Улаанбаатар 1c

И.Бадрал: Хүн юу бодож санаж байгаагаа үгээр биш шивээсээр илэрхийлдэг болжээ

Хүн төрөлхтөнд шивээс нэгэн төрлийн урлаг болон хөгжжээ. Хүний арьсан дээр зураг зурна гэдэг авьяас, мэдрэмж, мөн өндөр хариуцлага аж. Энэхүү хариуцлагыг үүрч яваа, Азид Монголын нэрийг хадаах өнгөт шивээсний мастер И.Бадралтай ярилцлаа. Тэрбээр сүүлийн үеийн шивээсний чиг хандлага, болон өнгө төрх онцлогийг тодорхойлсон юм. Мөн дэлхийн хөгжмийн салбарт хүннү рок гэх шинэ урсгалыг гарган ирж, Монголын язгуур урлаг, ёс заншил, түүхийг олон улсад амжилттай сурталчилж яваа “The Hu” хамтлагийн гишүүдэд шивээс хийхээр төлөвлөжээ. Тун удахгүй Хятадад болох Азийн шилдэг шивээсчин шалгаруулах наадамд явахаар бэлтгэлээ базааж байна. Ингээд түүний ярилцлагыг “Life style” буландаа онцоллоо.

-Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Манай сонины уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

-Намайг Итгэлийн Бадрал гэдэг. 30 настай. Яг 10 жил шивээс хийж байна.

-10 жил шивээс хийсэн туршлагаас харахад монголд мэргэжлийн шивээсчин бий болох цаг хугацаа болсон гэж бодож байна уу?

-Монголд мэргэжлийн шивээсчин бэлддэггүй. Жишээлбэл, үсчин, тогооч, механикч гэх мэтээр мэргэжлийн дагуу боловсон хүчин бэлтгэдэг боловч шивээсчин гэдэг мэргэжил одоогоор байхгүй байна. Харин зарим нэг хүн гадагшаа явж суралцаж байгаа. Одоогоор мэргэжлийн шивээсчин гэж нэр цохож хэлэхэд Бандгаа ах л байна.

-Яг тань шиг, эсвэл танаас олон жил шивээс хийсэн залуус хэр олон байдаг вэ?

-Би 2009 оноос эхлээд шивээс хийж эхэлсэн. 2009 онд Монголд анх шивээсчдийн фестиваль болоход 20 хүрэхгүй хүн оролцож байлаа. Харин 2010 оноос монгол залуус гаднын одуудыг дуурайж шивээс хийлгэх нь ихэссэн. Одоо бол 100 гаруй шивээсчин шивээс хийж байгаа байх гэж бодож байна.

-Шивээсчид гадагшаа суралцаж, мэргэжлийн түвшинд хөгжих боломж бололцоо хангалттай байдаг уу?

-Монголд шивээсчдийн холбоо гэж нэгдсэн байгууллага байдаггүй. Тэгэхлээр гадагшаа нэгдсэн хэмжээнд зуучлах, суралцуулах боломж байхгүй гэсэн үг. Ер нь аль сэргэлэн боломж бололцоотой нь гадагшаа суралцаж байгаа. Европт, Америкт хоёр, гурван монгол залуу шивээс хийж байгаа. Монголоос суралцах гэж яваад эргэж ирээгүй байх жишээтэй. Монгол шивээсчин залуус багшгүйгээр интернэтээс сурдаг. Миний хувьд ямар ч хүнээр заалгаж байгаагүй. Багшгүй өөрөө туршилтаар сурсан.

-Сүүлийн үеийн залуусын сонирхол чиг хандлага ямар байна. Ихэвчлэн ямар шивээс хийлгэж байна вэ?

-Монгол үндэстний шивээс хийлгэх нь ихэсч байна. Ер нь хувь хүний сонирхол, хобби, урсгал, чиг хандлагаас хамаараад өдөр бүр өөр өөр шивээс хийдэг. Мөн сонсож байгаа хөгжим, чиг урсгал мөн их нөлөөлнө. Жишээ нь, манай найзууд мотоцикл сонирхдог учир үүнтэйгээ холбоотой шивээс хийлгэдэг бол гэр амьтай хүн эхнэр, хүүхдийнхээ нэрийг шивүүлдэг. Хүмүүс анх каталогиос шивээс харж хийлгүүлдэг байсан. Гэтэл одоо юу бодож санаж байгаагаа үгээр биш шивээсээр илэрхийлдэг болжээ. Юу сонгож, ямар зүйл шивүүлэх нь надад хамаагүй. Харин яаж хийх нь цэвэр миний хариуцлага болдог.

-Та саяхан солонгост байна гэсэн. Ажлаар уу, аяллаар уу. гадаад хүмүүст захиалгаар шивээс хийдэг үү?

-Миний хувьд Америк, Солонгос, Монгол гэсэн маршрутаар тойрч ажилладаг. Анх гадаадад байдаг монголчуудад захиалгаар шивээс хийдэг байсан бол одоо танилын хүрээ улам тэлсээр гаднын хүмүүст шивээс хийдэг болсон.

-Шивээс хийх үйл явц, арга технологиос танилцуулахгүй юу. Бэлэн зургаас харж шивэх үү. Зохиомж байдлаар өөрөө сэтгэж зурах уу?

-Монголд одоогоор зохиомж шивээс хийдэг хүн тун ховор. Ихэвчлэн бэлэн зургаас харж, хуулбарлаж шивнэ. Тухайн хүн ямар шивээс хийлгэх хүсэлтээс улбаалаад загвараа гаргасны дараа шивээсний балаар зурдаг.

-Цаасан дээр зурах, хүний арьсан дээр зурах гэдэг тэс өөр биз?

–Би хүүхэд байхаасаа л зураг зурдаг байсан. Тэр үед бал цаас нийлүүлээд суудаг байсан бол одоо хүний арьсан дээр илүү сайн зурдаг.

-Хаана шивээс хийлгэхээс шалтгаалаад өвдөлт янз бүр. Хүмүүс ихэвчлэн биеийнхээ аль хэсэгт шивээс хийлгэдэг вэ?

-Шивээс хийлгэж байгаа хүн хаана хийхийг хүснэ тэр газарт нь хийдэг. Харин биеийнхээ аль хэсэгт шивээс хийлгэхээ мэдэхгүй байгаа хүмүүсийн галбир, арьсны өнгө, онцлогоос хамаараад зөвлөгөө өгдөг. Мэдээ алдуулах тос байдаг. Арга ядсан үед л мэдээ алдуулах тос хэрэглэнэ. Мэдээ алдуулах тос олон удаа түрхвэл өнгөнд сөргөөр нөлөөлнө. Ер нь тухайн хүн шивээс хийлгэхийн тулд мөнгө, өвдөлт, тэвчээр гэх мэт золиос зайлшгүй шаарддаг. Дотор сул арьс, нимгэн арьсан дээр шивээс хийлгэхэд их өвддөг. Ил арьсанд хийлгэхэд харьцангуй өвдөлт бага. Ястай ойрхон хэсэгт өвдөлт их.

-Хүний арьсан дээр шууд зурах нь алдах эрх байхгүй гэсэн үг. Арилгах боломжгүй биз дээ?

-Алдаа гаргаж болохгүй. Анх шивээс хийж эхлэхдээ алдаа оноотой л байдаг байлаа. Гэхдээ одоо хариуцлагатай байхгүй бол арилгах боломжгүй. Лазерт орсон ч бүрэн арилахгүй.

-Хамгийн удаан хийсэн шивээс гэж бий юү?

-Нурууны бүтэн шивээс нэг жил орчим хийсэн. Тэр хүний цаг, зав болохгүй. Миний ажил болохгүй явсаар нэг жилийн дараа дууссан. Шивээс хийхдээ нэг дор хамгийн дээд тал нь зургаан цаг сууж шивж байлаа. Тэрнээс дээш цаг болохоор шивээс хийлгэж байгаа хүний бие сулардаг.

-Анх удаа шивээс хийлгэх гэж очоод өвдөлтийг нь тэвчихгүй буцсан тохиолдол цөөнгүй юү?

–Олон шүү. Эхний хэсгээ хийлгээд дараа нь завтай үедээ үргэлжлүүлье гээд явна. Тэгээд ирэхгүй тохиолдол байна. Дөнгөж шивээсээ хийлгэж эхлүүлчихээд мөнгөө өгөөд гараад явах ч үе байдаг.

–Таны шивээс хийдэг багаж, хэрэгсэл, будгийн чанарын хувьд ямар вэ?

-Монгол шивээсчдийн хувьд багаж, хэрэгсэл нэлээд дутмаг. Монголд зарагдаж байгаа будаг дандаа чанаргүй Хятадаас оруулж ирдэг. Гэхдээ Хятадад сайн чанартай будаг байгаа. Насан туршдаа арилахгүй учир хамгийн сайн чанартайг нь сонгох хэрэгтэй. Хятадын шивээс сонирхогчдын хэрэглэдэг багажаар Монголын зарим нэг сор шивээсчин шивээс хийж байгаа нь харамсалтай. Миний хувьд гурван жилийн өмнө багажаа сольсон. Дэлхийд номер нэг “Cheyenne hawk” машин ашигладаг. Би Америкаас хамгийн чанартай будгуудаа өөрөө сонгож авчирдаг.

-Яагаад шивээс хийх болсон тухай ярилцлагаа үргэлжлүүлэх үү?

-Рок хөгжим сонсож эхэлсэн цагаас л шивээс сонирхсон. Эхлээд өөрөө шивээс хийлгэсэн. Зурдаг байсан минь шивээс хийдэг болоход нөлөөлсөн байх. 2009 онд эхнэр хүүхэдтэй болох үед үсчинээр ажилладаг байлаа. Үсчиний сандал дээр шивээс хийгээд сууна.

-Шивээс хийлгэх гэж байгаа хүмүүст зөвлөгөө өгвөл?

-Амьд бие дээр муу энергитэй зүйл битгий шивүүлээрэй. Сүсэг бишрэлээр бодохоор амьдарчих юм шиг санагдаад байдаг. Зөн билгийн тулаан нэвтрүүлгээр тамын таван хошуу шивүүлсэн хүн муу амьдарч байгаа тухай ярьж байсан. Нэвтрүүлэг нь сүүлдээ жүжиг болсон. Гэхдээ шашин судалдаг хүмүүс ч гэсэн муу зүйлийг амьд бие дээр шивүүлэхээр амилах магадлалтай гэж ярьдаг.

–Шивээс хийлгэж байгаа хүмүүсийн хувьд нас, хүйс, онцлогийн тухайд ямар байдаг вэ?

-Анх шивээс хийж байхад оюутнууд юу ч хамаагүй шивүүлэх гээд орж ирдэг байлаа. Харин жилээс жилд миний ур чадвар ахиад арай туршлага, чадвартай болоод ирэхээр надаар үйлчлүүлж байгаа хүмүүсийн үзэл, хандлага, хүрээлэл өөрчлөгдсөн. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд чанар муутай шивээс хийлгэсэн хүмүүс хуучнаа даруулж шивүүлэх хандлага их байна. Бидний хийж байгаа шивээсний 60-70 хувь нь хуучныг янзлах байдаг. Хуучин шивээс засах нь ажиллагаа ихтэй. Эрэгтэйчүүд том, эмэгтэйчүүд жижиг шивээс хийлгэх хандлага бий.

-Өнгөрсөн жил томоохон тэмцээнээс өнгөт шивээсээр шагнал авсан тухайгаа уншигчдад хуваалцах уу?

-2018 онд Хятадын “Сүлдэ” хэмээх Азийн шилдэг шивээсчин шалгаруулах тэмцээнд амжилттай оролцоод ирсэн. Өнгөт шивээсний төрлөөр шилдэг шивээсчин болсон. Монголоо төлөөлж Бандгаа ах бид хоёр 300 орчим шивээсчинтэй өрсөлдлөө. Тэмцээний үеэр хятад хүний гуян дээр “Dark Night” киноны “Joker” өнгөтөөр шивсэн юм.

-Улс орон бүр өөрийн гэсэн онцлогтой. Үүнийг дагаад бусад улс орны шивээсний онцлог юу байсан бэ?

-Ази, европ, Америк шивээсний төрлүүд өөрийн гэсэн онцлогтой. Тухайлбал, Япон шивээсийг зөвхөн япон хүн хийлгэхгүй дэлхий даяар хэн ч хийлгэж болно. Үүнээс монгол шивээсний онцлог дэлхийд гараагүй байна. Монгол зургийн аргыг хятадууд их олж харжээ. Үүнийг өвөрмонголчууд дэлхийд гаргах гэж оролдож байгаа юм. Харин Япон бол арлын орон загасаа шүтдэг. Харин европчууд “Old school” төрлийн шивээс их хийлгэдэг. Пицца идэх дуртай бол пицца шивүүлдэг, харин хүүхэнд дуртай бол нүцгэн хүүхэн шивүүлнэ. Монголчуудын хувьд тэнгэр заяатай гэдэг утгаараа Чингис хаан, Мөнх тэнгэр, Хангарьд гэх мэт шивээс хийлгэдэг. Мөн хас тэмдгийг хөлөндөө шивүүлдэггүй хүндлэл ёс жудагтай.

-Ойрын үед томоохон шивээс хийхээр төлөвлөсөн үү?

-Дэлхийн хөгжмийн салбарт хүннү рок гэх шинэ урсгалыг гарган ирж, Монголын язгуур урлаг, ёс заншил, түүхийг олон улсад амжилттай сурталчилж яваа “The Hu” хамтлагийнн гишүүдэд шивээс хийхээр болсон. Энэ сардаа багтаад Хятадад болох шивээсчдийн фестивальд өнгөт шивээсний төрөлд оролцохоор бэлтгэлээ базааж байна.

-Ярилцлагын төгсгөлийг танд үлдээе.

-Анх шивээсчин Бандгаа, Жак, Идэрээ ах нарыг харж их зүйл сурч байлаа. Ах нартаа баярладаг шүү. Мөн миний бүх зүйлийг ойлгож, дэмждэг эхнэртээ, гурван хүүхдэдээ хайртай шүү. Миний бие дээрх бүх шивээсийг хийлгэх мөчид миний эхнэр хамт байсан. Хамгийн анх зургадугаар ангидаа шивээс хийлгэж байсан бол одоогийн байдлаар 30 гаруй удаа шивээс хийлгэжээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид