Улаанбаатар 1c

Д.Эрдэнэбат: Ард түмний санал асуулгыг зайлшгүй явуулах ёстой

УИХ дахь Ардчилсан намын зөвлөл өчигдөр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хоёрдугаар хэлэлцүүлэг болон Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаарх саналуудыг хэлэлцжээ. Энэ асуудлаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийв. Тэрбээр “Хэрвээ манай улс ардчилсан сонгодог парламенттай улс мөн л юм бол сонгодог парламентыг бүрдүүлдэг гол суурь зарчим нь сонголт.

УИХ-ын гишүүдийн хариуцлагын тухай асуудал, Засгийн газрын тогтвортой байдал, гишүүдийн ямар бүрэлдэхүүнтэй байна вэ гэдгээс онцгойлон шалтгаалдаг хүчин зүйл юм. Ер нь 76 жижиг тойргоос хувь хүнийг сонгосон нь парламентын нэгдмэл үйл ажиллагаа, бодлоготой байх, Засгийн газар нь тогтворгүй байх зэрэгт голлож ирсэн хүчин зүйл. Иймээс Үндсэн хуулийн гол суурь зарчим нь сонгодог парламентад сонгогдож байгаа их хурлын сонгуулийн системийг холимог хэлбэрээр явуулах нь зүйтэй гэсэн Ерөнхийлөгчийн саналыг бид дэмжиж байгаа. Мөн нутгийн өөрөө удирдах ёс, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн асуудал байна.

Хуульд энэ бүгд өөрөө нэгдмэл ойлголт гэж заасан байдаг. Энэ гурав нэгдэж байж нутгийн өөрөө удирдлагын асуудлыг хөндөж байгаа учраас бид энэ асуудал дээр аймаг, нийслэл, хот, сум дүүргийн асуудлыг өнөөгийн түвшинд зөв зохистой зохицуулалт хийж оролцох нь зүйтэй. Ерөнхийлөгч мөн нэгдмэл байр суурьтай байгаа. Түүнчлэн төрийн албыг баталгаажуулах асуудал нэмэлт, өөрчлөлтөөр орж ирж байгаа. Энэ нь төрийн албанд нэгэнт орсон хүнийг халж болохгүй гэсэн нь гарах хаалгыг хааж байгаа асуудал гэж харагдаж байна. Гэхдээ асуудал нь гарах хаалгандаа биш, орох хаалгандаа байна. Өнөөдөр төрийн албаны тухай Үндсэн хуульд тусгаж байгаа бол төрийн албанд орох босгыг Үндсэн хуульд оруулах ёстой.

Төрийн албанд орох шалгуур зарчим нь юу юм бэ гэдгээс шалтгаалж Үндсэн хуульд зайлшгүй оруулсны дараа төрийн албан хаагчийн ёс зүй, зарчмыг яригдана” гэсэн юм. Мөн тэрбээр “Байгалийн баялаг гэсэн ерөнхий нэр томъёоллоос бид татгалзах ёстой. Баялгийн сан байгуулах тухай асуудал дээр бид Ерөнхийлөгчтэй санал нэг байна. Газар доорх эрдэнэсийг баялаг болгосны дараа үүний үнэ цэнэ, үндэсний аюулгүй байдлыг баталгаажуулах ард иргэдийнхээ амьдрал эрүүл мэндийг сайжруулах, хуримтлал бий болгох, баялгийн сангаар дамжуулж шударгаар бүтээх нь зарчмын хувьд зөв юм.

Эдгээрээс гадна ард түмний санал асуулгыг зайлшгүй явуулах ёстой гэсэн байр суурьтай байна. Бид Ерөнхийлөгчийн саналтай хамтран ажлын хэсэг байгуулан хэлэлцүүлэгт оролцоно. Хэрвээ Ерөнхийлөгчийн санал болон бидний тавьсан энэ зарчмын саналууд үнэмлэхүй олонхоор хүч түрэн шийдэх юм бол Ардчилсан нам хэлэлцүүлэгт орох шаардлагагүй гэдгээ илэрхийлж байна” гэлээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид