Улаанбаатар 1c

Онон хатан ижий аврагдах цаг ойртсоор...

NPost.mn
2019-09-19 12:12

Монгол Улсын Засгийн газар нэр бүхий есөн газрыг улсын тусгай хамгаалалтад авахаар төлөвлөжээ. Хаа сайгүй газар хөндөж, байгаль ээжийг уйлуулж байгаа энэ үед Засгийн газрын шийдвэрийг олон нийт талархан хүлээн авч байна. Арга ч үгүй биз, үе үеийн Засгийн газар байгалиа ухаж ашиг олохоо урьтал болгож байснаас биш тусгайлан хамгаалахад ач холбогдол өгч байсан нь цөөн.    

Тусгай хамгаалалтад авахаар төлөвлөсөн газруудаас олны анхаарлыг хамгийн ихээр татаж буй нь Гутайн даваа-Хөмүүл голын эх юм. Энэ газрыг байгалийн цогцолборт газрын ангиллаар тусгай хамгаалалтад авахаар төлөвлөжээ. Анхаарал татаж байгаа нь ч  учиртай. Яагаад гэвэл, энэ нь Онон хатан ижий хэмээн дээдлэн шүтдэг Онон голын хувь заяатай холбоотой юм. Тодорхой хэлбэл, Хэнтий аймгийн Батширээт сумын нутагт байрлах Гутайн даваанд алт олборлохоор зэхэж байгаа бөгөөд ингэснээр Онон гол бохирдох аюултайг мэргэжлийн хүмүүс анхааруулан хэлж байна.  Ялангуяа Онон, Шургадаг, Тулгат, Баруун, Зүүн Гутай, Арангатайн голууд, Хөх чулуу, Сэрүүн, Манат, Ламын, Арын булгууд болон Арангатайн рашаан, Цагаан нуур зэрэг гадаргын усыг бохирдуулах эрсдэл маш өндөр.    

Гутайн даваа алтны хэнээтнүүдийн гарт ороод цөөнгүй жилийг үджээ. Энд  гурван компани бий. Хоёр нь шороон, нөгөө нь үндсэн ордтой. Үндсэн орд нь “Пегматит майнинг” компанийнх. Үндсэн орд нь ой дотор, шороон орд нь ой модны хажууханд байдаг.      

Гутайн даваа дахь бэрхшээлтэй асуудлын нэг нь алтны үндсэн орд болоод байгаа юм.  Битүү ой модонд, бараг уулын орой шахуу газар. Ийм газар алт олборлохыг нутгийн иргэд эрс эсэргүүцэж байгаа юм. Тиймээс У.Хүрэлсүхийн Засгийн газар энэ газрыг тусгай хамгаалалтад авч олборлолт хийхээс сэргийлэхээр болсон нь сайшаалтай. Ерөнхий сайд зүгээр ч нэг сэтгэлийн хөөрлөөр энэ шийдвэрийг гаргаагүй. Нутгийн иргэдийн хүсэлт, байгаль экологид үзүүлж болзошгүй хор нөлөө зэргийг харгалзан үзжээ. Энэ нь ч  баримтат үндэслэлтэй байв. Гутайн даваа Онон голын сав газарт байдаг. Энэ сав газар бол эзэн Чингис хаантай холбоотой түүхэн  нутаг. Түүний амьдрал, уналт, сэргэлттэй холбоотой олон үйл явдал болсон, бараг музей гэхээр газар. Мянганы суут хүн болох гараагаа энэ л нутгаас эхэлсэн болохоор Онон голын сав газар үгээр илэрхийлэхийн аргагүй үнэ цэнтэй. Алт ухаж болохгүйн нэг том шалтгаан энэ.           

Онон голын сав газар зөвхөн их түүхийн гэрч болсон нутаг биш. Байгалийн үзэсгэлэн төгөлдөр бүрдсэн, ховор ургамал, амьтан амьдрах таатай нөхцөл бүрдсэн нутаг.

Энд 223  зүйл шувуу бүртгэгдсэнээс 172 зүйл нь нүүдлийн ховор шувууд. Дэлхийд нэн ховор цэн тогоруу үрждэг маш чухал газар. Энэ газар 260 зүйл ургамал бүртгэгдсэнээс 19 нь ховор, 15 нь нэн ховор ургамал. Эмийн болон ашигт ургамал нь нийт ургамлын зүйлийн 31 хувийг эзэлж байгаа нь хамгааллын үүднээс төдийгүй байгалийн нөөцийг тогтвортой ашиглах боломжийн хувьд ч нэн чухал газар болохыг баталгаажуулдаг.   

Энэ сав газрын гол амин сүнс нь Онон гол. Онон голд 28 зүйл загас амьдардаг бөгөөд дэлхийд ховор тул загасны орон гэр юм. Цөөнгүй сумын 20 мянга гаруй хүнийг ундаалдаг Онон гол бохирдвол энэ сав газрын экосистемд маш аюултайг судлаачид анхааруулан хэлж байгаа. Хэрвээ Гутайд алтны олборлолт эхэлбэл энэ аюул шууд хаалга тогшоод ороод ирнэ. Дэлхийн хэмжээнд зайлшгүй анхааран хамгаалах шаардлагатай 35 экобүсийн нэг Амар мөрний эх нь  Онон голын ай савд хамаардаг.  Энэ утгаараа монголчуудын төдийгүй, Амар мөрний сав дагуух ОХУ, Хятад улсын нутагт амьдарч буй олон сая хүний эрүүл, аюулгүй амьдрах орчныг хангахад онцгой үүрэгтэй, үнэ цэнэтэй нутаг.          

“Гутайн даваанд алт олборлуулахгүйгээр шийдлээ гэхэд нинжа нар ороод ирнэ. Тэрний оронд компани нь ашиглаад татвараа төлсөн нь зөв ” гэж сумын удирдлага болон яамны зарим эрх мэдэлтнүүдийн зүгээс онцлон хэлдэг. Энэ үг ганц энд ч биш, Монгол орны баялагтай нутаг болгонд сонсогддог, компаниуд алт ухахыг зөвтгөдөг үндсэн шалтгаан болдог. Тэгвэл тэднээс айж, тэдний нэрийг барьж  эрх ашгаа хангадаг компаниудад цаашид боломж өгсөөр байх уу. Үгүй, үүнийг одоо л зогсоох ёстой. Монгол бол тусгаар улс. Хуультай, шүүхтэй, цагдаатай. Ийшээ орж алт ухаж болохгүй л гэсэн бол болохгүй. Дундад Азийн баялагтай орнуудад 1990-ээд оны эхээр байдал яг ийм  байв. Манайхаас ялгаатай нь, тухайн орны удирдагчид хууль зөрчсөн хэнийг ч хорьж, хатуу шийтгэж байсан. Төрийн төмөр нударгыг үзүүлсэн болохоор ийм байдал нам зогссон байдаг. 

Лицензийг нь цуцаллаа гэхэд нөхөн төлбөр нэхэмжлэх, эсвэл олон улсын шүүхэд өгч магадгүй гэсэн болгоомжлол УИХ-ын гишүүдийн дунд гарч болох юм. Сүүлийн үед Ерөнхий сайдын хийж буй ард түмний дэмжлэгтэй шийдвэрүүдийг гадаадын хөрөнгө оруулалттай зарим компаниуд үл  зөвшөөрч эхнээсээ олон улсын шүүхэд хандахаа мэдэгдээд буй. Манайхан үүнээс их айдаг, ихэвчлэн ялагдаж олон сая долларын өр төлбөрт ордог болохоор аргагүй л дээ. Үнэн хэрэгтээ монголчууд бид өөрсдөөсөө болж шүүх дээр ялагддаг. Гаднынхан бидний эв нэгдэлгүй, амин хувийн өчүүхэн эрх ашгаа боддог арчаагүй байдлыг ашиглаж өөрсдөдөө хэрэгтэй шийдвэрийг шүүхээр гаргуулж чаддаг. Гэтэл бодит байдал дээр “но”-гүй компани тун цөөн. Хэрвээ лиценз, ашиглалтын үйл ажиллагаатай холбоотой авлигын сэжүүр, хууль зөрчсөн үйлдэл байх л юм бол түүнийг нь шүүхээр шийдэж асуудлыг зохицуулах боломж бий. Монгол Улсын Шүүхийн өмнө буруутсан ямар ч компани олон улсын шүүхэд хандаад нэмэргүй билээ.               

Монголчуудын амьдрал сайнгүй байгаа, гэхдээ Онон хатан ижийгээ бохирдуулж алт ухахтаа тултал ядарч туйлдаагүй. Хэдхэн жилийн өмнө оросууд хилийн цаана алт ухаж бохир ус нь Ононд орж бөөн асуудал болж билээ. Манайхны хүсэлтээр Оросын эрх баригчид тэр дор нь арга хэмжээ авч компаниудаа хаасан түүхтэй. Онон хатан ижийг харийн хүмүүс ингэж хамгаалж байхад бид алт ухаж бохирдуулна гээд байгаа нь үнэндээ шившиг. Тиймдээ ч Гутайн давааг хамгаалалтад авч Онон голыг хамгаалах У.Хүрэлсүхийн Засгийн газрын шийдвэрийг нутгийн иргэд алга ташин дэмжиж байна. Гутайн давааг хамгаалалтад авах ажилд Хэнтий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын  дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нар идэвх зүтгэлтэй оролцож байгаад олон хүн ам сайтай байгаа. Тэд эхлүүлсэн ажлынхаа үр шимийг үзэхэд ойрхон ирээд байна.          

Засгийн газар шийдвэр гаргах нэг хэрэг. Одоо УИХ-ын намрын чуулганаар баталж байж Засгийн газраас дэмжсэн есөн газар албан ёсоор тусгай хамгаалалтад орно. Юуны өмнө Байгаль орчин, аялал жуулчлалын яам эдгээр газрыг хамгаалалтад авах үндэслэлээ сайтар боловсруулж УИХ-д яаралтай оруулах хэрэгтэй байна. Тэгсэн цагт УИХ-ын гишүүд асуудлыг сайн ойлгож дэмжсэн кноп дарах магадлалтай. Нөгөө талаар унаган байгалиа хойч үедээ үлдээх Засгийн бодлогыг эсэргүүцэх “мунхаг” төрийн түшээ арай ч гарахгүй биз ээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид