Улаанбаатар 1c

Уул уурхайн инженер, мэргэжилтнүүд ХҮН намд нэгджээ

NPost.mn
2019-10-01 10:59

Хөдөлмөрийн үндэсний нам (ХҮН)-ын байранд шинэ гишүүд, дэмжигчдээ хүлээн авах арга хэмжээ өчигдөр боллоо.  Энэ удаад Оюу Толгой, Таван Толгой, Нарийн Сухайт зэрэг томоохон орд газар, уул уурхайн тэргүүлэгч компаниуд, судалгааны байгууллагад ажилладаг инженер, мэргэжилтнүүд ХҮН намын үзэл баримтлал, үйл ажиллагааг дэмжихээ илэрхийлж, нэгдэв. 

Байгаль орчны инженер Б.Мөнхболд

 “Мэргэжлийн бид нар дуугүй суух тусам уул уурхайн талаар ямар ч мэдлэггүй популистууд олон нийтэд буруу ойлголт өгч, шантаажаар мөнгө олдог хэрэгсэл болгож байна. Нөгөө талаас төр засагт шургалсан этгээдүүд өөрсдөө зарчмаараа ажиллаж чаддаггүй, бүх хууль тогтоомж нь байсаар байтал байгаль орчны нөхөн сэргээлтийг хийлгэхийн оронд хоорондоо наймаалцаад өнгөрдөг, арын хаалгаар лиценз олгодог, дамжуулан зардаг зэрэг үйлдэл нь хариуцлагагүй уул уурхайг дэвэргэж байна. Мэргэжилтнүүд бид өөрсдөө л дугарахгүй бол энэ байдал өөрчлөгдөхгүй юм байна. Бид өөрсдөө нэгдэж, хянаж, шаардах ёстой юм байна” гэлээ.  

Хөдөлмөрийн үндэсний нам буюу ХҮН нам өндөр боловсролтой, ажлын өргөн туршлагатай шинэ үеийн мэргэжилтнүүдийн нэгдэл гэж ойлгогддог. ХҮН нам саяхан хэсэг мэргэжлийн хуульчид нэгдсэн бол энэ удаад уул уурхайн үндэсний болон олон улсын томоохон үйлдвэр, төслүүдэд ажилладаг инженер, мэргэжилтнүүдээр эгнээгээ тэллээ.

Монгол Улсын экспортын орлогын 80 гаруй хувь, төсвийн 40 гаруй хувийг уул уурхайн салбар бий болгодог. Энэ салбарт олон тооны мэргэжлийн байгууллагууд бий болж, тогтвортой, хариуцлагатай үйл ажиллагаа явуулж байна. Сайны хажуугаар саар гэгчээр сүүлийн жилүүдэд уул уурхайн салбарт мэргэжлийн бус, байгаль орчинд халтай үйл ажиллагаа газар авсан. Үүний буруутан бол уул уурхай өөрөө биш, харин Монгол төрийг барьж ирсэн, хуулийг гууль болгон хувиргадаг, авлига, эрх мэдэл, албан тушаалын наймаачдын бүлэглэл буруутай хэмээн ХҮН намынхан мэдэгдэв. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид