Улаанбаатар 1c

Одсон бүхэн орчлонд мөнхөрнө

Сэрүүн салхи шанхны үсээр наадахад, шилэн тиркотой охид бүсгүйчүүд өнгийн цуваар гоёж, сэлүүхэн гудамжинд холхих хүмүүсийн тоо нэмэгдээд зөрж өнгөрөх хүн бүхэн ямар нэгэн зүйлд яарах нь намар аж. Хичээл сургууль эхлэх гээд түм түжигнэж, бум бужигнасан өдрүүдэд бүх зүйл эмх замбараагүй мэт санагдана. Шаргал навчис өлмийд мэхийх шиг ганц нэгээрээ салхинд хийсч одно.

Одсон бүхэн шаналал, харуусал, хагацал тээгээд санаа, сэтгэл уймруулж орхино. Яагаад ч юм хэдхэн хоногийн дараа гудамж талбай нэвсийсэн цагаан цасаар хучигдах мэт сэтгэлд догдлол дүүрэн байна. “Гадаа цас орж байна ах аа” гэж чихэнд нь шивнэсэн боловч эмнэлгийн орон дээрээс тэнгэрт дэвшсэн ахыгаа бодохоор намрын улирлыг би гашуудлын улирал гэж боддог байлаа. Гэвч хэн нэгэн одсон ч амьдрал үргэлжилдэг юм байна гэдгийг одоо л ойлгож байна. Дуурсагдах нэгэн дурдагдаж, дуурсах бүхэн дуулалддаг хорвоо юм хойно.

Хагацал бүхэн эдгэдэг цаг хугацаатай, хайр бүхэн мөнхөрдөг жамтай орчлонд харуусал тээсэн өдрүүдээ бодохоор сэтгэл өвдөх шиг болох юм. Намрын өдрүүдэд шувууд буцаад гунигтай ч, ирэх хавар буцаад ирдэг нь юутай баясал вэ. Үүн шиг хэн нэгэн хаалга хааж одоод хэзээ ч ирэхээргүй явчихвал юутай харамсалтай вэ. Гэвч эргээд ирэхгүй гэж бодохоор нулимс хацар зүсэх шиг урсана. Тэнгэрт байдаг гэдэгт итгэдэг учир шувуудад үгээ дайгаад явууллаа. Та анирдаарай. Намрын намарт л зүрх зүссэн мэдрэмж сэтгэл өвтгөх шиг болоод намрын намарт л сэтгэл, зүрх эдгэсээр л байгаа гэдэгт итгэнэм.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид