Улаанбаатар 1c

“Хөх самурайнууд” ирэх оны гуравдугаар сард Монголд ирнэ

Малайзын нийслэл Куалу Лумпур хотод Катар 2022 болон 2023 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох багуудын хоёрдугаар шатны сугалаа болж өнгөрлөө. Тивдээ чансаагаар тэргүүлдэг 34 баг болон эхний шатыг амжилттай давсан зургаан баг тус сугалаанд оролцсон юм. Манай хөлбөмбөгчид “F” хэсэгт буюу Япон, Кыргызстан, Тажикстан, Мьянмар зэрэг улстай нэг хэсэгт багтжээ. Японы шигшээ баг дэлхийн чансааны 28-д, тивдээ хоёрдугаарт бичигддэг. “Хөх самурайнууд” ДАШТ-д зургаан удаа оролцсон, үүнээс гурван удаа хэсгээсээ шалгарсан нь хамгийн дээд амжилт.

 Түүнчлэн тивийнхээ аваргаар дөрвөн удаа шалгарсан билээ (1992, 2000, 2004, 2011). Киргизстаны шигшээ багийн тухайд өмнө нь ДАШТ-д оролцож байгаагүй. Энэ жил тивийн аваргад анх удаа оролцоод шөвгийн 16-д шалгарсан. “Ак Шумкарлар” буюу “цагаан харцаганууд” хочтой. Өнгөрсөн жил дэлхийн чансааны 75-д бичигдсэн нь тус багийн хувьд дээд амжилт байв. “Катар 2022” болон 2023 оны тивийн аваргад оролцох эрхийн төлөө шар тивийн 45 улс, ногоон тивээс Австрали өрсөлдсөн. Чансаа багатай 12 баг эхний шатанд өрсөлдөөд ялсан зургаа нь хоёрдугаар шатанд чансаа илүү 34 багийн хамт өрсөлдөх юм.

Хоёрдугаар шатанд найман хэсэгт хуваагдсан бөгөөд хэсэг тус бүрээ тэргүүлэгчид нь шууд гуравдугаар шатанд өрсөлдөх эрх аваад зогсохгүй Азийн аваргад оролцох эрхээ шууд авна. Харин хэсэгтээ хоёрдугаар байр эзэлсэн багуудаас хамгийн өндөр амжилттай дөрвөн баг нь гуравдугаар шатанд өрсөлдөх эрхээ тивийнхээ аваргын тийзтэй хамт “захиалах” бол үлдсэн дөрвөн баг нь ААШТ-д оролцох эрхийн төлөөх гуравдугаар шатанд өрсөлдөх юм. Харин хэсэгтээ гуравдугаар байр эзэлсэн бол Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн төлөө гуравдугаар шатанд өрсөлдөнө. Харин дөрөв болон тавдугаар байр эзэлсэн бол тивийнхээ аваргад оролцох эрхийн төлөөх нэмэлт тоглолт хийнэ. Тэмцээний хуваарийг хүргэе.

Монгол – Мьянмар (9 сарын 5) – Улаанбаатар

Монгол – Тажик (9 сарын 10) – Улаанбаатар

Япон – Монгол (10 сарын 10) – Токио

Монгол – Хиргис (10 сарын 15) – Улаанбаатар

Мьянмар – Монгол (11 сарын 19) – Неймьидо

Тажик – Монгол (3 сарын 26) – Душанбе

Монгол – Япон (3 сарын 31) – Улаанбаатар

Киргизстан – Монгол (6 сарын 4) – Бишкек тэмцээний хэсэгт хуваагдсан байдал

A: Хятад, Сири, Филиппин, Мальдив, Гуам

B: Австрали, Иордань, Тайвань, Кувейт, Балба

C: Иран, Ирак, Бахрейн, Хонконг, Камбож

D: Саудын Араб, Узбекстан, Палестин, Йемень, Сингапур

E: Катар, Оман, Энэтхэг, Афганистан, Бангладеш

F: Япон, Киргизстан, Тажикстан, Мьянмар, Монгол

G: АНЭУ, Вьетнам, Тайланд, Малайз, Индонез

H: Өмнөд Солонгос, Ливан, Хойд Солонгос, Туркменистан, Шри-Ланк ДАШТ-ий урьдчилсан шатны азийн бүсийн “F” хэсгийн эргэн тойрон дахь сонирхолтой баримтууд

-Монгол Улсын иргэн Киргизстан улсад 90 хоногийн хугацаанд визгүй зорчих боломжтой. -2018 оны ДАШТ-д хэсгээсээ шалгарсан Ази тивийн цорын ганц улс бол Япон юм.

-Киргизстан, Монголын залуучуудын шигшээ багууд 2017 оны төгсгөлд Индонезод болсон “Цунами Кап” нөхөрсөг тэмцээнд учраа таарч, тоглолт 3:0-ээр Киргизстаны хожлоор өндөрлөжээ.

-Монголын шигшээ багийн хагас хамгаалагч Х.Цэнд-Аюуш 2011 онд ДАШТ-ий урьдчилсан шатанд Мьянмарын хаалганд гоол оруулж, 1:0-ээр хожиж байсан. -Мьянмарын шигшээ багийн ахлагч дасгалжуулагч Миодраг Радулович энэ оны дөрөвдүгээр сард ажлаа хүлээж авчээ.

-2015 оны есдүгээр сарын 16-нд Японы 16 насны шигшээ баг Монголд ирж 17:0-ээр ялалт байгуулсан. Энэ зун “Реал Мадрид”-тай гэрээ байгуулаад буй Такефүса Кубо тэрхүү тоглолтод манай хаалганд таван гоол оруулсан билээ.

-Монголын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Майкл Вайсс 2012 онд Филиппиний шигшээг удирдаж байхдаа Тажикстаны багийг 2:1-ээр хожиж байжээ. -Киргизстаны шигшээ баг 2019 онд анх удаа Азийн АШТ-д оролцоод хэсгээсээ шалгарсан.

-Тажикстан, Киргизстан нь хил залгаа оршдог бөгөөд хөлбөмбөгийн шигшээ багуудын хоорондох тоглолт нь үргэлж ширүүн болсоор иржээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид