Улаанбаатар 1c

Гаалийнхан барьцалдуулагч бодисыг лабораторит шинжилдэггүй

Сайжруулсан түлш түлснээс хойш амь нас, эрүүл мэндээрээ хохирсон иргэдийн тоо нэмэгдсээр байгаа. Гэтэл хотын удирдлагууд болон “Тавантолгой түлш” компаниас сайжруулсан түлшинд ямар ч асуудал байхгүй гэж удаа дараа өөрсдийгөө зөвтгөсөн мэдээлэл өгсөөр байна.

Сайжруулсан түлшний орц, найрлагыг гурван байгууллагын лабораторит шинжлүүлэхэд “Химийн бодис илрээгүй, сар бүр шинжилгээ хийж байгаа” хэмээн хир халдаахгүй өмөөрч буй. Тэгвэл Гаалийн Ерөнхий газраас импортоор орж ирж байгаа сайжруулсан түлшний найрлагад ордог барьцалдуулагч бодис буюу цардуулыг шалгалтгүй оруулж ирдэг гэнэ. Энэ талаар Гаалийн ерөнхий газрын Статистикийн хэлтсийн дарга Б.Цэрэнгээс тодруулахад “Энэ оны 1-9 дүгээр сарын хооронд нийт 2900 гаруй тонн цардуул импортоор орж ирсэн. Энэ цардуулыг гурван компани оруулж ирдэг. Үүний нэг нь “Тавантолгой түлш” компани юм.  

Тус компани энэ жил 1800 тонн цардуул импортолсон. Үлдсэн хоёр компани нь 1100 тонн цардуул оруулж ирсэн байдаг. Ингэхдээ нүүрсний бэхжүүлэгч цардуул гэсэн нэр кодоор оруулдаг. Энэ цардуулыг Гаалийн лабориаторит шинжилдэггүй. Кодоор буюу өөрийнх нь гэрчилгээг нь шалгаад оруулдаг. Харин одоо үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан шинжилгээний ажил хийгдсэн. Тодруулбал, НМХГ-аас энэ сарын 6-ны өдөр “Бүтээгдэхүүнээс дээж авах акт”-аар ирүүлсэн хоёр дээжийг хүлээн авсан. Ингээд Гаалийн төв лабораторид тусгай багажаар шинжлэн үзэхэд тухайн хоёр дээж цардуул болон шаварлаг эрдэс агуулж байгаа нь батлагдсан. Өөрөөр хэлбэл, химийн бодисгүй бэхжүүлэгч байсан гэсэн үг. Цаашдаа цардуулыг шинжлэх шаардлагатай гэвэл шинжилгээ хийх байх. Манайх статистик мэдээллээ хариуцдаг учраас сайн хэлж мэдэхгүй байна. Гаалийн төв лаборатори, Гаалийн хяналт шалгалтын газар энэ асуудалд хяналт тавина” гэв

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид