Улаанбаатар 1c

“Цахим засаглал” хөтөлбөрийг ирэх сараас хэрэгжүүлнэ

     Монгол Улсын урт хугацааны хөгжлийн хөтөлбөрт тусгасан “E-Mongolia” буюу төрийн цахим үйлчилгээний шилжилтийн ажлын хэсгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн захирамжаар байгуулсан билээ. “Цахим засаглал” хөтөлбөрийн гол зорилго нь төрийн 100 орчим үйлчилгээг цахим болгоход чиглэсэн бөгөөд хөтөлбөрийг ирэх сараас орон даяар хэрэгжүүлэх юм байна. Хөтөлбөрийн үр дүн нь цаг хугацаа хэмнэхээс гадна төрийн үйлчилгээтэй холбоотой хүнд суртал, авлигын асуудлыг нэг мөр цэгцлэх явдал гэж Засгийн газар тодорхойлжээ.

  Төрийн үйлчилгээгээ бүрэн цахимжуулан амжилттай үр дүнд хүрсэн цөөн орны нэг нь Эстони. Тус улс нь цахим засаглалыг хөгжүүлэх, харилцаа холбооны технологийн дэвшлийг ашиглан төрийн үйлчилгээг ард иргэддээ өдөр тутамд шуурхай, үр дүнтэй хүргэх, авлигыг арилгах, цахим засаглалыг хөгжүүлэхэд төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн оролцоог тэгш хангахдаа дэлхийд тэргүүлж байгаа юм. Тиймээс Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй “Цахим засаглал”-ын ажлын хэсгийнхэн Бүгд найрамдах Эстони Улсад ажлын айлчлал хийжээ.

     Айлчлалын бүрэлдэхүүнд УИХ-ын Цахим бодлогын түр хорооны дарга, гишүүд болон төр, хувийн хэвшлийн төлөөлөл багтсан байна. Айлчлалын хүрээнд ажлын хэсгийнхэн Эстони Улсын Монгол, Эстонийн парламентын бүлэг, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Гадаад харилцааны яам, Цахим засаглалын академи, Бүртгэл, мэдээллийн төв, “Цахим- Эстони” мэдээллийн төвийн удирдлагуудтай уулзжээ. Улмаар Засгийн газрын цахим засаглалыг хөгжүүлэх бодлого, зорилтыг танилцуулж, цаашид туршлага солилцох, хүний нөөцийг чадавхжуулах, онол, арга зүйн туслалцаа үзүүлэх, мэргэжилтэн солилцох зэрэг өргөн хүрээнд хамтран ажиллахаар болсон байна. Үүнээс гадна үе, үеийн Засгийн газрын боловсруулсан цахим шилжилтийн бүх төслүүдийг нэгтгэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр хийх аргачлалд тус ажлын хэсгийнхэн Эстони улстай түншлэхээр болжээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид