Улаанбаатар 1c

100 айлын замыг нээлээ

NPost.mn
2019-08-28 11:10

У.САРАНГЭРЭЛ

100 айлын уулзвараас 32-ын тойрог хүртэлх 1.6 километр авто замын барилгын ажил дуусч, зорчих хэсгийн хөдөлгөөнийг өчигдөр нээлээ. 1965 оноос хойш шинэчлэлт хийгдээгүй тус авто замыг 12 метр өргөн дөрвөн эгнээ, замын хоёр талаараа 2.25 метр өргөн явган хүний зам, гэрэлтүүлэг, дугуйн замтай цогц барихаар төлөвлөжээ. Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан эхний ээлжинд зорчих хэсгийг нь ийнхүү нээж байгаа юм байна. Харин тохижилтын бусад ажлыг ирэх аравдугаар сарын 1-нээс өмнө хийж гүйцэтгэнэ гэдгийг албаныхан дуулгалаа. Тус замын талаар Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээс зарим зүйлийг тодрууллаа.

б.отгонсүх: 100 айлын замд арван жил гар хүрэхгүй

-100 айлын уулзвараас 32- ын тойрог хүртэлх 1.6 километр замыг шинэчилэхэд 3.4 тэрбум төгрөг зарцуулсан гэж байна. Төсөвт өртөгтөө тохирсон ажлууд хийж чадсан уу. Тухайлбал, ус зайлуулах хоолой хийгээгүйгээс болж зуны бороонд ихэнх зам жилээ даахгүй эвдэрч байгаа шүү дээ?

-3.4 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр хийж байгаа энэ замын ажил 100 хувь дуусаагүй байна. Эхний ээлжинд замын зорчих хэсгийг нээж байна. Цаашид явган хүний зам, дугуйн зам, гэрэлтүүлэг гэх мэтчилэн цогцоор нь хийх ажил хүлээгдэж байгаа. 100 айлын замд 40 жил том засвар хийгдээгүй байсан. Энэ газар байгалийн намагрхаг бүсэд оршдогоороо онцлогтой. Тиймээс инженерийн шугам сүлжээг шийдэхэд нэлээд хугацааг зарцуулсан. Мөн дугуйн болон явган хүний зам хийхийн тулд доош нь 30-50 см ухаж байж хөрсийг нь зайлуулсан. Ингээд явган хүний зам тавихгүй бол жил болоод л эвдэрчихдэг зам тавьж болохгүй. Тиймээс энэ зам дээр чанар стандартыг хангаж ажилласан. Зузааны хэмжээ нь 7 см асфальтан хучилттай.

-Замын ерөнхий насжилтыг хэдэн жил гэж тооцож байгаа вэ?

-Гурван жилийн баталгаат хугацааг гүйцэтгэгч компани хариуцаж байгаа. Гэхдээ зам дээрээ арван жил гар хүрэхгүй байх шаардлагыг гүйцэтгэх компаниудад тавьсан. Хамгийн хүндрэлтэй нь бороо уснаас болж нэлээд зам эвдэрдэг. Энэ жил тавьсан зам дараа жил нь эвдэрдэг жишээтэй. Энэ нь юутай холбоотой вэ гэхээр чанар стандарт муу, борооны ус зайлуулах шугам байхгүй учраас замын доогуур ус ордог. Тиймээс цаашид Улаанбаатар хотод тавигдаж байгаа бүх зам дээр чанар стандартыг хангаж, борооны шугамыг заавал тавихаар зорьж ажиллаж байна.

-Ус зайлуулах хоолой хийсэн гэж байна. Хэчнээн хоолой хийсэн бэ?

-20 гаруй ус зайлуулах хоолой хийгдсэн. Гэрээгээр замын тохижилтыг ирэх аравдугаар сарын 1-нд дуусах ёстой. Энэ хавьд худалдаа наймаа эрхлэгчид олноор байдаг учраас нэгдүгээр эгнээнд машинаа байрлуулах тохиолдол элбэг байдаг. Тиймээс бид стандартын дагуу таван зогсоол хийж байгаа. Дээрээс нь эко машинуудыг цэнэглэдэг цэнэглэгчтэй зогсоол хийж байна.

-Та хэллээ шүү дээ. бороо уснаас болж зам эвдэрч байгаа гэж. Одоогоор 100 гаруй зам эвдэрсэн гэх мэдээлэл байгаа. Үүн дээр засварын ажил хийгдэж байгаа юу?

-Засварын ажил өнөөдрөөс эхэлж байна. Өнгөрсөн сард нэлээн бороотой байлаа шүү дээ. Тиймээс 100 гаруй замын эвдрэл гэмтэл дээр онцгой байдлын шугамаар 2.5 тэрбум төгрөгийн хохирол учирсан. Түүн дээр засвар шинэчлэлтийн ажил хийгдэж байна. Энэ дашрамд иргэдэд нэг зүйл хэлье гэж бодож байна. Чанаргүй зам тавигдсанаас болоод асфальт нь хуурсан, эвдэрсэн тохиолдолд тухайн гүйцэтгэсэн аж ахуйн нэгжид нь хариуцуулах асуудлыг энэ долоо хоногоос хэрэгжүүлж эхэлсэн. Цаашлаад чанаргүй зам тавьсан компаниудыг зарлана.

Нийслэлийн хэмжээнд 40 тэрбум төгрөг зам дээр төлөвлөгддөг. Энэ хүрээнд замуудыг холбох, гарц хийх, нөхөөс, заадас, тэмдэг тэмдэглэгээг цогцоор нь хийгээд явж байна. Төлөвлөгөөт засвар ирэх сарын 1-нд дуусна. Бороо уснаас үүдээд эвдэрсэн, гэмтсэн замыг аравдугаар сарын 1-нд бүрэн гүйцэт засаад хэвийн хэмжээнд нь оруулна.

-Энэ жил хийхээр төлөвлөсөн зам барилгын төсөл хэчнээн хувьтай явж байгаа вэ. Өмнөх жилүүдийг бодвол нэлээд зам шинэчлэгдэж байх шиг байна?

-Энэ жилийн замын холбогдолтой бүтээн байгуулалт сайн явагдаж байна. Налайхын замын шинэчлэлт, Замын цагдаагийн гүүр, Сонсголонгийн гүүр, Хайлааст Дарь Эхийг холбосон зам, 100 айлын зам гэх мэтчилэн том болон дунд хэмжээний бүтээн байгуулалт өрнөж байна. Орон сууц гэр хорооллыг холбосон холбоос замууд ч тавигдаж байгаа. Энэ жил гэр хороололд түлхүү зам тавих бодлогын хүрээнд 100 гаруй төсөл арга хэмжээ хэрэгжиж байгаа шүү дээ. Ер нь томоохон хэмжээний төслүүд 132.4 сая орчим ам.долларын төсөвт өртөгтэй байгаа.

-Налайхын зам хэзээ ашиглалтад орох вэ?

-Арваннэгдүгээр сарын 1-н гэхэд зорчих хэсгээ нээнэ. Үлдсэн тохижилт тоноглолын ажлуудаа дараа жил хийгээд дуусах юм. Одоогоор хуваарьт хугацаандаа явж байна.

Улаанбаатар хотод энэ жил хийгдэж байгаа зам барилгын томоохон төслүүдийн мэдээллийг хүргэе.

хайлааст дарь-эхийг холбосон зам энэ сарын 30-нд нээгдэнэ

Хайлаастын уулзвараас Дарь Эхийн зам хүртэлх 1.4 километр авто зам, 57 урт метр гүүрийн ажил энэ сарын 30-нд нээлтээ хийх юм байна. Зорчих хэсгийн өргөн 14 метр, дөрвөн эгнээ хатуу хучилттай, хоёр талдаа хоёр метр өргөн ногоон байгууламж, гурван метр өргөн явган хүний зам, гэрэлтүүлэг, борооны ус зайлуулах шугамтай иж бүрэн авто зам юм.

Тус замыг 2017 онд Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр “Мотор Сервис” ХХК гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн байна. Хайлаастын уулзвараас Дарь-Эхийн зам хүртэлх 1.4 километр авто зам ашиглалтад орсноор Чингэлтэйн гудамжийг холбосон шинэ холбоос зам үүсэх гэнэ. Улмаар хотын төвийг тойрсон гол гудамж зам болох бөгөөд тухайн бүсийн авто замын түгжрэлийг 30 хувь бууруулах юм байна.

“замын цагдаагийн ойролцоох гүүрэн гарц барих ажил 65 хувьтай байна

“Замын цагдаагийн ойролцоох гүүрэн гарц барих” төсөл хэрэгжсэнээр төмөр замаар тусгаарлагдсан хотын төвийн хэсгүүдийг холбосон саадгүй нэвтрүүлэх чадвар бүхий босоо тэнхлэгийн гол замын сүлжээг бий болгох аж. БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй уг төслийн хүрээнд Олимпийн гудамж, Их Монгол Улсын гудамжийг холбосон дөрвөн эгнээ, 470 метрийн урттай, төмөр бетон гүүр баригдах юм. Тус төслийн гүйцэтгэгчээр “Хятадын Төмөр замын 20 дугаар товчоо корпорац” ажиллаж байгаа юм байна. Хятад, Монголын 300 гаруй инженер техникийн ажилчид ирэх сард үндсэн гүүр, B, C рампын хөдөлгөөнийг нээхээр ажиллаж байгаа гэнэ. Нийт ажлын явц нь 65 хувьтай байгаа юм байна.

туул гол дээгүүрх дөрвөн эгнээ гүүрийн ажил 70 хувьтай байна

БНХАУ-ын Засгийн газрын урт хугацааны зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй томоохон төслүүдийн нэг болох Туул гол дээгүүрх Баянзүрхийн 321 урт метр, дөрвөн эгнээ гүүрийн ажил үргэлжилж байгааг албаныхан дуулгалаа. Шинэ гүүрийн барилгын ажлын хүрээнд энэ сарын эхээр дөрвөн тасалгаат хайрцган дам нурууны 120 урт метр хэсгийн доод үе болон хавирган хананы хэсэгт 1337 куб бетоныг цутгаж дуусчээ. Ажлын явц нь 70 хувьтай байгаа аж.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид