Улаанбаатар 1c

Жюү жицүгийн ААШТ эхэллээ

Жюү жицүгийн Азийн аварга шалгаруулах дөрөв дэх удаагийн тэмцээн эхэллээ. Монголын жюү жицүгийн холбооноос өөрийн эх орондоо анх удаа хүлээн авч зохион байгуулах тэмцээнд 28 орны 400 гаруй тамирчин оролцохоор мэдүүлэг өгчээ. Тодруулбал, насанд хүрэгчдийн 331, өсвөрийн 77 тамирчин өрсөлдөх нь. Манай улсаас насанд хүрэгчдийн ангилалд 62, өсвөрийн ангилалд 47 тамирчин барилдахаар бэлтгэлээ хангасан байна.

Тухайлбал АНЭУ, йордан, БНСУ, Казахстан, Сингапур, Филиппин, Тайвань, Тайланд, Афганистан, Бахрейн зэрэг орны баг тамирчид Монгол Улсад буугаад байна. Таван өдөр үргэлжлэх тэмцээний өмнө шүүгчдийн сургалт болон допингийн эсрэг сургалтуудыг Азийн жюү жицүгийн холбоо, Монголын жюү жицүгийн холбоотой хамтран зохион байгуулав.

Сургалтыг ерөнхий шүүгч Бразил улсын иргэн Александре Нассименто удирдан явууллаа. Онол, практик хослуулсан сургалтад шүүгчийн заавал мэдэх ёстой дүрмүүдийг дэлгэрэнгүй тайлбарлахаас гадна допингийн хор хөнөөлийн тухай ч тамирчин, дасгалжуулагч, шүүгчдэд ойлголт өгч байна. Сургалтанд 30 гаруй шүүгчид хамрагдаж байгаа ажээ. Энэ удаагийн тэмцээнийг 19 шүүгч дэнслэхээр томилогдсон бөгөөд үүний гурав Монголын шүүгч байх юм. Өсвөрийн ангиллын тэмцээн нь 2020 онд манай улсад Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болох “Азийн хүүхдүүд-2020” наадмын тест эвент гэдгээрээ онцлогтой. Иймээс Азийн орнууд шилдэг тамирчдаар багаа бүрдүүлэн манай улс руу илгээжээ.

Жюү жицүгийн Азийн АШТ Ne Waza, Fighting Jiu Jitsu, Contact Jiu Jitsu, Duo System гэсэн дөрвөн төрлөөр болно. Ne Waza, Fighting Jiu Jitsu, Contact Jiu Jitsu гэсэн гурван төрөлд эрэгтэй 56, 62, 69, 77, 85, -94, +94 кг, эмэгтэй 45, 48, 52, 57, 63, -70, +70 кг-ын жинд өрсөлдөх юм. Duo System-ийн төрөлд өрсөлдөөн жингүй ангиллаар медалийн эздээ тодруулна. Харин энэ сарын 19-20-нд өсвөрийн тамирчдын тест эвент явагдах хуваарьтай байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид