Улаанбаатар 1c

Шоутай, сугалаатай, дэлхийн шилдгүүдтэй жюү жицүгийн ААШТ

Жюү жицүгийн Азийн аварга шалгаруулах тэмцээн манай улсад болж байгаа билээ. Тэмцээнд 400 гаруй тамирчин оролцож байгаа бөгөөд багц мэдээлэл хүргэе.

Жюү жицүгийн ААШТ-ий нээлт болов

Жюү жицүгийн Азийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн арга хэмжээ ёслол төгөлдөр боллоо. XX зууны манлай уртын дуучин, хөдөлмөрийн баатар Н.Норовбанзад агсны дуулснаар олны хүртээл болсон алдарт “Уяхан замбуу тивийн наран дор” уртын дуугаар эхэлж, үндэсний бүжигчдийн уян налархай бүжиг, уран нугараач охидын гайхалтай үзүүлбэрээр эхэлж, Монголын жюү жицүгийн холбооны ерөнхийлөгч Х.Эрдэнэбаатарын мэндчилгээгээр үргэлжлэв. Нээлтийн ёслолд БСШУСЯ-ны Биеийн тамир, спортын бодлого зохицуулалтын газрын дарга Э.Мөнхбилэг, Монголын жюү жицүгийн холбооны ерөнхийлөгч Х.Эрдэнэбаатар, Азийн жюү жицүгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Фахад тэргүүтэй албаныхан оролцлоо. Нээлтийн үеэр МЖЖХ-ны тэргүүн Х.Эрдэнэбаатар сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа “Энэ удаагийн тэмцээний гол онцлог нь 2020 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын ивээл дор зохион байгуулагдах Азийн хүүхдийн спортын наадмын өмнөх тест эвент тэмцээнтэй давхар болж байна. Нээлт ёслол төгөлдөр боллоо. Оролцогчдын тоогоор өмнө нь байгаагүй олон орны тамирчин манай улсад ирж байна. Монголд тив, дэлхийн чанартай тэмцээн зохион байгуулах нь ямар их ач холбогдолтойг харуулахыг зорьсон. Ер нь нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг тэмцээний бэлтгэл ажлыг хангаад, амжилттай үргэлжилж байна. Тэмцээнд 26 орны 420 орчим тамирчин ирсэн нь дээд амжилт юм” гэв. Тэмцээнд дөрвөн өдрийн турш Монгол бөхийн өргөөнд үргэлжилнэ.

Б.Хулан алтан медаль хүртлээ 

Жюү жицүгийн Азийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдрийн тэмцээн боллоо. Эхний өдөр манай эрэгтэйчүүд хараахан медальд хүрээгүй бол эмэгтэйчүүд одтой байж нэг алт, хоёр хүрэл медаль хүртэв. Тодруулбал, файтинг төрлийн эмэгтэйчүүдийн +70 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Б.Хулан алтан медалиар энгэрээ мялааж, төрийн дууллаа эгшиглүүлэв. Үүнээс гадна файтинг төрлийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Э.Түвшинзаяа хүрэл, дуо системийн эмэгтэйчүүдийн төрөлд Э.Түвшинзаяа, Д.Монголжингоо нар хүрэл медалиар энгэрээ мялаасан байна. 

Супер азтан “Жи Мобайл”-ын алтан дугаар, гар утасны хамт хожжээ

Жюү жицүгийн Азийн аварга шалгаруулах тэмцээний үеэр өдөр бүр азтан тодруулж байгаа билээ. Тэгвэл өчигдөр буюу тэмцээний эхний өдөр дөрвөн азтан тодорлоо. Супер шагналыг М.Даваадорж хожсон бөгөөд тэрбээр “Жи Мобайл”-ын алтан дугаар, самсунг А5 маркийн гар утасны эзэн болов. Тэрбээр “Энэ тэмцээнд өөрөө оролцсон. Гурав ялж, хоёр ялагдсан. Медальд хүрэхэд бага зэрэг аз дутлаа. Гэхдээ гар утас, алтан дугаарын эзэн болно гэж бодсонгүй. Ёндоотой байна. Маш их баяртай байна. Дөрвөн тасалбартай байгаа нэг нь намайг азтан болголоо” гэв. Тэгвэл хоёр дахь азтан нь Азийн аваргын мөнгөн ивээн тэтгэгч “Шунхлай”-гаас мянган төгрөгийн шатахуун авах эрх хожих байлаа. Энэхүү азтанаар Б.Хишгээ тодорлоо. Түүний сэтгэгдлийг сонсоход “Маш сайхан байна. Азтан болно гэж бодсонгүй. Гурвуулаа ирээд нэг нь азтан боллоо. Баяртай байна” гэв. Харин гурав дахь азтан “Сүү” хувьаат компанийн зайрмагнаас нэг хайрцгийг хожих ёстой байлаа. Зайрмагны азтанаар н.Сугар тодорсон ба тэр “Анх удаа сугалаанд хожиж үзлээ. Хоёр сугалаанаас нэг нь таарсан. Үнэхээр их баяртай байна” гэв. Тэмцээний дөрөв дэх азтанаар н.Алтанзул тодорч лего тоглоом хожсон юм. Маргааш, нөгөөдөр та ч азтан болох боломжтой. Дөрвөн өдрийн турш өдөр бүр 4-5 азтан тодруулж байгааг дуулгая. 3900 төгрөгөөр тасалбараа аваад өндөр зэрэглэлиййн тэмцээн үзэнгээ азтан болоорой.

Т.Мөнх Азийн аварга боллоо

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо болж буй жюү жицүгийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй Монголын эрэгтэй тамирчдаас анхны алтан медальтан тодорлоо. Тодруулбал, файтинг төрлийн эрэгтэйчүүдийн 77 кг-ын жинд Т.Мөнх алтан медаль хүртсэн бөгөөд тэрбээр энэ төрлөөр тивийн аварга түрүүлсэн анхны монгол эрэгтэй тамирчин болж байгаа юм. Тэрбээр медалиа гардаж авсныхаа дараа “Маш их баяртай байна. Үндсэн төрөл болох Newaza-д авч чадсангүй. Уг нь миний гол зорилго Newaza-д түрүүлэх байсан юм. Харамсалтай нь чадсангүй. Гэхдээ дутуугаа файтингаас нөхөж алтан медаль авлаа. Өрсөлдөгч нэлээд хүчтэй байсан. Өрсөлдөгч тамирчнаа уурлахаар нь бага зэрэг гайхлаа. Энэ бол тэмцээн шүү дээ” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Монголчууд 10 медальтай болов

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо болж буй дөрөв дэх удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээний медалийн хүснэгтийг хоёр өдрийн дараахь байдлаар Тайландын жюү жицүчид 15 алт, 13 мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлж байгаа бол АНЭУ гурван алт, дөрвөн хүрэлтэйгээр удаалж Монголын баг хоёр алт, гурван мөнгө, таван хүрэл медаль авсан амжилтаар эхний гуравт эрэмбэлэгдэж байна. Араас нь Казахстан, БНСУ, Тайвань, Иорданы баг тамирчид алтан медаль авсан тоогоороо эхний долоон байрыг эзэлж байгаа юм. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид