Улаанбаатар 1c

Ц.Раднаа: Гавьяаны амралтаа эдэлж малчин болохдоо ч, 80 нас гарахдаа ч би мөрөөдлөө орхиогүй

Сүүлийн үед топ спортын төрлүүдийн тамирчдаас илүү 85 настай Ц.Раднаа гуай од болж буй. Тэгвэл өчигдөр Спортын төв ордон дээр явж байгаад од өвөөтэй санаандгүй тааралдав. Монгол хүн бүр түүнийг “Гүйдэг өвөө” гэдгээр нь андахаа больсон тул эртний танил шиг мэндлээд, тав гурван үг солилцов. Хамгийн сүүлд л гэхэд тэрбээр Австралийн олон улсын нээлттэй тэмцээнээс алтан медаль хүртэхдээ бүгдэд нь дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон билээ. Өнөө цагт залуучуудад жинхэнэ утгаараа үлгэр дууриалал болж яваа Ц.Раднаа гуайтай хэсэгхэн хугацаанд хөөрөлдсөнөө сийрүүлье.

Та ч сүүлийн үед нэлээд мандаж байна шүү гэхэд тэрбээр “Хүн бүр таньдаг болоод сайхан л байна. Ер нь олны хайр хүндлэлийг хүлээнэ гэдэг сайхан. Тэр олж авсан хүндлэлээ алдаж болохгүй. Би үргэлж баяртай явдаг” гэв. Энд та ямар ажлаар явна вэ гэсэн асуултад “Онцын ажилгүй. Ганц хоёр ажил бүтээчих санаатай” гээд инээлээ. Та байнга шахам тэмцээнд явдаг. Оролцох төрөл тань ч их юм. Ядардаггүй юм уу гээд шивнэх шахам зөөлнөөр асуулаа. Мань хүн “Ахынх нь сонсгол сайн шүү. Чи миний сонсголыг шалгаж асуув уу. Эсвэл ийм асуулт асууж байгаадаа жаахан айгаа юу” гэснээ “Ядралгүй яах вэ. Над шиг настай хүн олон цагийг онгоцонд өнгөрөөнө гэдэг хэцүү биз дээ. Гэхдээ ядарлаа гээд замын дундаас буцаж болохгүй. Өөрийнхөө дур сонирхлоор л яваа хүн. Ер нь бол ядарснаа гэртээ ирээд л мэддэг хүн. Өвгөн ах нь амжилт гаргахаараа бушуухан эх орондоо, гэртээ харих юмсан гэж яараад ядарснаа ч мартчихдаг. Тэгээд гаргасан амжилтаа гэрийнхэндээ гайхуулж байж л санаа амарч, гэнэт ядарснаа мэддэг” гэв.

-Монголд 80 гарсан хоёр шаггүй хөгшин байна. Нэг нь та, нөгөөх нь Т.Цэрэндолгор гуай. Хамт яваад л хамаг алтыг нь түүгээд ирэх юм?

-Австралийн тэмцээнд надтай хамт хоёр монгол тамирчин өрсөлдсөн. гавьяат тамирчин Т.Цэрэндолгор таван алт, нэг мөнгө, 65 настай Нараа хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртлээ. 81 настай Т.Цэрэндолгор үнэхээр ясны тамирчин. Австрали ёстой нэг зээрэнцэг шидэлт, бөөрөнцөг түлхэлтийн орон юм билээ. Дүхийсэн биетэй, биерхүү тамирчин олонтой юм байна. Тэднийг илүүрхэх үнэхээр хэцүү. Ёстой Т.Цэрэндолгор тулдаа л түрүүллээ. Миний хувьд яах вэ, мөрөөдлөө биелүүлээд л явж байгаа хүн. Гэхдээ л хүмүүсээр хүндлүүлээд явах сайхан юм.

Таныг дэлхийн аварга болоод ирэхэд хань, 80 гаруй настай хоёр дүү, гэр бүлийнхэн тань тосохыг хараад сэтгэл их хөдөлсөн. Өдий насандаа баярт мөчөө эрхэм хүмүүстэйгээ хуваалцана гэдэг ховор хувь заяа болов уу?

-Тийм шүү. Үүнээс илүү сайхан зүйл гэж юу байх вэ. Би малын эмч, биеийн тамирын багш мэргэжилтэй. Манайх зургаан хүү, дөрвөн охинтой. Нэг нь ч архи ууж, тамхи татдаггүй, хүмүүжилтэй. Манай хүүхдүүд спортын дөртэй, олонх нь спорттой амьдралаа холбосон. Том хүү, хамаатны цөөнгүй дүү минь биеийн тамирын багш. Ууган хүү Бадрах маань гэхэд л Украины биеийн тамирын дээд сургуулийг төгссөн, усанд спортын Монголын анхны мэргэжлийн дасгалжуулагч. Хань минь залуудаа аймаг, сумын гүйлтийн тэмцээнд оролцдог байлаа. Ер нь л спортлог гэр бүл.

-Үнэхээр гоё юм?

-Тийм ээ, ийм сайхан гэр бүлтэй болсон би азтай хүн. Хүүхдүүд маань намайг тэмцээнд уралдаанд явахад бүгдээрээ дэмждэг. Санаа зовох зүйлгүйгээр тэмцээндээ явж, бэлтгэлээ хийнэ гэдэг өнөө цагт ховор тохиол. Тэгэхгүй бол нэг тэмцээнд явах гээд л амьтан хүнийг царайчлаад явах хэцүү биз дээ.

-Ингэхэд та бэлтгэлээ хэрхэн хийдэг хүн бэ. Ганцаараа хийж байна уу?

-Өглөө бүр 06.00 цагт босон, Зайсан толгой өөд, Туул голын дагуу гүйдэг. Бас Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд бэлтэлээ базаадаг. Гэртээ байхдаа найман кг жинтэй гантил өргөдөг, хөл, гараараа тус бүр 20 удаа. Сэнжээр нь хөлөндөө углаж байгаад, хэвтэж байгаад ч өргөнө. Дулааны улиралд аргатай. Өвлийн хүйтэнд Туулын жавар сөрөн гүйх ч хэцүү шүү. Миний бэлтгэлийг ууган хүү маань хангалцдаг.

-Та насаараа хөнгөн атлетикаар хичээллэж яваа тамирчин. Насаараа тээсэн зорилгодоо 85 насандаа хүрнэ гэж төсөөлсөн үү?

-Би багадаа хаана л бол хаана гүйж явдаг хүүхэд байлаа. Айл, саахалтын хүүхдүүдийг урдаа гишгүүлж үзээгүй. Залуудаа малын эмчээр олон жил ажилласан. Өвөл зунгүй, хөдөө гадаагүй малтай ноцолдож явахад өөр мэргэжил эзэмших тухай бодол үе үе төрнө. Тэгж явахдаа Монголын бүх ард түмний спартакиадад оролцон, 400, 800 метрийн гүйлтэд түрүүлж, спортын мастер цолны болзол хангав. Хөнгөн атлетик гэж ийм сайхан спорт байдгийг тэр үед мэдсэн хэрэг. Энэ үеэс хойш миний амьдралд өөрчлөлт гарсан. Нэг ёсондоо хөнгөн атлетикаар хичээллэх эхлэл тавигдсан гэсэн үг. Ингээд өнөөгийн МУБИС-д багш, дасгалжуулагч мэргэжлээр элссэн. Тухайн үед би 28 настай байлаа. Спортод хожим хөл тавьсан тул Монголынхоо шилдгүүдтэй эн тэнцүү өрсөлдөх, шигшээ багийн тамирчин болох, олон улсын тэмцээнд оролцох боломж байгаагүй. Залуу байхад манай улсад олон шилдэг тамирчин байлаа. Хэчнээн хичээсэн ч тэднээс онцгойрч чадаагүй. Хөнгөн атлетикийн спорттой амьдралаа холбосноосоо хойш би тэмцээнд түрүүлж, Төрийн дууллаа эгшиглүүлэхийг зүгээр нэг хүсэх бус, мөрөөдсөн. Төдийгөөс өдий хүртэл түүндээ хүрэхийн тулд уйгагүй зүтгэж, хөдөлмөрлөсөн юм л даа. Гавьяаныхаа амралтыг эдэлж, малчин болохдоо ч, 80 насны босгыг давахдаа ч би мөрөөдлөө орхиогүй. Тэгснийхээ үр шимийг хүртэн, 85 насандаа мөрөөдлөө биелүүлсэн нь энэ. Төрийн далбаагаа мандуулан, цэнгэлдэх тойрон гүйхдээ ядарснаа мэдээгүй. Үнэхээр сайхан байсан. Алтан медалиа энгэртээ зүүн, төрийн дуулал эгшиглэх мөчид ямар сайхан байсныг үгээр илэрхийлж чадахгүй нь. Хэдхэн жилийн бус, амьдралынхаа туршид тээсэн зорилгодоо хүрсэн болохоор бүр ч догдолж билээ.

-Дэлхийн аварга болсноос таны амьдралд ямар томоохон өөрчлөлт гарав?

-Хүмүүс намайг андахаа байсан, би олны танил болсон юм шиг байна. Гадаадад явж байхад хүртэл хүмүүс андахгүй. ДАШТ-д түрүүлснийхээ дараа төрийнхөө далбааг намируулан, цэнгэлдэх тойрон гүйснээр минь хүмүүс их бахархдаг юм билээ. “Уралдаж ирчихээд ядраагүй юм уу, та. Цэнгэлдэх тойрон гүйх тамир үлджээ” гээд их гайхдаг юм. Хаана ч явсан хүмүүс “Гүйдэг өвөө явж байна” гээд баяр хүргэн, надтай хамт зургаа авахуулдаг. Жаахан хүүхдүүд “Өвөө та аймар хурдан тийм ээ” гээд л угтдаг юм. Тэгэхээр нь “Сайн хүн, сайн тамирчин болоорой” гээд үнсээд явуулдаг. Хүмүүс “85 настай хүн ийм эрүүл чийрэг, хөнгөн байдаг мөн ч гайхмаар шүү. Ямар сайхан юм бэ. Би 85 нас хүрэхээрээ тан шиг лав болж чадахгүй” гээд толгой сэгсэрдэг. Тэгэхээр нь би тэдэнд “Архи, тамхи битгий хэрэглэ, спортоор идэвхтэй хичээллэ” гэж зөвлөна. 30-60 настай хүмүүс надаас их зөвлөгөө авдаг болсон. Тэд ихэвчлэн бэлтгэлээ хэрхэн хийх талаар асуудаг.

-Танаас үлгэрлэн спортдоо эргэн хөл тавьсан хүн бий юү?

-Ер нь олон байгаа юм шиг байна билээ. Би нэг удаа хорооныхоо эмнэлэгт очин, судас тариа хийлгэв. Тэгж явахад нэг хүн надтай уулзсан нь Буджаргалын багш байлаа. Тэрбээр надтай уулзсандаа ихэд баярлан “Миний нас 50 гарлаа. Одоо ч тэмцээнд орохоо больё гэж бодсон. Таныг дэлхийн аварга болохыг үзээд үнэхээр бахархсан. 85 настай хүн ДАШТ-ээс гурван алтан медаль авч чадаж байхад би тэгж бодсондоо өөрөөсөө ичсэн. Тэгээд спортоор тууштай хичээллэхээр шийдлээ” гэсэн.

-Зайсан толгойн өөд амралгүйгээр гүйж гардаг гэж дуулсан. Одоо ч хэвээрээ юү?

-Гурван жилийн өмнө хоёр шат алгасаж гүйсээр амралгүй гардаг байлаа. Эрийг нас, уулыг цас дарж байгаа юм байлгүй. Дунд нь нэг амраад л гарч байна. Харин хоёр шат алгасаад гүйдэг минь хэвээрээ.

-Та тэмцээнд оролцох, бэлтгэл хийх зардлаа хэрхэн зохицуулдаг вэ?

-Хувиасаа л гаргадаг. Тэтгэврийнхээ мөнгө, хүүхдүүдийнхээ дэмжлэгээр зохицуулна.  Дээр хэлсэнчлэн хүүхдүүд минь намайг их дэмждэг. Энэ жил Өмнөговь аймгийн нутгийн зөвлөл 7.6, Баяндалай сум зургаан сая төгрөгөөр дэлхийн аварга болсон амжилтыг минь мялаалаа. Сайхан санагдсан шүү. Түүгээр нь Австралын тэмцээнд оролцоод ирлээ. Бас арванхоёрдугаар сард болох Азийн АШТ-ий онгоцны тасалбар, бусад зардлаа шагналынхаа мөнгөнөөс илүүчлээд төлсөн.

–Таны биед ямар нэг зовиур, хууч бий юү?

-Байхгүй. Эв эрүүл, сав саруул.

-Өнгөрсөн жил Азийн АШТ-д оролцож байхдаа хөлөө бэртээсэн гэсэн. Одоо зүгээр үү?

-Эдгэрээд сайхан болсон. Нас ахихаар яс сийрэгждэг юм байна. Өнгөрсөн жил миний өвдгөнд яс ургасан юм. Түүнээс болж Азийн аваргад санасан амжилтаа гаргаж чадаагүй. Тэмцээний дараа өвдгөндөө адууны тос түрхэн, шарлага хийлгээд эдгээсэн. Өнгөрсөн жил Азийн аваргад шалгаруулах тэмцээнд оролцоход хөгтэй явдал их тохиолдсон шүү. Зардлаа хэмнэхийн тулд Улаанбаатараас автобусаар Бээжин орж, тэндээс усан онгоцоор явсаар тэмцээний өмнөх өдөр Японы Нара хотод очлоо. Эхний өдөр 100 метрт уралдав. Урд гурван япон тамирчин явж байна. Өлхөн гүйцээд түрүүлье гэж бодтол санаснаар болсонгүй. Тэгээд хоосон хоцров. За, медальгүй буцах нь гэж бодсон. Орой нь борцтой сайхан шөл хийж уун, сайхан амарлаа. Тэгээд маргааш нь 200 метрийн зайд мөнгөн медаль авсан.

-Хөнгөн атлетикийн спорт дотроо олон төрөлтэй. Таны амжилт гаргадаг гол төрөл аль нь вэ?

-Ойрын зайн гүйлт. 100, 200, 400 метрт гол амжилтаа гаргадаг. Монголын ахмадын УАШТ 70-аас дээш насны ангилалтай. 75-80, 80-85 ч юм уу өөр ангилал байдаггүй. Тэгэхээр 70 насаас дээш настай бүх тамирчин нэг ангилалд гүйдэг гэсэн үг.

-Тэгэхээр та өөрөөсөө 15 насаар дүү тамирчидтай уралддаг юм байх нь?

-Тийм ээ, тэднийг гүйцдэг. Тэмцээнд оролцоход надтай чацуу юм уу, 80 гаруй настай тамирчин Монголд байдаггүй. Тиймээс би 15 гаруй насаар дүү гүйгчидтэй өрсөлддөг. Энэ жил Архангайд болсон ахмадын УАШТ-д 70 настай тамирчидтай өрсөлдөөд гурван алт, нэг мөнгөн медаль авсан. Өөрөөсөө олон насаар дүү тамирчидтай уралддаг нь миний өнөөгийн амжилтад нөлөөлсөн байх. Бүх өрсөлдөгчдөдөө баярлалаа. Надтай ач тач уралдан, ана мана өрсөлдсөний тань өгөөжөөр би дэлхийн аварга болж, өнөөгийн амжилтыг гаргаж яваа юм шүү.

-Ямар нэгэн уураг, амин дэм хэрэглэдэг үү?

-Элдэв юм ууж, хэрэглэж үзээгүй. Хоолны дэглэм ер барьдаггүй. Тэмцээнд явахдаа ахиухан борцтой явдаг. Өвчүү, сүүлний өөх их зүгээр. Ер нь бусад үед мах, цагаан идээ л иддэг. Өөр нэг их айхтар нарийн жороор бэлтгэсэн хоол, унд хэрэглэдэггүй ээ.   

-Тантай ярилцах сонирхолтой байлаа. Ярилцлагын төгсгөлд залуустаа хандаж зөвлөгөө өгнө үү?

-Юун түрүүнд архи, тамхинаас үргэлж татгалз. Спорттой цаг ямагт нөхөрлө. Өглөө эрт бос. Би огт архи уудаггүй, тамхи татдаггүй. Баяр наадам, хүндэтгэлийн арга хэмжээнд гурван хундага архи л ууна. Тэгээд л болно. Зарим хүн шөнөжин утас оролдож, зурагт үзээд өглөө босохгүй юм. Үд болтол унтах нь энүүхэнд. Би өдөр бүр 06.00 цагт босож Зайсан руу гүйдэг. Бүжиглэх их зүгээр. Тиймээс хааяа бүжгэнд явна. Бүх булчин, шөрмөсийг хөдөлгөж, хөдөлгөөний эвсэлтэй, хөнгөн шингэн болгохын сацуу хөгжмийн ая хэчнээн тайвшруулдаг гэж санана. Энэ бүхнийг амьдралынхаа нэгээхэн хэсэг, хэвшил болгож чадвал аяндаа эрүүл чийрэг амьдарч, элдэв хууч, өвчнөөс өөрийгөө сэргийлж, хамгаалж чадна.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид