Улаанбаатар 1c

Японы нисэх буудал, галт тэрэгний үйлчилгээ хэвийн үргэлжилж эхлэв

Японы нийслэл Токио хот орчмын бүс нутгийг224 км\цагийн хурдтай “Хагибис” хар салхи өнгөрсөн бямба гарагт дайрсны улмаас 18 хүн амиа алдаж, 140 гаруй хүн гэмтэж, 14 хүн сураггүй болоод байна. Хар салхины улмаас томоохон голууд үерлэж, орон сууцны хорооллууд усанд автаад байгаа аж. Усанд автсан бүс нутгуудад Японы Онцгой байдал, Батлан хамгаалахын сайд нар томилогдсон бөгөөд цагдаа, гал унтраах албаны 27 мянган хүн ажиллаж байгаа юм байна.

Түүнчлэн галт тэрэгний үйлчилгээ, нийслэл хот орчмын нисэх буудлуудын үйл ажиллагаа зогсоход хүрчээ. Японы Цаг уурын агентлагаас Токио хот, Гүнма, Сайтама, Канагава, Нагано, Шизүока, Нийгата, Фүкүшима мужид тавдугаар түвшний буюу хамгийн өндөр аюулын түгшүүр зарласан байна. “Tokyo Electricти Power” компанийн мэдээлснээр, Токио хотын 292 барилга, байгалийн гамшигт нэрвэгдсэн бусад бүс нутгийн 160 мянга гаруй өрхийн, цахилгаан хангамж тасалджээ. “Хагибис”-ыг он гарсаар Японыг дайрч буй хамгийн хүчтэй хар салхи гэдгийг тус улсын Онцгой байдлын газраас тодотгоод байгаа.

Японд сүүлийн хагас зуун жилд тохиосон хамгийн хүчтэй салхи болох “Ида” салхитай ч зүйрлэж байна. Уг хар салхи арлын улсын 1200 хүний амийг авч одсон билээ. Японы Ерөнхий сайд Абэ Шинзо “Засгийн газар хар салхинаас үүдсэн цэвэр усны дутагдал, зам тээврийн асуудлыг яаралтай хэвэнд нь оруулахын төлөө бүх хүчээ дайчлан ажиллана“ гэдгээ мэдэгдээд буй. Хар салхийг хохирол багатай давж гарахын тулд Японы Засгийн газраас урьдчилан сэргийлэх арга хэмжээг өнгөрсөн пүрэв гарагаас авч эхэлсэн. Үүний хүрээнд богино хугацаанд сая гаруй хүнийг эргийн бүсээс нүүлгэн шилжүүлсэн байна. Нисэхийн компаниуд орон нутаг дахь бүх нислэгээ цуцалж, бямба гарагт болох ёстой байсан “Формула 1”-ийн гранпри тэмцээний урьдчилсан уралдаан, регбигийн Дэлхийн цомын тэмцээний Канад, Намибийн багийн тоглолт цуцлагдаад буй. Японы Үндэсний жуулчлалын байгууллагаас хар салхины үеэр гадаад иргэдэд тусламж үзүүлэх зорилгоор олон улсын хэл дээрх утасны дуудлага, үйлчилгээг 24 цагийн турш хүлээн авч байгаа юм байна.

Улс орон даяар жуулчдад зориулсан мэдээллийн төвүүдэд эрчим хүч үүсгэгч байрлууж, ухаалаг гар утас цэнэглэх боломж бүрдүүлжээ. 2018 онд болсон байгалийн гамшгийн үеэр мэдээлэл хомс байсан талаар жуулчид гомдол мэдүүлж байжээ. Тиймээс Японы Засгийн газраас байгалийн гамшгийн үеэр жуулчдад зориулсан олон арга хэмжээ хэрэгжүүлдэг болоод байгаа юм. “Хагибис” хар салхи өчигдөр Мияко, Иватэ мужийг дайран өнгөрсөн бөгөөд тухайн үед 162 км/цагийн хурдтай байжээ. Хар салхи Номхон далайн эрэг орчмын бүсийг чиглэн урагшилж байгаа аж. “Ханэда” нисэх буудал, зарим галт тэрэгний үйлчилгээ өчигдрөөс хэвийн үргэлжилж эхэлсэн талаар холбогдох албаныхан мэдээлжээ.

“Факсай” хар салхи өнгөрсөн сард тус улсыг дайрсны улмаас олон мянган өрхийн цахилгаан хангамж тасарч Чиба мужийн 110 мянга гаруй өрх гурав орчим хоног цахилгаангүй байсан. Түүнчлэн 3000 гаруй байшин барилга сүйдсэн билээ. “Факсай” хар салхины улмаас сүйдсэн барилга байгууламжийг өнөөг хүртэл сэргээн засварлаж дуусаагүй байгаа.

 

 

 

Эх сурвалж: https://www.bbc.
com/news/world-asia-50020108

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид