Улаанбаатар 1c

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: Оюутолгой одоо хүртэл гүний ус ашиглаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Монгол дахь Америкийн худалдааны танхим /АмЧам/-аас зохион байгуулж буй дотоод гадаадын бизнес эрхлэгч болон хөрөнгө оруулагч нарын уулзалтад оролцлоо. Энэ үеэр “Америкийн Нэгдсэн Улс нь бидний хувьд чухал “гуравдагч хөрш”, улс төр, эдийнзасгийн ойрын түнш мөн. Та бүхний мэдэж байгаачлан миний бие Ерөнхийлөгч Д.Трамптай Цагаан ордонд ганцаарчилсан уулзалт хийж, манай хоёр улсын харилцаа “Стратегийн түншлэл”- ийн түвшинд хүрснийг тунхаглан зарласан” гэдгийг тодотголоо.

Энэ үеэр Оюутолгойн асуудлаар “Гадаадын хөрөнгө оруулалт ярихаар Оюутолгойн асуудал зайлшгүй яригддаг. Энэ бол маш том хөрөнгө оруулалт. Бид өөрсдөө уул, уурхайн ийм том хөрөнгө оруулалтын гэрээ хийж байсан туршлагагүй. Хоёр талаасаа асуудал хаана байгааг олохын тулд уулзалтын ширээний ард суух ёстой. Оюутолгой гүнийн усыг одоо хүртэл хэрэглэсээр байна. Монгол Улс бэлчээрийн мал аж ахуйтай. Гүнийн усыг аль болох хэрэглэхгүй байх, гадаргын усаар үйл ажиллагаа явуулах ёстой гэж үзэж байгаа” гэлээ.

Харин Тавантолгойн асуудлаар “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын дагуу Тавантолгойн ордоос “Эрдэнэс Монгол” компанийн олсон ашгаар ЗүүнбаянТавантолгойн төмөр замыг тавьж байгаа. Гадаадын хөрөнгө оруулалт авахгүйгээр, өөрсдийн хөрөнгөөр, хүүгүй мөнгөөр энэ замыг тавьж байна. Энэ зам Монгол Улсын эдийн засгийг 3-4 дахин тэлэх боломжтой” гэдгийг онцоллоо.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид