Улаанбаатар 1c

С.Оюун: Ижийгээ бодохоор нутгаа илүү санах юм

"Тань уруу нүүж явна" Монголын уран сайхны кино, "Үгүйлэн санана даа", "Хорвоод ганцхан ээждээ", "Эрхлэн жаргах чи бидэн хоёр" зэрэг хэдийнэ олны хүндэтгэлийг хүлээсэн уран бүтээлийн эзэн бол МУСГЗ, яруу найрагч, их эмч, “Онц хилчин” сэтгүүлч С.Оюун юм. Түүнийг урлаг соёлын болон сэтгүүлзүй, кино урлагийн салбарынхан андахгүй ээ. Амьдралын болоод хүний мөн чанарыг сэтгэлийн торгон утас “тасартал” илэрхийлдэг ясны уран бүтээлч хэмээн олон хүн энэ эрхэм ахайтанг үнэлдэг. Уншигч тантай “Хүмүүс”-ээрээ Санжаажавын Оюун хатагтайг уулзуулж байна. 

Image result for “Онц хилчин” сэтгүүлч С.Оюун
  
-Та “Онц хилчин” сэтгүүлч. Хилийн цэрэгт ажиллаж буй хүмүүс ч тэр бүр хүртээд байдаггүй энэ цол тэмдгийн эзэн болсон түүх сонин байна?

-Миний хамгийн хайртай шагнал. Ягаад гэвэл би хамгийн анхны  “Онц хилчин” болсон  эмэгтэй сэтгүүлч. Манайхан их шооч хүмүүс болохоор  тухайн үедээ “Онц хилчин байдаг гэхэд, Оюун найрагч шиг нь байдаг гэж үү” гээд л хөгжилдөнө. За байз, 1983 оны өвөл, он солигдохоос өмнөхөн шиг санагдаж байна. Баруун хилээр томилолттой явсан юм. Хятад, Монголын хил маргаантай, хил рүү хэн ч явдаггүй, хил зөрчигч их гардаг түгшүүртэй цаг үе. Баян-Өлгийгөөс Говь-Алтай явах замд гэнэтхэн л нисдэг тэрэгний холбоогоор дамжуулан “Хил зөрчигч илэрлээ” гэсэн мэдээ ирэх шиг болов. Өөр аргагүй болоод Говь-Алтайд онгоц маань буулаа. Бид цайны газар сууж байтал Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн аюулгүй байдал хариуцсан хурандаа Н.Шажинбат орж ирээд “За энэ хүмүүсийг бүгдийг нь үлдээнэ. Зөвхөн сэтгүүлчийг аваад явна” гэж байна. Тэгээд хилийн цэргийн баримтат кино хийж байсан зураглаач Н.Зундуй, гэрэл зурагчин нэг залуу бид гурав суугаад Баянхонгор аймагт байдаг нэг застав руу нислээ. Очиход застав бүхэлдээ нуувчинд орж бэлэн байдалд шилжсэн байсан. Онгоцны хананд  байсан төрийн далбаагаар  биднийг таньсан байх шүү. Тэр шөнө цэргүүд жагсчихсан, говийн тэргэл саранд идэр залуу эрчүүдийн нүд гялалзаж, бууных нь жад гялбалзах нь нэг тийм бахархмаар.  Заставын бүх цэргүүдийг хилийн хамгаалалтад гаргаж хайч хийх ажиллагаа гүйцэтгэсэн юмдаг. Тэр нь ойр, ойрхон зайтай зэвсэглэсэн цэргүүд хоёр цэгээс хоорондоо зөрж явдаг дундуур нь ямар ч хүн орж чадахааргүй болгоно. Холбоогоор “Хоёр тэмээтэй, 170 см орчим өндөртэй хил зөрчигч ууланд байна, жодгороо барьчихсэн байна” гэж мэдээ өгч байна. Хурандаа амь насанд чинь аюултай гээд бид нарыг орхиж буутай цэргүүдтэйгээ онгоцоор явсан. Төд удалгүй өндөр, ягаан дээлтэй хүн бариад ирсэн. Н.Шажинбат хурандаа “Чи эмч хүн байна даа, анхан шатны үзлэг хий” гэж байна. Чагнуур ч байхгүй сандараад л 12-ын дэвтэр хуйлаад зүрхийг нь чагнав. Тухайн үеийн түүхэнд анх удаа хилийн цэрэг, хилчдэд туслах нутгийн иргэдийн нийгэмлэг, сэтгүүлчид оролцсон маш том ажиллагаа болсон гэж үзээд сүүлд нь тэнд байсан хүмүүст  “Онц хилчин” цол тэмдгээр шагнасан байдаг. 

-Та “Заставын шинэ жил” шүлгээ тэнд бичсэн байх нь ээ?

-Эх орны торгон хил  миний хувьд залуу насны гэрэл гэгээ шингэсэн дурсамж юм даа.  Тэр үед нийгмийн аюулаас хамгаалах яамны сайд С.Лувсангомбо генерал, орлогч сайдаар Ш.Арвай генерал ажиллаж байсан үе. Ш.Арвай, Ш.Дулмаа гуай бид хилээр тойрч Дорнод, Сүхбаатар аймагт ажилласан юм. Ш.Дулмаа гуай “Үнэн” сонины сурвалжлагч, бид хоёр залуу ч байж. Гурван жилийн хугацаанд алба хааж байгаа цэргүүдэд шүлэг уншиж, хүний мөрөөдөл болсон тогооч бүсгүйн сэтгэлээ гаргаж хийсэн хоолыг иднэ гэдэг дээд зэргийн хүндэтгэл. Эргээд дурсахад их гэгээн байжээ. Тэр говийн застав байсан болохоор улаан буландаа нэг том заг мод засчихсан, түүнийгээ аль байгаа бүхнээрээ чимэглэсэн байсныг их тод санаж байна. Нэг ч цэрэг үлдээгүй, бүгд хилийн хамгаалалтад гарсан болохоор тэр хоосон танхимыг энэ гацуур л амь оруулж байлаа. Тэгээд л заставын шинэ жил гэдэг шүлэг бичсэн дээ. 

-“Хорвоод ганцхан ээждээ” дууг хүн бүхэн л аяладаг. Их ухаарал хайрладаг дуу. Энэ дуу бүтсэн түүхийг яриач? 

-Сэтгэл зүрхээ зориулж хийсэн уран бүтээл хүнд хүрдэг байх. Миний ээж залуугаараа 50-хан насандаа бурхан болсон.  Миний найз хөгжмийн зохиолч Ц.Чинзоригийн ээж яг л миний ээжтэй адилхан улаан тамхи татдаг, настай хөгшин байсан. Бид чинь залуу болохоор  наргиж дарвина. Гадуур хононо. Муу юм хийхгүй л дээ. Тэгээд энэ ер нь ижийгээ нэг л хүндлэхгүй байна. Энийг л нэг ойлгож ухааруулъя гэж бодоод энэ шүлгийг бичсэн юм. За чи дуу болговол болго гээд өглөө. Цаад санаа нь ухааруулах гээд байгаа юм шүү дээ. “Тогоруу буцаж, зэгс шаргалтна” гэж хоёрдугаар бадагт байдаг. Чинзориг бид хоёр Могод сумынхаа хар нууранд багаасаа л тоглож өссөн. Намар болохоор зэгс халиурч шаргалтаад, шувууд буцаад. Тэр ахуйг л гаргасан. Одоо хүмүүс мэддэг бол, угтаа Свердловскийн сургуулийн оюутнууд  л гитар дарж дуулдаг дуу байсан юм.

-Эрт алдсан болохоор ээжийгээ санах үе их бишгүй байхдаа?

-Саналгүйдээ. Үргэлж л боддог юм. Ижийгээ бодохоор нутгаа л илүү санах юм даа. Яаж тэнгэрийн оронд байгаа аав, ээжийгээ баярлуулах вэ гэхээр, үр хүүхдээ сайн өсгөх, сайн уран бүтээл хийх юм болов уу. Ухаандаа ном гаргаж хавтсан дээр  нь тэднийхээ нэрийг мөнхөлж, дурсгал бичих гэдэг нь их буян. Ижийгээ санасан санаашрал, төрсөн нутаг гэдэг л хүнд уран бүтээлийн сэдэл өгдөг юм.

-Нүүдэлчин ахуй шингэсэн уран бүтээлд гадныхан дурлах болжээ. Гэтэл бид хөгжил, дэвшил яриад өнөөх өөрсдийн ахуйгаа мартах нь ээ?

-Энэ чинь л манай онцлог. Монгол яруу найраг, уран зохиолд ахуй маш их тусдаг. Жишээлбэл, Европын яруу найрагчид буйдан, хиймэл шүд, шүхэрний тухай бичдэг. Арга ч үгүй юм. Тэдэнд ахуй ер байхгүй. Гадаа гараад л цардмал зам, тарьмал ой.  Тийм ч учраас монгол ахуйтай уран бүтээлийн үнэ цэн олон улсад танигдаж эхэлсэн. Азийн соёлын төвөөс дэлхийн уран бүтээл, яруу найргийг судалж улс орныг эрэмбэлэхэд манай улс дөрөвт бичигдсэн. Монгол Улс дэлхийд яруу найргийн хэм хэмжүүрээр дээд түвшинд гэдэг нь үнэн юм. Д.Урианхай гэдэг хүн бол яг үүний төлөөлөл. Тиймээс л “Дэлхийн яруу найрагч” гэдэг шагнал өгсөн юм шүү дээ. 

-“Тань руу нүүж явна” киног үзээгүй, үзээд уйлдаггүй хүн ховор. Уйлахгүй байхын аргагүй, хүн хүнээ хайрлахгүй байхын аргагүй үнэнийг тэнд үзүүлдэг учраас тэр байх гэж би боддог. Мөн ч сайхан бүтээл. Та одоо киногоо үзээд юу гэж боддог вэ?

-Нутгийнхаа илч, энергиэс л олж авсан сэдэв юм л даа. Булган аймгийн Могод сум сайхан айрагтай, хүмүүс нь зан сайтай. Манай хошууны ноён Бишрэлт гүн Сундуй гэж хүн байсан. Энэ үеэс эхлээд “За” ноёны сум гэдэг болсон. Үгүй гэж ерөөс хэлдэггүй. Аав, ээжийг залуухан байх үед өргөмөл  ганц хүүтэй Тамзав гэж хөгшин байсан гэдэг. Ганц хүү Дарьсүрэн нь бүсгүйчүүдийн харц булаасан их сайхан залуу байсан гэж эгч нар ярина. Малын эмч хүүдээ Тамзав гуй суманд мотоциколь ирэхэд хамгийн түрүүнд авч өгчээ. Хүү нь мотоциколоороо хүн үзэх гэж яваад өөд болчихож. Энэ түүхийг сонсоод л би эх хүний сэтгэлийг харуулсан, зүрх шимшрэм сайхан кино хийх юмсан гэж бодсон. Тэгээд л хэнээс ч зөвшөөрөл авалгүй бичсэн. 

-Хэн нэгнээс зөвшөөрөл авах ёстой байсан гэж үү?

-Биднийг залуу зохиолч байхад роман бичэхийг зөвшөөрдөггүй байсан. Чиний нас болоогүй, яруу найрагч хүн роман бичиж болохгүй гэх мэтчилэн олон цаазтай байлаа. Ямартай ч биччихсэн зохиол маань үнэлэгдлээ. Манай кино урлагт нэг бол түүхэн эсвэл социолизмыг гардан байгуулж буй шилдэг тэргүүний хүн дүр нь болдог байсан.  Энэ их шинэ сонин юм,  ийм ахуйн сэдэвтэй кино манайд ер байхгүй болохоор зүгээр юм биш үү гэж тухай үеийнхэн ярилцсан гэдэг. Тэгээд “Энэ нэг бол сайн кино болно, үгүй бол хэн ч үзэхгүй. За ямартай ч кино болгоё” гэж шийдэцгээсэн. Тухайн үед торохгүй батлагдаад арав хоногийн дотор төсөв нь гарч байлаа. Тэр үеийн кино бүтээх ажил нүсэр болно. Зохиолчийг заавал натур дээр аваачиж арав хоног амраадаг. З.Хангал аяыг нь хийсэн шүү дээ. Өмнөговь аймгийн Мандал-Овоо суманд зураг авалт хийж байсан үед бид хоёр очсон юм. Улаанбаатраас хөдлөхдөө их хөгтэй. Онгоц нисэх гээд сэнсээ эргүүлчихсэн, хоёулаа даллаад гүйж байтал З.Хангалын дипломат хар цүнхний түгжээ мултарчихлаа. Гурван шил архи бөмбөрөөд л явчих нь тэр. Араас нь гүйж цуглуулсаар онгоцонд суусан, их инээдтэй. Кино багийнхан бүгд машинтай тосч авлаа. Биднээс ахмад жүжигчид “Та дээшээ суу, хойморт гар” гээд хөгжмийн зохиолч, кино зохиолчоо их хүндлэнэ. Киногоо үзэх их хэцүү. Ерөөсөө уйлаад л байсан. Өөрийнхөө киног үзэж байгааг ч мартчихсан, мэдэхгүй кино үзэж байгаа юм шиг уйлаад л. Одоо бодоход хөгжим хүний сэтгэлзүйд айхтар нөлөөлдөг юм байна. Тэр цаг үеийг мартаж чаддаггүй юм. Уран бүтээлч хүн болгонд тохиогоод байхгүй хувь тавилан гэж боддог. 

-“Ардын эрх” сонины сурвалжлагч байсан үеэ дурсаач?

-Анх Монголын уран зохиол хоцрогдоод байгаа юм шиг санагдаад, утга зохиолд шинэчлэл хийх халуун мөрөөдөл тээсэн хүн Горькийн нэрэмжит сургууль төгсч ирлээ. Үнэндээ бол би өөрөө, мөн чанарыг нь сайн мэдэхгүй байгаа хэрэг. Хүн болгон хотод ажиллах гээд зүтгэдэг байсан цаг. Би нутагтаа ажиллана гээд Булган аймагт “Ардын эрх” сонины сурвалжлагчаар очсон юм. Ц.Балдорж Завхан аймагт байсан. Жижигхэн мэдээ, нийтлэл явуулчихдаг байлаа. Сүүлдээ мэдээ минь гарах нь ховордлоо. Тэр үеэс сэтгүүлзүйд өрсөлдөөн гэдэг юм бий болсон. Талбар нь ч, мэдээ нь ч үнэтэй болсон. Өөрсдийнхөө мэдээг гаргах гэж хөдөөний сэтгүүлчдээ орхигдуулна. Шагналын мөнгө авах гэж тэр шүү дээ. Ер нь хамгийн түрүүнд зах зээлд шилжсэн нь сэтгүүлчид шүү дээ. Манай Ц.Балдорж хотод ирсэн хойноо “Хөдөө байхаар тэгдэг юм хоцорчихно, чи хүрээд ир” гээд 53 машин явуулж билээ. Тэгээд л 100 гаруй мэдээгээ бариад л хотод ирсэн. Манай Ц.Балдорж их ч юм хийсэн, сайхан хүн байсан даа хөөрхий минь. 

-Сонины редакцаас Ерөнхийлөгчийн тамгын газар ажиллана гэдэг хувь тохиол байх шүү?

-“Ардын эрх” сонинд ажиллаж байхад нэг өдөр редакцын утас дуугарав. “Байна уу, танайд С.Оюун гэдэг сэтгүүлч байдаг биз, Ерөнхийлөгч ярья гэнэ” гэлээ. Би чинь сандарчихсан тухайн үедээ юу ч ярьсан юм бүү мэд. Маргааш өрөөнд нь очихоор болоод  харилцуураа тавилаа. Тэгээд хэсэг бодов. За байз гар хоосон очиж болохгүй яах вэ гээд. Айрагаараа алдартай нутгийн хүн айрагаа л авч очдог хэрэг гээд хоёр литр айраг авсаар өрөөнд нь очив. Тэгээд Ерөнхийлөгчийг анх удаа харлаа. Их сайхан хүн байв. Сайн байна уу гээд гар барив. Төөнөсөн халуун гартай. Хүний сэтгэл гарт нь явдаг юм шиг. П.Очирбат гуай “За хө, би нэг ном бичих юм. Чамаар редакторлуулах хэрэгтэй байна. Чи зөвшөөрөх үү” гэж байна. Би ч тэгье гээд хэлчихвэл чадах болов уу, үгүй гээд сайхан боломжоо алдчих вий дээ гэж бодсоор гацаанд ордог юм байна. Маргаашнаас нь эхлээд Ерөнхийлөгчийн тамгын газрын хэвлэлийн албанд ажилласан. Анхны Ерөнхийлөгч болохоор бүх зүйл шинэ. Тэр газарт хэн, юу хийдгийг нь ч мэдэхгүй.  Надад нэг нөүтбүүк өгөөд “За монголд ганцхан байгаа шүү. Нөүтбүүк гэдэг юм. Нэг сая төгрөгний үнэтэй эд. Ажиллуулж сураад бичээд байгаарай” гэв. Ерөнхийлөгч өөрөө бичнэ. Би түүнд хасах, нэмэх, найруулах, нэмэлтээр оруулах материал судлах зэргээр тусалдаг байсан юм. Зарим нь ч яахав “Их сайхан ном бичсэн шүү” гээд баяр хүргэнэ. Сайны хажуугаар саар гэдгийн үлгэрээр “Ерөнхийлөгчийн хажууд С.Оюун очиж гэнэ. Номыг нь хянан тохиолдуулах юм байх аа” гэх мэтчилэн муу хэлцгээдэг л байлаа. 

-Уран бүтээлч хүн аль ч цаг үед асч дүрэлзэж байдаг. Та одоо ямар бүтээл хийж байна вэ?

-Одоогоор Вьетнамаас гүйж ирсэн морины тухай бичиж байна. Сураг сонсоод бичих юмсан гэж их бодсон. Ерөөлөөр байдаг юм уу даа, тэр морины эзэн надтай хамт анагаахын дунд, дээд сургуульд есөн жил хамт сурсан хүний их эмч найз маань байдаг байгаа. Би мэдээгүй байсан юм. “Тэр гүйж ирсэн буян бол миний адуу, манай азарга” гэж хэллээ. Түүнээс биш энэ санааг барьж авч чадалгүй яваад байсан юм.  Найз минь итгэж хэлсэн юм чинь гээд энэ сэдвээ судлаж байна. Ер нь ингээд бодохоор аливаа амьтай бүхэнд сүлд хийморь, хувь тавилан байх шиг. Хүний нутаг, алс холоос нутгаа тэмцэж тэгж гүйдэг адуу цөөхөн, тийм одонд төрсөн мал гэж өөр юм. 

-Т.Очирхүү, Б.Дагданбазар нартай нэг дугуйланд дугуйрч байсан гэдэг юм билээ таныг?

-1990-ээд оноос өмнө Монголын уран зохиолд их чухал үүрэг гүйцэтгэсэн зүйл бол дугуйлан юм. Дугуйлан, бүлгэм, одоо нэгдэл гэх болж. Дугуйлан гэж ярихаасаа өмнө нэг зүйлийг хэлэх хэрэгтэй. Монголын зохиолчдын хороо дэргэдээ “Залуу зохиолчдын хороо” гэдэг албатай байв. Тус албыг дандаа Горькийн сургууль төгссөн хүнээр удирдуулна. Д.Нямаа, П.Лувсанцэрэн гээд нэрлэвэл олон. Тухайн үед Анагаахын ухааны дээд сургуулийн дэргэдэх утга зохиолын дугуйлан их сайхан уламжлалтай, Д.Нямаа багш хариуцаж байсан. Манай дугуйланд Б.Хүрэлбаатар, Н.Отгонсүрэн нар шүлэг уншина. Нэг нэгэндээ дүүрэн алга ташилтаар урам хайрлана. Бас болоогүй ээ, тэд намайг уруу татна. “Чи ер нь ямар сурдаг вэ” гэнэ. Онц сурдаг гэхэд “Өө болохгүй, юу ярьж байгаа юм. Пушкин хүртэл дунд л сурдаг” гэдэг байгаа. Тэгээд би бодлоо, за ер нь онц сурч болохгүй юм байна гэж. Тэгээд л урд суудаг байсан хүүхэд хойно суудаг боллоо. Надад хичээл сонсохоос илүү тээр ард Т.Очирхүүтэй ярьж суух сайхан санагддаг. Тэглээ гээд сурлага муудаагүй ээ, анагаахын дунд төгссөн болохоор үзсэн хичээлээ дэлгэрүүлж судлаад онц төгссөн. Гэнэн залуу нас ч сайхан юм даа. 

-Т.Очирхүү яруу найрагчийн “Санжийн зам” шүлэг байдаг. Та яг тэр замаар домогт Сулинхээр яваад ирлээ. Сайхан аялав уу?

-Яруу найргийн наадам шүүх гэж С.Чулууныхаа урилгаар Дорноговь яваад ирлээ. Би одооны залуучуудыг танихгүй, шүлгийг нь мэдэхгүй болжээ. Хамт явахад танигдаж байна. Олон сайхан залуу яруу найрагчдийн шүлгийг сонслоо. Ер нь миний хувьд яруу найргийг уралдуулж хоёр гуравхан хүнд шагнал гардуулах тогтолцоонд их дургүй. Учир нь сайн шүлэг, сайхан найрагтай хүн байхад заавал унагах болчихдог. Хэдэн хүн оролцож байна хуваагаад өгчих хэрэгтэй юм шиг. Энэ нь шүүгчдийг ч хүнд байдал оруулдаг. Т.Очирхүүгийнхээ ажиллаж байсан, алтан шүдэт Ж.Лхагвагийнхаа төрсөн нутгаар ороод ирлээ. Би хангайн хүн говийн ургамлуудыг Өмнөговийн яруу найрагч Э.Хархүүгээр заалгаж авлаа. Их сонирхолтой нь “Гантөмөр” гэдэг нэрийг саяхан гарсан сүүлийн үеийн нэр болов уу гэж бодож явтал говьд ийм нэртэй өвс байна. Тэгэхээр аль дээр үеийн нэр болж таарах нь. Говийн зон олон сайхан сэтгэл, зочломтгой зантай хэвээр байна гэдгийг хараад их сайхан санагдсан.

-Таны сэтгэлд үлдсэн багш нарынхаа сургаалиас хуваалцаач?

-Хүний тэнгэр гэж нэг юм бий. Ингээд бодохоор тээр 1980 хэдэн оны шүлэг өнөөдөр надад буян хишигээ өгч байна. Хэрвээ тэр шүлгийг одоо бичих байсан бол аль хэдийнэ хэн нэгэн биччихсэн байгаа. Харин залуу хүний хувьд бол олж харж, мэдэрч чадвал өөрийнх нь бичих ёстой зүйл хүлээгээд л байж байгаа шүү. П.Лувсанцэрэн багш бидэнд “Хүн амьдралдаа өөрийнхөө таван бүтээлийг хийсэн байхад л жинхэнэ уран бүтээлч болдог. Цаана нь 500 бүтээл нь хаягдаж байг хамаагүй. Та нар тавыгаа л хийж чадах хэрэгтэй” гэж захидаг байсан. Тэр үед бид нар “Багш арайчдээ, тийм цөөхөн юм хийнэ гэж байх уу” гэх мэтээр ярьцгаана. Харин одоо туулсан замаа эргэж нэг харлаа, үеийнхнээ ажлаа багшийн хэлсэн үг л орой руу орж ирдэг дээ. 

-Багшийн тухай ярихаар Б.Явуухулан гуайг орхиж болохгүй байх?

-Явуу багш их сайхан хүн. Ер нь манай үеийн яруу найрагчдын багш нарын арга барил их өөр. Өөр гэдэг нь “Хөөе энэ үгээ тэр үгээр соль, буруу байна” гэж хэлэхгүй. “Тэр үгээ соль” гэж зөвлөхөөс яг ингэж бич гэж заахгүй. Тэгэхээр бид өөрөө л түүнийг олж цааш нь үргэлжлүүлэх ёстой болдог. Зарим үед энэ шүлгээ дахиад бичээд ир гээд явуулна. Бид хоорондоо шүлгээ солилцоод “Наадах чинь биш байна, тэгж өөрчлөх ёстой юм биш үү” гэдэг байхад багш нар дүнсийгээд л. Айхтар холч бодол байгаа юм. Шалгарч үлдэх ёстой, уран бүтээлч юм бол өөрөө олно, олохгүй бол чадахгүй гэсэн санаа. Уран бүтээлийн уулзалтад заавал шавийгаа дагуулж явна, өөрөө хамт байж шүлгээ хүртэл уншиж өгнө. Багшийг шүлэг уншсаны дараа хүмүүс алга нижигнүүлнэ. Ямар сайхан юм бэ, ийм шүлэг бичих юмсан гэсэн эрмүүн зорилготой болно. Их л дүнсгэр, ерөнхийдөө л нэг том уул. 

-Шүлэг гэж яг юу юм бэ? 

-Ерөөсөө л дүр, санаа хоёр. Одоо бол их уянгалах болж. Их гоё, гоё үгнүүдийг зүйгээд байдаг, тэр дунд санаа нь булагдчихна. Өнгө өнгийн шилний хагархай цуглуулаад наачихсан юм шиг. Хэлэх үгээ товойлгох, тэр үгээ дагуулж ямар санаа хэлэх вэ гэдгээ гаргах. Нөгөөтэйгүүр энэ шүлгэнд ямар дүр гаргах вэ гэдгийг бодох хэрэгтэй. Жишээлбэл, Д.Нямаа гуайн “Аргалын хоёр уул” шүлэгт дүрийг яаж уран яруу, тод томруун харуулсан, санаагаа шигтгэсэн байна гэдгийг харах хэрэгтэй. Тэр дунд энэ муухай байна гэж хэлэх нэг ч үг байхгүй. Б.Лхагвасүрэнгийн шүлгүүд ч мөн тийм. Сайхан, сайхан санаатай. Одоо бол санаа байхгүй чамирхал нь арай хэтрээд байгаа юм. гэхдээ яалт ч үгүй олоод хэлчихсэн ганц мөр байхад хүнийг татдаг юм шүү. Тэр үгийг л яаж олох вэ, гэдгийг бодох хэрэгтэй. Ц.Хулангийн “Зүлгэн дээр гэрээ бариад зүгээр л нэг амьдрахсан” гэдэг мөрийг авч үзье. Энэ бол ийм тансаг, тийм сайхан гэсэн олон чамин үггүй. Яг л тэр яруу найрагчийн чин сэтгэлээсээ уулга алдсан илэрхийлэл. 

-Та ахуйгаас уран бүтээл ундардаг гэлээ. Заримдаа эмзэглэл, уй гашуугаас үүдэлтэй ч юм шиг. Танд гуниглах зав байдаг уу?  

-Байгаль л гуниглуулна. Намар орой, үүрийн хяруу, шаргалтсан зэгс гээд л гуниг төрүүлнэ. Зуслан дээр илүү мэдэрнэ. Бороо орсон үед хотод цементний чийг үнэртдэг бол хөдөө өвсний чийг сэнхийдэг. Хөдөө уулын орой дээгүүр нар яаж мандахыг мэдэрдэг, хотод цонхоор хэзээ нар тусна түүнийг л хардаг. Байгалийн үзэсгэлэн, гоо сайхныг юутай ч зүйрлэх билээ дээ. Энэ сайхан өгөгдлийг хүлээж авахын тулд уран бүтээлч хүн сэтгэл санаа, оюун бодлын хувьд бэлэн байх ёстой. 

-Эмэгтэй хүний үнэ цэн юунд оршдог юм бэ? 

-Хүн ахтай, дээл захтай гэдэг нь их гүн ухаанч үг. Айл гэр өрхийн тэргүүнээ дээдэлж, эмэгтэй хүн уламжлалт ёс заншилаа сахих ёстой. Ямар ч боловсролгүй хэрнээ гайхамшигтай ухаантай малчин бүсгүй байхад өндөр боловсролтой, олон хэлтэй, тансаг хэрэглээтэй байлаа гээд хүмүүжил, ухамсаргүй байх жишээтэй. Ингээд бодохоор бүсгүй хүний үнэ цэн хүмүүжилдээ оршдог юм байна. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • ОЮУН Бааст
    Сайхан эмэгтэй шүү! Аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөе!!!
    2019 оны 10 сарын 08 | Хариулах
  • HOP
    Бид 5000 еврогоос 50000 еврогийн хооронд бэлэн мөнгөөр зээл олгохоос гадна зээл авах шаардлагатай байгаа аливаа компани эсвэл компанид жилийн 2% -ийн хүүтэй 50000-30000 еврогийн төслүүдийг санхүүжүүлдэг. тэдний зарим хэрэгцээг хангах мөнгө. Хэрэв танд тусламж хэрэгтэй бол танд хэр их хэрэгтэй байгаа болон эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Хурдан зээл ба төлбөрийн эцэс төгсгөлгүй стресс. манай вэбсайтаар зочлох эсвэл бидэнд имэйлээр (citybankloans10@aol.com) (citybankloans123@gmail.com)
    2019 оны 10 сарын 05 | Хариулах
Нийтлэлчид