Улаанбаатар 1c

Хүүхдүүд сурах бичгээ дахиад хагас сар хүлээх нь

NPost.mn
2019-10-10 09:22

Урд нь дунд, ахлах ангийн сурагчдын 60 хувь нь сурах бичгээ худалдаж авдаг байсан бол энэ жилээс түрээсээр авахаар болсон юм. Хичээл эхлээд нэг cap гаруйн хугацаа өнгөрсөн ч хүүхдүүд номгүй хэвээр байна. Иймээс энэ талаар БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очироос тодрууллаа.

Image result for сурах бичиг

-БСШУСЯ-наас аравдугаар сарын 1-нээс сурагчдад сурах бичгийг нь тараана гэж мэдэгдэж байсан. Гэтэл яагаад одоо болтол хүүхдүүд номгүй байна вэ?

-Сурах бичгийн хомсдол өнгөрсөн хичээлийн жилээс эхэлсэн. Яагаад гэхээр номны үнэ 2009 оноос хойш нэмэгдээгүй. Хямдхан байгаагаас шалтгаалаад дамын наймаачид, энэ чиглэлийн бизнес эрхэлдэг хүмүүс сурах бичгийг дундаас нь худалдаж аваад дамлан зарах бизнес эрхлэх болж, хомсдол үүссэн. Хоёрдугаарт, хөдөө орон нутагт хүргэх борлуулалтын сүлжээ байхгүйгээс болж хомсодсон.

БСШУСЯ-наас судалгаа хийж, сурах бичгийг сургуулийн номын сангаар нь дамжуулж олгох ёстой гэсэн шийдвэрт хүрсэн. Ингээд 2019 оны нэгдүгээр улиралд Засгийн газарт сурах бичгийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол оруулж батлуулсан.

Тогтоолоор сурах бичгийг худалдаалахгүй, шууд номын сангаар дамжуулж хүүхдүүдэд хүргэх юм. БСШУСЯ-ны сайд Азийн хөгжлийн банкны холбогдох удирдлагуудтай сурах бичгийн төлбөртэй үйлчилгээ нэвтрүүлэх талаар хэлэлцэж, зургаадугаар сард санамж бичиг байгуулсан. Ийнхүү 180 мянган хүүхдийн гурван сая орчим сурах бичгийг үйлдвэрлэх ажлыг эхэлсэн.

Ахлах ангийн хүүхдийн сурах бичгийн гэрээ нь байгуулагдаад хэвлэх ажил нь явагдаж байгаа. Долоо хоногийн дараа түгээлт нь эхлэх байх. Сурах бичгийн хэвлэх зөвшөөрөл дөнгөж өнгөрсөн долоо хоногийн пүрэв, баасан гарагт ирсэн.

Энэ долоо хоногт багтааж гэрээ байгуулан хэвлэх үйл ажиллагаагаа эхлүүлнэ. Энэ сарын 15 гэхэд хэвлэх үйл ажиллагаа шуурхай, жигд явагдах юм бол 20, 25-н гэхэд 180 мянган хүүхдийн төлбөртэй ашиглах сурах бичиг хэвлэлтээс гарах болно.

-Хичээл эхлээд cap гаруйн хугацаанд сурах бичиггүй хүүхдүүд хичээлээ яаж хийж байна вэ?

-БСШУСЯ, Боловсролын хүрээлэн, Е Контент гэсэн сайтууд дээр сурах бичгээ цахимаар байршуулсан. Багш, сурагч, эцэг эхчүүд сурах бичгээ татаж авч, ашиглах боломжтой. Мөн сурагчдын 40 хувьд нь үнэгүй сурах бичиг очсон байгаа. Тэгэхээр аль ангид яаж хуваарилах, яаж бүлгийн зохион байгуулалтаар ажиллах уу, байгаа сурах бичгээ яаж ашиглах вэ гэдэг нь сургуулийн удирдлагуудын менежментийн асуудал. Бид хангалттай зөвлөж тусалсан.

-Дамын наймаачид сурах бичиг зарсан хэвээр байгаа. Үүн дээр хяналт тавьж байгаа юу?

-Зах зээл дээр сурах бичиг худалдах шаардлага байхгүй. Үйлдвэрийн үнэ нь 4,000 төгрөг байгаа сурах бичгийг наймаачид 15 мянган төгрөгөөр зарж байгаа. Гэтэл бид сурах бичгээ үйлдвэрийн үнээр нь хүүхдийн гар дээр хүргэж чадаж байгаа. Одоо дамын наймаачдын бүх үйл ажиллагаа хаагдсан, дахиж сурах бичиг зарахгүй. Үүний тулд бид бүх сурах бичгийг 100 хувь номын сангаар нь дамжуулан олгох бодлого хэрэгжүүлсэн.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид