Улаанбаатар 1c

Хот байгуулалтын тухай хууль шинэчлэгдсэнээр хүн амын төвлөрөл буурна

БХБЯ-наас хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг өчигдөр хийлээ. Шинэчлэн найруулж буй хуулийн төсөлд хот байгуулалтын баримт бичгийг хэрэгжүүлэхэд тавигдах шаардлага, шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэр, хот суурин газрын хэсэгчилсэн болон ерөнхий төлөвлөгөө, бүсчлэлд тавигдах шаардлага зэрэг асуудлыг хуульчлахаар тусгажээ.  Мөн хот байгуулалтын үйл ажиллагаанд оролцогч субьект буюу иргэн хуулийн этгээд, төрийн байгууллагуудын чиг үүргийг тусгахаас гадна суурин газрын хүрээлэн буй орчин, түүх, соёлын дурсгалт газрыг хадгалж, хамгаалах, тэдгээрийн зохистой үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн төлөвлөлт боловсруулжээ. БХБЯ-ны Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Гүнболд “Хот байгуулалтын өнөөгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж үзэхэд үүнтэй холбоотой асуудлыг цогцоор нь шийдвэрлэх арга зам одоогоор гараагүй байна.

Одоо мөрдөгдөж байгаа Барилга, хот байгуулалтын тухай хууль тухайн цаг үеийнхээ шаардлагыг хангаж байсан боловч өнөөгийн шаардлагыг тэр бүр хангахгүй байна. Энэ хуульд 60 орчим хувийн өөрчлөлт орсон. Тухайлбал, орон сууцны бүсчлэлийн хувьд өмнөх хуулинд 70 хувийн барилгажилттай байна гэж заасан бол одоо орон сууцны хэдэн хувь нь ногоон байгууламж, зам талбай байх вэ гэдгийг зааглаж өгсөн. Мөн сургууль, цэцэрлэг байх ёстой гэсэн дүрмийг оруулж, орон нутагт орон сууцны бүсчлэлийн дүрмээ өөрсдөө тогтоох боломжтой байхаар тусгасан. Буруу төлөвлөлттэй баригдсан барилга, хот сууринг хуулийн хүрээнд дахин төлөвлөх боломжтой. Манай улсын нийт хүн амын 70 гаруй хувь нь суурин газар амьдардаг. Энэ хууль батлагдсанаар хот суурин газрын хүн амын төвлөрлийг бууруулж, нийт нутагтаа тархаж амьдрах боломжийг бий болгоно” гэв.

Мөн уг хуулийн төсөлд тусгагдсан хот суурин газрын ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажиллаж, амьдрах нөхцлийг хангахаар төлөвлөжээ. Хот байгуулалтын тухай хууль анх 1998 онд дөрвөн бүлэг, 18 зүйл, заалттай байсан бол 2008 шинэчлэн боловсруулагдаж долоон бүлэг 28 зүйл, заалттай болсон. Харин энэ удаагийн шинэчилсэн найруулгын төсөлд тус хууль 10 бүлэг, 59 зүйл, заалттай байхаар зохицуулагджээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид