Улаанбаатар 1c

Б.Бат-Эрдэнэ: Э.Оюунболд сэргээш хэрэглэх шаардлагагүй байгалийн өгөгдөлтэй бөх

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

-Монгол Улсын аварга Э.Оюунболдыг допинг хэрэглэсэн гэсэн шинжилгээний хариу гарчээ. Харин Э.Оюунболд аварга допинг хэрэглээгүй, өөрийнх нь шээсийг сольсон талаар мэдэгдэл гаргасан. Шинэ аваргын багшийн хувьд та энэ асуудалд ямар байр суурьтай хандаж байгаа вэ. Тантай зөвлөлдсөн үү?

-Надтай холбогдоогүй л байна. Өөрөө бичлэг хийж, мэдэгдэл гаргасан байна лээ. Миний хувьд орон нутагт томилолтоор ажиллаж байгаад ажлаа дуусгасны дараа рашаан сувилалд явсан. Өнгөрсөн ням гарагт хот руу ирлээ. Энэ хугацаанд Э.Оюунболд надтай холбогдсонгүй. Мэдэгдлийг нь харсан.

-Э.Оюунболд аварга үндэсний бөхийн хоёр холбооны зөрчил, маргаан дээд цэгтээ хүрч, эцэстээ наадмын түрүү бөхөөр оролдож эхэлж байна гэсэн байр суурийг илэрхийлж байна лээ. Та шавийнхаа байр суурьтай санал нийлэх үү?

-Үндэсний бөхийн холбооны маргаан 2002 оноос үүссэн. Одоо 17 жил болж байна. 2017 оны гуравдугаар сард бөхчүүд хуралдаж, надад итгэл үзүүлэн холбооны тэргүүнээрээ сонгосон. гурван хүнд шалгуулахаар боллоо. И.Нямгаваа гуай “Чамд Дарханд хамаатан садан, таньдаг мэддэг хүн бий юү” гэж байна. Тэгэхээр нь би “Байгаа, байгаа” л гэлээ. Залуу ч байж дээ, дөнгөж 25 настай. Тэгээд шалгуулж дуусаад манай талхны үйлдвэр рүү бичиг явуулахаар болсон юм. Нөгөө бичиг нь нэг сар ирсэнгүй. Намайг жүжигчнээр авах өнгөрч дээ гэж бодоод ажлаа хийж байтал дарга дээр бичиг ирсэн шүү гэж байна. Ядамсүрэн гээд даргынхаа өрөөнд ороод “Дарга аа, нэг бичиг ирсэн гэсэн. Би жүжигчин болох санаатай” гэтэл манай дарга “Би ганцаараа шийдэхгүй үйлдвэрийн хариуцлагатны зөвлөгөөнөөр чиний асуудлыг авч хэлэлцэнэ” гэв. Даргын өрөөнөөс гараад намын даргатай уулзлаа. “Ах аа, намайг бодоорой” гэдэг шиг бүх дарга нартай уулзаад намайг дэмжээрэй гээд нөлөө бүхий хүмүүсийг гуйсан даа. Тэгээд хурлаар намайг Дархан явахыг Олон түмэн, хамт олон надад итгэл хүлээлгэсэн учир би ажлаа хүлээж авсан. Үүний дараагаас маргалдагч талууд санал нийлэхгүй байгаагаа хэлж байсан. Би тухайн үед “Бөхийн үйл хэргийн төлөө эв нэгдлийг хичээх хэрэгтэй” гэдгийг хэлж, дараа нь би нэр дэвшихгүй, нэр дэвшүүллээ ч нэрээ татна гэдгээ хэлсэн. Үүнээс хойш би эв нэгдэлд хүргэхийн тулд өөрийн байр сууриа илэрхийлээд л явж байна. Маргалдаж байгаа талынхантай ойлголцохын тулд тавьж буй саналуудыг бүх түвшинд нь хүлээж авч байгаа. Ирэх ес, аравдугаар сард холбоо их хурлаа хийх байх. Би Л.Чинбаттай удаа дараа уулзсан. Хамт сууж байхдаа лайв мэдээлэл ч хийсэн. Мөн Х.Баянмөнх гуайтай хэвлэлийн хурал хийсэн. Бидэнд ойлголцохгүй, санал онолын зөрүүтэй зүйл байхгүй.

-Х.Баянмөнх гуайтай допингийн асуудлаар ярилцсан уу?

-Бид хамгийн сүүлд баяр наадмын үеэр 50-иас дээш насны дархан аваргуудын хүндэтгэлийн арга хэмжээний үеэр уулзалдсан. Үүнээс хойш холбоо барих гэсэн ч чадаагүй байна. Нутаг руугаа явсан гэсэн. Би Б.Гантогтохтой холбогдож, “Аваргыг ирэхээр нь надтай холбоорой” гэж хэлсэн.

-Таныг шинжилгээний хариуг өөрчлөхийн тулд их хөөцөлдөж байгаа тухай мэдээлэл гарсан. Үнэн юм уу?

 -Намайг хөдөө явсан хойгуур “Утсаа унтраагаад алга болчихлоо. Солонгос руу шавийгаа дагуулж яваад шинжилгээний хариуг нь өөрчлөхөөр хөөцөлдөж байна” гэх мэт янз бүрийн мэдээлэл гаргасан байна лээ. Энэ нь ямар учиртай юм, бүү мэд. Санаатайгаар л тийм мэдээлэл гаргаж байгаа байх. Би хөдөө сүлжээгүй газар явсан учир утас холбогдохгүй байх нь аргагүй шүү дээ. Мөн намайг “Баяр наадмын комиссынхонтой допингийн асуудлаар уулзаж, асуудлыг шийдвэрлэхээр хөөцөлдөж байна” гэсэн мэдээлэл ч гаргасан байна лээ. Баярын наадмын комиссынхонтой би огт уулзаагүй.

-Э.Оюунболд аварга мэдэгдэлдээ “наадмын өмнө надаас допинг илрүүлнэ гэж дарамталж байсан” гэж мэдээлсэн. Үнэхээр ингэж дарамталж байсан юм уу. Танд энэ талаар хэлсэн үү?

-Би энэ тухай үнэндээ мэдэхгүй. Э.Оюунболд миний нутгийн хүүхэд. Сайн яривал ээжтэй нь нэг гол усны хүмүүс. 14 настайгаасаа миний үүсгэн байгуулсан сургуульд суралцсан. Долоон жил суралцаад “Эрдэнэт” үйлдвэрийн, дараа нь цагдаагийн байгууллагын бөх гэж харьяалж яваа хүн. Улсын баяр наадамд 20 настай зургаа давж, дараа нь түрүүлсэн хүн шүү дээ. Үүнээс хойш “Дэмий тэнэлээ. Янз бүрийн зүйл идлээ, уулаа” гэх мэт хэл ам гарч эхэлсэн. Надтай тийм байдалтай таарч байгаагүй л дээ. Би санаа зовоод сүүлийн нэг жилийн хугацаанд утсаар холбогдож, бэлтгэлээ хэрхэн хийж байгаа талаар ярьдаг байсан. Гэхдээ би өдөр бүр бэлтгэл сургуулилтад нь очиж чадахаа байсан хүн шүү дээ. Надад ямар нэгэн байдлаар мэдэгдэж, хэлсэн зүйл байхгүй. Би баяр наадмын өмнө Сүүж ууланд бэлтгэлд гарч байхад нь очиж уулзсан.

-Шинжилгээнд өгсөн шээсийг нь сольсон гэсэн. Шээсийг солих боломж байдаг юм уу. Шинжилгээ авах процесс нь яаж өрнөдөг юм бэ?

-Би олимпийн төрлийн тэмцээнд жилдээ хоёр, гурван удаа оролцдог байлаа. Азийн наадам, олон улсын А зэрэглэлийн тэмцээнүүдэд оролцож, медаль авч байсан. Тэмцээнд шалгарсан тамирчдаас допингийн шинжилгээ авдаг. Мөн 2003 оноос хойш улсын баяр наадамд хуулийн дагуу шөвгөрсөн 16 бөхөөс допингийн шинжилгээ авдаг болсон. Би 2006 он хүртэл наадамд шөвгөрч байсан учир шинжилгээг нь өгч л байсан. Олон улсад ч, манай улсад ч адилхан стандартаар шинжилгээ авдаг байсан. Хоёр саванд нэг удаа шээлгээд лацаддаг. Харин 2007 оноос би барилдаагүй учир үүнээс хойш хэрхэн шинжилгээ авч байгааг нь мэдэхгүй. Би шинжилгээ авдаг өрөө тасалгаагаар нь очих нь байтугай хэл амны нэмэр гээд улсын баяр наадмын тавын даваа эхэлсэн хойно очиж үздэг. Наадмын үеэр би утасны дуудлагад ч хариулдаггүй. Шинжилгээнд өгсөн шээсийг солих боломж байдаг эсэхийг би мэдэхгүй.

-Өмнө нь ч шинжилгээнд өгсөн шээсийг солих гэсэн тохиолдол гарч байсан гэсэн. Танд энэ талаарх мэдээлэл бий юү?

-Би мэдэхгүй. Хардлагатай, сэрдлэгтэй зүйл олон л ярьдаг юм.

-Гуравдагч оронд шинжилгээ өгнө гэсэн. Та мэдсэн үү?

-ДНК-гийн шинжилгээ өгнө гэнэ үү. Би мэдээгүй л байна.

-Э.Оюунболд аварга одоо хаана байгаа юм бэ?

-Би мэдэхгүй.

-Хэнтий аймгийн нутгийн зөвлөлийнхөн допингийн асуудлыг хэрхэх талаар хуралдсан гэсэн. Магадгүй нутгийн зөвлөлийнхөн аваргаар мэдэгдэл хийлгэсэн байх гэсэн таамаг байна. Ер нь бөхийн асуудал нутгийн зөвлөл цаашлаад улс төрийг хамрах нь уу даа?

-Би энэ талаар мэдэх зүйл алга. Би хүн амьтантай уулзах тал дээр их хойрго хүн шүү дээ.

-Увсын бөхчүүд, бусад аймгийн бөхчүүд гээд л талцаад байх юм. Үүнийг хэрхэн шийдвэрлэх ёстой юм бэ?

-Одоо ингэж маргах хэрэггүй дээ. Үнэн худал нь мэдэгдэхгүй “Хоёр Мөнх” гэж яриад л байдаг байсан. Хоёулаа бидний хүндэлж хайрладаг хүмүүс. Ямар асуудал байгаа нь нүдэнд харагдаж, гарт баригддаггүй. Гэсэн ч зохиомлоор талцал бий болгодог. Энэ зүйлийг эцэс болгох нь зөв гэдгийг би байнга ярьж байгаа. Монгол бөх бол монголчуудын бүтээсэн өв соёл учраас бид тал бүртээ анхаарах ёстой. Ямар нэгэн байдлаар нутаг усны асуудал ярих хэрэггүй.

-Шинэ аварга допинг хэрэглэх магадлалтай юу?

-Э.Оюунболдыг допинг хэрэглэсэн гэхээр надад үнэхээр санаанд буухгүй байгаа юм. Өөрөө овоо байгалиасаа төрчихсөн юм билээ. Бие бялдар, бяр тэнхээ, барилдаан, мэдрэмжийн хувьд хэлэх юм байхгүй. Тиймээс энэ хүнд нэмэгдэл бүтээгдэхүүн шаардлагатай гэж бодохгүй байна. Харин дэмий сэлгүүцэж, элдэв хэл аманд ороход нь л санаа зовно уу гэхээс өөр зүйлд санаа зовдоггүй шүү дээ. Гэтэл ийм юм яригдаад байгааг гайхаад л байна.

-Допинг хэрэглэсэн гэсэн шинж тэмдэг мэдэгдээгүй юү?

-Наадамд түрүүлчихээд надад үнсүүлсэн. Дараа нь Хүй долоон худагт таарсан. Дараа нь уяачдын наадам болон Өмнөдэлгэрт болсон нэг арга хэмжээн дээр уулзсан. Түүнээс хойш холбогдоогүй. Надад энэ талаар огт яриагүй.

-Э.Оюунболд аварга тантай их ойр хүн. Мэдэгдэлдээ “багш надад архи, допинг хоёроос хол яваарай” гэж захисан гэсэн. Харин энэ асуудлаас хойш тантай холбоо бариагүй гэдэгт эргэлзээ төрж байна л даа?

-Надтай холбоо бариагүй нь үнэн. Би шавь нартаа адил зүйл хэлдэг. Анх барилдаж эхлэхэд нь л допингтой холбоотой зүйлийг хэлж байсан байх.

-Допинг хэрэглэсэн хоёр бөхийн нэр тодроогүй байхад Л.Чинбат тэргүүтэй бөхийн холбооноос Э.Оюунболдын аваргын нэрийг зарлаж, цолоо хураалгахыг шаардсан. Та үүнийг хэрхэн хүлээж авсан бэ?

-Ер нь бөхийн холбоо олон нийтийг төөрөгдүүлсэн мэдэгдэл хийж болохгүй. Төрийн баяр наадмыг зохицуулах тусгай хууль бий. Баяр наадмаа зохион байгуулах комисс байна. Тэр дундаа бөхөө хариуцсан салбар комисс бий. Тиймээс хууль дүрмийн дагуу асуудлыг шийдвэрлэж, баяр наадмын комиссынхон ажлаа хийнэ байх.

-Шинэ аваргын албан ёсны багш Б.Адъяахүү багштай та холбогдсон уу?

-Б.Адъяахүүтэй холбоо барьсан. Адъяахүү бас холбогдож чадахгүй байгаа юм билээ. Бид ууж, идэх асуудалд нь л санаа зовж байгаа. Мөн наадмаас хойш багш нь гээд Батням гэл үү дээ нэг хүн тодроод ярилцлага өгсөн гэсэн. Би тэр хүнийг танихгүй юм билээ. Тэр хүний ярьж байгаагаар Э.Оюунболдыг бага байхад нь надад шавь оруулсан гэж яриад байгаа юм билээ. Зургийг нь харахад чөлөөтөөр барилдаж байсан хүний зураг шиг харагдаж байна лээ.

-Нэгэн цагт хадбаатар аваргыг дийлээгүй хорьсон шигээ намайг хорлох гэж байна гэж Э.Оюунболд аварга хэлсэн. үнэхээр сайн барилддаг бөхийг хорлох, асуудалд унагах хэрэг гардаг юм уу?

-Бөх, морь сэвтэх нь их амархан. Тиймээс бөх, морийг монголчууд их хайрладаг. Ариун дагшин, сүлд хийморио өндөрт авч явах ёстой. Монголчууд аймгаараа талцаж нутгархаад хэрэггүй дээ. Э.Оюунболдыг допинг хэрэглэсэн гэж бодохоор санаанд нэг л орохгүй байгаа юм даа. Ер нь, тамир тэнхээ, барилдааны мэдрэмжээр хол илүү юм. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид