Улаанбаатар 1c

Ла лигт газардсан 20 дахь англи залуу

Английн хөлбөмбөгийн шигшээ багийн баруун жигүүрийн хамгаалагч Кьерэн Триппьер өөрийнхөө авьяас, чадварыг өнгөрсөн жилийн ДАШТ-д харуулсан. Энэ жил 28 настай хамгаалагч эр нутгийнхаа “Тоттенхэм” клубийг орхиж, Испанийн “Атлетико Мадрид” багт очлоо. К.Триппьер ийнхүү Испанийн Ла Лигт тоглох болсон 20 дахь, Испанийн иргэний дайнаас хойш “Атлетико Мадрид” багт ирж буй анхны англи хөлбөмбөгчин болжээ. “Улаан цагаанууд” түүний төлөө 25 сая ам.доллар зарцуулав. “Атлетико Мадрид”-д найман жил зүтгэсэн баруун жигүүрийн хамгаалагч Хуанфран Торресийн гэрээ өнгөрсөн зун дууссан.

Одоогоор шинэ багаа сонгож амжаагүй яваа 34 настай испани эрийг орлож, К.Триппьерийг авчирсан юм. Аргентин мэргэжилтэн Диего Симоны удирдлага дор гурван жил тоглохоор шинэ гэрээ байгуулжээ. Энэ зун гол тоглогчид болох Антуан Гриззман, Хуанфран, Диего Годин, Лукас Хернандес, Родри нарыг алдсан нийслэл хотынхон ойролцоогоор 220 сая орчим еврогоор Жоа Феликс, Маркос Ллорентэ, Фелипе, Ренан Лоди, Хектор Херрейра нарыг авлаа. Одоогоос 95 жилийн өмнө Испанид тоглож байсан Де Дринкуатэр хэмээх англи довтлогчийн талаар тийм ч их мэдээлэл байдаггүй. Жирийн нэгэн тамирчин байсан энэ эр 1923-1924 оны улиралд “Атлетико Мадрид” багийн төлөө ердөө гурван тоглолтод оролцож, 10 гоол оруулжээ.

Үүнээс хойш бараг 100 жил өнгөрсөн ч “Атлетико”-д дахин англи тоглогч газардаагүй юм. Испанийн Ла Лигийн түүхэнд ч “Будант Албион”-оос тоглогч ирэх нь ховор. К.Триппьер Ла Лигт данстай болсон 20 дахь англи хөлбөмбөгчин болсон билээ. “Атлетико”-гийн хөрш, бас заналт дайсан “Реал Мадрид” баг хамгийн олон буюу таван англи тоглогчтой байв. Тэднээс хамгийн алдартай, бас олон тоглолтод оролцсон нь Дэвид Бекхэм. Нэгэн үе Английн шигшээгийн ахлагч байсан Д.Бекхэм Эзэн хааны клубт 116 тоглолтод оролцсон бол түүний араас довтлогч Гари Линекер “Барселона”-гийн өмсгөлтэй 103 тоглолтод оролцсон түүхтэй.

Сонирхуулахад, “Атлетико Мадрид” клубийн түүхэнд аргентинчууд хамгийн олон буюу 47 тоглогч ирсэн бол Бразилаас 28 тоглогч данстай байв. Ла Лигт хамгийн олон тоглолтод оролцсон англи тоглогчийг ла лигт газардсан 20 дахь англи залуу нэрлэвэл Дэвид Бекхэм тэргүүлнэ. Тэрбээр “Реал Мадрид” клубт 116 тоглолтод оролцжээ. Харин Гари Линекер “Барселона”-д 103, Стив МакМАнаман “Реал Мадрид”-д 94, Винни Сэмвэйс “Севилья”, “Лас Палмас”-т 73, Кевин Ричардсон “Реал Сосьедэд”-д 37, Майкл Оуэн “Реал Мадрид” 36 тоглолтод оролсон байна.

Кьеррен триппьер гэж хэн бэ

Английн шигшээ баг 1966 оноос хойш анх удаа дэлхийн аваргад өндөр амжилт үзүүлж, шөвгийн дөрөвт хүрсэн нь саяхан. Нас залуу тоглогчидтой, туршлагагүй дасгалжуулагчтай тэднийг ийм өндөр амжилт үзүүлэхэд олон тоглогч гол дүрд нь тоглосон. Тэдний нэг нь баруун жигүүрийн хамгаалагч Кьеррен Триппьер байлаа. Түүний тамирчны замнал үргэлж дардан байгаагүй. “Манчестер Сити” клубын хүүхдийн ак адемиас хөлбөмбөгчний гараагаа эхэлсэн ч үндсэн багт нь орж чадаагүй юм. Үндсэн багт данстай гурван жил болсон ч энэ хугацаанд “Бөрнслей”, “Бөрнли” клубт зээлээр тоглож, улмаар 2012 онд тухайн үед хоёрдугаар дивизионд багтаж байсан “Бөрнли”гийн үндсэн тоглогч болжээ. Энд тэр гурван улирал тоглохдоо жил бүр чадвар нь сайжирч, багаа премьер лигт дэвшихэд нь том тус хүргэснээр том багуудын анхааралд өртсөн юм.

2014 онд “Арсенал” клуб түүнийг сонирхож байсан ч багтаа үлдэж гурван жилийн шинэ гэрээ байгуулжээ. Харин нэг жилийн дараа “Тоттенхэм” клуб чадварлаг англи залууг 3.5 сая фунтаар худалдаж авлаа. Хэдийгээр том багт ирсэн ч түүнд шууд өөрийгөө харуулах боломж олдсонгүй. Тухайн үед Английн шилдэг хамгаалагчдын нэг Кайл Уолкер “Тоттенхэм”-ийн баруун ард тоглож байсан тул К.Триппьер өөрийнх нь цаг ирэхийг тэвчээртэй хүлээхээс өөр сонголт байгаагүй аж. “Тоттенхэм”-д өнгөрүүлсэн хоёр дахь улиралдаа түүнийг “Саутхэмптон”, “Барнлэй” зэрэг олон баг зээлээр авахаар хөөцөлдсөн ч М.Почитено залуухан шавиа алдахыг хүссэнгүй. Улмаар тэр жил Кайл Уолкер бэртэл авсан тул К.Триппьерт өөрийгөө харуулах цаг нь ирлээ. 2017 онд Английн шигшээ багаас анх удаа дуудсан нь түүний хэр сайн байсныг батлана.

Дараа жил нь К.Уолкер “Манчестер Сити” рүү зарагдаж, К.Триппьер ч таван жилийн шинэ гэрээ үзэглэв. К.Триппьер дөрвөн хүүхэдтэй айлын бага нь. Дээрээ гурван ахтай бөгөөд бүгд хөлбөмбөгт дурладаг. Харин эх нэгтэй ах Кевин Ломакс нь мэргэжлийн хөлбөмбөгчин болж, бусад нь өөр мэргэжил эзэмшжээ. Кевин хамгаалагчийн байрлалд тоглодог байсан тул Кьеррен ах шигээ хамгаалагч болохыг хүсдэг байв. Хөвгүүдийн эцэг нь “Манчестер Юнайтед” багийн улаан фанат байсан тул хүүгээ “Улаан чөтгөрүүд”-ийн академид явуулахаар төлөвлөж байлаа. Цагтаа хөлбөмбөгчин болохыг мөрөөддөг байсан ч бүтэлгүйтсэн эцэг Крис Триппьерийн гэр бүлд нэг зарчим бий. Боловсрол бүхнээс тэргүүнд байх ёстой. Тиймээс хөлбөмбөгийн бэлтгэлээс илүү хичээлийн танхимд ихэнх цагаа өнгөрүүлэхийг хөвгүүдээсээ шаарддаг байв. Тиймээс К.Триппьер үеийнхнээсээ хожуу буюу 17 настайдаа ахлах сургуулиа төгсөөд мэргэжлийн хөлбөмбөгчин болохоор шийдсэн юм.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид