Улаанбаатар 1c

Баавгай аав хүү хоёрын аминд хүрсэн хэргийн мөрөөр...

Идэш тэжээлийн хомсдолд орж ой тайгаасаа дайжсан “хорхойтсон” баавгай суурьшлын бүс рүү орж ирэх тохиолдол элбэгшжээ. Сэлэнгэ аймагт л гэхэд Жавхлант, Хүдэр, Ерөө, Алтанбулаг зэрэг сумын нутаг дэвсгэрт хэд хэдэн удаа баавгай орж ирсэн байна. Суурьшлын бүсэд баавгай орж малчин айлын гэр, хашааг нураах, бэлчээрт байгаа болон хоттой хонь мал идэх зэргээр иргэдийг сандаргаж байсан. Харин энэ сарын 2-ны үүрийн 04.00 цагийн үед Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Могойтын голд нутаглаж байсан айл руу баавгай дайрч аав, хүү хоёрын аминд хүрсэн харамсалтай хэрэг гарсан. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар баавгай аав, хүү хоёрын толгой болон хөл, гарыг хэдэн хэсэг болгон тас татжээ. Амиа алдсан иргэн 40 орчим насных бол хүү нь найман настай гэнэ.

Тус иргэн сумандаа бичил уурхай эрхэлдэг байсан тул уурхайн ордныхоо ойролцоо, сумын төвөөсөө 70 гаруй километрт нутагладаг байж. Эхнэр нь Улаанбаатар хотод ажил хөөцөлдөхөөр явсан хойгуур ийм золгүй явдал болсон аж. Харин бичил уурхай хамтран ажиллуулдаг иргэн “Нөхөр нь хүүтэйгээ хамт уурхайгаа сахиад үлдсэн. Эхнэр нь бидэнтэй хамт бидэнтэй хамт ажлаар хотод ирсэн юм. Бид нэгдээд хоршоо байгуулаад бичил уурхай эрхэлдэг. Зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулдаг төдийгүй сум орон нутагтаа татвараа төлдөг, ус ашигласны төлбөр, нөхөн сэргээлт бүгдийг нь хийдэг. Засгийн газраас гэнэт шийдвэр гаргаж уурхайг хааж,техник хэрэгсэл битүүмжилсэн. Энэ асуудлыг Ерөнхий сайдад танилцуулж зөвшөөрлөө сэргээлгэхээр ирээд байх хойгуур ийм зүйл боллоо” хэмээн ярив. Сэлэнгэ аймгийн Засаг дарга, Онцгой комисын дарга Ш.Оргил “Хэргийн газар цагдаагийн албан хаагчид ажиллаж, эхний шинж тэмдэг, ул мөрөөр баавгай айлын гэрт орж хүний аминд хүрсэн байна гэж үзэж байгаа. Баавгай гэр рүү дайрч орсон баримт бий. Хэрэг мөрдөн шалгах ажиллагаандаа явж байгаа учраас мэдээлэл өгөх боломжгүй. Хүний амь эрсдэж буй ийм нөхцөл байдлыг үндэслэн айл руу халдаж байгаа нутаг дэвсгэр, баавгай үзэгдэж байгаа газруудад хамгаалалт гаргасан. Хүчний байгууллагуудтай хамтарч таван сум, тосгонд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад байна. Бид хүний аминаас үнэтэй араатан гэж байхгүй гэж үзэж БОАЖЯ-руу албан бичиг хүргүүлж, өнөөдөр (өчигдөр) биечлэн очиж уулзсан. Энэ талаар маргааш (өнөөдөр) хариу гарна” гэсэн юм.

Баавгай намрын цагт самар жимсээр хооллодог амьтан. Гэтэл өнгөрсөн жилээс эхлэн ойд самар, жимсний ургалт эрс муудаж баавгай хоол, тэжээлийн хомсдолд орсон гэдгийг албаныхан онцоллоо. Энэ жил гэхэд л найман аймгийн 61 сумын нутагт хуш модны самар огт ургаагүй гэнэ. Монголчууд сүүлийн 20-иод жил хушин ойгоо сүйтгэж, самараа вагон вагоноор урд хөрш рүү зараад туучихсан учраас уул уурхай, иргэдэд сэглэгдсэн хушин ой үхчиж, самар жимс ургахаа больж, үүгээр хооллодог ан амьтад тураалдаа орж байна. Сэлэнгэ аймгийн Ерөө сум, тэр дундаа тус сумын III баг Бугант тосгоныг бүхэлдээ нинжа нарын суурин, хууль бусаар алт олборлогчдын үүр уурхай болсон гэж нутгийн иргэд ярьж байлаа.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид