Улаанбаатар 1c

Ц.Цогзолмаа: Үндсэн хууль тусгаар тогтнолын баталгаа учраас өөрчлөхдөө маш хариуцлагатай хандах ёстой

УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаатай ярилцлаа.

-Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналыг нэгтгэх, уялдуулах ажил цэгцэрч, төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг үргэлжлүүлж байна. Зарим гишүүн төслийг анх өргөн барьсан хувилбараасаа огт өөр болчихлоо гэж шүүмжилж байна. Таны хувьд хэр өөрчлөлт болсон гэж харж байгаа вэ? 

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт нь Монгол Улсын хууль эрх зүйн хамгийн том зохицуулалт болно. Бид 30 гаруй жил гар хүрээгүй Үндсэн хуулиа өөрчилж, нийгэмд зайлшгүй шаардлагатай байгаа зохицуулалтуудыг тусгах нь түүхийн өмнө хүлээж байгаа бидний үүрэг гэж хувь хүнийхээ хувьд үзэж байгаа. Үндсэн хууль бол улсын тусгаар тогтнолын баталгаа. Тиймээс бид шаардлагатай өөрчлөлтүүдийг хийхдээ маш хариуцлагатай ажиллах ёстой. Хүмүүс нийгмийн хөгжил удааширсан, цаашдаа улс орон хөгжих эсэх нь эргэлзээтэй болчихлоо гэдэг.

Тэгвэл Үндсэн хуулийн энэ удаагийн өөрчлөлтөөр улс орон хөгжих үү, эс хөгжих үү гэдгийн зангилааг гаргаж өгнө гэж харж байгаа. Мөн хуулийн төслийг хэлэлцэж, батлахдаа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн дагуу өргөн барьсан асуудлын хүрээнд асуудлаа ярих ёстой. УИХ өөрөө хууль тогтоох дээд байгууллага.

УИХ-ын гишүүн хүн хуулийг дээдэлж, мөрдөж, хэрэгжүүлэхээс улс төрийн хариуцлага харагдана. Тиймээс анх өргөн барьсан төслийн хүрээнд өөрчлөлтүүд хийх, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиа зөрчихгүй өөрчлөх гэсэн зарчмын байр суурьтай байгаа. Өөрөөр хэлбэл, төслийг хэлэлцэх явцад хөндлөнгийн санал оруулж, өөрчилснөөр зарим зохицуулалт анх өргөн барьсан хувилбараас өөр болж байна.

Мэдээж Үндсэн хуулийн өөрчлөлтийг МАН дангаараа батлах биш Ерөнхийлөгч, сөрөг хүчин, бусад улс төрийн намтай зөвшилцөж байгаа нь үндэсний эрх ашгаа дээдэлж буй хэрэг. Гэвч нэг талаар ард түмнээр хэлэлцүүлж, ямар зохицуулалт оруулах ёстойг нэг бүрчлэн тусгасан байхад хөндлөнгийн санал авч, өөрчлөх нь Үндсэн хуулийг өөрчлөх журмын хуулиа зөрчиж байна уу, үгүй юү гэдэгт анхаарч, болгоомжтой хандах ёстой.

Тиймээс Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн саналуудаас нэлээд хэдийг нь буцаасан. Ингээд ямар ч гэсэн зөвшилцөлд хүрч, төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар боллоо. Тиймээс бүлэгтээ цөөнх болж байгаа гишүүд ч олонхын байр суурийг дагах байх. 

-Бүлэгтээ цөөнх болж байгаа МАН-ын гишүүд байгаа гэж ойлголоо. Ямар асуудлаар санал нэгдэхгүй байна вэ?

-Тухайлбал, гишүүдийн тоо нэмэх асуудал байна. Миний хувьд хүн амын тоо ихэсч, цөөн гишүүн хууль баталж байгаа учраас гишүүдийн тоог нэмэхийг ойлгож байгаа боловч өнөөдөртөө цаг хугацаа нь биш гэж үзэж байна. Иргэдийн дунд УИХ, гишүүдийн нэр хүнд муу байгаа учраас тоог нь нэмэх асуудлыг зөвшөөрөхгүй. Үндсэн хуулийн өөрчлөлтийг ард түмний дэмжлэгтэйгээр батлах нь хуулийг хэрэгжүүлэхэд их нөлөөтэй.

Харин иргэдийн дэмжихгүй байгаа зохицуулалтыг гишүүд кнопоороо шийднэ гэдэг үүнтэй нийцэхгүй байгаа юм.Тиймээс би хувь хүнийхээ хувьд гишүүдийн тоог нэмэх шаардлагагүй гэж үзэж байгаа. Гэвч зөвшилцлийн ажлын хэсгийнхэн болоод намын бүлгийн олонх нь гишүүдийн тоог нэмэх ёстой гэсэн шийдвэрт хүрсэн учраас ингэж өөрчлөх байх.

-Шүүхтэй холбоотой зохицуулалтад ямар өөрчлөлт оруулахаар болсон бэ. Шүүхийн хараат бус байдлыг хангаж чадах нь уу?

-Ер нь төрийн институц хоорондын уялдаа холбоо, эрх үүргийн хуваарилалт нь өөрөө хараат бус, тэгш байх зарчмыг Үндсэн хуулийн энэ удаагийн өөрчлөлтөөр хийхийг зорьж байгаа. Ялангуяа шүүх засаглалд хүмүүс маш шүүмжлэлтэй хандаж байгаа учраас хараат бус байдлыг нь хангах ёстой. Нийгэм шударга байхын баталгаа нь шүүх засаглал шударга байхтай шууд холбоотой.

Харин иргэд нийтээрээ шүүхэд итгэхээ больчихсон. Тиймээс аль болох шүүхийг хараат бус байлгах, нөлөөнд оруулах байгууллагуудаас хол байлгах нь зөв. Зөвхөн одоогийн Ерөнхийлөгч ч биш үе үеийн төрийн тэргүүн шүүхийн байгууллагын удирдлагуудыг томилдог болсноор шүүхэд улс төрийн нөлөө орж байна гэсэн хардлага, жишээ баримтууд бий. Тиймээс шүүхийн хараат бус байдлыг хангасан өөрчлөлтийг хийхдээ орон тоо нэмэх, аль нэг байгууллагын эрх үүргийг онцгойлон тусгахаас татгалзах ёстой.

Учир нь, Үндсэн хуульд буруу заалт оруулбал, органик хууль шиг тэр даруйд нь засах боломжгүй. Одоо баталбал, 8-20 жилийн дараа л өөрчлөх боломжтой учраас тооцоо судалгаа, үндэслэлтэй хандах ёстой. Ямар ч гэсэн үүнийг хийгээд үзье, болохгүй бол дахин өөрчилье гэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, органик хуультай Үндсэн хуулийг дүйцүүлж болохгүй.

-Шүүхийн хараат бус байдлыг дархлаажуулах гол агуулгыг Ерөнхийлөгчийн шахалтаар төслөөс хасчихлаа гэсэн шүүмжлэл байна?

-Шүүмжилж байгаа гишүүдийн байр суурь буюу 62 гишүүний өргөн барьсан төслийнх нь хувилбарыг дэмжиж байгаа. Яагаад гэвэл хараат бус ажиллах ёстой байгууллагын томилгоо, ажилд Ерөнхийлөгчийн оролцоо хэтэрхий их байгааг өнгөрсөн жилүүд харуулсан. Гэтэл үүнийг өөрчилж байгаа нэрээр улам гүнзгийрүүлж болохгүй.

Үнэхээр хараат бус байлгах гэж байгаа бол мэргэжлийн байгууллага нь олон нийтийн хяналт дор явах ёстой. Ингэхгүй бол хөндлөнгөөс орж ирж байгаа саналыг дэмжвэл Ерөнхийлөгчийн эрх мэдлийг нэлээд нэмэгдүүлэх, хараат бус байдал алдагдах, эргэлзээ төрөх асуудал байгаа учраас анхны өргөн барьсан төслийг нь дэмжинэ.

-Парламентыг төлөвшүүлэхтэй холбоотой зохицуулалтад ямар байр суурьтай байна вэ?

-Бид нэгэнт парламентын засаглалыг сонгосон. Мэдээж хөгжиж байгаа учраас алдаа, оноо бий. Парламентаа сайн төлөвшүүлэх үүднээс Үндсэн хуулийн энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтөд парламентын эрх мэдлийг зөв хуваарилахаар тусгаж байгаа. Тухайлбал, гүйцэтгэх засаглалд эрх мэдлийг өгөхөөр тусгасан. Өнгөрсөн хугацаанд томилгоо хэлэлцэх хуралдаанд ирц бүрэн, бусад асуудалд ирц дутуу байдаг зэрэг шүүмжлэл нэлээд гарсан.

Энэ нь ч үнэн. Тиймээс парламентыг төлөвшүүлж, УИХ-д суудалтай улс төрийн намуудыг зөв болгох зэрэг олон малгай асуудлыг шийдвэрлэх ёстой. Энэ үүднээс энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтийн нэг чухал зохицуулалт нь парламентыг төлөвшүүлж баталгаажуулах гэж харж байгаа.

-Сонгуулийг аль тогтолцоогоор явуулахаа тохиролцож чадахгүй нэлээд хугацаа алдах шиг боллоо. Эцэст нь, гишүүдийн тоог нэмж, холимог тогтолцоогоор сонгууль явуулахаар санал нэгдсэн байна. Холимог тогтолцоогоор сонгууль явуулснаар манай улсад ямар ашигтай вэ?

-Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Үндсэн хуульд УИХын гишүүнийг ард түмэн шууд сонгоно гэж заасан. Харин Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд холимог тогтолцоог тусгахаар Ерөнхийлөгч санал оруулсан. Энэ асуудлаар гишүүд нэлээд санал зөрөлдсөн. Үүний зэрэгцээ нийгмийн хардлага өндөр байна л даа. Хоёр нам пропорциональ тогтолцоогоор санал авах байдлаар асуудлаа шийдэх гэж байна гэсэн хардлага нэлээд явсан. Тиймээс холимогийг сонголоо ч мажоритар системд суурилсан байх ёстой гэж үзэж байгаа.

Өөрөөр хэлбэл, намын жагсаалтад орсон хүмүүс шууд автоматаар сонгогддог биш адилхан санал авах хэрэгтэй гээд байгаа юм. Жагсаалтаар нэгдүгээрт эрэмбэлэгдсэн хүн иргэдийн саналаар 10-т жагсах ч юм билүү, мэдэхгүй шүү дээ. Санал авах процесс нь хадгалагдах зохицуулалтыг хуульчлах нь зөв. Ингэхгүйгээр нэг хэсэг нь сонгогдож, нэг хэсэг нь шууд жагсаалтаар ордог байж болохгүй гэсэн байр суурьтай гишүүд олон бий.

-Жагсаалтыг нь хүртэл саналаар сонгодог болбол улс төрийн жижиг намуудад хүндрэлтэй юм биш үү?

-Улс төрийн шинэ намуудад боломж олгох, олгохгүй байх гэсэн асуудал гарч болохгүй. Яагаад гэвэл улс төрийн намуудын босгыг нь өндөрсгөхгүй бол намын дарга нь ганцаараа 801 хүний гарын үсэг цуглуулж, бүртгүүлчихээд байгаа нь сүүлийн хэдэн сонгуулиар харагдлаа. Тэгээд л намаасаа нэр дэвших эрхээ авч чадаагүй хүмүүсийг өөрийнхөө намаас нэр дэвшүүлэх гэж гуйдаг. Нам гэдэг үзэл бодлын үнэт зүйлийн нэгдэл болохоос эрх мэдэлд хүрэх гэсэн арга зальтай хүмүүсийн хүслийг биелүүлдэг институц биш шүү дээ.

Тиймээс нам төлөвшье гэж байгаа бол үзэл баримтлал, мөрийн хөтөлбөртэй, үүнийгээ хэрэгжүүлэх боловсон хүчинтэй, тодорхой хэмжээний санхүүгийн боломжтой байх хэрэгтэй. Ингэж бүх талаар ажилладаг болохоос улс төрийн сонгууль болохоор гарч ирдэг байж болохгүй. Ийм байдал өнгөрсөн цаг үеийн сургамж болсон гэж үзэж болно.

-Үндсэн хуулийн төсөлд насанд хүрсэн нийт хүний нэг хувийн саналаар нам байгуулахаар тусгаж байгаа юм билээ. Тэгэхээр улс төрийн сураггүй намууд шинээр гарахгүй байх л даа?

-Хоёр сая иргэн гэж тооцвол 20 мянган иргэний гарын үсгээр нам байгуулж болно гэсэн үг. Гурван сая хүн 30-40 намтай болсны шалтгаан нь хэтэрхий бага шалгуур буюу 801 хүний гарын үсэг шүү дээ. Тиймээс босгыг өндөрсгөж, ядаж 20 мянган хүн болгож буй нь зөв. Энэ нь өөрөө улс төрийн эрхэнд нь халдаж, боомилж байгаа шалтгаан биш.

Засгийн эрхэнд гарч, төрөө удирдана гэдэг том үүрэг хариуцлага. Энэ үүргийг үүрээд явах даацтай, боловсон хүчинтэй, чадавхтай байх тухай асуудал яригдаж байгаа юм. Тиймээс босго өндөрсгөх асуудлыг хувь хүнийхээ хувьд, улс төрд 30 гаруй жил ажиллаж байгаа хүний хувьд зөв гэж харж байгаа.

-УИХ дахь АН-ын зөвлөлөөс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ард нийтийн санал асуулгаар батлах ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байгаа. Энэ асуудалд МАН-ын гишүүд ямар байр суурьтай байгаа бол. Уг нь анх ирэх аравдугаар сард ард нийтийн санал асуулга явуулахаар төлөвлөж байсан. Гэтэл одоог хүртэл хоёрдугаар хэлэлцүүлгийг дуусгаагүй тул ард нийтийн санал асуулга явуулах хугацаа үдсэнгүй гэж хараад байна л даа?

-Хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж дууссаны дараа ард нийтийн санал асуулга явуулах уу, үгүй юү гэдгийг шийдвэрлэнэ. Одоогоор бүлгийн шийдвэр гараагүй учраас би ямар нэгэн байр суурь илэрхийлмээргүй байна.

Ер нь Үндсэн хуулийг ард нийтийн санал асуулгаар явуулж байсан түүх бий. Үндсэн хуулийн төслийг иргэдээр хэлэлцүүлж байхад Үндсэн хуулийг өөрчлөөсэй гэсэн хүлээлт аль хэдийнэ үүсчихсэн нь анзаарагдаж байсан. Харин зөв өөрчлөлт хийх хариуцлага л бидэнд байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид