Улаанбаатар 1c

Барилгын компаниуд хэдий болтол иргэдийг мунхруулах вэ

“Гадаад дотоодод ажиллаж мөнгө цуглуулаад байр авдаг. Тэр нь насжилтгүй сууц болж дээ. Ер нь өөрсдийнхөө хөрөнгөөр тоглуулаад байна гэдгээ бид ойлгохгүй юм. Би 2012 онд гурван өрөө байр 88 сая төгрөгөөр худалдан авч байлаа.

Гэтэл одоо гаднаасаа цуурч, дотроосоо замаск нь хуурч унаж эхэлсэн. Тэр ч бүү хэл гадна талдаа маш их цууралт өгч ёроолоосоо эхлээд хагарч бяцарсан байна лээ. Бороо орохоор гарааш нь усанд автаж доороосоо чийгэнд идэгдэж байна.

Хэзээ мөдгүй нурж унахаар болсон. Барилгын компани нь үнэндээ баталгаа өгдөггүй” хэмээн Баянгол дүүргийн иргэн н.Батцэнгэл учирлаж байна. Энэ бол шинэ байр, худалдан авч бодит байдалтай нүүр тулсан хүний яриа.

Ингээд үзвэл захын иргэний ярианаас байрны чанар, стандарт ямар болсон бэ гэдгийг гадарлахаар байна. Сүүлийн жилүүдэд баригдаж буй барилгууд чанар, стандартын горимыг зөрчиж байгаа. Иймд нийслэлд баригдсан барилгуудад хэрхэн аюул нүүрлэсэн талаар сурвалжиллаа.

НИЙСЛЭЛИЙН БАРИЛГУУД СУУРИНААСАА ЭХЛЭН АН ЦАВ ҮҮСЭЖ, ЦУУРАЛТ ӨГЧЭЭ

Бид нийслэлийн хэд хэдэн дүүргийн орон сууцаар ороод гарлаа. Хамгийн түрүүнд Баянгол дүүргийн XVII хороо буюу III хороолол орчимд баригдсан есөн давхар шар, ягаанаар хосолсон солонгорч үзэгдэх орон сууцаар орлоо. Үүдээр ормогц харанхуй оргиж эл хуль байх аж.

Лифт засвартай гэх бичиг наасан байх бөгөөд хүн бүр “Лифтээ хурдан янзлуулаач” гэх шаардлагыг СӨХ-д тавьж байна. Бид тус орон сууцны доторх байдлыг ажиж шатаар дээш гарав.

Шатны хөндий, болон хана зэрэгт цууралт өгсөн байлаа. Ингээд бид орон сууцнаас гартал хог нь хогийн пункрээсээ хальж энд тэндгүй хийсэж харагдана. Барилгыг тойрон ажвал сууринаасаа эхлэн ан, цав гарсан байв. Ойр хавиар явах оршин суугчдын нэг “Хүүхдүүд минь үүнийг хар хэцүүхэн болсон орон сууц байгаа биз. Тоосгон хананы дунд амьдарч, шаазан жорлон дээр суух гэж хөдөлмөрлөсний эцэст нэг юм уу хоёр өрөө байртай болдог.

Гэтэл худалдаж авсан байрны чанар гэж авах юмгүй болж. Юу гэхэв дээ. Ингээд цуурчихсан барилга багахан баллын газар хөдлөлтөд унана. Тийм биз” хэмээн хатуухан хэлэв.

Нийслэлд хөл гишгэх газаргүй болтол баригдаж буй стандартаас зөрсөн орон сууцнууд үнэндээ гуч, дөчин жил байтугай гурван жилийн эдэлгээ даах нөхцөлгүй болж. Борооны дараах мөөг шиг олширсон барилгууд үнэтэй байхын хэрээр чанарыг эрхэмлэх ёстой. Гэтэл “нүглийн нүдийг гурилаар хуур” хямд төсвөөр хэдэн давхар сууц босгочихоод амандаа орсон үнээ хэлээд сууж байгаа нь хүн бүрийг бухимдуулж байна.

Зах замбараагүй дураараа дургих барилгын компаниудыг цэгцлэх цаг болсон бололтой. Орчин цагт баригдаж байгаа сууцны чанар стандартыг өнгөрсөн үетэй харьцуулбал тэнгэр, газар шиг ялгаатай байгаад иргэд ихэд санаа зовж байна.

Бид үүний дараа Баянгол дүүргийн нутаг дэвсгэр болох Х хорооллыг зорилоо. Нэгэн цагт байршил, төлбөрийн уян хатан нөхцөлийг бүрдүүлсэн гэж хүн бүр шуурч байсан “Голден парк I” цогцолбор хороолол хэцүүхэн төрхтэй болсон харагдана. Өнгө үзэмж нь элт муудахын зэрэгцээ оршин суугчдын аюулгүй байдал энд өгүүлэгдэж байсныг нуухын аргагүй.

Тус байрны I орцоор ороход шатны хажуугийн хашлага эвдэрчээ. Хөгшчүүд болон бага насны хүүхдүүдэд явахад аюултай орчин аль хэдийнээ бүрдсэн байв. Лифт нь ажиллахгүй хөгшчүүд аахилж, уухилсаар дээш мацна. Тус байрны дотоод орчин авах юм алга. Хаа сайгүй хог хөглөрч, шалных нь плита хагарч, цуурсан бөгөөд , мөн л хана дагасан цууралт үүсжээ.

“Голден парк I” хотхон анх 2008 онд ашиглалтад орсон бөгөөд 2008, 2009 онд 106,107 байрууд, 2011 оноос хойш 101-303 байрууд нь ашиглалтад оржээ.

Энэ хугацаанд цууралт эхний нэг жилдээ анзаарагдаагүй. Гэтэл дараах жилээс нь орцны хана тааз нь цуурч, нойлын өрөөний замаск таазнаасаа хуурч эхэлсэн” гэдгийг тус байрны оршин суугч онцоллоо. Үүгээр ч зогсохгүй өнгөрсөн өвөл тагтнаас сийгэж бөнжигнөсөн ус тогтох болсон байна. Бидний хажуугаар зөрөх настай эмээ “Энэ байранд зургаан жил болж байна.

Манай байр хоёр лифт байнга эвдэрдэг. Мөн сантехник асуудалтай. Дээд айлаас ус алдана халуун ус үргэлж тасарна. Нойлын өрөөний таазны замаск нь хууларч унаж байна. Буух эзэн буцах хаяггүй орон сууцнууд их баригдах болж дээ. Насаараа амьдрах сууцаа сайтар шинжиж авахгүй бол ч барилгын компаниуд ноотой юм хийдэг болж” гэсэн юм.

ОРОН СУУЦНЫ ӨНДӨР ҮНЭД ТОХИРСОН ШААРДЛАГА, ХЯНАЛТ ХААНА БАЙНА ВЭ

“Гаднаа гяланцаг, дотроо паланцаг” болсон шинэ хорооллууд иргэдийн халаасан дахь хэдэн төгрөгийг сэгсэрчихээд, түүндээ дүйцэх чанарыг мэдрүүлж чадахгүй байна уу даа.

Үнэндээ барилгын чанар, стандарт бүрэн утгаараа алдагдаад байхад орон сууцны өндөр үнэд тохирсон шаардлага, хяналт хаана байна вэ. Бидний хэлж заншснаар томчууд, баячуудын суурьшлын бүс болох Зайсан орчимд ялгаагүй барилгын чанар, стандартын асуудал хөндөгдөж байна. Зайсангийн бурхантай хөшөөний хажууханд байрлах өнгө үзэмж, загвар хийц нь өвөрмөц гэмээр “Peak Residence” хотхон нь 2018 онд ашиглалтад орж байжээ.

Гэтэл тус орон сууц нь гаднаасаа цуурч эхэлсэн байна. Өөрөөр хэлбэл, тулгуур багана хэсгээрээ, болон голоороо уртаас урт ан, цав үүссэн байсан юм. Мөн айлуудын тагт ч цууралт өгсөн харагдав.

Тухайн орон сууц нэг метр квадрат нь дөрвөн сая 800 мянган төгрөгөөр борлуулагдсан байна. Гэтэл өнгө үзэмж, загвар хийцээс цаашгүй аж. Ингээд бодоход иргэдийн халаасыг тэмтэрсэн барилгын компаниудын улаан, цагаан луйвар газар авч гэхэд буруудах юм алга. Үүний дараа Баянзүрх дүүрэг буюу Сансар орчмын орон сууцуудыг зорьсон юм.

Сансарын “Сэлэнгэ Пресс” хэвлэлийн газрын хойно нар салхи үзэхээргүй битүү орчинд баригдсан есөн давхар орон сууц нэлээд байх аж. Тус байрны иргэд “Доторх өрөөнүүд нимгэн ханатай учир хажуу айлын яриа нэвт сонсогддог. Яг урд талд нь том барилга таглаад барьчихсан болоод тэр үү өвөл хүйтэн байдаг” хэмээн ярив. Тэр ч бүү хэл “Хэд хоног орсон борооны улмаас дээд давхрын айлууд дусаал гоожсон” гэдгийг ч хэлсэн юм. Орон сууцнаас гарч энд тэндгүй харвал өнгөр хэсэг нь хуурч унажээ.

Орчин үеийн барилгын чиг хандлага мөхөх тал руу гаа явж байна. Гэтэл зах зээл дээр орон сууцны үнэ ханш өдөр өдрөөр өсөж байгаа нь бодит байдалтай нийцэхгүй. Одоогоор шинэ орон сууц нэг метр квадратын үнэ 1.8-5 сая төгрөгийн ханштай байгаа аж.

Нийслэлийн хэмжээнд 100 гаруй шинэ орон сууц баригдаж байна. Ийн орон сууцыг дагасан асуудал шил даран урган гарсаар. Орон сууц баригдахын хэрээр үнэ ханш, чанар, стандарт яригддаг. Гэтэл анхнаасаа иргэдэд цаасан малгай өмсгөөд дасчихсан барилгын компаниудад холбогдох байгууллага нь хяналтаа тавьж эмх цэгцэд нь оруулсан дээргүй юү.

Толгойтой болгон нь барилгын салбар руу орох боллоо. Чанаргүй барилгын компани олшрохын хэрээр олон иргэд хөрөнгө мөнгөөрөө хохирч хэцүүхэн өдрүүдийг ардаа үдэх нь. Барилгын чанар стандарт гэдэг яваандаа хүн бүрийн толгойны өвчин болох вий. “Дайны хажуугаар дажин” гэдэг барилгын чанар ихээр алдагдахын хажуугаар стандарт норм, гэдэг зүйл мөн л алдагдаж байна.

Ганданд бөөр, бөөрөөрөө наалдсан барилгууд ихээр сүндэрлэжээ. Гэрэл гэгээ хааж барилга барих нь амьдрах орчинд хэр нийцэх вэ. Гандан орчим хог, тоос, шороондоо дарагджээ. Орон сууц босгож л байвал тав тухтай байх эсэх нь үнэндээ хамаагүй болж дээ.

Зарим оршин суугчид “Нар салхи үзэхгүй байна. Анх шинэ байр худалдан авахад ойр орчимд нэг их шамбааралдсан барилга баригдана гэж бидэнд хэлээгүй. Гэтэл юу юугүй өчнөөн барилга баригдчихлаа. Хотын төвдөө бүх үйлчилгээндээ ойрхон гэж бодож энд байр авсан. Өнгөрөгч 2018 онд гурван өрөө байрыг 100 сая төгрөгөөр авсан. Одоо амаа барьж сууна.

Орчин нөхцөл нь тааруухан газарт яах гэж байр авав гэж харамсаж сууна” хэмээн ярьж байв. Амьдрах орчин, амьсгалах агааргүй болтол барилга шавуулж байхад хяналт хаа ч алга. Энэ нь адаглаад иргэд тав тухтай оршин суухад сөргөөр нөлөөлж байна. Ядаж галын гарц, гамшгийн нөхцөлийг тооцоолж барилга барих зөвшөөрлийг олгох хэрэгтэй.

Барилга өөр хоорондын зай 15 метр байх атал энэ стандарт алдагдаж бөөр, бөөрөөр нь наалдуулан барих болоод удлаа. Гал гарлаа гэхэд аврагчид орж гарах гарцгүй болтол барилга сүндэрлүүлэх нь зүй ёсонд үнэндээ нийцэхгүй. Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлтөд 2-4 давхар барилга хоорондын зай хамгийн багадаа 15 метр байх ёстой гэж заасан байдаг.

Таваас найман давхар бол барилга хоорондын зай 21 метр, есөн давхарт 32 метр, 12 давхарт 45 метр, 16 хүртэл бол 62 метрийн зайтай байх стандарт мөрдөж байгаа юм. Барилгын тухай хуулийн есдүгээр зүйлд Барилга байгууламжид тавих шаардлагыг заасан. Уг зүйлийн 9.1.1-д “Хүн ажиллаж, амьдрах таатай нөхцөл бүрдүүлсэн, түүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, аюулгүй байдлыг хангасан шаардлагад нийцсэн байх ёстой” гэж заасан байдаг.

Гэтэл ойролцоох барилгуудад ажиллаж, амьдарч байгаа иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, аюулгүй байдалд нь заналхийлж байгаа нь хууль зөрчиж байгаа гэсэн үг.

Мөн 9.1,2-т норм, дүрмийг хангасан зураг төслийн дагуу баригдсан байхыг шаардсан байгаа. Гэтэл сүүлийн үед баригдаж буй барилгууд дүрмээс гажиж байгааг дээр онцолсон билээ.

Барилгын тухай хуулийн 9.1.4-т “Зэргэлдээ барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөл байдлыг алдагдуулаагүй байх шаардлагад нийцсэн байх ёстой” гэж заасан.

Нийслэлийн зарим бүсэд, тоос шороотой, дуу чимээн дунд барилга ихээр баригдах боллоо. Ийн Монгол Улсад мөрдөж буй норм, стандартыг үл ойшоож, Барилгын тухай хуулийн 9.1.1, 9.1.2, 9.1.4, 10.1.1, 10.1.5-т заасныг барилгын компаниуд эрх мэдлээрээ далайлган зөрчсөөр байна. Иймд борооны дараах мөөг шиг олширч буй чанар, стандартын горим алдагдаж байгаа байдалд хараа хяналт өгүүлэгдэж байна.

Барилга барих зөвшөөрлийг тооцоололтой, замбараатайхан шиг олгомоор байна. Эс тэгвээс нийслэл хот нурж балгас болсон барилгаар дүүрч хөл тавих замгүй болох вий. Шинэ байрны үнэ тэнгэрт хадаж чанар стандартаа уландаа гишгэж болохгүй болов уу. Өчнөөн хөрөнгө мөнгөөр худалдан авсан байр нь жил ирэх тусам суулт өгч хэзээ мөдгүй аюулд өртөж мэдэхээр болсныг иргэд анхаарууштай.

Хүний нутагт гэр бүлээсээ хол хөдөлмөрлөсөн мөнгөөрөө чанаргүй, насжилтгүй барилга худалдан авч халаглаж суухыг хэн хүсэх билээ дээ. Мөн өр зээл тавин барилга худалдан авдаг гэтэл зээл нь дуусаагүй байхад барилга нь түрүүлээд нурж унах хэмжээнд хүрвэл хэн ч харуусна.

Иймд барилгын чанар, стандартыг сайжруулах тогтсон хяналт үгүйлэгдэж байгаа юм.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид