Улаанбаатар 1c

Таван жилийн гавшгайч

NPost.mn
2019-08-26 14:12

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэнэ. Гурван жил орчмын хугацаанд багагүй хэрэлдэж мэтгэлцсэн ажил. Гэхдээ сүүлийн гурван долоо хоног хамгийн хүнд даваа нь байсан байх шүү. Ерөнхийдөө эрх баригч намынхан дуу нэгтэйгээр зүтгүүлж байсан төсөлд Ерөнхийлөгч Х.Баттулга саналаа өгснөөр бараг болих шахав. Гишүүдийн хувьд УИХын гишүүдийн тоог 108 болгох, парламентын бүрэн эрхийн хугацааг таван жил болгох, сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах саналууд дээр голлон эргэлзсэн юм. Хууль батлах учиртай УИХ-ын гишүүдийн өөрсдийнх нь эрх ашиг хөндөгдсөн заалтууд нэмэгдээд ирэхтэй зэрэгцэн Төрийн ордон хоосорч, гишүүд ярилцлага өгөхөөс бултаад бодолд дарагдчихсан даа.

Тэгж тэгж нэг шийдвэрт хүрэх шиг боллоо. МАН-ын бүлгийн мэдээллээс харахад УИХ-ын гишүүдийн тоог 108 байх нь олон гэж үзээд 99 болгохоор дундын тохиролцоонд хүрчээ. Яг энэ тоог 2015 онд АН засгийн эрх барьж байхад тухайн үед Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг санаачилсан Н.Батбаяр гаргаж байлаа. Тэр үедээ бөө мөргөлийн сайн, муу тэнгэрийн тоог бэлгэдсэн гээд өнөөгийн эрх баригч МАНын УИХ-ын гишүүдэд шоолуулж байсныг хүмүүс мартаагүй байх. Энэ 99 гишүүний 76 нь жижиг тойргоос үлдсэн 23 нь намын жагсаалтаар сонгогдох хувилбарыг ярьж байгаа гэх. Өнөөгийн жижиг тойргуудыг алдагдуулахгүй байх нь үгүй ядаж нэр дэвшихээр бэлдсэн, бодож яваа хүмүүсийн санааг амрааж буй хэрэг болов уу.

Дээр нь хугацааны хувьд таван жил болгоно гэдэг олон нийтэд харин ч таалагдаж байгаа. Өнгөрсөн баасан гарагт УИХын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийжээ. Ингээд зөвшилцлийн ажлын хэсгийн гаргасан саналуудаас заримыг нь хэлэлцээд үлдсэнийг нь өнөөдөр үргэлжлүүлэн хэлэлцэхээр болоод тарсан байна. Уг хуралдаанаар төслийн дөрөвдүгээр зүйлд буюу Хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “далан зургаа” гэснийг “ерэн ес” гэж, төслийн мөн зүйлийн 21.2, 24.2, 40.1, 59.3, 60.2 дахь хэсгийн “дөрвөн” гэснийг “таван” гэж, төслийн Хорин долдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “тавиас доошгүй” гэснийг “далан таваас доошгүй” гэж тус тус өөрчлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн аж.

Ерөнхийдөө УИХ-ын гишүүдийн тоог 99 болгож, парламентын хугацааг таван жил болгох ажил гараанаасаа гарч Байнгын хороон дээр дэмжигджээ. Мөн “УИХ-ын гишүүн нь Ерөнхий сайдаас бусад, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй. УИХ-ын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангарагаасаа няцаж, Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг эгүүлэн татах үндэслэл болно”, “Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд УИХ-ын гишүүн байна” гэж өөрчлөн найруулах Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүд дэмжжээ.

Ямартаа ч төсөл УИХ-ын ширээнд дахин очлоо. Ингэснээр хэлэлцэгдэж, батлагдах тал руугаа шуударч байгаа хэрэг. Хэдийгээр АН-ын хувьд “УИХ-ын гишүүд 108 байх ёстой” гэсэн байр сууриа илэрхийлж байгаа ч уг төслийн туулсан зовлонгийн хувьд жижиг эсэргүүцэл. Хэлэлцэгдэж эхэлсэн төслөөр бол УИХ-ын багтаамж сайжирч, бүрэн эрхийн хугацаа нь таван жил болж өөрчлөгдөх нь тодорхой байна. Гишүүдийн тооны хувьд нэмэгдэх нь эмзэглээд байх зүйл биш. Иргэдийн төлөөллийг сайжруулах энэ тэрээсээ илүү ядах нь ээ, уул уурхай хөгжсөн өнөө цагт УИХ элдэв лоббинд автчихгүй байхын тулд дор хаяж 100 хүнтэй байх ёстой.

Манай улсын сонгуулийн цикл дөрвөн жилийн хугацаатай байгаа нь ч хөгжлийн чиг хандлагын хувьд оновчтой биш. Сонгууль ойрхон байх хэрээр улстөржилт ч дуусашгүй сунжирдаг нь өнөөдөр ч харагдаж л байна. Тэгээд ч бүс нутгийн хувьд Хятад, Орос, Казахстан зэрэг орнууд таван жилээр төлөвлөлтөө гаргадаг. Тэдэнтэй төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхийн тулд адилхан циклтэй байх нь зөв байх. Угаасаа манайд “Таван жилийн гавшгайч” гэх уламжлал нь бий юм чинь. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдчихвал УИХ-ын гишүүдийг улираан сонгохдоо таван жилээ хэрхэн гавшгай ашигласныг нь хардаг болох нь дээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид