Улаанбаатар 1c

Б.Сарангоо: Зөвхөн бүсгүй хүнд л бүх гоо үзэсгэлэн бий

NPost.mn
2019-08-28 11:17

Уран зургийг харах урлагийн дээд гэдэг. Энэ удаагийн “Урлан” булангаараа чөлөөт уран бүтээлч, зураач Б.Сарангоогийн урланд саатлаа. Загвар зохион бүтээгчдийн гэр бүл төрж өссөн тэрбээр дөрвөн настайгаасаа зураг зурж эхэлсэн байна. Аав ээжийнхээ мэргэжлийг өвлөн загвар зохион бүтээгч мэргэжлээр суралцсан ч өөрийн хүслээ даган БНСУ-д зураач гэх мэргэжлийг эзэмшжээ. Уран бүтээлээ туурвиж эхлээд 11 дэх жилтэйгээ золгож буй түүний уран бүтээлүүд Дорнын өнгө аястай харагдаж байлаа. Өөрөө ч “Миний уран бүтээл дорнын өнгө аястай. Харин сүүлийн дөрөв, таван жилээс уламжлалаа оруулахыг зорьж байна” хэмээсэн юм. Ингээд түүний урланд саатаж уран бүтээлийнх нь талаар хөөрөлдлөө.

-Таны уран бүтээлүүдийг харахад дандаа л бүсгүй хүнийг дүрсэлжээ?

-Би ер нь эрэгтэй хүн зурдаггүй шүү. Би лав хувьдаа эрэгтэй хүнд зурах зүйл байхгүй гэж боддог. Бүх зүйлс эмэгтэй хүнд л бий. Гоо үзэсгэлэн, муу муухай гээд бүгд бий. Тиймээс эрэгтэй хүнийг зурах шаардлагагүй. Түүний оронд морь зурсан нь дээр. Зураач нэг зүйл бодож уран бүтээлээ туурвихад түүнийг нь харсан арван хүнд арван өөр мэдрэмж төрдөг. Уран зургийг сайн ойлгодог хүн л магадгүй зураачийн илэрхийлэх гэсэн санааг ойлгох болов уу. Би эмэгтэй хүнийг зурахдаа ерөнхий анатомаар нь зурдаггүй.

-Ажиглаад харахад таны зурагнуудын нүд их өвөрмөц юм. Үүнд ямар нэг учир байна уу?

-Миний зурагнууд ерөнхий нэг хүн байдаг. Таны хэлсэн зөв. Миний зурагнуудын нүд нь ерөнхий гол цөм. Тухайн зургийг зурах үед миний сэтгэл хөдлөл ямар байсныг зургийн нүднээс харж болно. Мөн юу илэрхийлэхийг зорьж байгааг ч миний зурагны нүднээс харж болно.

-Яруу найрагчид онгод орж шинэ шүлэг бичдэг гэж ярьдаг. Харин зураачдын хувьд зургийн шинэ санаагаа хаанаас олдог юм бол. Танд шинэ зургийн санаа яаж төрдөг вэ?

-Би онгод гэж чухам юуг хэлээд байдгийг одоо болтол ойлгодоггүй юм. Хүмүүс онгод орлоо гээд л байдаг юм. Миний хувьд зургийн санаа олохын тулд шинээр гарсан үзэсгэлэн бүрийг алгасалгүй үздэг. Мөн ном зохиол уншина. Ер нь нийгэмтэйгээ харьцаж байж л уран бүтээлийнхээ санааг улам ихээр баяжуулдаг.

-Таны аав, ээж хоёр хоёулаа дизайнер гэж сонссон. Гэтэл та яагаад зураач болсон юм бэ?

-Уг нь аав, ээж хоёрынхоо мэргэжлийг өвлөж дизайнер мэргэжлийг эзэмшсэн. Гэсэн хэдий ч зураач болох хүсэл минь дийлээд зураач болсон. Анх намайг зураач болно гэж байхад ээж, аав хоёр дэмждэггүй байсан. “Миний охин зургаар хоолоо олж идэхгүй” гэдэг байсан. Эхэндээ ч нээрээ л хоолоо олж идэхэд бэрх юм шиг л санагддаг байлаа. Хамгийн анх удаа зургаа 20 мянган төгрөгөөр зарчихаад маш их баярлаж байсан. Одоо бол зургаараа амьдралаа аваад явж чадаж байна.

-Та зураг зурахаас гадна модон бар хийдэг шүү дээ?

-Тийм. Модон барыг сонирхоод өөрийнхөөрөө л хийдэг. Ном уншиж судлаад, хийж үзээд янз бүрээр оролдож байна. Модон бар хийхэд цаг, болон чадвар их шаарддаг. Нэг л буруу зураас татвал өмнө нь хийсэн бүх зүйлд нөлөөлдөг. Тийм болохоор их л нямбай оролдох хэрэгтэй юм билээ.

-Бас таны хийсэн дондогмаанууд хүмүүст нэлээд танигдсан. яагаад дондогмаагийн өөрийнх нь үндсэн зургийг өөрчилж зураг зурахаар болсон юм бэ?

-Дондогмаа яагаад заавал нэг хэвийн зурагтай байх ёстой юм гэж бодоод бэлдэц аваад зураг зураад үзсэн. Түүнийг маань хүмүүс их сонирхсон. Ер нь Дондогмаа дээр чөлөөтэйгээр зураг зурж болно гэдгийг л хүмүүст харуулсан. Харин одоо Дондогмаагийн зургийг олон янзаар зурдаг хүмүүс цөөнгүй болсон байна.

-Эх орондоо бие даасан үзэсгэлэнгээ гаргаж байгаагүй байх аа?

-Өнгөрсөн хавар гаргахаар төлөвлөөд байсан боловч хувийн шалтгаанаас болоод амжсангүй. Ирэх жилээс гаргах бодолтой байгаа. Харин Казахстан Улсад бие даасан үзэсгэлэнгээ гаргаж байсан.

-Зураачид нэг зургийг хэдий хугацаанд зурдаг бол. Таны хувьд хамгийн удаан хугацаа зарцуулж зурсан зурагтаа ямар хугацаа зарцуулсан бэ?

-Ер нь зургийг тийм хугацаанд зурдаг гэж хэлэхэд хэцүү. Янз бүр байдаг. Заримдаа нэг шөнийн дотор, хэдхэн цагийн дотор зургаа дуусгачих тохиолдол байна. Харин хамгийн удаан зурсан зураг гэвэл гурав, дөрвөн жил зураад одоо ч дуусаагүй л зураг бий. Нэг эхлүүлээд орхичихсон хааяа бариад зурна. Тэгээд дуусгах гэхээр дуусч өгөхгүй байгаад л байна.

-Манайхан уран зургийг ойлгох нь ямар байна вэ?

-Манайхан нэг үеэ бодвол олон зүйлийг сохирхдог болж. Тэр ч утгаараа уран зургийг сонирхох хүний тоо ч нэмэгдсэн. Бидний үед кассетний хөгжмөөс өөр сонголт үгүй байлаа. Харин одоо бол бүх зүйлс нээлттэй болсон болохоор олон зүйлийг сонирхох хүүхэд залуучууд их болжээ. Ажиглаад байхад гарч байгаа үзэсгэлэнгүүдийг үздэг хүмүүсийн тоо ч нэмэгдсэн байна.

-Монголд уран зургийн ханш ямар байдаг юм бол?

-Дээр хэлсэн ойлгох хүн нэмэгдсэн шиг нэг үеэ бодвол зургийн ханш бас өссөн. Миний хувьд зураг зурахаас өөр хийж чадах ажилгүй учраас зургаа зураад амьдраад л болоод байна. Зургаас өөр зүйл хийхгүй амьдарч эхэлж байх үед зургийн ханш тийм ч өндөр байгаагүй. Мөн зураг уран бүтээлчээсээ хамаараад өөр, өөр үнэтэй байдаг. Миний хувьд зургаа цор ганц хувь л зурдаг. Тийм учраас дунджаас дээгүүр үнэ хэлдэг. Манай зарим зураачид нэг зургаа олон хувилаад зараад байдаг. Тэр бол өөрийн уран бүтээлээ үнэ цэнгүй болгоно. Бас тэр зургийг худалдаж авч буй хүнд ч үнэ цэнгүй бүтээл нийлүүлж байгаа юм. Хэрэв би зайлшгүй шаардлага гараад зургаа хувилах шаардлага гарвал ямар нэг хэсгийг нь өөрчилдөг. Ер нь нэг удаа гарсан мэдрэмж ахиж хэзээ ч давтагдаж гарахгүй шүү дээ.

-Уран зургийн а үсгийг заасан багш нь ямар хүн байдаг вэ?

-Миний багш О.Наранбаатар гэж хүн бий. Монголын орчин үеийн зургийг үндэслэсэн хүмүүсийн нэг. Анх багшийнхаа шавь болох гэж хойноос нь нэлээд их гүйсэн шүү. Уран зургийн бүх зүйлсийг тэр хүнээс сурсан.

Түүний урлангаас эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг олон янзаар харж болохоор байсан юм. Дорны өнгө аястай бүтээлүүддээ монгол эмэгтэйн дүр төрхийг шигтгэсэн нь гайхалтай зохиж байв. Мөн түүний зурагнуудаас дан ганц эмэгтэй хүний гоо үзэсгэлэнгээр зогсохгүй илүү гүн гүнзгий утга санааг олж харж байлаа.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид