Улаанбаатар 1c

Унаач хүүхдүүдийг НЭГ ӨРӨӨ байраар шагналаа

NPost.mn
2019-09-18 16:57

Хэдэн зуун морьд газрын хөрсийг дөрвөн туурайгаар бөмбөрдөн, ухаа  шаргал тоос тэнгэр баганадан босож, хурдан морьд гарааны зурхайгаас нэгэн зэрэг эргэх торгон  мөч үгээр зүйрлэхийн аргагүй бахархал төрүүлнэ. Унаач хүүхдийн цолгиун дуу тоосон дундаас холдож, ойртон сонсогдох нь хүн бүрийн сэтгэл зүрхийг хөвсөлзүүлэн омогшуулдаг. Тиймдээ ч хэдэн зууныг өртөөлөн морин спорт  хөгжиж дэвшсээр өнөөдрийг хүрч байна. Монгол ёс заншилын  хосгүй дээд  өв болох хурдан морийг унаач хүүхэдгүйгээр төсөөлөхийн аргагүй. Тэд унаж яваа морио гараанаас хэрхэн гаргах, зул задраад эхлэхээр хаана нь морио ташуурдах, газрын аль хэсэгт давхилаар нь явуулж, барианы зурхай ойртоод ирэхээр хэрхэн шахаж уралдах вэ гэдгийг сайн тооцоолж, бас  мэдэрдэг. Тиймдээ ч хурдан морины унаач хүүхдийн эрдэм чадал, авхаалж самбааны талаар бид хэдэн зуун жилийн турш магтан ярьсаар  ирсэн.  Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн “Монгол наадмын шүншиг нь жижигхэн монгол морийг жижигхэн хүүхэд унаж уралдахдаа байдаг юм шүү” гэж хэлсэн  байдаг.   Тэгвэл хурдан морь унаач хүүхдийн хөдөлмөрийг бодитоор үнэлсэн үйл явдал өчигдөр болж өнгөрлөө.   Өнгөрсөн долдугаар сард болсон “Их хурд-VIII” уралдааны үеэр морио түрүүлүүлсэн гурван хүүхдэд тус бүр нэг өрөө байр өгөхөөр болсон юм. Тус уралдааныг зохион байгуулах комиссын дарга, Монгол улсын тод манлай уяач, “Модун хаан групп” компанийн ерөнхийлөгч Д.Хишигжаргал хувиасаа эдгээр байрыг авч, унаач хүүхдүүдийн гэр бүлд байрны түлхүүр, гэрчилгээг гардуулан өглөө. Энэ үеэр тэрбээр “Би “Их хурд-VIII” уралдааны зохион байгуулах комиссын даргаар ажилласан. Иймээс ч морь унаач хүүхдүүдийнхээ нийгмийн асуудлыг шийдэх үүднээс тэдэнд байр бэлэглэх санаачилгыг гарган, байр өгч байгаа юм. Бид хүүхдээ мордуулж, морио гаргаад л бүх зүйлээ хүүхдэд даатгадаг. Өөрөөр хэлбэл, уралдааны 80 хувь унаач хүүхэдтэй хамааралтай” хэмээсэн бол Монголын морин спорт, уяачдын холбооны ерөнхийлөгч Ц.Батсайхан “Холбооны зүгээс уяач болон унаач хүүхдүүдэд чиглэсэн олон арга хэмжээ авч, хэрэгжүүлж эхэлсэн. Унаач хүүхдийн аюулгүй байдалд ихээхэн анхаарал хандуулан ажиллаж байна. Энэ жилийн хувьд зөвхөн уяач биш унаач хүүхдүүдийнхээ хөдөлмөр, ухаан, чадварыг үнэлэх зорилгоор байр өглөө. Хүүхдүүд Монголын үндэстний өв соёл, уламжлал, хурдан морь унах эрдэмд суралцаж, аав, ээждээ өөрсдийнхөө авьяас, хөдөлмөрөөрөө нэмэр болж байна. Энэ жил нэг өрөө байр өгч байгаа бол цаашид хоёр өрөө байр өгдөг болоход анхаарна” гэсэн юм. 

 “Би хээр азаргаа түрүүлнэ гэдгийг мэдэж байсан”

 “Их хурд-VIII” уралдааны хурдан азарганы уралдаанд Б.Нямжавын хээр азаргыг унаж түрүүлсэн Б.Энхбаяр хүүгийнх Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байртай болсон юм. Б.Энхбаярын аав, ээж долоо хоногийн өмнө байрандаа орж, байраа хэдийнэ тохижуулж амжсан байв. Хананд байрлуулсан тавилган дээр морины баримал эгнүүлэн өрсөн нь энэ гэр бүл адуунд ямар их хайртайг илтгэнэ. Мөн хүүгийнхээ бүх өргөмжлөлийг өржээ. Б.Энхбаярын аав Б.Буян-Орших Сэлэнгэ аймгийн Сант сумын харьяат ч өдгөө эхнэр гурван хүүхдийн хамт Төв аймагт монгол гэрт амьдардаг. Тэрбээр “Хүү маань дөрвөн настайгаасаа морь унаж, аймаг, сумын наадамд хоёр жил уралдахдаа таван удаа түрүүлж, хоёр удаа аман хүзүүдсэн.  Харин энэ онд улсад гурван түрүү, дөрвөн айраг хүртсэн. Хүүг маань урамшуулж, энэ сайхан өргөөгөөр шагнасан Монголын морин спорт, уяачдын холбоо болон Хишигээ ахдаа баярлалаа” хэмээн ярив. Тэрбээр 2006 оноос хойш адуу мал сонирхох болж, эхнэртэйгээ амьдраад арав гаруй жил амьдрахдаа гурван сайхан хүүхэдтэй болсны том нь Б.Энхбаяр. Тэд 10 гаруй үхэртэй бөгөөд малынхаа тоо толгойг нэмж, адуутай болох хүсэлтэй гэнэ. Тэрбээр мөн морь уяж, 2018 оноос хойш улс, бүсийн уралдаанд нийт зургаан түрүү, 12 айраг авчээ. Б.Энхбаяр багаасаа моринд дуртай өсчээ. Мод л олдвол давуугаар оосорлон, морь болгон салхи татуулан давхиж байгаа мэт гүйх хүүгээ аав нь “Хүү маань аав, ээж гэж биш “Чүү чүү” гэж хэлд орсон” гэсэн юм. Б.Энхбаяр барагтаа бол үг дуугарахгүй хэрнээ хээр азаргыг унахад ямар байсныг асуухад “Би азаргаа түрүүлнэ гэдгийг мэдэж байсан” хэмээн ярив.

 “Аав, ээж маань хүүдээ баярлалаа гэсэн”

Бидний дараагийн очсон айл бол “Их хурд-VIII” уралдааны их насны морьдын уралдаанд Т.Галбадрахын бор морийг унаж түрүүлсэн П.Пүрэвбатынх байв. П.Пүрэвбат “Аав, ээж маань хүүдээ баярлалаа гэсэн” хэмээсэн бөгөөд байрны түлхүүрийг түүний өвөө, эмээ гардаж авсан юм. Учир нь түүний аав, ээж Өмнөговь аймагт ажиллаж, амьдардаг. Аав нь том тэрэг барьдаг гэнэ. Түүний эмээ  Н.Мягмарсүрэн “Зээ хүү маань хоёр жил морь унаж, өнөөдөр байртай боллоо. Хурдан морь унадаг хүүхдүүдийг энэ мэт үнэлж, байр өгч байгаад маш их баяртай байна. Аав, ээж нь энэ мэдээг дуулаад итгэж чадахгүй байсан. Удахгүй ирж, байраа үзнэ гэсэн. Манай хүүхдүүд багаасаа морь унаж, том болоод морь уядаг болсон. Манай ээж ч багаасаа хурдан морь унадаг хүн байсан. Хааяа хүүгээ уначихвий, бэртчихвий гэж бодож, бурхан тэнгэртээ залбирч, сүү өргөдөг юм” гэв.

“Миний авсан хамгийн гоё бэлэг”

Харин “Их хурд-VIII” уралдааны шилмэл морьдын уралдаанд Ц.Чимэдбавуугийн хүрэн халзан азаргыг унаж, түрүүлсэн П.Эрдэнэбат “Би дөрвөн жил морь унаж байна. Хөвсгөл аймгийн Мөрөнд суманд амьдардаг. Морио унаад, барианд орж, морио цоллуулах үнэхээр гоё. Олон жил морио сайн унаж, олон гоё бэлэг авахыг хүсэж байна.  Том болоод уяач болохыг хүсдэг. Миний авсан хамгийн гоё бэлэг бол энэ байр” хэмээсэн юм. Тэрбээр байраа авахаар аав, ээжтэйгээ Хөвсгөлөөс иржээ. Тэднийх гурван хүүтэй бөгөөд том хүү нь ерөнхий боловсролын сургуулиа төгсөж, малчин болсон бол бага хүү нь дөрвөн настай, морь унахын хүслэн болсон нэгэн гэнэ. Хүүгийн аав Ц.Пүрэвбат “Хотод байртай болох юмсан гэж их боддог байлаа. Хүүгээ оюутан болохоор нь л яаж ийгээд байртай болгоно доо гэж төлөвлөж байсан юм. Харин хүү маань өөрөө байр аваад ирэх юм чинээ санасангүй” хэмээн ярьсан юм.

Сэтгүүлч Э.Эрдэнэцэцэг

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид