Улаанбаатар 1c

АНЭУ, Беларусь улсад элчин сайдын яам байгуулахаар боллоо

NPost.mn
2019-10-14 15:53

Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Даби хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулахаар боллоо. Уг асуудлыг өнгөрсөн баасан гарагт УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж баталсан юм. Манай улс Булангийн орнуудтай харилцааны агуулга, үр дүнг өргөжүүлэх, тэднээс буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл авах, хөрөнгө оруулалт татах, хамтарсан төсөл хэрэгжүүлэх боломж бий гэдгийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хэллээ. Мөн АНЭУ-д Элчин сайдын яам байгуулснаар Абу Дабигийн хөгжлийн сан, Абу Дабигийн хөрөнгө оруулалтын газар зэрэг хөгжлийн сан, санхүүгийн байгууллагуудтай шууд холбоо тогтоон, ойр хамтран ажиллах, хувийн хэвшлийн хүрээнд хамтын ажиллагааг дэмжих замаар хөрөнгө оруулалт татах зэрэг шинэ боломж нээгдэх аж.

Тухайлбал, Эмират Улс нь махны хэрэгцээнийхээ 90 орчим хувийг гаднаас импортоор авдаг, махны эрэлт хэрэгцээ нь хурдацтайгаар нэмэгдэж байгаа тул манай улс мах экспортлох чиглэлээр хамтран ажиллах бүрэн боломжтой гэж үзжээ. АНЭУ-ын Абу Даби хотод 102 орны Элчин сайдын яам ажилладаг бөгөөд тус улс Элчин сайдын яамаа Улаанбаатар хотод 2016 онд нээсэн байна. Иймд харилцан адил байх зарчмын хүрээнд хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, хамтын ажиллагааны нөөц бололцоог бүрэн дүүрэн ашиглах зорилгоор Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Даби хотод Монгол Улсын Элчин сайдын яам байгуулах нь зүйтэй гэж үзсэн байна. Абу Даби дахь Элчин сайдын яамыг гурван орон тоотой байгуулахаар төлөвлөсөн бөгөөд Эмиратын талаас зарим зардлыг хариуцахаа мэдэгджээ. Мөн Бүгд Найрамдах Беларусь Улсын нийслэл Минск хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 67,4 хувь нь дэмжсэн юм. Мөн чуулганы хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг өөрчлөв.

УИХ-ын 2019 оны 73 дугаар тогтоолд Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьсан. Хоригийг УИХ хүлээн авсантай холбогдуулан дээрх хуулиудад “Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хуулийн төсөл” гэсэн нэр томьёотой холбоотой нийт 26 хэсэг, заалтад холбогдох өөрчлөлт оруулж, Үндсэн хуультай нийцүүллээ. Тухайлбал, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг баталгаажуулахтай холбоотойгоор хугацаа зааж, түүнчлэн “эцэг” хуулийн өөрчлөлтийн төслийн гуравдугаар хэлэлцүүлгийн санал, хураалт явуулах үндэслэлийг тодорхой болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.

Түүнчлэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэхтэй холбоотойгоор УИХ-аас батлах хугацааг нь тусгайлан заасан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжийг журмын тухай хуульд нэмж, хууль хоорондын зөрчлийг арилгажээ. Мөн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёрдугаар хэлэлцүүлэгт бэлтгэх шатанд Байнгын хороо болон нам, эвслийн бүлэг саналын түвшинд харгалзан үзсэнээс бусад төсөлд тусгагдаагүй шинэ хэсэг, заалтын саналын томьёолол санал, дүгнэлтдээ оруулахгүй байх зэрэг нэмэлт, өөрчлөлтийг хийлээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид