Улаанбаатар 1c

Үндсэн хуулийн өөрчлөлтөөр зөвшилцөх ажлын хэсгийг байгууллаа

УИХ-ын өчигдрийн чуулганаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэгт бэлтгэх хугацааг тогтоож, Зөвшилцлийн ажлын хэсгийг байгууллаа. Нэг үгээр Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл УИХ-д өргөн барьсантай холбогдуулан одоогийн хэлэлцэж буй хуулийн төсөлтэй уялдуулах шаардлага үүссэн. Энэ бэлтгэлийг хангах хугацааг ирэх сарын 9-нийг дуустал хэмээн тогтоосон юм. Мөн зөвшилцөх ажлын хэсгийг Ерөнхийлөгч Х.Баттулга, орлогч даргаар Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх нар ахлахаар боллоо.

Чуулганы хуралдааны эхэнд “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх хугацаа тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн юм. Уг тогтоолын төслийн хүрээнд гаргасан Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Б.Бат-Эрдэнэ, Б.Пүрэвдорж нар асуулт асууж, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт хариулсан юм. Ингээд санал хураалт явуулахад чуулганд оролцсон 49 гишүүүний 42 нь буюу 85.7 хувь нь дэмжсэн тул тус тогтоолын төсөл батлагдлаа. Хуралдааны үеэр гишүүд хэрхэн асуулт асууж, хариулт авсныг тоймлон хүргэж байна.

С.бямбацогт:

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 1.3.4-т “Чуулганаар урьдчилан тогтсон зөвхөн нэг төсөл хэлэлцэнэ. Өөр өөр үзэл баримтлалтай хоёр буюу хэд хэдэн төслийг саналын түвшинд харгалзан үзэж болох бөгөөд харин бие даасан байдлаар зэрэгцүүлэн хэлэлцэхийг хориглоно” гэж заасан. Бид энэ хуулиа барьж ажиллахаас өөр арга байхгүй. Энэ үүднээс нь аваад үзвэл хоёр хуулийн төсөл болчхоод байгаа юм. Ерөнхийлөгч санал ирүүлэхдээ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл гэж ирүүлсэн. Хоёр хуулийг зэрэгцүүлж хэлэлцэж болохгүй учраас Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслөөс ямар ямар саналыг нь авах боломжтой эсэхээр дэд ажлын хэсгүүд, ажлын хэсэг ажиллах шаардлагатай.

б.бат-эрдэнэ:

-Ирэх сарын 09-ний өдрийг хүртэл ард иргэдийн дунд хэлэлцүүлэг явуулахгүй юм байна гэж Төрийн байгуулалтын байнгын хорооны даргын үгнээс ойлголоо. Ерөнхийлөгчийн зүгээс санал болгосон хуулийн төслийг ажлын хэсэг дээр тал талаас нь хэлэлцэх юм байна. Нийгмийн хүрээний зөвшилцөлд хүрэх чиглэлээр Ерөнхийлөгчийн саналыг авч, улс төрийн намуудын оролцоог хангаж байгаа нь сайн зүйл. Ерөнхийлөгчөөс оруулж ирсэн саналд байгалийн баялагтай холбоотой асуудлаар чухал санал оруулж ирсэн гэж би дэмжиж байгаа. Тухайн үед би санал гаргаж байсан ч миний саналыг дэмжээгүй. Харин Ерөнхийлөгч энэ асуудлыг хөндөж оруулж иржээ.

б.Пүрэвдорж:

-Үндсэн хууль бол ард иргэдийн хүсэл сонирхолд нийцэж амар, амгалан амьдрахын баталгаа болдог. Үндсэн хуулийн өөрчлөлтийг нэг тал дангаараа хийвэл нэг хэсэг нь аз жаргалтай, үлдсэн нь эсрэгээрээ амьдрах ийм л нөхцөл байдалд хүрнэ. Үндсэн хуулийг өөрчлөхөд зөвшилцлийн хүрээнд гар хүрэх ёстой. Гэтэл өнөөдөр энэ асуудлаар огт чимээгүй байна. Парламентын сөрөг хүчнээс санал аваагүй байгаа. Үндсэн хуулийн Цэцийн санал сөрөг ирсэн гэсэн. Гэтэл үүнийг олон нийтэд гаргахгүй байна. Талуудын оролцоог нэмэгдүүлэх тал дээр МАН-ынхан ажиллах ёстой.

Дараа нь “Ажлын хэсэг байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Ажлын хэсгийн даргаар Ерөнхийлөгч Х.Баттулга, орлогч даргаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх, нарийн бичгийн даргаар Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт нар ажиллахаар төсөлд тусгасан байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, Шадар сайд Ө.Энхтүвшин, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, УИХын гишүүн С.Эрдэнэ, Л.Болд нар ажиллах юм байна. Энэ үеэр зарим гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Улс төрийн популизмыг Үндсэн хуульд хийж хэрэггүй.

Энэ бол ард түмний эрх ашгийн тухай асуудал. Бид эсэргүүцэхийн тулд эсэргүүцээгүй. Өмнөхөөсөө дордох вий гэсэн болгоомжлол байсан учир бид нэгдүгээр хэлэлцүүлэгт оролцоогүй. Хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр Ерөнхийлөгчийн саналыг дэмжиж оролцож байна. Нийт ард иргэдийн тодорхой хувийг төлөөлж байгаагийн хувьд бид дуу хоолойгоо хүргэнэ. АН албан ёсоор саналаа өгөөгүй байгаа. Наймдугаар сарын 9-ний дотор бид саналаа өгнө. Хуулийн өөрчлөлтөөр сонгодог парламентын гол тулгуур зарчмыг бий болгох хэрэгтэй. Ирээдүйн парламентын төлөө АН ажиллах ёстой” гэсэн юм. Харин УИХ-ын гишүүн М.Билэгт “Зөвшилцлийн ажлын хэсэгт эмэгтэйчүүдийн төлөөллийг оруулаагүй байна.

Тухайлбал, Д.Оюунхорол туршлагатай гишүүн. Энэ чухал ажлын хэсгийн бүрэлдэхүүнд яагаад эмэгтэйчүүдийн төлөөллийг зөвшилцлийн ажлын хэсэгт оруулаагүй юм бэ” гэхэд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт “Хууль санаачлагчид хоорондоо ойлголцсон юм билээ. Эмэгтэй, эрэгтэй төлөөлөл гэхээсээ илүү субъектийн төлөөллийг оруулах зарчим барьсан” гэсэн юм. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 79.2 хувь нь дэмжсэн тул дээрх УИХын тогтоолын төсөл батлагдлаа.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид