Улаанбаатар 1c

“Цусан гол” урсгасан буруутан олдсонгүй

         Налайх дүүрэгт “ Цусан гол ” урссан талаар өнгөрсөн долоо хоногт цахим орчинд багагүй шуугисан. Тодруулбал, малын гаралтай түүхий эдийн цэг, мал нядалгааны газар олноороо төвлөрсөн Налайх дүүргийн нэгдүгээр хороонд энэ сарын 28-нд улаан өнгөтэй бохир ус хальж урссан юм. Манай сурвалжлах баг тус дүүрэгт очиход МХЕГ, УСУГ-ынхан хяналт шалгалт хийгээд буцжээ. “Хотоос албаны хүмүүс ирж шалгасан. Ариутгал, цэвэрлэгээ хийх тушаал өгсний дагуу цэвэрлэгээ хийсэн байх” хэмээн налайхын авто замын хяналтын постод үүрэг гүйцэтгэж буй Мэргэжлийн хяналтын газрын ажилтан хэллээ.

Багануур,Хэнтий,  Сүхбаатар,Дорнод  чиглэлрүү явахад дайрч өнгөрдөг   Налайхын авто   замынхойд талд үйл   ажиллагаа явуулдаг   мал нядалгааны   газруудын ойр   орчимд нэвширсэн,   огиудас хүрэм хурц   үнэр сэнхийж байв.

Мэргэжлийн хяналтын газраас бохир ус хальж урссан хэсэгт ариутгал халдваргүйжүүлэлтийг мэргэжлийн байгууллагаар хийлгэсэн гэх хэдий ч хаягдал, бохир урссан тухайн газарт очиход замын дагуух тогтоол ус цусны туяатай, зарим газраа ногоорч, хөөсөрсөн байдалтай байлаа.

      МХЕГ-ын өнгөрсөн ням гаригт хийсэн шалгалтын явцад бохирын цооног хальж урссан байсан тул “Чандмань Налайх” ОНӨААТҮГ-т дуудлага өгсөн юм байна. “Чандмань Налайх” компани гэрээний дагуу үйлдвэрүүдийн бохирын суваг дүүрэхэд соруулж , төвлөрсөн суваг руу нийлүүлдэг аж. Тэдний зүгээс “Ус сувгийн удирдах газрынхан харьяа бохирын цооног, худгаа цэвэрлээгүйгээс бөглөрч хальсан. Манайх бохир ус нийлүүлээгүй. Гэрээний дагуу “Рефон” ХХК-иас 15, “Ундарга хайрхан” ХХК-иас 16, нийт 31 тонн бохирыг өнгөрсөн сарын 28-нд зориулалтын тээврийн хэрэгслээр зөөж, бохирын цооног руу хийсэн” хэмээн мэдээлэл өгсөн.

    Харин Ус сувгийн удирдах газрын ажилтан “Бохир хальж урссан худаг дээр бөглөрөл үүссэн тул цэвэрлэсэн. Механик хольц ихтэй бохир ус нийлүүлсэнээс болж дахин бөглөрч худгаас ус хальсан” гэв. Энэ талаар МХЕГ-аас тодруулахад “Бохир усны сувгийн худаг бөглөрснөөс бохир хальж урссан. Тус бүс нутагт үйл ажиллагаа явуулдаг дөрвөн үйлдвэрт хяналт шалгалт хийлээ. Үйлдвэрүүд нь бохир шүүх тортой ч цооног нь бөглөрч, лаг болчихсон байсан. Үүнээс гадна бохир зайлуулах компаниудтай хамтарч ажиллах гэрээгүй гэх мэт зөрчил илэрлээ. Тус үйлдвэр хулгайгаар бохирын сувагруу бохир усаа юүлсэн байж болзошгүй. Хяналтын камер шүүж байж тодорхой болно. Ер нь УСУГ-ын бохирын суваг өөрөө шүүлтүүртэй, зориулалтын тагтай байх ёстой байтал түлхэж байгаад хог хаягдлаа хийх боломжтой цементэн тагтай юм билээ. Тагны зарим нь хагарч эвдэрсэн харагдсан. Тухайн байгууллага худгийн бөглөрөл гаргахад цустай бохир ус байгаагүй. Таван литрийн цэвэр усны сав бөглөрөл үүсгэсэн хэмээн мэдэгдсэн. Холбогдох хоёр байгууллага ийм маргаантай байгаа. Манайхаас аль, алинд нь чиг үүрэг өгч ажилласан. Эхний ээлжинд ариутгал хийх даалгавар өгсөн” хэмээн ярилаа.

 Цахим сүлжээнд цацагдаж олны   бухимдлыг төрүүлсэн уг үйл явдалын   талаар нутгийн иргэдээс тодрууллаа.   Налайх дүүргийн нэгдүгээр хорооны   иргэн Б “Өвөө нь 65 настай. Хөл муу   болохоор өдөртөө энд сууж цэвэр агаар   амьсгалдаг. Одоо үнэртэж байгаа энэ   үнэр харьцангуй гайгүй байна. Зуны   улиралд энэ хавь тэр чигтээ өмхий   үнэрт автаж, ялаа батгана шавдаг. Энэ бойны үйлдвэрүүдийг хүн ам суурьшдаг газраас холдуулах хэрэгтэй. Би тэр цус урссан газар очиж үзсэн. Монгол хүн малаа тэгж муулдаггүй, буянт сүрэгтэйгээ ёс бус харьцдаггүй л байлтай. Одоо ч тэгээд цаг өөр болж дээ. Технологи хөгжөөд байхад бохирын худаг нь ачааллаа дийлэхгүй бөглөрч, эрдэнэт сүргийн цус хөрсөн дээр гол шиг урсаж байдаг улс манайхаас өөр байхгүй дээ” хэмээн ярив. Харин иргэн Н.Энхцэцэг “Энэ бол байж болшгүй явдал. Үүнээс болж халдварт өвчин тархсан бол хэн хариуцлага хүлээх вэ. Өмнө нь ийм зүйл болж байгаагүй. Дахин давтагдахгүй гэсэн баталгаа алга.

    Хянаж, шалгадаг байгууллагууд нь ажлаа хийгээсэй. Хэдий хотын төвөөс зайтай ч энд бас хүн амьдардаг гэдгийг мартаж болохгүй” гэлээ. Мал нядлах чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг үйлдвэрүүдээс мэдээлэл авах гэтэл “ Алтай чандмань”, “Шижир зул”, “Гомбо хайрхан” компанийг бохир ус хадгалах цооног бөглөрсөн шалтгаанаар МХЕГ-аас үйл ажиллагааг нь түр хугацаагаар зогсоожээ. Иймээс мэдээлэл өгөх албан тушаалтан олдонгүй.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид