Улаанбаатар 1c

АН ирэх оны төсвийг судална

    УИХ дахь Ардчилсан намын зөвлөл ирэх оны төсвийг судлах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржоор ахлуулан байгуулжээ. Тус намын зөвлөл 2020 оны төсөвт соёлын өвийг устгаж, шинэ барилга байгууламж барих ажилд 546 тэрбум төгрөг төсөвлөхөөс ирэх жил 138.9 тэрбум төгрөг төсөвлөснийг эргэж харах шаардлагатай гэж үзэж байгаа аж. Сангийн яамнаас боловсруулж УИХ-д өргөн мэдүүлсэн ирэх оны төсвийн төслийн талаар УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ “Манай улсын эдийн засаг нүүрс, зэс гэсэн хоёр эрдэс бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дээрх үнэ ханшаас шууд хамаардаг. 2013 онд зэсийн баяжмалыг 948 сая ам.доллароор борлуулж байсан бол 2018 онд борлуулалт нь хоёр тэрбум ам.долларт хүрч хоёр дахин өсчээ.

    Нүүрсний хувьд 2015 онд 555.9 сая ам.доллароор борлуулж байсан бол 2018 онд хоёр тэрбум 802 сая ам.долларт хүрч бараг зургаа дахин нэмэгдсэн. Уул уурхайн эрдэс бүтээгдэхүүний үнэ ханш ийн өсөөд зогсохгүй, гурван жилийн хугацаанд ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд 5.5 тэрбум ам.доллар орж ирж байгаа нь Монгол Улсын эдийн засаг сэргэх гол шалтгаан болсон юм.

    Харин энэ эдийн засгийн өсөлтийг иргэдийн амьдралд хүргэх бодлого явуулах нь УИХ, Засгийн газрын хийх ёстой ажил. Эрх баригчид энэ үүргээ хэрхэн биелүүлж байна вэ. Валютын ханш чангарч, инфляц, өргөн хэрэглээний үнэ тасралтгүй өсч иргэд бухимдалтай байна” гэлээ. Харин Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн эхийг баталж, Ард нийтийн санал асуулга явуулах тогтоолд Ерөнхийлөгч хориг тавьсныг УИХ өнгөрсөн баасан гарагт хүлээж авсан.

  Энэ асуудалд УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “Үндсэн хуулийг задалж ярих боломж нээгдлээ гэсэн үг. Харин үүгээр далимдуулаад зарим гишүүдийн ярьж байгаа шиг бүгдийг бусниулах оролдлого Ардчилсан намын байр суурь биш. Нэмэлт өөрчлөлт дээр олон чухал заалт байна. Хоёрдугаар хэлэлцүүлгээ задлаад явах уу, эсвэл гуравдугаар хэлэлцүүлэг рүү хүчээр явах уу гэдэг нь эрх баригчдын асуудал болж хувирсан. Зөвшилцөх ажлын хэсэгт орж, бид саналаа хэлнэ” хэмээсэн юм.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид