Улаанбаатар 1c

МАН-ын хоёр сонголт

   Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийх эсэхийг шийдэх Ард нийтийн санал асуулга явуулах УИХ-ын тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг парламент хүлээж авлаа. Тодруулбал, УИХ-ын чуулганы өнгөрсөн баасан гарагийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзсэн юм. Ингэснээр 19 жилийн дараа хөндсөн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг Ард нийтээр батлуулах шийдвэр үгүй болов.

    Уг нь УИХ дахь МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй байх шийдэлд хүрсэн ч эцэстээ эсрэг шийдвэр гаргасан нь эрх баригчдын дотоод зөрчил арилаагүйн илрэл гэж хэлж болохоор байна. Үндсэндээ УИХ-ын нэр бүхий гишүүд намын нөхөд нь Ерөнхийлөгч болон АН-ынхантай хуйвалдаж, хоригийг хүлээж авах магадлалтай гэж таамаглаж байсан нь ийн биеллээ оллоо. Гэхдээ ямар үндэслэлээр Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсан нь тодорхойгүй ч эрх баригчдад одоо хоёр л сонголт үлдлээ. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийх, эсвэл хэлэлцүүлгийг бүр мөсөн зогсоох гэсэн хоёр хувилбар бий. Энэ талаар чуулганы хуралдааны өмнө УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн ч хэлж байсан. Тэрбээр “Хоригийг хүлээж авбал, Ард нийтийн санал асуулга явуулах боломжгүй болно. Хоригийг хүлээж авбал хоёр гарц бий. Нэг дэх нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг гуравдугаар хэлэлцүүлгээр батлах эсвэл хэлэлцүүлгийг зогсооно. Бидэнд гуравдугаар хэлэлцүүлэг хийх боломж бий. Гэхдээ намын шийдвэрээр Ард нийтийн санал асуулга явуулна” гэж байв.

Гурван жил гаруй хугацаанд бэлтгэж, хэлэлцсэн гол ажлаа энд хүргээд зогсоохыг МАН-ын гишүүд хүсэхгүй нь лавтай. Тиймээс УИХ-ын чуулганы хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийх нь эргэлзээгүй. Гэхдээ эрх баригчдын хоорондын зөрчил, сонгуулийн эрх ашгаас хамаарч эцэг хуулийн өөрчлөлтийг эцэслэн батлахыг дэмжихгүй хэсэг бүлэг ч бий. Эрх баригчдын бүлэг ямар ч шийдэлд хүрсэн эцсийн шийдвэр нь өөр гарч буйг сүүлийн хэдэн сар тод харууллаа. Тиймээс гуравдугаар хэлэлцүүлгээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлах эсэхийг одоо тааж мэдэхэд хүндрэлтэй. Үүний хажуугаар хэсэг бүлэг хүмүүсийн хийсэн ажлыг баллуурдахын тулд хэлэлцүүлгийг бүрмөсөн зогсоох гэж оролдохыг үгүйсгэх арга алга. Харин энэ шийдвэрүүдэд УИХ дахь АН-ын зөвлөлийнхний нөлөө онцгой үүрэгтэй. Эрх ашгийн үүднээс хоёр, гурав хуваагдсан МАН-ын жигүүрүүдээс АН-ын зөвлөлийнхөнтэй нэгдсэн нь хүссэнээрээ шийдвэр гаргах боломжтой болно.Энэ утгаараа сөрөг хүчний ажлаа хийхийн зэрэгцээ, эрх баригчдын зөрчилдөөнөөс хожил авах боломж АН-д бий. Харин АН-ын зөвлөлийнхнийг аль жигүүр нь нэгтгэхийг одоогоор таашгүй. Ямартай ч хоёр сонголттой үлдсэн эрх баригчид ямар шийдвэр гаргах нь ирэх өдрүүдэд харагдах биз ээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид