Улаанбаатар 1c

Газрын тос боловсруулах үйлдвэрийн Барилга угсралтын ажлыг эхлүүллээ

    Дорноговь аймгийн Алтанширээ суманд байгуулах газрын тос боловсруулах үйлдвэрийн гаднах дэд бүтэц бэлэн болсон тул ашиглалтад хүлээн авч, барилга угсралт, хөрөнгө оруулалтыг албан ёсоор эхлүүллээ. БНЭУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд энэ үйлдвэрийг барьж, 2023 онд ашиглалтад оруулахаар болсон бөгөөд Засгийн газар үйлдвэрийн гаднах дэд бүтцийг байгуулах үүргээ цаг хугацаанд нь гүйцэтгэж, ашиглалтад оруулж буй юм.

    Хүлээн авах ёслолд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БНЭУ-ын Газрын тос, байгалийн хийн сайд Дармэндр Пратхан, тус улсын Гадаад хэргийн сайдын зөвлөх К.Панкаж, БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингх болон УИХ, Засгийн газрын гишүүд, албаны бусад хүн оролцов.

     Ерөнхий сайд У.Хүрэлсүх ёслолын арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “БНЭУ-ын Засгийн газар хөрөнгө оруулалт хийснээр Монголын төрөөс сүүлийн хориод жил зорьж буй газрын тосоо дотооддоо боловсруулж, түлш шатахууны хэрэгцээгээ хангах зорилтыг бодит ажил болгох боломжийг бүрдүүллээ. Төмөр зам, авто зам, цахилгаан дамжуулах агаарын шугамаа товлосон хугацаандаа татаж дуусгасан нь төрийн болон мэргэжлийн байгууллагуудын өндөр зохион байгуулалттай ажилласны үр дүн. Мөн цаашид дотоод нөөц бололцоогоо дайчилж, бүтээн байгуулалтаа гүйцээж хийхийн нотолгоо болж байна. Монгол, Энэтхэгийн зорьж буй энэхүү хамтын бүтээн байгуулалт нь хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэнэ гэдэгт эргэлзэхгүй байна.

   БНЭУ-ын Засгийн газар, ард түмэнд талархал илэрхийлье” гэлээ. БНЭУ-ын Газрын тос, байгалийн хийн сайд Д.Пратхан “Монгол Улсад 1.5 сая тонн хүчин чадалтай газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулж буй нь хоёр улсын нөхөрлөлийн бэлэг тэмдэг юм. Монголын талын хүсэлтээр 236 сая ам.долларын нэмэлт санхүүжилтийг манай Засгийн газраас хийхээр шийдвэрлэсэн. Хоёр орны стратегийн түншлэлийг улам хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллах болно” гэв. Дорноговь аймгийн Сайншанд сумаас зүүн хойш 18 км-т Алтанширээ сумын нутаг дэвсгэрт байгуулах газрын тос боловсруулах үйлдвэрийн гаднах дэд бүтцийн бүтээн байгуулалтын хүрээнд 27 км төмөр зам, 17.2 км 100 тоннын хүнд даацын авто зам барьж, улсын чанартай төв автозам болон төмөр замтай холбожээ. Мөн 110 кВт-ын эрчим хүчний агаарын дамжуулах шугам барьж, үйлдвэрийн талбайг бэлтгэх, тэгшлэх ажлыг гүйцэтгээд буй аж.

  Газрын тосны боловсруулах үйлдвэр нь урьдчилсан ТЭЗҮ-ээр жилд 1.5 сая тонн тос боловсруулах хүчин чадалтай байх юм. Үйлдвэрийн түүхий эдийн нөөцийг тогтоох хайгуулыг бүс нутгийн хэмжээнд идэвхтэй хийж байгаа бөгөөд бүрэн тогтоогдсон нь 35 сая тн. Нефть-хими болон химийн аж үйлдвэрийн суурь, түүхий тос дамжуулах хоолойг төс ийн хүрээнд тавихаар төлөвлөж буй. Газрын тосны боловсруулах үйлдвэр баригдсанаар түлш шатахууны импортын хамаарлаас гарч, валютын гадагшлах урсгал 20 орчим хувиар буурна. Мөн bдотоодын нийт бүтээгдэхүүн 10 хувиар нэмэгдэж, улсын болон орон нутгийн төсвийн орлого 150 сая ам.доллараар өсөн, 600 гаруй ажлын байр шинээр бий болно, үйлдвэрийг дагасан жижиг, дунд үйлдвэрлэл хөгжинө хэмээн тооцож байгаа.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид