Улаанбаатар 1c

Хонконгийн ДНБ 0.4 хувиар буурчээ

Домогт хөрөнгө оруулагч Жим Рожерс “RT” агентлагт өгсөн ярилцлагадаа “Хонконг хөрөнгө оруулагчдын хувьд “аюулгүй газар” байхаа больж, дэлхийн санхүүгийн төв хэмээх статусаа алдаж байна гэдгийг онцолжээ. Олон долоо хоногийн турш үргэлжилж буй эсэргүүцлийн жагсаал, эмх замбараагүй байдлын улмаас Хонконгийн үнэт цаас болон үл хөдлөх хөрөнгийн зах зээл савалгаатай байгаа юм. Жагсагчид Хонконгийн олон улсын нисэх онгоцны буудлыг хаахаас өмнө буюу өнгөрсөн сарын 14-нөөс энэ сарын 9-нийг хүртэлх хугацаанд Азийн орнуудаас тус засаг захиргааны тусгай бүс рүү нисэх нислэгийн тоо 33 гаруй хувиар буурчээ.

Эсэргүүцлийн ажиллагаанаас гадна АНУ, БНХАУ-ын худалдааны дайн Хонконгийн эдийн засгийн байдалд нөлөөлж, өнгөрсөн гурваас зургадугаар сар хүртэлх хугацаанд ДНБ нь 0.4 хувиар буурсан байна. Ерөнхийдөө тус засаг захиргааны тусгай бүсэд тогтворгүй байдал газар авч байгаа нь хөрөнгө оруулагчдыг мөнгөө илүү тогтвортой газар руу шилжүүлэхэд хүргэж, хөрөнгийн урсгал гадагш урсах аюул нүүрлээд байгаа юм. Хонконгийн захирагч Керри Лам өнгөрсөн мягмар гарагт хийсэн мэдэгдэлдээ олон сар үргэлжилж буй эсэргүүцлийн жагсаал тус засаг захиргааны онцгой бүсийн эдийн засагт сөргөөр нөлөөлж буйг онцлоод энэ байдал цаашид үргэлжилбэл эдийн засгийн өсөлт түүхэн доод хэмжээнд хүрч болзошгүйг онцолсон.

Өнгөрсөн долоо хоногт Хонконгийн засаг захиргаа эдийн засгийн өсөлтийн урьдчилсан таамгаа 2-3 хувиас 0-1 хувь болгон бууруулсан. Тус засаг захиргааны онцгой бүсийн агаарын тээвэрлэлт, жижиглэнгийн худалдаа, үл хөдлөх салбарын борлуулалт хамгийн их савалгаатай, борлуулалт нь буурсан үзүүлэлттэй байгаа аж. “Bloomberg”-ийн шинжээч Цян Ван улс төрийн тогтворгүй байдал цаашид үргэлжилсэн хэвээр байвал Хонконг олон улсын санхүүгийн төв гэсэн статусаа алдахаар байгааг мөн онцолжээ.

“Bloomberg”: Хонконгийн байдал Хятад болон дэлхийн эдийн засагт чухал нөлөөтэй

Хонконг нь таван их наяд ам.доллараар хэмжигдэх хөрөнгийн зах зээлийн суурь нь болж, эх газрын фирмүүдэд IPO гаргах хөрөнгийн эх үүсвэр болдог. Хонконгийн “Вай Чун” боомт Азидаа ачаа эргэлтээрээ нэгдүгээрт, дэлхийд долдугаарт ордог. Харин энэ оны эхний хагаст тус боомтын ачаа тээвэрлэлт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 8.1 хувиар буурчээ. 1992 онд АНУ-ын Конгресс “АНУ-ын Хонконгт явуулах бодлого”- ын баримт бичгийг баталсан байдаг бөгөөд уг бодлогын дагуу Хонконгт худалдааны хөнгөлөлт үзүүлж, тус засаг захиргааны тусгай бүсийн паспортыг хүлээн зөвшөөрч, нарийн технологийг нь худалдан авдаг байдал нь одоо хэр хүчинтэй хэрэгжиж байгаа юм.

Мөн тус баримт бичигт хэрвээ АНУ-ын Ерөнхийлөгч Хонконгийг “хангалттай автономит” биш байна гэж үзвэл энэхүү баримт бичгийг цуцлах эрхтэй гэж заасан байдаг аж. Одоо Хонконг энэ баримт бичгийн ачаар Америк, Хятадын худалдааны дайнд шууд өртөхгүй байсан бөгөөд хонконг долларын ханш тогтвортой, эдийн засаг нь савалгаа багатай байх нэг чухал хүчин зүйл болж байсан юм. Худалдааны дайнаас болж Хятадын компаниуд АНУ-д хөрөнгө оруулахад бэрхшээлтэй болсон өнөөгийн нөхцөлд Хонконгийн олон улсын санхүүгийн төв хэмээгдэх байр суурь нь эх газрын Хятадад улам чухал болж байгаа.

Хэрвээ Хонконг энэ байр сууриа алдвал Хятадын компаниудын чухал суваг хаагдаж, Хонконгийн хөрөнгийн бирж дээр гарсан Хятадын төрийн өмчит компаниудын үнэлгээ савлана гэж Америкийн эрдэмтэн Пэй Миньшин үзэж байна. Ерөнхийдөө судлаачид хэрвээ “Хэрэгтэн шилжүүлэх тухай хууль” батлагдвал гаднынхны Хонконгт итгэх итгэл суларч, энэ нь тус засаг захиргааны тусгай бүсийн эдийн засгийн тогтвортой өсөлтөд нөлөөлж магадгүй, тогтвортой өсөлт бол Бээжингийн Хонконг дахь эрх мэдлээ бат байлгах гол үндэс нь болдог зүйл гэж үзэж байна.

Хонконгийн асуудал ийнхүү Америк, Хятадын харилцаа, тэр тусмаа худалдааны дайнд Хятадын нэг сул тал, эмзэг цэг болж хувирч байна. Түүнчлэн Хонконгт төвтэй Зүүн Азийн Банк (Bank ofEastAsia)Хонконгт өрнөж буй үймээн, самуун болон Хятад, АНУ-ын худалдааны маргаан хуучин Их Британийн колони байсан орнуудын эдийн засагт ч нөлөөлж болзошгүй гэдгийг анхааруулаад байгаа юм.

30 хүрэхгүй жилийн дотор Хонконгийн днб 180 дахин нэмэгдсэн

Хонконгийн Үндэсний нийт бүтээгдэхүүн 1961-1997 оны хооронд 180 дахин, нэг хүнд ноогдох ДНБ 87 дахин нэмэгдсэн. Ерөнхийдөө төрийн тодорхой хэмжээний зохицуулалттайгаар татвар болон хууль эрх зүйн орчныг нь бий болгож өгснөөр Хонконг асар хурдан хугацаанд хөгжсөн. Загасчны жижигхэн тосгоноос, дэлхийн хэмжээний хөгжилтэй болж чадсан нь Хонконгийн хөгжлийн гайхамшиг гэдэгтэй хүн бүр санал нийлдэг. Хонконг нь олон улсын боомт хот болох маш ашигтай байрлал дээр байсан бөгөөд үүнийгээ төрийн зохицуулалттайгаар татвар болон эрх зүйн орчныг нь дэмжсэний үндсэн дээр ашигтайгаар ашиглаж чадсан юм. Хонк онгийн эдийн засаг хөгжиж эхлэхдээ худалдаа, далайн тээвэр дээр суурилж, үүн дээрээ түшиглэн аж үйлдвэрлэлээ хөгжүүлж эхэлжээ. Одоогийн байдлаар тус засаг захиргааны онцгой бүс үнэт цаасны арилжааны хүчин чадлаараа дэлхийд зургадугаарт орж байна.

Түүнчлэн Хятад болон Хонконгийн эдийн засгийг дэлхийн эдийн засагтай, томоохон корпорацуудыг дэлхийн зах зээлтэй холбодог гүүр нь болдог. Хонконг доллар худалдан авах чадвараараа дэлхийд наймдугаарт ордог бөгөөд гол экспортлогч орнууд нь Хятад, АНУ, Япон. 1997 онд Хонконгийг эх газрын Хятадад нэгтгэсэн. Хэдийгээр Хонконг, Хятад хоёр нэгдсэн ч эдийн засгийн хувьд тусдаа байдлаа хадгалсан юм. Хонконгийн аж үйлдвэржих үйл явц 1950-аад оноос эхэлсэн. 1960-аад оноос хувцас, пластик, электроникийн бүтээгдэхүүнүүдийг экспортолж эхлэв. Энэ үеэс л ажлын байр нэмэгдэж, хүн амын амьдралын түвшин эрс дээшилсэн байна. Харин 1960 оноос Засгийн газраас татварын орчныг таатай болгож, хөдөлмөрийн хуулийг батлан, эдийн засгийн шинэчлэлийн бодлогыг явуулж эхэлжээ.

Эх сурвалж: https:// www.rt.com/business/466897-hong-kongcapital-jim-rogers/ https://www.cnbc. com/2019/08/20/hongkong-protests-carrie-lamspeaks-about-economicimpact-shenzhen.html

 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид