Улаанбаатар 1c

Режеп Тайип Эрдоган: Хараат бус хэвлэл мэдээллийн хэрэгсэл дэлхийн аль ч улсад байхгүй

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы ХБНГУ-ын “ZEIT” сонинд өгсөн ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна.

Image result for Режеп Тайип Эрдоган

-Ноён Ерөнхийлөгч өө, та гаднын хэвлэлд ярилцлага өгөлгүй нэлээд удсан. Бидний хүсэлтийг хүлээн авсанд баярлалаа. ХБНГУ болон Туркийн харилцаа ямар түвшинд байгаа вэ?

-Найман жилийн өмнө “BILD”, есөн жилийн өмнө “ZEIT” сонинд ярилцлага өгч байсан юм байна. Герман, Туркийн харилцаа яагаад хүйтэрсэн талаар  асууж байгаа бол миний хариулт маш тодорхой.  Германы хэвлэл мэдээллийн хэрэгслүүд манай улсын дэглэмийн талаар  сөрөг мэдээлэл түгээдэг. Өөрөөр хэлбэл,  Засгийн газрын эсрэг баримтгүй мэдээлэл нийтэлж, төрийн эргэлт хийх гэсэн оролдлогыг зөвтгөж,  дэлхий дахинд буруу мэдээлэл өгсөн. Үүнээс болж хоёр улсын харилцаа хүйтэрсэн.

-Германд  хараат бус  хэвлэл мэдээллийн хэрэгсэл олон бий. Яагаад зөвхөн Туркийн эсрэг суртал ухуулга хийнэ гэж?

-Дэлхийн улс орнуудад хараат бус, бие даасан хэвлэл мэдээллийн хэрэгсэл  байдаг гэдэгт би итгэдэггүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд үзэл суртал, ашиг сонирхлоо дагадаг. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд яг л хамхуул шиг. Салхи хаашаа үлээнэ тэр зүгт явдаг. Германд хараат бус хэвлэл мэдээллийн хэрэгсэл байдаг гэдгийг хэн нотлох юм.

-Сонин, телевиз, сэтгүүл зэрэг бүх шатны  хэвлэл мэдээллийн хэрэгсэл өөрийн  баримталдаг бодлоготой. Яахав,  зарим  нь либерал үзэл баримталдаг байхад нөгөө хэсэг нь консерватив үзэлтэй байж болох юм. Германд сэтгүүлч юу бичихээ өөрөө шийддэг эсвэл ерөнхий редакторууд нь  чиглүүлдэг. Түүнээс бол хэн нэгэн улстөрч, эрх мэдэлтэн зааж, чиглүүлдэг юм биш. Ардчилсан дэглэмтэй дэлхийн улс орнуудад ч сэтгүүлч юу бичихээ өөр шийддэг байх гэж бодож байна?

-Би тийм байгаасай л гэж хүсэж байна.

- “ZEIT”-ийн ерөнхий редактороор би  13 жил ажилласан. Энэ хугацаанд хэн нэгэн өндөр албан тушаалтны шаардлагаар эсвэл сониныхоо эрх ашгийн төлөө бичиж байсангүй. Зөвхөн баримтад тулгуурлан бичсээр ирсэн?

-Би дэлхийн улс  орнуудын  хэвлэл мэдээллийн хэрэгслийн олон удирдлагатай уулзаж,  ярилцаж байсан. Тэдэнтэй уулзахдаа хэд хэдэн удаа ямар ч баримт, нотолгоогүйгээр бусдыг гүтгэн доромжилсон нийтлэлийг нь харуулаад “Та бүгд ёс суртахууны талаар байнга ярьдаг. Гэхдээ бичсэн нийтлэлд  чинь ёс суртахуун гэж байна уу. Энэ сонинд дээр манай гэр бүлийг “Исламын улс” бүлэглэлтэй холбоотой гэж бичжээ. Үүнийг батлах нотолгоо байна уу”  гэж асуусан. Мэдээж, тэд бичсэн гүтгэлгээ нотолж чадаагүй. Гэхдээ   хуурамч мэдээ бичиж, бусдыг гүтгэхээ ч болиогүй.  Германы  хэвлэл мэдээллийн хэрэгслүүд “Эрдоган бол дарангуйлагч” гэж мэдээлдэг. Тэгвэл та дарангуйлагч хүнийг хэрхэн тодорхойлох вэ.

-Германчууд таныг яагаад дарангуйлагч гэж нэрлэх болсон талаар асууж байна уу. Учир нь, дэлхийн ямар ч оронд Турк Улсад хоригдож байгаа шиг олон сэтгүүлч торны цаана суудаггүй. Яг одоогийн байдлаар танай улсын шоронгуудад хэдэн сэтгүүлч хоригдож байгаа вэ. Ойролцоогоор 150 уу. Тэдний олонх нь яагаад хоригдож байгаагаа ч мэдэхгүй.  Өнгөрсөн 2016 оны төрийн эргэлт хийх гэсэн оролдлоготой холбоотойгоор олон мянган хүнийг танай Засгийн газар  хорьсон. Тэднийг буруутайг батлах ямар ч нотолгоо байхгүй. Яг одоогоор хэдэн хүн хоригдож байгаа нь ч тодорхойгүй. Энэ бүхэн  таныг дарангуйлагч гэж тодорхойлох шалтгаануудын өчүүхэн бага хэсэг?

-Та буруу мэдээлэл авсан байна. Одоогийн байдлаар 177 сэтгүүлч хоригдож байгаа. Үүний 152 нь ФЕТО  бүлэглэлийн зохион байгуулсан террорист ажиллагаанд оролцсон гэж сэжиглэгдэж байгаа учраас хоригдсон.

-Өөрөөр хэлбэл, тэдгээр сэтгүүлч Туркийн хувьд террорист байгууллага гэгдээд буй Гюлений тэргүүлдэг хөдөлгөөний гишүүн байж болзошгүй гэж үү?

-Германы сэтгүүлч Дениз Ельке нь Хувьсгалт ардчилал ард түмний чөлөөлөх фронттой холбоотой нь тогтоогдсон. Денизийн бичиж нийтэлсэн нийтлэл түүнийг хэн бэ гэдгийг хангалттай нотолно. Та “Туркийн шоронд олон мянган гэмгүй хүн хоригдож байна. Тэд ажилгүй хоцорсноос гадна яагаад хоригдож байгаагаа мэдэхгүй байгаа” гэлээ. Тэгвэл баруун, зүүн Герман эргэн нэгдэхэд хэчнээн мянган хүн ажилгүй болсоныг мэдэх үү. 500 гаруй  мянган  хүн ажилгүй хоцорсон шүү дээ.

-Яг 500 гаруй мянган хүн ажилгүй болсон эсэх талаар би сайн мэдэхгүй байна. Гэхдээ бүх зүйл хууль ёсны дагуу болсон гэдэгт эргэлзэхгүй байна?

-Та  ийм  олон хүн яагаад ажилгүй болсон талаар судалж, нийтлэл бичиж болохгүй гэж.

-Сайхан санаа байна. Та Туркийн шүүхийг хараат бус гэж итгэлтэйгээр хэлж чадах уу?

 -Германд Туркийн гурав орчим сая иргэн ажиллаж амьдардаг. Гэтэл би Ерөнхийлөгч болсноосоо хойш тэдгээр иргэдтэйгээ уулзаж чадаагүй л байна. Гэтэл Берлин  Европын холбооноос террорист байгууллага гэх ангилалд оруулчихсан ФЕТО бүлэглэлийнхэнийг хүлээж авч уулздаг. Ийм байж болох уу. Үүнийг юу гэж тайлбарлах вэ.

-Би ХБНГУ-ын Засгийн газрын төлөөлөгч биш. Сэтгүүлч шүү дээ?

-Та хэдхэн минутын өмнө миний юу бичихийг хэн ч заахгүй хэмээж байсан. Харин одоо Засгийн газрын төлөөлөгч биш гэж байна. Тийм ээ, би үүнийг мэдэж байгаа. Би улсын Ерөнхийлөгч хүн. Тиймээс Германы талаар яг ямар  бодолтой явдгаа нээлттэй ярихыг хүссэн учраас таны хүсэлтийг хүлээж авсан. Тиймээс таныг сэтгүүлчийн үүргээ гүйцэтгэж, миний ярьсныг хасаж, засалгүйгээр нийтлээсэй гэж хүссэндээ энэ бүхнийг ярьж байна.

-Энэ тал дээр санаа зоволтгүй.  Мөн ХБНГУ ФЕТО бүлэглэлийг хориглосон гэдгийг хэлэх нь зөв байх?

-Германы улс төрийн намын гишүүд нь хүртэл ФЕТО-гийн гишүүнээр элссэн шүү дээ.

-Төрийн эргэлт зохион байгуулсан гэгдэж буй Фетуллах Гюлен Турк Улсад өмнө ганцхан удаа  эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж байсан. Түүнээс хойш тэрбээр АНУ-д амьдарч байгаа. Та маш олон төрийн албан хаагч, цэргийнхнийг түүнтэй холбоотой гэх шалтгаанаар барьж хорьсон. Төрийн эргэлт хийх гэсэн оролдлогын ард Гюлен байсан. Хоригдож буй албан хаагчид түүнтэй холбоотойг батлах нотолгоо таньд байгаа юу?

-Гюлен 20 орчим жил АНУ-д амьдарч буй  ч түүний гар хөл Туркийн бүх салбарт бий. Түүний зорилго  бол Туркийн Засгийн газрыг унагах.

-Та Владимир Путин, Дональд Трамп хоёрын алинд нь илүү итгэдэг вэ?

-Битгий дахиж ийм сонголт хийлгэж байгаарай. Угаасаа таньд ийм эрх байхгүй. Манай улсын хувьд АНУ, ОХУ-ын аль алинтай нь сайн харилцаатай байхыг хичээдэг. Туркээс АНУ руу  10, ОХУ руу ердөө хоёр цаг нисээд л очих боломжтой. Манай улсын эрчим хүчний гол нийлүүлэгч нь ОХУ. Тус улстай хамтарч байгалийн хий дамжуулах хоолой, “Akkuyu” цахилгаан станц барьж байгаа. Энэ бүхэн манай хоёр улсын харилцааг улам бэхжүүлнэ гэж бодож байна.

 

Эх сурвалж: http://www.zeit.de/politik/ausland/2017-07/recep-tayyip-erdogan-g20-summit-interview-english

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • HOP
    Бид 5000 еврогоос 50000 еврогийн хооронд бэлэн мөнгөөр зээл олгохоос гадна зээл авах шаардлагатай байгаа аливаа компани эсвэл компанид жилийн 2% -ийн хүүтэй 50000-30000 еврогийн төслүүдийг санхүүжүүлдэг. тэдний зарим хэрэгцээг хангах мөнгө. Хэрэв танд тусламж хэрэгтэй бол танд хэр их хэрэгтэй байгаа болон эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Хурдан зээл ба төлбөрийн эцэс төгсгөлгүй стресс. манай вэбсайтаар зочлох эсвэл бидэнд имэйлээр (citybankloans10@aol.com) (citybankloans123@gmail.com)
    2019 оны 10 сарын 05 | Хариулах
Нийтлэлчид