Улаанбаатар 1c

Хатанбулагийн эгшиг

Хулангийн сүрэг их талд хуйлран давхиж, хургаа дагуулсан аргаль гүйж одно. Тогтуухан салхитай, торойсон үүлтэй говьд намар иржээ. Гучин гурван говийн нэгт тооцогдох Дорноговь аймгийн Хатанбулаг суманд ирсэн минь энэ байлаа. Зэрэглээтсэн, зэгстэй хөндийн чимэг болсон жил ирэх тусам цөөрсөөр байгаа ховор нандин амьтад биднийг угтаж байгаа нь бэлэгшээлтэй.

төрсөн нутгийн зүг жолоо дугтрахын учир

Энэ удаа эх нутгаа зорих болсон шалтгааныг энд тайлбарлах нь. Сэтгүүлчийн зүгээс биш, залуу яруу найрагчийн хувьд бус, зөвхөн гэрэл гэгээт ахынхаа гэгээн дурсгалд нэг зул нэмье юү гэсэн юм. Миний ахыг Сэрээнэнгийн Билигсайхан гэдэг. Цэл залуухан насандаа бурхан болсон ах минь хийж бүтээж, гэрэлтэн гийсээр тэнгэрт солонго болоод 1011 хоногийг үджээ. Ахыг минь дурсан санасан яруу найрагч нөхөд нь манай нутагт болох яруу найргийн наадамд бүгд шүлгээ өгсөн сэтгэлийг сонсоод баярлаж суусан юм.

Харин энэ үеэр манай нутгийн залуу яруу найрагч Г.Ган-Эрдэнэ надтай холбогдож “Хоёулаа хамтарч байгаад ахынхаа нэрэмжит шагнал өгвөл сайхан байна” гэв. Битүүхэндээ хэлэхэд энэ мөчийг төсөөлөх битгий хэл зүүдэлж ч явсангүй. Ахынхаа нэрэмжит шагналыг нутгийн тайзнаа гардуулна гэж бодож ч байсангүй. Зориг шулуудан Хатанбулаг сумын Засаг дарга С.Эрдэнэболд ахтай холбогдон учир явдлаа хэлэхэд уриалагхан хүлээн авлаа.

Ингээд аав, ах хоёрын нэрийг үүрч явах хувь энд тохиосныг дурдсан билээ. Өдгөөгөөс 23 жилийн тэртээ гурван настай жаахан охин сумын төвөөс аймаг руу шилжсэн түүхтэй. Бувтнан, гүвтнэн дөнгөж хэлд орж байх үедээ нутгаасаа мордсон охин буцаад төрсөн нутагтаа ирээд сэтгэл бахтам байлаа. Ингээд аян замд 15 яруу найрагчтай дөрөө харшуулж, аяны дуугаараа зэрэглээг долгилуулж, бадаг шүлгээрээ мянган толгодыг өнгөлж явав.

Өнгө нэмсээр яваад үдэд Хатанбулаг сумын төвд буулаа. Аян замын тоосоо гөвөөд, аагтай шаргал цайгаар хөлсөө гаргаад, амтат хоолоор гэдсээ бордоод авав. Ингээд их замын уртад алжаасан найрагчид эхний өдөр амарцгаасан юм.

ижий, аавын үргэлжлэл

Наран ургах зүгт сүрэг шувууд нисээд, тэнгэрийн хаяанд гэгээ цацарч сумын төвийн өглөө эхэллээ. Чимээ аниргүй сумын гудмаар алхахдаа чихэр эрсэн хүүхэд шиг ийш тийш хэсүүчилж явав. Хуучны шавар дагзан байшингуудын зүс гундаж, хуруу дарам хэдхэн өнгөлөг байшин нь сумын хөгжил гэлтэй. Хатанбулаг сум нь аймгийнхаа хамгийн их хүн амтай хоёр дах сумд тооцогддог гэнэ.

Сулинхээрийн гудамж гэсэн бичигтэй самбарыг хараад сул элс сэтгэлд минь асгарах шиг болов. Ах маань амьд сэрүүндээ “Аавын минь ажлын газар” гэх бичвэртээ “Аав минь сумын xудалдаа бэлтгэл анги гэж байxад түүxий эдийн эрxлэгч байлаа. Одоо бол xол ойрын мал дурандсан янxийсэн буурал өвгөн л гэрийн сүүдэрт явган суугаа. Би төрж өссөн сумын төвдөө очиx болгондоо л аавыxаа ажлын газрын гадуур зуурхан саатаж, тойрч эргэж, шавар нь унасан xаныг нь илж, чулуу нь эмтэрсэн довжоон дээр нь бааxан суудаг юм. Яагаад гэдгийг мэдэxгүй. Дээврийн xөндий, битүүлсэн цонx, том xар монгол цоожныx нь завсар цаанаас миний бага нас, миний аавын идэр залууxан нас, миний сумын мандан бадарч явсан цаг гээд олон л юм намайг ээрэн ширтэж xолдуулдаггүй ч байж мэднэ. Нэг насаараа ажиллаж xөдлөмөрлөж, зүтгэж амьдарч нэг байшингийн довжоон идэрхэн xүүгээ xожмын өдөр суулгаад дуулуулж байгаа ааваараа би тэгэхэд баxарxсан. Нэртэй төртэй амьдарч яваxын учрыг уxааруулсан аавдаа би баярласан” гэж бичиж байжээ.

Зулай зулайгаа гишгэж төрсөн ахан дүүсийн бодлын үзүүр энд зангилагдав. Мөн царай зүсийг минь үзээд хаана харлаа гэх нутгийн улс гэнэт “Б.Өнөжаргал багшийн охин уу” гэж асуух нь ижийтэйгээ дэндүү адилхныг минь баталж байлаа. Улаан нялзрай эмнэлгээс гараад өлгийтэй өөдөсхөн охин байх үед минь намайг харж байсан гээд хуучлах нутгийн эгч “Тэр үед чамд Бэрцэцэг гэх нэрийг өгсөн тод санаж байна. Жаахан охин өдий том болдог оо” хэмээн гайхаад духан дээр минь үнсэв.

хорго хайрханы энгэрт

Ингээд ирсэн найрагчдын хамтаар сумын төвөөс гурван тийш хуваагдан нутгийн олонд шүлэг найргаа сонордуулахаар давхив. Таван найрагч Хорго хайрхан, таван найрагч Шивнээ булаг, таван найрагч Хатны булагийн зүг тоос татууллаа. Миний бие найрагчдын хамтаар Хорго хайрханд очив. Сулинхээрийн багийн дарга н.Оргодол биднийг хүлээж авсан юм. Хорго хайрханы энгэрт цугласан нутгийн ардад зориулж хөдөө талд найрагчид шүлгээ дуудлаа. Биднийг зарлан дуудсан, биднийг хүндэтгэн хүлээн авсан их хүмүүн бол МЗЭ-ийн шагналт яруу найрагч С.Чулуун гуай байлаа.

соёлын гавьяат зүтгэлтэн, д.нацагдоржийн шагналт, яруу найрагч с.оюун

Цэцэг дэрлэж, Цагаан уулын дэргэд байхад гоо болном

Сархи сөрөөд хамаг биеэ хийсгэхэд далавч урганам

Цэцэг намайг урлаж, салхи намайг эсгэнэм

Тэр үед би энхэр болном

Шөнийн тэнгэрээс одод намайг тооход ер бусын болном

Шүүдэр “хүртэж” наран ургахыг үзэхэд ариухан болном...

монголын зохиолчдын “хурмаст тэнгэр” төвийн яруу найрагч б.лхагвадорж

Талыг би...

Тал гэж боддоггүй

Үхлээс үрээн нууж үлдээсэн

Эхийн сэтгэл гэж боддог

Талыг би...

Уулсыг би...

Уулс гэж боддоггүй

Элгэн саднаа нөмөрлөж оршсон

Эр ухаан гэж боддог

Уулсыг би...

Сарыг би...

Сар гэж боддоггүй

Учралт амрагаасаа хагацсан

Уйтгарт бүсгүй гэж боддог

Сарыг би...

Хорго хайрханы энгэр бэлд салхи сэвэлзэж, тэнгэрт үүлс  уяраад бүжих шиг болов. Бидэнд зориулж даага давхиж, хүчит бөхийн барилдаан болсон юм. Хүчит бөхийн барилдаанд найрагчдыг төлөөлөн Монголын зохиолчдын “Хурмаст тэнгэр” төвийн гишүүн, “Эх орны цэрэг” яруу найргийн наадмын тэргүүн шагналт залуу яруу найрагч Г.Ган-Эрдэнэ хүч бяраа үзэн барилдсан юм.

Ингээд сумын Засаг дарга С.Эрдэнэболд өөрийн зүгээс түрүү байруудыг байллаа. Өдөржин наадамлаж, нутгийн олонд шүлгээ дуудахад бүгд чих тавин сонсох бөгөөд салхинаас өөр чимээ үгүй байсан нь гайхшруулсан юм. Хөдөөний түмэн минь шүлэг, яруу найрагт ийм хайртай байгаа нь сайхан санагдаж байлаа. Хоёр гурван малчин залуучууд шүлэг бичдэг бүр ярайтал дармалдаж бичсэн шүлгийн дэвтрээ бидэнд харуулж байсан нь Хатанбулаг сумынхан найргийн удамтай гэдгийг илтгэж байв. Яруу найрагч С.Чулуун гуайн төрсөн буурин дээр очиход ганц нэг бороо дусалж байв. Очсон найрагчид шүлгээ дуудлаа.

мЗэ-ийн гишүүн яруу найрагч э.эрдэнэдалай

Наранд гялбах усан болор дуслуудыг хэлхэж

Сарны асарт цацахад үдшээр одод түгнэ

Тэнд үүлний нутаг бий...

Нуурын долгис дээгүүр навч шиг эргэлдэн дэвэхээр

Суварган уулсын араас цагаан салхин исгэрнэ

Тэнд улирлын нүүдэл бий...

Давших цаг хугацааг сэтгэлийн агуйгаас үдэхэд

Сая сая жил эрвээхийн нас шиг дэнлүү эргэнэ

Тэнд үзэгдлийн мөн чанар бий...

Мяралзах уулсын нурууг элээж мөнх бус салхилахад

Сэмхэн өөртөө нүүдэллэж дахин мэндлэхээ хүлээнэ

Тэнд миний шинэ нэр бий.

Яруу найрагч бүхэн шүлэг дуудаад дуусах агшинд бороо асгарсан юм. Говийн түмний магнай тэнийж найрагчид ирж уул усыг минь баярлуулж, хайрхад минь хур бороо илгээлээ хэмээн цэнгэж байв.

наадмын өнгө

Сумын соёлын төвийн гадуур хөл хөдөлгөөн болоод машин, мотоцикл эгнэн байлаа. Хөдөө нутгаас ирсэн малчид хойд эгнээгээр сууцгааж, сумын төвийн цэцэг шиг охид урдуур суусан байв. Харин буурал өвөө, эмээ нар шүлэг чагнахаар ирсэн нь сайхан санагдаж сэтгэл догдолж байлаа. Ингээд хэдэн мянган кмийн цаанаас зорин нутагт минь ирсэн Говь-Алтай, Хэнтий, Ховд, Увс гэм мэт аймгийн 15 яруу найрагч шүлгээ дуудаж өрсөлдөв. Өрсөлдөөн ширүүн болсныг илтгэхэд өнгө нэмсэн хэдэн шүлгийг энд шигтгэх нь зүйн хэрэг.

МЗэ-ийн шагналт яруу найрагч д.гансүрэн

Дахиад л бодол-8

Энэ зуны анхны цас,эмээгийн зандан эрхи,хүйтэн нар,

Эндээс цааш явах зам байхгүй,мэдээж үхэл бий л байх,

(Явж үзсэн тухай өнөө хэр тэмдэглэгдээгүй)

Шанаа тулан цонхоор ширтэн суунам,цонх уйлаад л

Шал хэрэггүй наанаас нь нулимсыг нь арчсан болном,

(Дотроо урсах нулимсыг гаднаас арчсан тухай тэмдэглэгдээгүй)

Гэнэ гэнэхэн босох хүйтэн хавсарга,нялх ногоо даарч байгаа үзэгдэнэ,

Гэртээ дулаан би тэдний өмнө буруут мэт бодогдоно...

мЗэ-ийн болон г.сэр-одын шагналт яруу найрагч б.алтанхуяг

Зүүдний шүлгүүд

Нууцаар дүүрэн урт хонгил, тал нутгийн шөнөөр

нуурын мөнгөлөг уснаас аж төрөхүйн

сайхныг нээж шар шувууны хүүгэчих

ер бусын дуунд цочилгүй тайван инээмсэглэж суух

таны дүрийг үзмүй.

Нэгэнтээ ирэх харанхуйг чихний үзүүрээс уяж

нам гүмыг анирдан нимгэн тэрлэгэн доороо шөнийг чимээгүйхэн угтах,

аав минь та, үлдэж хоцроод салхинд элэгдсэн дурсамжуудыг

альхан хавиас олж үзээд инээмсэглэж сууна вэ...

мЗэ-ийн шагналт яруу найрагч г.сонинбаяр

Сулинхээр

Яруу найрагч Сэрээнэнгийн Билигсайханы гэгээн дурсгалд

Сул хээр адуу тэнгэрийн хаяанд үүрсэж

Сулинхээр нутагт шаргал бороо зүсэрнэ

Эртний далайн дулаан хэвлийгээс

Эргэлийн зоо үлэг гүрвэл мэт өндийнө

Анхны хүний хүй цөглөсөн нутагт

Алтан харгана, цагаан зандан цэцэглэнэ

Гучин сая жилийн наранд үл ширгэх

Гучин гурван говийн булаг шанд мэлтэрнэ

Сул хээр адуу тэнгэрийн хаяанд үүрсэж

Сулинхээр нутагт шаргал бороо зүсэрнэ

Эрхэс гаригийн орчилд хумхын тоосон бүрэлдэж

Элсэн далайн түрлэг хурмастын хаяаг сөхнө

Тооройн төгөл нялхарсан Булан саарлын говьд

Толь, Шивнээн булаг үлгэр зүүдлэн урсана

Солирын бороо мэт говийн шөнийн одод

Солонгорон тунараад үүрийн гэгээнд уусна...

Энэ мэт дээрх шүлгүүдийн эзэд болсон 15 яруу найрагчаас “Эгшиглэнт Хатанбулаг 2019” яруу найргийн наадмын тэргүүн байрт МЗЭ-ийн гишүүн яруу найрагч Э.Эрдэнэдалай шалгарч, хоёрдугаар байрт  Г.Сэр-Одын шагналт яруу найрагч Б.Алтанхуяг удаалж, гутгаар байрт МЗЭ болон Урчуудын эвлэлийн шагналт яруу найрагч, зураач М.Амархүү шалгарсан бөгөөд МЗЭ-ийн шагналт яруу найрагч Д.Гансүрэн тусгай байрт орсон юм.

Харин миний зорилго болсон ажил соёлын төвийн тайзнаа биеллээ олж нутгийн түмэн нижигнэсэн алга ташилтаар мялаасан юм. Мэлтэлзсэн цагаан сүүний дээжийг аяганд бялхуулж, эрдэм номын бэлгэдэл болсон шар хадагаа дэлгээд Зос овогт Сэрээнэнгийн Билигсайхан агсны нэрэмжит шагналыг МЗЭ-ийн шагналт яруу найрагч Г.Сонинбаярт гардуулсан юм. Наадмын өнгийг тольдсон учиг энд хүрээд өндөрлөж, сумын соёлын төвд цагаан бүжиг дэгдэж нэг үдшийг үдэв.

Ирсэн гийчэд буцдаг тавилантай учир Хатанбулаг сумаас өглөөний нарнаар хөдөлөөд Эргэлийн зоонд буув. Биднийг Эргэл багийн дарга Ч.Баяр багийнхаа нутаг дэвсгэрт угтан авлаа. Эргэлийн зооны энгэр бэлд монгол гэрийн хойморт найрагчид шүлэг дуугаа өргөж уулзахын учирлыг ерөөж нутгийн удирдлагууд биднийг үдсэн юм. Энэ үеэр Хатанбулаг сумын Засаг дарга С.Эрдэнэболд “Эгшиглэнт Хатанбулаг" яруу найргийн наадам зохион байгуулах болсон зорилго бол нутаг усны ард зон, уул, усыг баярлуулах байлаа. Энэ зорилгодоо ч хүрлээ. Манай сум 3000 хүн амтай. Харин энэхүү яруу найргийн наадмыг 300 гаруй хүн үзлээ. Сумын нийт хүний аравны нэг  хувь нь энэ наадмыг үзэж, наадаж, цэнгэлээ. Наадамд шалгарсан 15 яруу найрагч болон мэргэн гурван шүүгчдээ баярлалаа. Та бүхнийг Янжинлхам бурхан нь ивээх болтугай. Уран бүтээлийн өндөр амжилт хүсэж байна” хэмээн аавын тухай сайхан дуугаар аян замыг минь ерөөсөн юм.

Морьтой хүн далдрам өндөр ургасан алтан харгана найгаж, мянган толгодын оройд үүлс сүүдэртэж, хайлаас мод нь салхинд ганхаж биднийг үдлээ. “Нутгийн зам нуруутай, нуган үрдээ ханилгаатай” хэмээх дууны үгээр аян замын тэмдэглэлээ төгсгөж байна.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид