онд түрүүлж байгаа нь, энэ. Тэгвэл үзүүрлэсэн улсын аварга Н.Батсуурийн хувьд 2014, 2018 онд түрүүлж, хоёр үзүүрлэсэн амжилттай болсон бөгөөд эрэмбээрээ ид барилдаж буй залуу аваргуудаа манлайлах нь. Түүний гол зорилго энэ байжээ. Тэрбээр энэ тухай хэлэхдээ “Шударга, үнэн зөв эрэмбийн төлөө барилдаж ялсандаа баяртай байна. Үнэн ялах байх. Найраагүй наадъя уриан дор сайхан наадлаа” хэмээн тодотгосон. Түрүү, үзүүрийн барилдаан дөнгөж дуусмагц улсын аварга Н.Батсуурь аав дээрээ гүйж очсон. Энэ үеэр ийм яриа өрнөсөн байдаг. Н.Батсуурь: -Аав аа, барьцаа аваагүй байхад барилдаан эхлүүлээд би уначихлаа. Аав Г.Намсрайжав: -Чиний л буруу шүү дээ. Тахимаа өг. Н.Батсуурь: -За. Ингээд дархан аварга А.Сүхбат ч түүнийг унасан учраас тахимаа өгөх хэрэгтэй гэснээр Н.Батсуурь аварга элэг, бүсээ тайлсан хэрэг. Товчхондоо бол наадмын барилдааныг шударга байлгах үүднээс ийм шийдвэрт хүрчээ. Наадмын өмнө найраа, допингийн эсрэг акц өрнүүлсэн учраас бөхчүүд өмнөх жилүүдээ бодвол найраа харьцангуй бага байсныг онцолъё. Бөх сайхан болсон. Нэг аварга, нэг харцага, таван начинтай наадам боллоо. Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат Д.Анарыг бөх сонирхогчид цолоо ахиулаад зогсохгүй түрүү бөхийн тааварт хүртэл нэрлэж байсан. Ямартай ч тэр бөх сонирхогчдын хүлээлтийг тайлж, цолоо ахиулсан юм. Хамгийн залуу начин Б.Орхонбаяр тавын даваанд Хөвсгөлийн хурц арслан Б.Сандагдоржтой тунан барилдаж давснаар улсын цолны босго алхсан. Түүний хувьд өнгөрсөн жил болон энэ жил Сэлэнгэ аймгийнхаа наадамд дараалан түрүүлж, улмаар улсын наадамд хоёр дахь удаагаа зодоглон начин цолонд хүрэв. Шинэ цолтнууд цолны үнэмлэх, тэмдгээ гардан авсны дараа сэтгэгдлийг нь хуваалцахад шинэхэн харцага Д.Анараас тавын давааны ам авсан сонголтыг лавлахад “Хоёр бөхийн хэн чадалтай, бэлтгэл сайтай, азтай нь улсын цолонд хүрэг гэж бодоод начин Д.Амарсайханыг амалсан юм. Гоё барилдаан гарсан. Бид бүгдээрээ харлаа. Цаашид олон жил цолоо хамгаалж, ахиулж барилдах байх гэж бодож байна” гэв. Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат залуу начин Б.Орхонбаяраас гадна Увс аймгийн Тэс сумын харьяат Ж.НямЭрдэнэ, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Н.Баярбаатар, Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат А.Давааням, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьат Б.Цэдэнсодном нар улсын цолтны эгнээнд багтаж наадамчин олныг баясгав. Улсын цолонд ойрхон байсан хурц арслан Э.Ууганбаяр, У.Береке, Н.Баттүвшин, аймгийн арслан А.Отгонбаатар, Б.Түмэндэмбэрэл Н.Мустафа, М.Еркебулан, П.Мөнхбат, Т.Сайханжаргал, Ц.Сандагдорж гэх мэт олон сайн бөх ирэх жилийн наадмыг хүлээх боллоо. Дахиад 365 хоног бэлтгэлээ хийж, улсын цолны дайралтаа шинээр эхлүүлнэ, тэд.

Тавын даваа

1. У/ав Ч.Санжаадамба-ц/з О.Батжаргал

2. У/ав Г.Эрхэмбаяр - а / а Н.Баярбаатар

3. У/ав н.Батсуурь-у/н Б.Ганхуяг

4. У/ав С.Мөнхбат-а/а П.Мөнхбат

5. У/ар П.Бүрэнтөгс - а / а Д.Бадамгарав

6. У/ар Э.Оюунболд-а/а Н.Мустафа

7. У/ар Ц.Содномдорж-у/н Ц.Одбаяр

8. У/г Б.Гончигдамба-а/а Б.Тайван

9. У/з Н.Жаргалбаяр-а/а Ж.Нямэрдэнэ

10. У/х Б.Бат-Өлзий-а/а Б.БатАмгалан

11. У/х Х.Гантулга-а/а Б.Цэдэнсодном

12. У/х М.Бадарч-а/а А.Давааням

13. У/х О.Хангай-у/н Д.Цэрэнтогтох

14. У/н Э.Энхбат- у/н Б.Амарзаяа

15. У/н Д.Анар -у/н Д.Амарсайхан

16. А/а Б.Орхонбаяр-а / а Ц.Сандагдорж

Зургаагийн даваа

1. У/ав Ч.Санжаадамба-а/а А.Давааням

2. У/ав Н.Батсуурь-а/а Ж.НямЭрдэнэ

3. У/ав С.Мөнхбат -а/а Н.Баярбаатар

4. У/ар П.Бүрэнтөгс -у/н Э.Энхбат

5. У/ар Э.Оюунболд - а / а Б.Цэдэнсодном

6. У/ар Ц.Содномдорж-а/а Б.Орхонбаяр

7. У/г Б.Гончигдамба - у / н Д.Цэрэнтогтох

8. У/х Б.Бат-Өлзий-у/н Д.Анар

Долоогийн даваа

1. У/ав Ч.Санжаадамба-у/г Б.Гончигдамба

2. У/ав н.Батсуурь-у/ав С.Мөнхбат

3. У/ар П.Бүрэнтөгс-у/ар Ц.Содномдорж

4. У/ар Э.Оюунболд-у/н Д.Анар

Наймын даваа

1. У/ав Н.Батсуурь-у/г Б.Гончигдамба

2 . У/ар Э.Оюунболд - у / а р Ц.Содномдорж

Есийн даваа

1. У/ав Н.Батсуурь-у/ар Э.Оюунболд

Жудаггүй бөхчүүдийг жудагтай болгоё

Үндэсний бөх бол монгол үндэстний өв соёл, дархлаа. Тэр ч утгаараа монголчууд эртнээс бөхчүүдээ дээдэлж, бөхөө шимтэн үзсээр ирсэн. Гэтэл шинэ мянган гарснаас хойш үндэсний бөхөөр хичээллэж буй бөхчүүдийн авир, зан үйлдэл олны дургүйцлийг төрүүлэх болов. Тэд найраа хийнэ, допинг хэрэглэнэ, дээрээс нь жудаггүй авирлана. Зөвхөн Монгол бөхийн өргөөнд бус наадмаар ч болчимгүй үйлдэл нэг бус удаа гарах болжээ. Хэдхэн хоногийн өмнө өндөрлөсөн хуучраагүй наадмаас жишээ татахад улсын гарьд Ш.Жаргалсайхан дөрвийн даваанд тахимаа өгөхдөө аймгийн арслан П.Мөнхбатыг илт тохойдсон, улсын арслан Ц.Содномдорж дөрвийн даваанд аймгийн арслан Т.Сайханжаргалтай барилдахдаа толгой руу нь цохисон, унагаасныхаа дараа нидэрсэн гээд жудаггүй, бүдүүлэг үйлдэл мэр сэр гарав. Иймэрхүү үйлдэлд Монголын үндэсний бөхийн холбоо бөхчүүддээ ямар хариуцлага тооцох вэ. Эсвэл сануулсан болоод толгойг нь илээд өнгөрөх үү. Жудаггүй авирласан, журам зөрчсөн бөхөд ямар шийтгэл оногдуулахаа тодорхой болгож, чангаруулахгүй бол бөхчүүдийн авир улам бүр эвдэрсээр. Энэ бол ердөө хоёрхон жишээ. Тиймээс жудаггүй бөхчүүдийг жудагтай болгож, дүрэм журмаа чангалахгүй бол үндэсний өв соёлын нэг хэсэг болсон бөхийн барилдааны дэвжээ зодооны талбар, ринг болж хувирч мэдэх нь. Сануулдаг бус саар үйлдлийг таслан зогсоодог дорвитой арга хэмжээ авч байя, МҮБХ-ныхоон.

Хэн, юу хэлэв

Улсын харцага Д.Анар: -Төрийнхөө их баяр наадамд зургаа давж, харцага цол хүртсэндээ баяртай байна. Долоогийн даваанд хүчит арслан Э.Оюунболдтой тунан барилдаж, өвдөг шороодсон. Намайг дэмждэг ээж, гэр бүлийнхэндээ, дэвжээний хамт олондоо, Кёкүшюзан Д.Батбаяр ахдаа баярлалаа. Онцгой байдлын албан хаагчиддаа баярлалаа.

Улсын начин Б.Орхонбаяр: -Энэ жил “Таван толгой” дахь баазад бэлтгэлд гарсан. Улсын наадамд хоёр дахь удаагаа зодоглож начин цол хүртсэндээ маш их баяртай байна. Төрүүлж өсгөсөн аав ээж, анхны багш Л.Гантөмөр, “Таван хан” дэвжээний багш Т.Өсөх-Ирээдүй, мөн багш Б.Адьяахүү болон бусад бүх багш нартаа баярлалаа. Мөн тусалж дэмждэг ах эгч нар, “Хос түрүү” компани, нутгийн зон олондоо талархлаа илэрхийлье. Цаашид бэлтгэлээ илүү амжилт гаргахын төлөө хичээх болно.

Улсын начин Ж.Ням-эрдэнэ: -Миний хувьд үндэсний бөхийн спортод хүчин зүтгээд 20 жил болжээ. Монгол Улсын начин цолыг 36 насандаа хүртсэндээ тун баяртай байна. Энэ олон жилийн хугацаанд намайг дэмжиж, өдий зэрэгтэй тусалж, дэмжсэн аав, ээж, нутгийн ахан дүүстээ маш их баярлалаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хамт олондоо баярлалаа гэж хэлье.

Улсын начин Н.Баярбаатар: -Юуны өмнө Монголынхоо ард түмэнд баяр наадмын мэндийг хүргэе. Үнэхээр их баяртай байна. Их баяр наадмаараа улсын цолтны эгнээнд багтаж, нэр хүндтэй цол хүртсэндээ баяртай байна. Цолондоо эзэн болж барилдана аа.

Улсын начин Б.Цэдэнсодном: -Монголын ард түмэн, Өвөрхангай аймгийнхандаа баярлалаа. Барилдаан бүр хүнд байлаа. Улсын начин цол хүртсэндээ баяртай байна.

Наадам үзэх гэж 15 мянга орчим жуулчин иржээ

ЮНЕСКО-д бүртгэлтэй монгол наадмыг үзэх сонирхолтой жуулчдын тоо жилээс жилд нэмэгдсээр байна. Энэ жил л гэхэд 15 мянга орчим жуулчин манай улсад наадамлахаар, Монголын өв соёлтой танилцахаар ирсэн мэдээлэл бий. Гэвч тэдний ердөө 3000 нь л Төв цэнгэлдэх хүрээлэнд нэвтэрч наадмын нээлт үзэв. Үлдсэн нь нийслэлээс гадна үндэсний өв соёлтой танилцахаар орон нутгийг зорих, эсвэл хурдан морины уралдаан үзэх сонголттой үлджээ. Хамгийн гол нь энэ жил ирсэн жуулчдын олонхи нь Монголын наадмын талаар сэтгэл өндөр буцаж байгаа бололтой. Ярьсан, бичсэн сэтгэгдлээс нь харахад үзэж, харах зүйл ихтэй байснаа нуусангүй. Наадмын хуушуур, бөхийн барилдаан, сур, шагайн харваа, хурдан морь гээд бүгд л жуулчдын сэтгэлийг татаж чадсан байна. Гагцхүү гадаад хүн харахаар утга учиргүй өндөр үнэ хэлдэг наймаачид жуулчдад таалагдаагүй гэнэ. Монгол орны газар нутгаар аялж буй Солонгосын иргэн Пак Жүн Ху “Монголын наадмыг үзэх юмсан гэж олон жил бодсон. Харин энэ жил мөрөөдлөө биелүүлж наадам үзэхээр Монголд ирлээ. Харамсалтай нь, нээлт үзэж чадсангүй. Үүнийг эс тооцвол бүх зүйл сайхан байна. Нээлт үзье гэвэл, илүү хямдаар Монголоор аялмаар байвал аль нэг жуулчны компанид захиалга өгвөл зүгээр юм байна. Яг одоо би Хөвсгөлд далайн эрэг дээр амарч байна. Удахгүй энд бас наадам болох гэнэ. Даанч би өмнө нь буцах учраас үзэж чадахгүй нь” хэмээн өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан сэтгэгдлээ хуваалцжээ.

Уяачдын наадам ба бөхчүүдийн шагнал  

Жил бүрийн долдугаар сарын 13-нд Уяачдын баяр болдог уламжлалтай. Энэхүү баяр дээр төрийн наадмаас төрсөн шинэ цолтнууд саатаж наадамчин олонд хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Түүнчлэн нутгийн зөвлөлүүд болон наадмын ивээн тэтгэгчид бөхөө байлж, шагнадаг уламжлал тогтоод багагүй хугацаа өнгөрсөн. Тэгвэл энэ жилийн түрүү бөх Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, Монгол Улсын 24 дэх аварга Э.Оюунболдод түрүү бөхийн бай болох “Тоёота цом” гардуулав. Батноров хийцийн аргаар урласан 90 см өндөр, 60 кг жинтэй алт, мөнгө, эрдэнийн чулуунаас бүтсэн мөнгөн цомыг энэ жилээс гардуулсан бөгөөд анхны эзэн нь Э.Оюунболд аварга болж байгаа юм. Тэрбээр анхны цомын эзэн болж байгаагаа ихэд билэгшээсэн. Үүнээс гадна Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмаас эхлэн “Моннис” группээс түрүү бөхөд жийп бэлэглэдэг уламжлал тогтоож байна. Тус компанийн зүгээс Э.Оюунболд аваргад “Nissan Patrol Y62” автомашиныг гардууллаа. Харин нутгийн зөвлөл нь шинэ аваргынхаа цолыг таван өрөө байраар мялаажээ. Тэгвэл улсын наадамд үзүүрлэсэн улсын аварга Н.Батсуурьт Улаанбаатар хот дахь Увс аймгийн нутгийн зөвлөлөөс хоёр өрөө байр гардуулсан байна. Ийнхүү улсын наадамд амжилттай барилдсан бөхчүүдийнхээ цолыг мялаах шагналын цуваа орон нутагт үргэлжилсээр.

Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улсын 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаанд түрүүлж, айрагдсан морьдын дүнг танилцуулъя.

Даага

Түрүү магнай: Сүхбаатар аймгийн Дарьганга сумын харьяат Г.Чинзоригийн халтар

Аман хүзүү: А р х а н г а й аймгийн Хотонт сумын харьяат Р.Дуламсүрэнгийн хурдан халиун

Айргийн гуравт: Дорнод аймгийн Халхгол сумын харьяат С.Батмөнхийн халтар

Айргийн дөрөв: Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Ж.Эрдэнэбатын хүрэн халзан

Айргийн тав: Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат Д.Амарсанаагийн хүрэн даага тус тус хурдаллаа. Дааганд 177 хурдан хүлэг уралдав.

Соёолон

Түрүү магнай: Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, нийслэлийн алдарт уяач Д.Очирсүрэнгийн зээрд үрээ.

Аман хүзүү: Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат С.Баярсайханы халиун үрээ.

Айргийн гурав: Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат алдарт уяач С.Эрдэнэбатын зээрд халзан үрээ.

Айргийн дөрөв: Булган аймгийн Сайхан сумын уугуул, Улсын Дээд Шүүхийн шүүгч С.Нямжавын халтар үрээ.

Айргийн тав: Увс аймгийн Тэс сумын харьяат н.Дандий-Ядамын цоохор үрээ. Соёолонд 155 хурдан ажнай гарааны зурхайгаас гарав.

Их нас

Түрүү магнай: Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, Тод манлай уяач Т.Галбадрахын бор морь.

Аман хүзүү: Завхан аймгийн Завханмандал сумын харьяат Ц.Мөнххуягийн цавьдар морь.

Айргийн гуравт: Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харьяат Х.Бадамсүрэнгийн хээр морь.

Айргийн дөрөвт: Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат Н.Баттөмөрийн хар морь.

Айргийн тавд: Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын харьяат, тод манлай уяач Д.Ганбаатарын зээрд морь. Энэ насанд 271 их насны морь гарааны зурхай руу хөдөлжээ.

Азарга

Түрүү магнай: Дорнод аймгийн Баянтүмэн сумын харьяат Тод манлай уяач О.Батбилэгийн халзан азарга.

Аман хүзүү: Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат аймгийн алдарт уяач Н.Баттөмөрийн сартай хонгор азарга.

Айргийн гурав: Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харьяат П.Мөнхтулгын бор азарга.

Айргийн дөрөв: Дорноговь аймгийн Хөвсгөл сумын харьяат, аймгийн алдарт уяач Д.Эрдэнэбатын мөлүү хул азарга.

Айргийн тав: Архангай аймгийн Хотонт сумын харьяат Д.Лхагвасүрэнгийн хар азарга. Азарганд 163 хурдан буян мордов.

Шүдлэн

Түрүү магнай: Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат Д.Ганзоригийн хар үрээ.

Аман хүзүү: Төв аймгийн Баян сумын харьяат Б.Нямжавын хар үрээ.

Айргийн гурав: Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат Г.Баттулгын зээрд халзан үрээ.

Айргийн дөрөв: Завхан аймгийн харьяат алдарт уяач Б.Баярдоржийн хар үрээ.

Айргийн тав: Говь-Алтай аймгийн Бигэр сумын харьяат О.Амгаланбаатарын хээр алаг үрээ. Энэ насанд 236 хурдан буян гараанаас гарсан байна.

Хязаалан

Түрүү магнай: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын аймгийн уугуул Д.Даяндэмидийн хонгор.

Аман хүзүү: Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уугуул Д.Мөнхбатын зээрд.

Айргийн гурав: Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул Н.Баттөмөрийн хүрэн.

Айргийн дөрөв: Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн уяач Т.Цогбадрахын цавьдар.

Айргийн тав: Төв аймгийн Баян сумын уугуул Х.Нямжавын хээр тус тус хурдаллаа. Хязааланд 184 хурдан хүлэг гарааны зурхайгаас гарчээ.

Залуу харваачид өндөр цолонд хүрлээ  

Уртын дуу, уухайн түрлэг шуугин дуугарах наадмын өдрүүд бөхчүүд, уяачид, харваачдад баяр цэнгэл, сургамж, сургааль хайрладаг билээ. Тэдний бүтэн жилийн турш бэлтгэсэн хичээл зүтгэл, зориг, эрч хүч, ур чадвар энэ л өдрүүдэд шагнал, гавьяа цолоор үнэлэгддэг юм. Эрийн гурван наадмын нэг хэсэг болсон сур харваагаар мэргэд, спортын мастер, дэд мастерууд шинээр мэндэллээ. Тэгвэл үндэсний сур харваагаар хэний хүү, охин ялагч болж, ямар цолоор малгайныхаа залааг мялааж, түмэн олноо баярлуулсныг сурвалжлагаараа хүргэе. Энэ жил өндөр чансаатай 540 харваач оролцлоо. Тодруулбал, дархан мэргэн гурав, даяар дурсах мэргэн хоёр, даяан мэргэн зургаа, улсын мэргэн 16 болон залуу 64 харваач өрсөлдсөн юм. Үүнээс эрэгтэй 360, эмэгтэй 180 харваач цэц мэргэнээ сорив. Харваачид хана сур, хасаа сур гэсэн хоёр шатыг давж шилдгүүдээ тодруулдаг. Хана сур гэдэг нь эрэгтэй 75 метр, эмэгтэй 65 метрээс харвадаг уламжлалтай. Энэхүү төрөлд 60 ширхэг “байт сур” буюу харвах байг байрлуулна. Харин хасаа сурд 30 ширхэг “байт сур” өрдөг аж. Нэг хүн нэг босч харвахдаа дөрвөн сум тавина. Нийт 10 удаа босч эхний 20 сумаа хана сурд тавьж, дараагийн 20 сумыг хасаа сураар өрж нийт 40 сум тавьдаг журамтай. Ингээд хамгийн их оносон нь ялагч болно гэсэн үг. Шигшээ 16 харваачаас цол нэмэх болзол хангасан тамирчид төрдөг учир энэ хэсэг ширүүн өрсөлдөөнтэй үргэлжлэв. Үзэгчдийн анхаарал энэ үед маш сайн төвлөрч, өрсөлдөөн ширүүсэх тусам суудлаасаа ээлжлэн өндөлзөж харагдах аж. Харваач бүр үндэсний баяр наадамд манлайлан оролцох хүсэл, тэмүүлэл, зорилго дүүрэн байдаг гэдгийг оролцогчид онцолж байлаа. Ингээд үндэсний сурын эрэгтэйчүүдийн төрөлд Төв аймгийн Зуунмод сумын уугуул тус сумын үндэсний сурын “Зуун мянган” холбооны харваач Э.Цогбаяр түрүүлж улсын мэргэн болов. Харин Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул “Хангаръд” спорт холбооны тамирчин аймгийн мэргэн Э.Ганчулуун удаалж гарамгай харваач, Ховд аймгийн уугуул аймгийн мэргэн Г.Чулуунбат гуравдугаар байр эзэлжснээр гоц харваач болов. 

Энэ үеэр баярын нулимсаа залгилан танил, дотно хүмүүсийнхээ баярын мялаалгад дарагдсан Төв аймгийн Зуунмод сумын уугуул, үндэсний сурын “Зуун мянган” холбооны харваач Э.Цогбаяртай цөөн хором ярилцлаа.

-Үндэсний сур харваанд түрүүллээ. Цолоо ахиулж ч амжлаа. сэтгэгдлээсээ хуваалцана уу?

-Үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан мөч байна. Дархан мэргэн н.Оюунчимэг, мөн н.Сүхбат нартаа баярлаж, талархаж байгаагаа дамжуулъя. Намайг өсгөсөн өвөөдөө баярлаж байна. Ээж болон найз Өлзийсайхандаа баярлалаа. Та бүхний хүчинд өнөөдрийн амжилтад хүрсэн юм шүү.

-Хэчнээн жилийг үндэсний сурын спортод зарцуулж, энэхүү амжилтад хүрсэн бэ?

-Нийт 11 жил нум сум харваж аймгийн мэргэн, спортын мастер цолоо Монгол Улсын мэргэн цолоор нэмлээ.

-Танай удамд нум сум харвадаг хүн бий юу?

-Байхгүй ээ. Би л харваж байна.

-Уг спортоор хичээллэх болсон шалтгаан юу вэ?

-Тэсвэр тэвчээр шаарддаг үндэсний спортоор хичээллэхийг хүсч байсан юм. Тиймээс 20 настайдаа уг спортоор хичээллэж эхлэсэн. Хичээллэсэн цагаасаа улсын баяр наадамд түрүүлэх юмсан гэж хүсч байлаа. Зорилгодоо хүрч чадсандаа маш их баяртай байна.

-Зөвхөн үндэсний сур харваагаар хичээллэдэг үү?

-Одоогоор энэ чиглэлээ дагнаж байна. Гэхдээ буриад сураар хичээллэж спортын мастер цол хүртсэн.

-Өрсөлдөгчдийн ур чадвар хэр байсан бэ?

-Нэлээд айдастай байсан. Учир нь маш мундаг зэрэг, цолтой харваачидтай мөр зэрэгцэн өрсөлдлөө. Алдахгүй харвана гэсэн зорилгоор энд ирсэн. Хүссэн зорилгодоо хүрч 40 сумнаас 39 онож түрүүллээ. Маш их баяртай байна.  

Хоолой зангиран өгүүлэх тэрбээр уг спортоор олон жил хичээллэсэн тууштай зантай, ах дүүс, харваачид дундаа байр суурь эзэлсэн чадварлаг нэгэн болох нь ил харагдана. Үндэсний спортоор хичээллэдэг тамирчны чадвар энэхүү баяр наадмаар танигддаг аж. Харин үндэсний сурын эмэгтэй 180 гаруй харваачийг Дундговь аймгийн “Цахиур” багийн харваач, аймгийн мэргэн Ө.Хатанболор тэргүүлж улсын мэргэн боллоо. Тэгвэл Өвөрхангай аймгийн “Мондэ” багийн тамирчин Монгол Улсын мэргэн Б.Пунсалдулам удаалж, Булган аймгийн уугуул, Хан-уул дүүргийн “Петровис” багийн харваач спортын аймгийн мэргэн Б.Баярцэцэг Монгол Улсын гоц харваач цол хүртэв. Шинэ мэргэн Ө.Хатанболор “Би 40 сум тавьснаас 37 сумаар буйт сурыг онож Монгол Улсын мэргэн цол хүртлээ. Энэхүү спортоор зургаан жил тасралтгүй хичээллэсэн юм. Нөхөртэйгээ хамт олон жил цуг харвалаа. Намайг дэмжиж байсан бүх хүнд баярлалаа. Аав маань спортын дэд мастер цолтой хүн байсан. Тэнгэрээс хараад охиноороо бахархаж байгаа байх аа” гэв. Үндэсний спортыг тив, дэлхийн тэмцээн мэт хүсэн хүлээж, мөрөөдөл, зорилго болгон хичээллэж байгаа харваачдын цэц мэргэн байх болтугай.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

Нийтлэлчид