Улаанбаатар 1c

Эрүүгийн багц хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

     УИХ-ын чуулганы өнгөрсөн баасан гарагийн хуралдаанаар Эрүүгийн багц хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцлээ. Хуулийн төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж мэдээлэл хийв. Тэрбээр “Хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор боловсруулсан эдгээр хуульд тодорхой зүйлүүдийг тусгасан. Тухайлбал, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа тоолох зохицуулалтыг зөрчлийн хугацаа тоолох зохицуулалттай уялдуулсан. Улмаар зарим гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа тоолох зохицуулалтыг боловсронгуй болгоно. Мөн аргагүй хамгаалалтын зохицуулалтад хамрах хүрээг өргөжүүлж, эрх хасах, хорих зэрэг ялын хэмжээтэй холбоотой зохицуулалтын зөрчлийг арилгасан. Зарим төрлийн гэмт хэрэг, тухайлбал, биеэ үнэлэхийг зохион байгуулах, бэлгийн дарамт учруулах, гүтгэх, мөрийтэй тоглоом зохион байгуулах зэрэг гэмт хэргийг тусгасан.

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт,өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд шүүх хэрэг хянан шийдвэрлэх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй болсон тохиолдолд шүүгч нэмж оруулах болон бүрэлдэхүүнгүй болсон тохиолдолд хэрхэн шийдвэрлэхийг ялгаж тусгайлан зохицуулахаар тусгав.

    Мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулах үүднээс прокурорын даалгаварт мөрдөгч санал бичих, зарим тохиолдолд мөрдөгч даалгавар бичих эрхтэй байхаар зааж, мэдүүлэг авах тухай бүлэгт үндсэн шаардлага болон тусгагдсан боловч зарим нэг оролцогчийн эрхэд тусгагдаагүй асуудлыг тухайлан тусгасан” гэлээ. Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт, асууж, хариулт авсан бөгөөд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа тоолохтой холбоотой асуудлаар ихэвчлэн тодруулж байв. Энэ үеэр        

                                                                                           УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд “Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой зохицуулалтыг 2017 онд ажлын хэсгийнхэн өөрчилсөн гэдгийг хэллээ. Энэ асуудлыг надтай холбож тайлбарладаг байсан. Одоо асуудлыг цэгцэлж, ялгаж, салгаж ойлгохоор боллоо. Энэ хуулийн төслийг дэмжиж, хөөн хэлэлцэхтэй холбоотой заалтыг өөрчлөх ёстой” гэв. Улмаар хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив.

  Түүнчлэн хуралдаанаар Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэн дэмжлээ. Хуулийн төслийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцуулав. Манай улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тогтолцоо, чадавхийг бэхжүүлэх хүрээнд хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлага үүсээд байгаа аж. Хуулийн зохицуулах харилцаа, хамрах хүрээ өргөжсөнтэй холбогдуулан хуулийн нэрийг “Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай” гэж өөрчилжээ. Хууль зүйн болон практик хэрэгцээ шаардлага, гадаад болон дотоод хүчин зүйл, зохицуулж байгаа харилцааны агуулга, онцлогт үндэслэн хуулийн төслийг зурган бүлэг 26 зүйлтэй байхаар боловсруулсан байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид